Ц.Уянга: Монголчууд хөгшин, залуугүй бүгд гадагшаа гарах юмсан л гэж байна
2023/12/26
АН-ын гишүүн Ц.Уянгатай ярилцлаа.
Та бүхний санаачилсан Засгийн Газрыг огцруулах жагсаал үргэлжилж байна. Иргэд бага байгаа харагдлаа?
Би Ц.Уянга гэдэг иргэнийхээ хувиараа л явж байгаа. Дэмжиж байгаа хэсэг бүлэг хүмүүс бас оролцож байна. Иргэд өөрсдөө дэмжээд эвлэлдэн нэгдэх нь тэдний эрхийн асуудал. Албадах гэдэг зүйл байж болохгүй. Анх жагсаал хийнэ гэсэн өдрөөс эхлээд цахим орчинд амилдаг троллууд нь амилаад, хашгирдаг технологи нь явж байна лээ. Ц.Элбэгдоржийн хүн гэж наах гэж үзэж байна. Нүүрсний хулгайчдыг хамгаалах жагсаал гэж үзэж байна. Монголын хужаа нар ч гэж үзэж байна. Бядгүй массаа бүр бядгүй болгохын тулд тархийг нь угаах бүх аргаа л хэрэглэх байх. Гэхдээ хүмүүс ажлын цаг заваараа дэмжээд ирэх байлгүй дээ.
Магадгүй нөгөө талаар бид буюу иргэд дарангуйлалдаа дасчихаад байгаа юм болов уу?
Энэ нь хүмүүсийн тархины мэдээлэл боловсруулах чадварыг кодлох гэж ярьдаг олон улсын технологи л доо. Нэгдүгээрт, мэдээллийн эх сурвалжуудыг хяналтандаа авах. Хоёрдугаарт, хяналтанд байгаа сувгуудаараа нэг мэдээллийг давтамжтайгаар олон удаа явуулахаар хүмүүсийн тархинд аяндаа суучихдаг, мэдэх, мэдлэгжих, мэдсэнээ боловсруулах боломжийг нь олгохгүй байлгах технологи явж байна. Үүнийгээ ч амжилттай хийж байх шиг. Үүгээрээ дамжуулж эрх баригчид хүмүүсийн сэтгэлзүй дээр тоглолт хийж, олон сонгуульд оролцож ирлээ шүү дээ.
“Нүүрсний” сонсголын явц, үр дүнг та хэрхэн дүгнэж байна вэ?
Нийтийн сонсгол буюу Public Hearing гэж зүйл явж байх шиг байна. Гэхдээ өөрсдийнхөө намнах гэсэн, бяр чадалгүй хэдэн хүн рүү наачих гэсэн үзүүлэн тоглолт л явлаа. Гэтэл цаана нь нууцад оруулж байгаад хийсэн оффтейк гэрээнүүд, нууцад оруулж байгаад зах зээлийн биш ханшаар зарсан, тээврийн квот олгосон гол эзэд нь хаана байна вэ? Тэд нар нь байхгүй, төрөөс гаргасан шийдвэрийнх нь дагуу юм хийсэн хүмүүсээ дуудаад, олон нийтээр үзэн ядуулаад сууж байгаа нь шал худлаа жүжиг л гэж харж байна.
Төр нэгэнт гаргасан шийдвэр дээр бизнесийнхэн боломж гэж хараад л орно шүү дээ. Нэг муу тал нь дандаа өөрсдийн бизнесээ оруулсан байдаг юм байна. Өөрсдөө шийдвэр гаргаад, хамаатан саднаа оруулчихдаг. Дараа нь танайх долоог, манайх долоохонг зөөсөн гэдэг л хэрүүл боллоо. Түүнээс бүгд л нүүрс зөөдөг юм байна. Засгийн газар огцрох үндэслэлээ нүүрсний сонсголоор илчлээд өгчихлөө.
Монгол Улсад төр байхгүй, мафи л удирдаж байгаа юм байна. Иргэдийн аюулгүй байдал алга. Улсын бүртгэлийн систем нь устаад алга болчихсон юм байна. Чи бид хоёр Монгол Улсын иргэний бүртгэлээс устаад алга боллоо гэхэд хамгаалахгүй юм байна. Эд нарын тоглоомын боолууд л юм байна гэдгээ харлаа. Ганц хайрцаг бараа биш дээ, хэдэн зуу мянган тонн нүүрс, хэдэн зуун машинаараа бүртгэлгүй алга болоод, хилээр гараад явчихна гэж байх уу? Ганц өдөрт ч болчихсон юм биш, хэдэн жил дамнаад яваад байж. Гаалийн бүрдүүлэлт нь алга болчихдог юм уу? Энэ бол зүгээр доромжлол. Төрийг ийм хэмжээнд хүргэсэн хүмүүс өнөөдөр зөвхөн огцрох биш, шүүх дээр очоод, ял эдлээд хариуцлагаа хүлээсэн байх учиртай. Бүгдээрээ шоронд сууж байх ёстой. Гэтэл надад эрх мэдэл дутаад байгаа учраас, ганцаардаад байгаа учраас надад шүүх байгуулж өг гээд солироод сууж байна. Доромжлуулж ханалаа. Бид болж өнгөрсөн үйл явдлуудын хохирогчид болоод хангалттай олон жилийг үзлээ.
Гэрээсээ гараад ажил, амьдралаа зүгээр зохицуулж чадахаа болилоо. Нэг нэгнээсээ хандив гуйгаад, эцэст нь тамлагдаад үхэж байна. Ийм нөхцөлд эсэргүүцэж босохгүйгээр хэн нь хэнийгээ аварна гэж, хэнээс юу горьдох юм бэ? Бидний амьдралыг зохицуулаад өгөөч гээд төр засгаа сонгосон. Эд нар нь манай хамгийн шилдэг хүмүүс, шилдэг баг маань шүү, бид чадна гээд гарч ирсэн.
Өнөөдөр яасан? “100 айлын би чадна” гэдэг шиг л учраа мэдэхгүй. Гэсэн хэр нь хулгай хийхдээ яасан сайн юм бэ? Ийм ойлгомжтой байхад улстөрийг эд нарынхаар тоглож болохгүй л дээ. Бид бусаддаа үнэнийг харуулж, зөвөөр нөлөөлж, хувь тавилангийнхаа эзэд нь болох ёстой. Бусдад найдна гэж байхгүй.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар шатахууны нийлүүлэлт маргааш гэхэд хэвийн болно гэж хэлснээс хойш бараг бүтэн сарын хугацаа өнгөрлөө. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгаан тасрахгүй гэсэн авч өнөөдөр ч хязгаарлалт хийсэн хэвээрээ л байна. Иргэдийн дунд шатахууны нийлүүлэлтээ хангаж чадахгүй, цахилгаанаа хэвийн байлгах боломжгүй болсон учраас дугаарын хязгаарлалт хийж, сурагчдын хичээлийг цахим болголоо гэх яриа ч яригдаж байна. Та эдгээр асуудлыг хэрхэн харж байна вэ?
Энэ бол Засгийн Газрын ямар ч чадамжгүй байгааг харуулж байгаа үйл явдал. Зөвхөн энэ шалтгаанаар гэхэд л шууд огцрох ёстой. Монголд анх удаа өвөл болж байгаа юм уу? МАН анх удаа засгийн эрх аваад, эхний жилээ л ажиллаж байгаа юм уу? Жилийн жилд, аль ч Засгийн Газрын үед зунаас нь л өвөлдөө бэлддэг биз дээ? Гэтэл өвөл болно гэдгийг мэдсээр байж өвөл болсон хойно гэнэт нээрээ нөөц аваагүй гэдгээ санаж байгаа юм? Оросоос ч хамааралтай биш. Жилийн жилд л ингээд бэлдээд явж ирсэн шүү дээ.
УИХ нь хуралдаад, төсөв мөнгийг нь батлаа биз дээ? Гэтэл тэр Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар улсаас хулгайлаад бетонон ширэнгэ босгосноос биш дараа нь хүмүүс амьдарна гэж бодсон уу? Б.Чойжилсүрэн “Тавантолгой”-н цахилгаан станцыг нэг жилийн дотор барина гээд сайд болсон. Одоо мартчихсан. Барилгаа л барьж байна, хулгай хийж байна. Энэ бүхэн чинь удирдах чадамжгүй гэдгийнх нь л илрэл.
