Манай улсад хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг, олон талын үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд бий. Тэднийг нэг нь “Анбаунд Монгол”.  2013 оноос хойш идэвхтэй ажиллаж буй тус ТББ-ын  гүйцэтгэх захирал Г.Мөнхсаруултай ярилцлаа.

 

-Та хүний эрхийн,  тэр дундаа хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд хэдэн жил ажиллаж байна вэ?

 

-2013 онд “Анбаунд Монгол” ТББ-ыг байгуулсан цагаас хойш энэ гэмт хэргийн талаар дуу хоолойгоо өргөж, хүүхдүүдэд сургалт зохион байгуулж, чадах хэрээрээ энэ гэмт хэргээс хүүхдүүдийг хамгаалахаар ажиллаж байна. Бид нийт 8000 гаруй хүнийг сургалтад биечлэн хамрууллаа. Дунд, ахлах ангийнхан, их дээд сургуулийн оюутнуудад хүн худалдаалах гэмт хэргийн талаар мэдээлэл өгч, тэдэнд хэрхэн өөрсдийгөө, эргэн тойрныхноо хамгаалах талаар зөвлөдөг. Сургалтын гарын авлагаа өөрсдөө бэлддэг. Олон улсад болон Монголд энэ гэмт хэргийг хэрхэн үйлдэж байгаа талаар ярьж, яагаад хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болдог талаар урьдчилан сэргийлэх ойлголт, мэдээдэд өгдөг юм.          

 

-Сургалтын үеэр хүүхдүүд ямар асуултыг түлхүү асуудаг вэ?

 

-Хүүхдүүдэд хүн худалдаалах гэмт хэргийн талаар ярихад эхлээд их гайхаж хүлээж авдаг. Сургалт дуусахад тэд “Би энэ гэмт хэргийн эсрэг ямар нэг юм хийж чадна” гэсэн итгэлтэй болдог, өөрийгөө яаж хамгаалахаа мэддэг болно.

 

Ийм хэргийг кинонд л үзүүлдэг, бидний эргэн тойронд гардаггүй гэсэн бодол нийтлэг байдаг. Миний эргэн тойронд, надад, манай гэр бүлийнхэн хүн худалдаалах гэмт хэрэгт өртөхгүй гэж боддог. Заримдаа сургалтаар мэдээлэл авсны дараа би хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн гэдгээ мэддэг. Хүн худалдаалах гэмт хэргийн олон төрөл байдаг ч хөдөлмөрийн, бэлгийн мөлжлөг гэсэн нийтлэг хоёр төрөл бий. Энэ талаар мэдээлэл авсны дараа хүүхдүүд аюулгүй сонголт хийж чадна.  

 

Бид АНУ-Монголын Засгийн газар хооронд байгуулсан, 2020-2024 онд хэрэгжих “Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн хүрээнд нийслэлийн таван дүүрэгт өсвөрийн клубын үйл ажиллагаа явуулдаг. Клубуудэд хүүхдүүд сайн дураараа нэгдэж, хүн худалдаалах гэмт хэргийг манай улсад хэрхэн үйлдэж байна, аюулгүй шилжилт хөдөлгөөн яаж хийх зэрэг амьдралдаа аюулгүй, зөв сонголтуудыг хийх чадваруудыг хүүхдүүд сурдаг. 

 

ӨСВӨР НАСНЫ ЗАРИМ ХҮҮХЭД БОДЛОГОГҮЙГЭЭР, ЭЭЖ ААВДАА ХЭЛЭЛГҮЙ, ГАДАГШАА ЯВДАГ

 

-Шилжилт хөдөлгөөн гэдэг нь?

