УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10.20 цагт гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхлэв.  Нэгдсэн хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар даргалан явуулсан. Төрөөс баримтлах мөнгөний бодлоготой холбоотой УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн хуралдааны протоколыг хүргэе. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар нар зарчмын зөрүүтэй санал гаргаж байр сууриа илэрхийллээ.

 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байна.  Тойргийн гишүүд маань ярьж байна.  Малчид малаа их нядалж байгаа юм байна.  Гэвч махны үнэ унасан.  Арьс ширний үнэ унасан.  Малчдын орлого өдөр ирэх бүр хумигдаж байна.  Тиймээс Шадар сайд энэ асуудалд тодорхой саналаа багцлаад ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болсон.  Парламент энэ асуудалд тодорхой саналаа Засгийн газарт хүргүүлмээр байна.  Тэгэхгүй аливаа эрсдэл болоод өнгөрсөн хойно нь асуудлыг ярьж суухаар урьтаж арга хэмжээ авмаар байна.  Өвөлжилт хүндрэх нь тодорхой болчихлоо.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрчихлээ.  Энэ асуудлыг парламент хэлэлцмээр байна.   Энэ өвөл яах юм, ямар түлш түлэх юм.  Хортой юм уу, үгүй юм уу.  Ард түмэн битгий хэл би оньсого тааж байна. Хагас коксоор утааг шийдэх юм байна гэж Сү.Батболдын Засгийн газар гаргасан. Зөв шийдэл гаргасан ч түүнийг нь дампууруулах ажлыг Ч.Хүрэлбаатар хийсэн. 17 тэрбум төгрөг ч байхгүй, хагас кокс ч байхгүй болсон. Мөн Монгол Улс төсвөө маш үрэлгэн зарцуулж байна. Дэлхийн 137 орноос 124-т явж байна. Дэлхийгээс ичээч. Одоо гэхдээ ичих нүүр ч байхгүй байх шиг байна. Ардын намынхан Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар гэдэг хоёр худалчтай болсон. Хүн үг хэлэхээр худлаа араас нь тайлбар тавиад хаачихаад байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар:

-Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбогдуулаад нэлээд олон хуульд нэмэлт өөрчлөлт орсон.  Ялангуяа Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль гээд 120 орчим хуулиас 40 орчим хуулийг манай байнгын хороо хэлэлцээд байна.  Бусад байнгын хороо болон парламент энэ асуудалд шуурхай хандмаар байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд:

-Ирэх жил мөнгөний бодлогод орон зай байхгүй шүү. Учир нь Монгол Улсын төсөв 27.1 их наядаар батлагдчихсан.  Зах зээл дээр асар их хэмжээний мөнгө тараагдана.  Тэр мөнгө оны эхэнд сонгуулиас өмнө тараагдана шүү дээ. Инфляцын хүлээлт маш өндөр байна. Эдийн засагчдын төсөөллөөр Төсвийг нэг их наядаар тэлэх юм бол инфляцын өсөлт дээшээ нэг хувиар харваж байдаг.  Тэгэхээр ирэх жилийн  инфляц 15 хувьтай байх юм байна гэсэн ерөнхий төсөөлөл байгаа шүү.  Нэг гараараа цалинг 10 хувь өсгөөд нөгөө гараараа инфляцыг 15 хувь өсгөчихөөр таны халаасанд байгаа 100 төгрөгийн худалдан авах чадвар 95 төгрөг болчихоод байна.  Үүнийг эдийн засагчид чөтгөрийн тойрог гэж нэрлэдэг.  Үр дүнд нь эдийн засаг маань сүйрээд байгаа шүү.  Бид 33 жил ингэж явлаа. Мөн ажлын хэсэг дээр ипотекийн зээлийг нэмэлт эх үүсгэвэрээр санхүүжүүлэх асуудал яригдаж байсан.  Үүнийг таслан зогсоосон. Эргэлдэж байгаа мөнгөнөөс нь дараагийн санхүүжилтийг гаргана.  Түүнээс биш  Төвбанк мөнгө хэвлэхгүй, ипотекийн зээлийн тогтолцоонд  сон­гуу­лийн популист амлалт орж ирэх­гүй. Энэ нь зөв шийдвэр болсон.  Харин ипотекийн зээлийг орон нутагт, нийс­лэлд тэгш хуваарилна гэдэг заалтаа хас­маар байна.  Бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа. Зарчмаараа явах ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Төсвийн тухай хуульд хот болон орон нутагт ипотекийн зээлийг тэнцвэртэй олгох гэсэн заалт орсон.  Тэр дагуу үндсэн чиглэлээ УИХ-ын тогтоолтой уялдуулж оруулж ирсэн.  Заавал мөнгөний бодлогын үндсэн чиглэлд оруулж байгаа нь Засгийн газар руу шилжүүлэх юм. Шилжүүлж автал нь өөрийн эх үүсвэрээр нь санхүүжүүлэх, УИХ-ын тогтоолтой уялдуулсан хэрэг. Өөрийн эх үүсвэрээр санхүүжүүлэхэд жилд 620 тэрбумын санхүүжилтын боломжтой гэсэн. Бид эрэлтийг асуухад орон нутагт 373.4 тэрбум, хотод нэг их наяд төгрөгийн эрэлт байна. Тэгэхээр орон нутагт 620 тэрбумын тал нь хангалттай хүрэлцэнэ.

