Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам (ХНХЯ), Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар (ГБХЗХГ) болон Цагдаагийн ерөнхий газраас (ЦЕГ) хамтран цаг үеийн болон хүүхдийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны дарга Н.Мишигдорж, "12 настай охиныг эрэн хайх ажиллагааны үйл явц хийгдэж байна. Нисдэг тэргээр, алба хаагч, Онцгой байдлын алба хаагчид, ард иргэдийн төлөөлөл гээд өргөн бүрэлдэхүүнтэй эрэн хайх ажиллагаанд оролцож байгаа. Нотлогдоогүй хэргийн талаар олон мэдээлэл цацахад маш олон саад бэрхшээл гарч ирдэг. Тиймээс батлагдаагүй эх сурвалжаас аваагүй мэдээллийг цацахгүй байхыг сэтгүүлч нартаа уриалж байна. Мөрдөн байцаалтын мэдээ мэдээллийг олж авсан хүн, алба хаагч прокурорын зөвшөөрлөөр олон нийтэд мэдээлэх ёстой. Сэжигтэн өөрийгөө хутгалсан гэх бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байсан. Энэ бичлэгийг албаныхан шалгаж байгаа. Гэмт хэргийн талаарх мэдээллийг мэдээлэхийн тулд прокуророос зөвшөөрөл авч, мэдээлэх боломжтой гэж үзсэн хэмжээнд мэдээлэл өгдөг гэдгийг ойлгох хэрэгтэй" гэлээ.

Сэтгүүлч нар олон нийтэд задалсан хэмээгээд байгаа мэдээллийг дотроосоо цацаж байгаа юм биш үү хэмээн асуухад, тэрбээр "Дотоодын хяналт шалгалтыг давхар хийж байна. Цахим хуудаст "охиныг олсон" гэх мэдээлэл оруулсан алба хаагчид сахилгын арга хэмжээ авна" гэсэн юм.