Биологийн ялгаатай байдлаас шалтгаалан эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие засах хэрэгцээ өөр байдаг. Анатомийн бүтцээр нь авч үзвэл эрэгтэй хүний шээс дамжуулах суваг буюу гадна шээсний сүвнээс давсаг хүртэлх зай 20 см, эмэгтэй хүнийх гурван см байдаг. Өсвөр насны охидын 80 хувьд, нөхөн үржихүйн насны насны эмэгтэйчүүдийн 20-25 хувьд нь сарын тэмдэг ирдэг. Мөн бие давхар үед ариун цэврийн өрөө орох нь ихэсдэг байна. Өнгөцхөн харахад нийтийн эзэмшлийн талбайд эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байх нь зөв мэт. Биологийн хэрэгцээнд нь тулгуурлан харвал эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоо эрчүүдийнхээс их байх ёстой. Гэвч энэ төрлийн судалгаа байдаггүй учраас манай улсад ихэвчлэн ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байгаа юм. Ариун цэврийн өрөөний хүртээмжгүй байдлаас шалтгаалан эмэгтэйчүүд эрүүл мэндээрээ хохирох нь элбэг байдаг аж. Тиймээс бид өмнөх дугаартаа ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байгаа талаар болон эрэгтэй эмэгтэй хүмүүсийн биологийн ялгаатай байдлын талаар цуврал нийтлэлээ хүргэсэн.

Тэгвэл энэ удаа шийдвэр гаргах түвшнийхэн буюу төрийн ордонд ариун цэврийн өрөөний харьцаа ямар байгааг сурвалжиллаа.

Төрийн ордон бол Монгол Улсын ёслол хүндэтгэлийн ордон. Үүнд УИХ-ын 76 гишүүн бүрэн эрхийнхээ хугацаанд ажилладаг. Энэ удаа 59 эрэгтэй, 13 эмэгтэй гишүүн ажиллаж байна. Гэхдээ энд зөвхөн УИХ гишүүд ажилдаггүй гэдгийг дурдах нь зүйтэй. Тухайлбал, хууль хэлэлцүүлж буй яам, тамгын газрын төлөөллүүд, гишүүдийн туслах, зөвлөх, ордны үйл ажиллагааг сурвалжилж буй хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд болон төрийн ордонтой танилцахаар нийслэл, орон нутгийн иргэд, оюутан, сурагчид үйлчлүүлдэг.

Гэвч төрийн дээд байгууллага болох төрийн ордны ариун цэврийн өрөө хүний эрхийг зөрчсөн, жендэрийн мэдрэмжгүй зохион байгуулалтай байна. Тодруулбал, ариун цэврийн өрөөнүүдийн ихэнх нь хоёр эрэгтэй суултуур, хоёр босоо шээлтүүр, нэг эмэгтэй суултууртай. Өөрөөр хэлбэл, нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэй ариун цэврийн өрөө байгаа юм. Төрийн ордонд хэчнээн хүн ажиллаж байгаа болон өдөрт хэчнээн хүн үйлчлүүлдэг, түүний хэд нь эрэгтэй, эмэгтэй талаар Их хурлын тамгын газар, хамгаалалт болон санхүүгийн албанаас асуухад “Энэ талаар судалгаа хийж байгаагүй. Мэдээлэл байхгүй. Мэдэхгүй байна” гэсэн хариултыг өгсөн юм.

Төрийн ордноор үйлчлүүлж буй эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тоон мэдээлэл байхгүй учир ажиглалт хийсэн юм. Тухайлбал, төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт гишүүдийн ажлын алба болон хэвлэл мэдээллийн албаны 44 хүн ажилладаг аж. Тэдний 60 хувь нь эмэгтэйчүүд байв. Өөрөөр хэлбэл, 26 эмэгтэйд хоёр суултуур, 18 эрэгтэйд гурван суултуур, хоёр босоо шээлтүүр оногдож байв. Төрийн ордон эмэгтэйчүүд ээлгүй байгааг үүнээс харж болно.

Төрийн ордон хоёр эрэгтэй, нэг эмэгтэй ариун цэврийн өрөөтэй.

