Энэ сарын 9-ний өдөр Сөүл хотын нэг дүүрэгт Монгол улсын дипломат ажилтан согтуугаар автомашин жолоодож яваад саатуулагдсан тухай Өмнөд Солонгосын хэвлэлүүд мэдээлсэн билээ.

Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор тус улсын зарим улс төрчид гадаадын дипломат төлөөлөгчдийн үйлдсэн гэмт хэрэгтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах талаар ярьж эхэлжээ.

Тухайлбал Өмнөд Солонгосын хамгийн том сөрөг хүчин болох Солонгосын Ардчилсан Намын хууль тогтоогч Пак Хон Кын хууль зүйн яамнаасаа гадаадын дипломат ажилтнуудын үйлдсэн гэмт хэргийн талаар статистик тоо баримт гаргуулж авснаа өчигдөр танилцуулсан байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд тус улсад гадаадын дипломатчид болон тэдний гэр бүлийн гишүүдтэй холбоотой 71 хэрэг бүртгэгджээ.

Эдгээрийн дийлэнх нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болон хулгайн хэрэг байсан байна. Дээрх хэргүүдийн 55-ыг нь дипломатчид өөрсдөө үйлдсэн бол 16-г гэр бүлийн гишүүд нь үйлджээ.

Бүх 71 хэргээс ердөө нэг нь хуулийн хариуцлага хүлээж, үлдсэн хэсэг буюу 98.5 хувь нь дипломат халдашгүй статусаа ашиглан шийтгэлгүй өнгөрсөн байна.

Дипломат ёсны тухай Венын конвенцын дагуу гэмт хэрэг үйлдсэн элчин сайдын ажилтан тухайн сууж буй улсынхаа хуулиар шийтгүүлдэггүй юм.

Эдгээрээс зарим онцгой хэрэг нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, олны анхаарлын төвд орж байжээ.

Тухайлбал Монголын дипломатчаас өмнө 2020 онд Руанда улсын дипломатч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад баригдаж, жолооны эрхээ хураалгаж байсан гэнэ. Гэхдээ тэр бас халдашгүй статусаа ашиглан өөр шийтгэл хүлээлгүй өнгөрчээ.

Парламентын гишүүн Пак дипломат төлөөлөгчидтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулж, шийтгэлгүй өнгөрдөг байдлыг залруулахыг засгийн газартаа уриалсан байна.

“Гадаадын элч төлөөлөгч, тэдний гэр бүлийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн болон дипломат халдашгүй эрхээ хувийн шалтгаанаар ашигласан бол гадаад хэргийн яам тухайн илгээсэн улсаас халдашгүй эрхийг нь цуцлахыг идэвхтэй шаарддаг болох ёстой” гэж тэр хэлжээ.

 

Эх сурвалж: Korean Times