УИХ-ын гишүүн Ш.Адъшаа:

-Би нэг л асуулт асуудаг. Монгол уул уурхайн олон арван, тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн экспортолдог тухай ярьдаг. Гэтэл банк санхүүгийн байгууллагаар томоохон компаниудын алт, зэсийн үнэ ханш Монголын банкаар орж ирдэггүй. Хүсдэггүй юм уу. Банк санхүүгийн байгууллагаар оруулах гэхээр итгэдэггүй гэдэг. Улс төрд нөлөө бүхий хэдхэн арилжааны банкны барьцаанд Монголын төр оршин байдаг. Гадаадын банк оруулж ирдэггүй. Дотоодын банкны хүү огт буурдаггүй. Банкны лобби гэж ойлгож байгаа. Энд тодорхой хариулт өгмөөр байна. Бид яаж төгрөгийн ханшийг тогтворжуулж, мөнгөний бодлогоо барих юм бэ.

УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг:

-Бид өнгөрсөн жил хөрөнгө оруулалтын банкны хуулийг баталсан. Эрх зүйн орчин хангалттай. Гадаадын хөрөнгө оруулагчид шууд орж ирэхгүй байна. Хонгконгийн 2-3 банк судалж анхаарч байгаа гэх асуудал байгаа. Банкны хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Бодит амьдралтай нийцэхгүй тал байгаа. Банкууд олон нийтэд нээлттэй болж байгаа. Хамгийн том хувьцаа эзэмшигч 20 хувиас илүү төвлөрөл үүсгэж болохгүй. Хамгийн цөөндөө таван хөрөнгө оруулагч оруулах ёстой.

УИХ-ын гишүүн Ч.Ундрам:

-Төрөөс баримтлах мөнгөний бодлогод энэ асуудлыг энэ жил анх удаа тусгаж, гадны банк оруулж ирэх ажлыг эрчимжүүлж байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Монголын экспортын бүтээгдэхүүний 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Экспорт эхний гурван улирлын байдлаар 12.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх жилийнхээ өндөр өсөлттэй явж байна. Валютын нөөц 1.4 тэрбум ам.доллар болж, нэмэгдэж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

-Монголбанкнаас асууя. Экспортын орлого 12.5 тэрбум ам.долларт хүрч, мөнгөний бодлогоо зөв барьж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ банкуудаас олгож байгаа зээлийн хэмжээ бага байгаагаас болоод банк бусын зээлийн хэмжээ өндөр болсон. Энийг яаж хянаж байгаа юм бэ. Хүмүүс зайлшгүй шаардлагаар банк бусаас зээл авч, өндөр хүүнд дарлуулж байна. Арилжааны банкууд нь ихэвчлэн хэрэглээний зээл л олгож байна. Орон нутагт хүмүүс амьдрах боломжоор бүрдүүлье гэхээр ипотекийн зээл нь олдоггүй. Сая Дорноговьд 500 айлын орон сууц ашиглалтад орлоо. Зарим нь түрээс, 370 нь ипотекийнх. Олон хүн зээлээ авч чадахгүй байна. Мөнгө байгаа гэчихээд ямар нэг шалтаг хэлээд байгаад байна.  Орон нутагт ипотекийн зээлийг гурван хувийн хүүтэй өгнө гэчихээд зургаагаас буухгүй гэж байна. Банк дотроо жижиг мөнгө, шан харамж харж шийдэгдэж байгаа юм биш үү. Хүмүүс тийм юм яриад байна шүү дээ. Энд тодорхой хариулаад өгөөч.

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Нийт банкны системийн олгож байгаа зээлийн өсөлт жилд 15.4 хувь. Хэрэглээний зээл өндөр хувьтай байгаа. Монголбанкнаас хэрэглээний зээлийг багасгаж, бизнесийн зээл нэмэх бодлогыг баримталж, арга хэрэгслийг хэрэгжүүлж байна. Өр орлогын харьцаа гэж байдаг. Ямар хэмжээний орлоготой байна. Тэрний 70 хувиар хэрэглээний зээлд хамрагддаг. Энийг 60/40 болгож хатууруулсан. Үүнээс шалтгаалж иргэд банк бусаас зээл авч байгаа нь харагдаж байгаа. Банкны дундаж хүү 18-20 хувьтай байгаа нь хатуу нөхцөл. Бид хэрэглээний зээлийг багасгахаар ажиллаж байгаа. Улсын хэмжээнд сүүлийн долоо хоногт 206 ипотекийн зээл гарсны 105 хотод, 101 нь орон нутагт байна.

Төмөрбаатарын БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 24. БААСАН ГАРАГ. № 235 (7220)