Улаанбаатар хотын зарим хэсэгт үнэртээд буй хурц үнэрийг "Налайх дүүрэгт төмрийн үйлдвэрт газ дэлбэрснээс болж үнэртэж байна" гэх мэдээлэл цахим орчинд гараад байгаа билээ. 

Албаны эх сурвалжууд үүнийг үгүйсгээд байгаа юм. Тэгвэл Налайх дүүрэгт газ дэлбэрч нэг ирсэн нас барсан хэрэг өнгөрсөн есдүгээр сарын 25-ны өдөр гарсан байна.

Тодруулбал, тухайн өдрийн 17:35 цагт цагдаагийн байгууллагад “Төмрийн үйлдвэрт гааз дэлбэрч, хүн нас барсан байна” гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулахад төмрийн үйлдвэрт ажиллаж байсан 56 настай эрэгтэй амиа алдсан байсан нь тогтоогджээ. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. 

С.АМАРСАЙХАН: ​Налайх дүүрэгт өнгөрсөн 9 сард газ дэлбэрсэн, ОБЕГ-ынхан Дүнжингарав орчимд хяналт тавьж байна

 Энэ асуудлаар УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө. Тэрбээр "Одоогийн бйдлаар энэ тэнд ноцтой асуудал үүсэн талаар мэдээлэл ирээгүй байна. Онцгой байдлын 180 гаруй алба хаагч, аврах анги, хордлогын төвүүд шинжилгээ хийж байна. Одоо Дүнжингарав орчимд хяналт хийж байна.

Газ дэлбэрсэн гэх асуудал есдүгээр сарын 25-нд Налайх дүүргийн төмрийн үйлдвэр дээр газ дэлбэрч гагнуурчин түлэгдсэн гэх асуудал байна. Өнөөдрийн ярьж байгаа асуудалтай холбоогүй. Одоо бид дахин шалгах даалгавар өгсөн. Нийслэлийн дүүргүүдэд эрсдэл байгаа эсэхийг шалгах даалгавар өгсөн" гэлээ. 

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар Дүнжингарав худалдааны төвд ахуйн хий дэлбэрсэн. Тус худалдааны төвийн үйл ажиллагааг түр зогсоосон гэх мэдээлэл өгөөд буй.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор ОБЕГ-аас тодруулахад "Ямар нэгэн осол, үйлдвэрийн гэмтэл, дэлбэрэлт болоогүй. Мөн одоогийн үүсээд буй асуудал нь манайх дээр ирээгүй байна. Харьяа газраас шалгаж, тодруулж байгаа" гэх тайлбарыг өгсөн юм.

Нийслэлийн ОБГ-аас уг асуудалтай холбоотойгоор "Ямар нэгэн үйлдвэрийн дэлбэрэлт, ослын дуудлага бүртгэгдээгүй" гэх тайлбарыг хэвлэлүүдэд өгчээ.

Тэгвэл "Тавантолгой түлш"-ээс энэ талаар тодруулахад "Үйлдвэрээс хамаарсан эсвэл аль нэг түлштэй холбоогүй. Мөн ямарваа нэгэн төрлийн түлшийг туршаагүй" гэх тайлбарыг өглөө.

Түүнчлэн эл асуудалтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Онцгой байдлын газрын орлогч дарга шалгалтын ажил хийхээр Хонхор руу явсан гэж эх сурвалж мэдээлсэн юм.

Олон нийтийн дунд есдүгээр сарын 25-ны өдөр Налайх дүүрэгт газ дэлбэрсэн харамсалтай хэрэгтэй холбоотой гэх мэдээллийг түгээгээд байгаа билээ. Тэгвэл холбогдох эх сурвалжууд уг хэрэгтэй ямарваа нэгэн байдлаар холбоогүй хэмээх тайлбарыг өгч байна.