 

-Орон нутгаас нийслэл рүү, нийслэлээс орон нутаг руу эсвэл хот дотор ч шилжилт  хөдөлгөөн хийдэг. Ийм үед хүүхдүүд мэдээлэлгүйн улмаас заримдаа буруу сонголт хийж, хүн худалдаалах хэргийн хохирогч болох эрсдэлтэй. Гадаад улсад сурахдаа юу анхаарах, чамд сайхан амлалт өгсөн хүмүүсийн үгс бодит уу зэргийг сайтар судлах шаардлагатай. Гадаад хэл сурах, аялахаар гадагшаа явах бол зуучилж буй байгууллагаа сайтар судлаарай. Өсвөр насны зарим хүүхэд бодлогогүйгээр, ээж аавдаа хэлэлгүй, гадагшаа явахаар шийддэг. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг сайн түгээх хэрэгтэй.  

 

-Гоё амлалт гэхээр яг юу гэж хэлдэг юм бол?

 

-Бүх хүнд сайхан амьдрах мөрөөдөл бий. Гэмт этгээдүүд хүүхэд юу хүсэж байгааг мэдээд, түүнийг нь ашигладаг. Гадаадад сурах, гоё хувцас авах, найзтай болох, хэн нэгнээс  анхаарал, халамж хүсдэг бол тэрийг нь биелүүлнэ, замын зардлыг чинь даая, паспорт гаргаж өгье, очихоор байр чинь бэлэн гэх мэтээр амладаг. Энд ийм байдалтай байхаар очоод  нэг сард олон сая төгрөгийн цалин авна гэж ятгадаг. Ийм амлалтууд ардаа ямар нэг аюул дагуулдаг тул сайн судлаарай.     

 

-Та бүхэн хил дагуу хийсэн дамжин өнгөрөх ажиглалтаасаа танилцуулаач.

 

-Цар тахлын дараа хил нээхэд ажиглалтаа дахин эхэллээ. Бид Монголд анх удаа 2017 онд Улаанбаатарын галт тэрэгний буудал буюу Улаанбаатар өртөө, 2018 оноос Дорноговь аймгийн Замын-Үүд дэх хилийн боомтод энэ ажлыг хэрэгжүүлсэн. Гэмт этгээдүүд хүнийг нэг газраас нөгөө рүү дамжуулан тээвэрлэдэг байршлуудад ажиллаж, эрсдэлд буй хүмүүс, хүүхдүүдийг урьдчдилан сэргийлж, гэмт хэргийг таслан зогсоохоор ажилладаг. Бусад улсуудад  энэ аргыг амжилттай нэвтрүүлж, олон хохирогч аварсан.  

 

Хүүхэд хэн нэгнийг дагаад хилээр гарах гэж байхад нь бид илрүүлэн, зогсоодог. 2017 оноос өнөөдрийг хүртэл нийт 4000 гаруй хүнээс асуулга авсан. Тодорхой шинж тэмдэг бүхий, эрсдэлтэй байж болзошгүй хүүхдүүд, охид, эмэгтэйчүүдээс асуулга авдаг юм. Зорчигч бүрээс асуулга авахгүй. Эдгээрээс 25 хүн хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болоход ойрхон ирснийг таслан зогсоосон.

 

Ажиглалт хийх хугацаанд хохирогч болох эрсдэл бага хүүхдүүдийг гэр бүлд нь хүргэж өгөөд эрсдэл өндөр байвал цагдаагийн байгууллагад мэдэгдэж, анхан шатны тусламж үзүүлдэг. Хил дагуух цэгүүдэд ажиглалт хийхдээ ЭЦА, ХХЕГ, эмнэлгийн байгууллагатай хамтран ажилладаг юм. Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсны дараа тухайн хүнийг Монголд эргүүлэн авчрахад цаг хугацаа, багагүй санхүүжилт шаарддаг. Хохирогч бие махбод, сэтгэл санаагаараа ихээхэн хохирдог. Гэтэл зарим ээж аав хүүхэд нь хаана, хэнтэй байгааг мэддэггүй. Хүүхэд нь аюулд орохын наахнуур бид таньж тогтоогоод гэрийнхэнтэй нь холбогдоход хил дээр ирснийг нь мэдээгүй байдаг. Бид аль чиглэлд манай улсын иргэд зорчвол илүү эрсдэлтэйг тооцож, ажиглалтаа явуулдаг юм.

