УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ.  Арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн хуралдаан 56.9 хувийн ирцтэй эхэлж ирэх оны төсвийн төслийг хэлэлцэж байна.  Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэх асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр "Би өнгөрсөн хугацаанд иргэдтэй 82 удаагийн уулзалт хийлээ.  Энэ уулзалтаар нэг л зүйл хамгийн их давтамжтай яригддаг.  Энэ  нь бүх төрлийн хулгай.  Хулгай нь илрээд л байдаг. Гэтэл хариуцлага хүлээдэггүй.  Өнөөдөр ЖДҮ-гийнхэн ордонд цугласан байна.  Гэтэл тэндээ хулгайгаа ярьдаггүй.  Яамны мөнгөөр баахан хурал цуглаан хийдэг.  Ийм замбараагүй байдал хэрээс хэтэрлээ.  Он гараад Төрийн ордонд 100 гаруй удаагийн хурал цуглаан болсон.  Тэр хэрээрээ Монгол Улс хөгжчихдөг бол одоо бүүр тасраад алга боллоо.  Хурал ихэдвэл ажил муудсаных гэж ярьдаг үнэн.  Хөгжлийн банк, 44 их наяд төгрөгийн нүүрсний хулгай. 14 их наяд төгрөгийн оффтейк гэрээ.  Төмөр замын хулгай.  Нэг компанийн хашаа руу оруулаад нүүрс ачихад нэг цуваа вагонд 500 сая төгрөгийн авлига өгдөг. Боловсролын зээлийн сан байна.  Бүх л үеийн туршид тэр санг тонож байсан байна. Хамгийн сүүлд ногоон автобус.  150 сая төгрөгийн үнэтэй автобусыг 400 саяар шахчихсан байна.  Төрийн хулгай ийм замбараагүй.  Иргэд энэ асуудалд  нэг нь ногоон автобус, нөгөө нь нүүрсний хулгайд орчихсон.  Нэг нэгэндээ барьцаалагдаад ямар ч хариуцлага тооцохгүй байна гэж байна.  Хариуцлага тооцохгүй бол энэ хоёр намыг ард түмэн үнсэн товорго болгох нь байна шүү" гэлээ. 

Т.САЙХАН

Эх сурвалж: www.polit.mn