УИХ-ын гишүүдээс төрийн ордны ариун цэврийн өрөө эмэгтэйчүүдийн эрхийг зөрчиж буйг мэдэж байгаа эсэх талаар тодруулсан юм.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам “Ариун цэврийн өрөөний стандарт болон биологийн хэрэгцээ ямар байдаг талаар уншиж байгаагүй. Би энэ чиглэлийн мэргэжлийн хүн ч бас биш. Гэхдээ гадаадад эмэгтэй ариун цэврийн өрөөний тоо олон байгааг анзаарч байсан. Мөн төрийн ордны ажилчдын хүйсийн харьцаа ямар байгааг сайн мэдэхгүй байна. Харин ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байгаа нь барилгын стандартын дагуу баригдсан байх гэж бодож байна. Төрийн ордны барилга нь хуучны барилга учир ариун цэврийн өрөөг өөрчилж засаж болох эсэх талаар сайн мэдэхгүй байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг “Энэ тухай сонсож бас анзаарч байгаагүй юм байна. Өөрөөс тань энэ тухай анх удаа сонслоо. Анзаарч харвал зөвхөн төрийн ордон гэхгүйгээр бүх барилга байгууламжийн эмэгтэй ариун цэврийн өрөөг нэмэх ёстой юм байна. Хийх ёстой зүйл байна” гэсэн юм.

УИХ-ын гишүүн П.Анужин “Энэ удаагийн УИХ-д сонгогдсон эмэгтэйчүүд нийлж орон нутгийн сургуулиудын модон нойлын асуудлыг шийдэхээр төсөв батлуулаад явж байна. 2024 онд модон нойлын асуудлыг бүрэн шийднэ. Төрийн ордны ариун цэврийн өрөөний нарийн зүйлийг би сайн мэдэхгүй байна” гэсэн юм. 

 

ЭКСПЕРТИЙН ҮГ

 

Монгол Улсын парламентын үнэлгээний шинжээчээр ажиллаж буй МУИС-ийн Социологи, нийгмийн тэнхимийн эрхлэгч М.Батбаатар: Парламент үлгэрлэх хэрэгтэй

-Олон улсын парламентын холбооноос Монгол Улсын парламентын хүний эрх, жендэрийн тэгш байдлын талаарх үнэлгээг энэ жил анх удаа хийх гэж байна. Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж байгаа эсэх тал дээр би шинжээчээр ажиллаж байна. Ингэхдээ үндсэн дөрвөн чиглэлийн дагуу судалж, үнэлгээ хийнэ. Нэгдүгээрт, парламентад эмэгтэйчүүдийн тоог нэмж, оролцоог нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, жендэрийн эрх тэгш байдлын тухай хууль тогтоомжийг бэхжүүлэх. Гуравдугаарт, парламентын бүх үйл ажиллагаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангаж чадсан эсэх. Дөрөвдүгээрт, жендэрийн мэдрэмжтэй дэд бүтэц, парламент дахь байгууллагын соёлыг сайжруулах тал дээр судалгаа хийнэ.  Парламент хүйсээс хамаарсан орчны ялгаатай байдлыг хангах хэрэгтэй. Тодруулбал, жирэмсэн, хөхүүл эмэгтэйчүүдэд зориулсан өрөө болон биологийн ялгаатай байдлыг харгалзан эмэгтэйчүүдийн ариун цэврийн өрөөний тоог нэмэх хэрэгтэй.

Эрчүүд ихэвчлэн босоо шээлтүүрт бие засдаг. Төрийн ордны ариун цэврийн өрөөнд хоёр босоо шээлтүүр байхад суултуур хоёр байх шаардлагагүй. Харин эмэгтэйчүүдийн суултуурын тоог нэмэх нь зөв. Анзаарвал манай улсын ихэнх байгууллагын ариун цэврийн өрөөний тоо тэнцүү байдаг. Тэгвэл байгууллагын соёлыг төлөвшүүлэх хүрээнд парламент ариун цэврийн өрөөний хүртээмж, хүүхэд хуурайлах, хөхүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бие засах өрөөний стандартыг бий болгож, үлгэрлэх хэрэгтэй. Өөрөөр хэлвэл, төрийн ордны эмэгтэй ариун цэврийн өрөөний тоог нэмж, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд төр өөрөө үлгэрлэх ёстой” гэв.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 232 (7217)