 

 

Дөнгөж танилцаад удаагүй, сайн танихгүй хүнтэй хамт хилийн чанадыг зорих тохиолдлууд 18-19 настай залуусын дунд их. Тэд аялах зорилгоор гэдэг ч яг хаашаа явж байгаагаа мэддэггүй. Очих орноо сайн судлаагүй байх нь эрсдэлтэй. Ийм зорчигчдод бид очоод эрсдэлд орвол хаана хандах, хэнтэй холбоо барих зэрэг зөвлөгөөг өгөөд, тухайн улс дахь Монголын ЭСЯ, консулын хаягийг өгөөд явуулдаг. Зарим хүн дараа нь “Би сайн явна” гээд холбоо барих нь ч бий.     

 

 

Ковидын үеэр хил хаагдахад олон хүн бухимдсан. Дараа нь хил нээгдэхэд манай багийхан болгоомжилж, санаа зовсон. Нэг ч гэсэн хүүхэд, эмэгтэй энэ хэрэгт битгий өртөөсэй гэж боддог. Хүүхдийг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавих журам болон бусад холбогдох журмуудын дагуу хүүхдийг хилээр нэвтрүүлэхэд эцэг эх болон байгууллагууд хүүхдийг хилээр авч гарахдаа холбогдох баримт бичгүүдийг сайн бүрдүүлж байгаарай гэж зөвлөмөөр байна.

 

-Олон зуун зорчигчоос эрсдэлтэй хүмүүсийг яаж ялгах вэ? 

 

-Бид ажиглагчдаа урьдчилан бэлддэг. Тэд ажиглалт хийгээд, эрсдэлтэй байж болзошгүй гэж үзвэл асуулга авдаг, аюулгүй аялах талаар зөвлөгөө өгөхөд зарим хүн уурладаг, хүмүүс бидний ажлыг янз бүрээр хүлээж авдаг юм. Иймд зорчигчдын арга эвийг олж, асуулгаа авдаг. Бусад зорчигчдод тавгүй нөхцөл үүсгэж болохгүй тул их болгоомжтой ажиллах хэрэгтэй болдог.

 

Хилээр олон удаа дамжин өнгөрсөн атлаа өөр мэдээлэл өгөх иргэд бий. Ер нь бусдын эрхшээлд орсон хүний харц, биеийн хэлэмжээс л мэдэгддэг. Хүүхдээс асуулт асуухад өмнөөс нь хариулах, уурлаж бухимдаж байвал эрсдэлтэй гэж үзэн, шалгадаг. Ажиглалтын ажилтнаас шууд тусламж гуйсан тохиолдлууд ч бий.

 

Байдал бишдэнгүүт дагуулж явсан хүүхдээ орхиод өөрсдөө зугтсан явдал ч бий. Дагуулж явсан хүмүүс нь ихэнхдээ монгол хүмүүс байдаг. Хүүхдийг авч үлдээд ээж аавтай нь холбоо барихад голдуу орон нутагт амьдардаг настай хүмүүс байсан. Манай хүүхэд наана чинь юу хийж байгаа юм бол гэж гайхдаг. Ер нь хил дагуух бүс хүн худалдаалах гэмт хэргийн эрсдэлтэйд тооцогддог тул асран хамгаалагчид хүүхдүүдээ сайн анхаарах хэрэгтэй. Бэлгийн мөлжлөгийн зорилгоор хүүхдүүд, насанд хүрсэн иргэдийг худалдсаар байна.          

 

-Бэлгийн, хөдөлмөрийн мөлжлөгт өртсөн эсвэл ойр дотнын хүн нь өртсөн бол иргэд хаашаа хандах ёстой вэ?

 

-Цагдаагийн 102, хүүхдийн тусламжийн 108 дугаарын утас болон итгэлийн утас 1800-1903 руу залгаарай. Мөн манай байгууллага руу (7575-7875) хандаж болно.

 

-Ярилцлага өгч, хүн худалдаалах гэмт хэргийн талаар сэрэмжлүүлэг хүргэсэнд баярлалаа. 

 

 

С.САРУУЛ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин