Байр суурь: Ноогдол ашгийн талаар хэн, хэн юу өгүүлэв
2023/12/22
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 34 хувийн хувьцааг иргэдэд эзэмшүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
Энэ үеэр УИХ-ын гишүүд ажлыг хэсгээс асуулт асууж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ бол маш чухал асуудал. Үндсэн хуулийн чухал заалт амилах гэж байна. Энэ тогтоол батлагдсанаар 2012 оноос хойш төрсөн хүүхдүүд Эрдэнэс Тавантолгойн хувьцааг эзэмшинэ. Мөн хувьцаагаа зарсан иргэд буцаан авах боломж бүрдэнэ. Дараагийн чухал асуудал нь хувьцааны ногдол ашгийг авдаг болно. Ногдол ашгийг олгохдоо ЭМД, НД, сургалтын төлбөр, ипотект суутгах, хадгалах зэргээр уян хатан баймаар байна. Үүнийг яаж зохицуулах вэ?
Эрдэнэс Монгол ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт: Баялгийн сангийн хуульд газрын баялгаас иргэдэд тэгш хуваарилах Үндсэн хуулийн агуулга орж байгаа. Гэхдээ аль болох бэлэн мөнгө тараахгүй, хуримтлалыг дэмжих чиглэлээр. Хүний хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэнд, орон сууцтай болохыг дэмжиж, хуримтлалыг өсгөх чиглэлээр хуульд тусгагдсан.
Ажлын хэсэг: Баялгийн сангийн хуулийн төсөл ер нь эцэслэгдсэн. Засгийн газраас ажлын хэсэг гаргасан. Холбогдох яамд, байгууллагууд, хууль, гадны экспертүүд орсон. Ойрын хугацаанд кабинетын түвшинд санал нэгдээд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд өргөн барина гэсэн хүлээлттэй байна. Энэ хуульд нийт иргэдэд тэгш шударга хуваарилах агуулга нь Үндсэн хуулинд зааснаар орж байгаа. Гэхдээ аль болох бэлэн мөнгө тараахгүй байх, хуримтлалыг дэмжих, үндсэн хэрэгцээ болох боловсрол, эрүүл мэнд, орон сууц зэрэгт зарцуулах боломжийг хангана. Ногдол ашгийн хувьд Компанийн тухай хуульд тодорхой заасан. Компанийн удирдлагууд жилийн эцэст аудитын тайлан балансын дараа хичнээн төгрөг хуваарилахыг шийднэ. Энэ оны УИХ-ын наймдугаар тогтоол дээр 2012 оноос хойш төрсөн хүмүүс болон хувьцаагаа зарсан хүмүүс буцаж хувьцаагаа авах хүсэлт гаргаж байгаа. Үүн дээр гол агуулга нь байгаа.
УИХ-ын гишүүн Х.Баделхан: Иргэдэд хувьцаа олгох нь хоёр талын ашигтай. Иргэд байгалийн баялгаас хишиг хүртэхээс гадна тухайн компанийн үйл ажиллагаанд хяналт тавих боломж бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар ТУЗ-д хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл хэд байдаг вэ? Ногдол ашгийг яг хэзээ олгох вэ?
Шадар сайд С.Амарсайхан: Засгийн газар 2021, 2022 оны ногдол ашгийг хуваарилах асуудлыг судалж, энэ чиглэлээр арга хэмжээ авахаар бэлтгэл ажлаа хангаж байна. 2024 оноос олгогдоно.
2012 оноос өмнө төрсөн 2.5 сая иргэн Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцааг эзэмшиж байна. Нэг сая орчим иргэн хувьцаагүй байна. Тиймээс компанийн 34 хувийг Монгол Улсын иргэдэд ижил тэнцүү хэмжээгээр иргэдэд эзэмшүүлэх асуудлыг шийдэж байна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Үндсэн хуулийн байж болох олон зөрчилтэй зохицуулалт орж ирж байна. Үндсэн хуульд байгалийн баялгийн үр өгөөжийн ард түмэнд ногдох хэсгийг хуулиар тогтооно гэж заасан. Гэтэл УИХ-ын тогтоол орж ирж байна.
Энэ хувьцааг хэзээ нэг цагт буцааж авах юм уу? Өмч биш юм уу. Сонгуулийн өмнө чихэр долоолгож, данс руу мөнгө хийдэг 10 жилийн завхралаасаа сургамж аваагүй тогтоолын төсөл орж ирж байна. Хэтрүүлж хэлэхэд залилан. Өмчлөх, захиран зарцуулах ямар ч зохицуулалт алга. Зүгээр бүртгэл юм уу? Зөвхөн сонгуульд бэлдэж, ногдол ашиг нэрээр иргэдийн данс руу хэдэн төгрөг хийх, зүгээр л молиго байна.
Үнэндээ Эрдэнэс тавантолгой компани 3, 4 их наяд төгрөгийн өртэй явж байгаа, юун ногдол ашиг. Урьдчилан борлуулалт, оффтейк гэрээ хийж мөнгө аваад, сонгуулийн өмнө тараана. Үүнд бэлдсэн тогтоолын төсөл байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нэг жилийн өмнө таван гишүүн санаачилж, УИХ-д өргөн барьсан байдаг. Энэ асуудлыг дэмжиж байгаа. Хууль санаачлагчийн хувьд, бидний өргөн барьсан хуулийг уг тогтоолтой хамт хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна.
904 мянган хүн ядуу, эдийн засгийн эрх чөлөөгүй байна гэсэн судалгааг Дэлхийн банк гаргасан. Нэг ёсондоо, 1.4 сая иргэн ядуу гэж үзэж байна. Нэгдүгээрт, төр засгийн алдаатай бодлого үүнд нөлөөлсөн. Монголын ард түмний бүтээсэн баялгийг иргэдийн 20 орчим хувь нь л авсан, үлдсэн нь гудамжинд гарсан. Байгалийн баялгийг цөөн хэдэн хүн авснаар бас ажилгүйдэл бий болгосон. Хоёрт, зах зээлийн нийгэмд бид хүнээ бэлдээгүй. ЭТТ ХК-ийн 34 хувь бол Баялгийн сангийн тухай хуультайгаа нягт уялдах ёстой. Ирээдүй өв сан дээр гарсан алдааг үүн дээр давтаж болохгүй. Энэ сан дээр 1.7 их наяд төгрөг хуримтлуулж чадсан нь сайн хэрэг ч менежментээ хийж чадаагүй. Зөвхөн 2020 онд ханшийн алдагдлаар 800 гаруй тэрбум төгрөг алдчихсан байгаа. Надад байгаа тооцооллоор монгол төгрөгийн ханш цааш унана. Тэгэхэд ингээд хадгалаад л байх уу, яагаад эдийн засгийн эргэлтэд оруулж болохгүй вэ. Иймд нэг л асуулт асууя. Компанийн засаглалаа яах вэ?
С.Наранцогт: Баялгийн сангийн тухай хуульд таны ярьж буй концепц нийцэхүйцээр туссан байгаа. Уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа, төрийн оролцоотой болон давамгайлсан компаниудын засаглал, үйл ажиллагааны тухай бүтэн бүлэг байгаа. Үүнийг олон улсын групп компаниудын сайн засаглал руу оруулахгүй бол болохгүй. Энэ чиглэлээр бид судалсан. Хуулийн төсөлдөө багтаасан. Иймд янз бүрийн хүмүүс орж ирэх боломжийг хаасан. УИХ дээр шийдвэр гаргах шаардлагатай зүйлс ч бий. Иймд 1072 хувьцааны асуудлыг ингэж нэг мөр цэгцэлж авна. Тийм болохоор өнөөдрийн тогтоол орж ирж байна. Энэ тогтоол бол дээр дурдсан нийт асуудлын нэг хэсэг гэж харж болно.
УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ногдол ашгийг сонгуулийн өмнө тараах уу, дараа юу? Сонгуулийн өмнө тараавал санал худалдан авалт болно. Сонгуулийн дараа тараана гэвэл дэмжиж болох шийдэл.
С.Наранцогт: Аудитлагдсан тайлан баталгаажиж, татварын дараах цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилагдана. Компанийн хуулийн дагуу үйл ажиллагаа алдагдахгүй, төлбөрийн чадвараа хангах нөхцөлөө хангаад, ТУЗ шийдвэр гаргана. Сайн ажиллаж байгаа учраас ногдол ашиг хуваарилах боломж гарна гэж үзэж байна.
УИХ-ын гишүүн Ц.Туваан: Бид хэзээг хүртэл алтан дээр суусан гуйлгачин гэсэн нэртэй явах вэ. Эрх баригчид 2019 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэрэгжүүлэхгүй таван жил болж байна. Хувьцааны өмнө Баялгийн сангийн хууль орж ирэх байсан. Яагаад орж ирэхгүй байна вэ. Зүй ёсоор бол Баялгийн сангийн хуулинд Тавантолгой чухал байр суурь эзлэх ёстой.
