Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн оргон зугтаахыг завдсан тул цагдан хорих арга хэмжээ аваад байсан билээ. 

Тэгвэл "Тэнүүн-Огоо" ХХК, БНСУ-ын "Daewoo bus" нарын дунд зуучлагчаар ажилласан БНСУ-ын иргэн Ий Жун Соб /Lee Jung Seob/, Ким Кеабаум /Kim Keabaum/ нарыг өчигдөр /2023.10.17/ суллаж, батлан даалтад гаргажээ.

Тэднийг прокурорын байгууллагын саналаар уржигдар /2023.10.16/ батлан даалтад гаргасан бөгөөд хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоосон байна.

Тэд яг 15 хоног цагдан хоригдоод ийнхүү суллагдаж байгаа юм. Буруугүй учраас уу, эсвэл тэдний мэдүүлгээр буруутай этгээдийг олов уу гэдэг нь анхаарал татаж байна.

Анх 2023.10.02-ны шөнө тэднийг баривчилж, цагдан хорих 461 дүгээр ангид, 48 цагийн хугацаатай саатуулсан. Тухайн үед нэгийг нь эрүүл мэндийн шалтгаанаар хүлээж авалгүй буцаасан ч, удалгүй цагдан хорьж байв.

БНСУ-ын хоёр иргэн мэдүүлэг өгч, ам нээсэн тухай мэдээлэл байдаг. Тэд “Тэнүүн-Огоо" ХХК, БНСУ-ын "Daewoo bus" компанид Евро-2 стандартын автобус захиалсан. Захиалагч тал захиалгын дагуу автобуснуудыг үйлдвэрлэсэн. Үйлдвэрлэсэн автобусыг ирэх үед “Тэнүүн-Огоо" компанийн захирал А.Ганхуяг Евро-5 стандарт гэсэн бичиг наа гэх чиглэлийг өгсөн. Эл бичиг наах ажиллагааг "Иктае" гэх компани болон “Тэнүүн-Огоо” ХХК хамтарч хийсэн” гэх агуулгатайгаар мэдүүлэг өгсөн бололтой.