Энэ асуудлыг урьдчилж оруулж ирж байгаа нь хардлага төрүүлж байна. Бид 27 их наядын төсөв баталсан. Сонгуулийн авлига байж болохуйц төсвийг баталсан. Одоо Эрдэнэс Тавантолгойн 34 хувийг ард түмэнд өгнө гээд сайн Засаг болох гэж байна. Мэргэн хүн шиг хэлье, сонгуулийн өмнө ногдол ашиг тараана. Ногдол ашиг нэрээр сонгуулийн авлига тараах нь гэж хардаж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал: Энэ компанийн түүхийг сайн нягталж, яримаар байна. Ард түмэнд чихэр долоолгосоор байгаад өдий хүрлээ. 1072 хувьцаатай иргэд энэ компанийн асуудалд оролцдоггүй. Энэ компани төрийн өмч дээр ямар их хулгай байдгийг үлгэр жишээ харуулсан. Яаж нууцаар гэрээ байгуулж, хулгай хийдгийг харуулсан. Харамсалтай нь сонсгол нь арай өөр тийш явж байна. Ард түмэндээ үнэнийг хэлье. "Эрдэнэс Тавантолгой" нийтдээ хэдэн их наядын оффтэйк гэрээ байгуулсан бэ? Хэдээс хэдэн онд хийгдсэн бэ? Өнөөдрийн Засгийн газар хийсэн үү? Энэ компани хэдэн төгрөгний өртэй юм бэ? Үүнийг тодорхой болгъё. Ард иргэд хувьцаа авч байна гэж баярлаад байвч цаанаа өр авчих вий дээ. 34 хувь гэдэг бол ард түмэнд хангалтгүй. Дор хаяж 49 хувь авмаар байна. Иргэдийг төлөөлж ТУЗ-д хэн байна вэ? Тэд ямар шийдвэр гаргасан бэ? Энэ жил ашигтай гарсан ухааны юм ярих гээд байна. Үнэхээр ашигтай ажиллаж чадсан уу? Сонгуулийн өмнөх шоуны хэсэг болгомооргүй байна шүү. Иргэдийн мэдээлэл, санхүү дутмаг байгааг ашиглаж хэдэн төгрөг тараагаад санал худалдаж авдаг компани болгомооргүй байна.
Ажлын хэсэг: "Эрдэнэс Тавантолгой" компани дээр оффтэйк гэрээ Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 27 гэрээ байсан, Богдхаан төмөр замтай холбоотой 9 гэрээ, нүүрс баяжуулах үйлдвэртэй холбоотой 1 гэрээ, газар тосны үйлдвэртэй холбоотой 1 гэрээ гээд нийт дөрвөн төсөлтэй холбоотой 38 гэрээ байсан. 2023 оны арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Гашуунсухайтын төмөр замтай холбоотой 27 гэрээг 1 гэрээ болгон буруулсан. Одоо нийтдээ гурван гэрээ л үлдсэн. Богдхаан төмөр замтай холбоотой гэрээг бүрэн зогсоосон. Гашуунсухайтын төмөр замын үлдсэн нэг гэрээний хугацаа 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусна. Шинээр оффтэйк гэрээ байгуулаагүй. Компанийн ашгийн санхүүгийн үзүүлэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар 1.3 их наядын ашигтай ажиллажээ. 2023 оны гуравдугаар улирал 2.7 их наядын ашигтай байжээ. Ирэх оны хоёрдугаар сард аудит ороод энэ тоо эцэслэгдэнэ. Өр төлбөрийн хувьд нийтдээ 4.3 их наядын өр байснаас 1 гаруй их наяд төгрөгөөр бууруулсан. Урьдчилж мөнгийг нь аваад дараа нь нүүрсийг нь ачуулдаг байсан 603 сая ам.долларын төлбөрийг 2023 оны есдүгээр сард бүрэн дуусгасан.
Эмээ · 2023/12/24
Авахгүй иргэд гарынүсгээ зураадулсдаа үүрд өг Бид авна Бидэнд хулгайлж хураасан хоол алга
Зочин · 2023/12/22
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2023/12/22
40DSH TACHAANGUI ERTEI80955877TSAGN
Зочин · 2023/12/22
ZYGAATSD XNGAAD VBI80955877