Хоолоо булаацалдаад, эсвэл хамтарч идчихээд л, хийх ёстой ажлаа хийдэггүй. Тавантолгойн цахилгаан станц нэрээр хэдэн тэрбум төгрөг авсан бэ? Гэтэл өнөөдөр дампуурчихсан. Энэ юу гэсэн үг юм бэ? Цахилгаан тасалсан ч хамаагүй ээ, бид эрчим хүчний хувьд ОХУ-ын хамааралтай байдлаасаа салья гэж өчнөөн гуйсан. Гэтэл түүнийг хийдэггүй. Орос ах нартаа сайн хандахгүй бол болохгүй гээд хөл алдаж гүйгээд, Монгол Улсыг олон улсад тэнэг мэт харагдууллаа. Барууны орнуудаас тавьсан саналыг нь гацаагаад, авч хэлэлцэхгүй, татгалзаад явж байх хугацаандаа 4-5 цахилгаан станц барих мөнгө идчихсэн. Тэгчихээд одоо хэнд зовж байна гээд хэлээд байгаа юм? Одоо амлаж байна, хамтдаа тэмцэе гээд тоглоод сурчихсан. Хүмүүсийн тархийг массажлаад, тайвшруулаад, тэнэгтүүлээд сурчихсан. Та нарт шийдэл байна уу ч гэж байх шиг.
Бид нараас асуух юм бол яах гэж Засгийн газар байгаа юм бэ? Метрог 4 жилд барина ч гэх шиг. Энэ бүхэнд улстөрийн хариуцлага нэхэх асуудал бий болохоос биш улстөрийн боломж олгох тухай яриад сууж байх ёстой юм уу? Бодит байдлыг хэлсэн нэгнийг нь хужаа гэх мэт элдэв нэр зүүж өгөөд замхруулдаг. Юм хийх гэхээр боломж олгохгүй байна гэж хүмүүсийг унтуулдаг байдлаар ахиад хэдэн жил явах ёстой юм бэ? 8 жилийн өмнө 10 настай хүүхэд өнөөдөр 18 хүрчихсэн. Ирээдүй байхгүй болчихсон. Тэр хүүхдэд засаг хамаагүй шүү дээ.
Насанд хүрсэн хүмүүс нь чиний амьдрал байхгүй болчихсон, төр засаг муухай шүү гээд сууж байж болохгүй шүү дээ. Энэ бол бидний алдаа. Бүгдээрээ одоо ядаж нэг үүргээ гүйцэтгэе. Энэ новширсон системийг хүлээн зөвшөөрдөггүй жишиг бий болгоё. Монгол Улсын хувьд нийгэм нь насанд хүрэх хугацаа хангалттай болсон. Гэтэл хөгшин залуугүй бүгд гадагшаа гарах юмсан гэж байна. Биднийг өөрсдөөр минь эх орноо хаяж гарах шахалт бий болгож байна. Дараа нь Оросууд орж ирээд колони улсаа болгох юм уу? Албан бусаар Беларусь №2 болчихлоо. Өөрсдөө ямар ч мэдэлгүй, Оросоос зөвшөөрөл авдаг, Кремлийг хардаг, айдаг болчихсон. Мэддэг, ярьдаг хүмүүсийг нь хөөж гаргаад, бядгүй улны хэдийг нь зодоод амьдарчихаж чадна гээд бодчихсон. Ийм л байдалтай байна.
Хэрэв метро баригдлаа гэж бодоход өдөр тутам эрчим хүчээ хангаж чадахгүй өнөөдрийн нөхцөлд ажиллуулах боломж бий юу?
Юун метро вэ? Ярих хэрэг байна уу? 10 км урттай ганцхан шугамыг нэг өдөр ажиллуулахад 160МВт цахилгаан шаардлагатай гэдэг. Одоо байгаа цахилгаан станцын хүчин чадал нь 400МВт хүрч байгаа юм уу? Үгүй юм уу? Тэгээд ганц метроны шугам явуулах гээд талаас илүү цахилгаанаа зарцуулаад хотоороо харанхуй, хөлдөөд сууж байх юм уу? Өнөөдөр гэр хорооллоо цахилгаанаар халааж чадахгүйгээсээ болоод хотоороо утаанд амьдарч байгаа шүү дээ. Бодит байдал ийм байхад тэр асуудлаа шийдэхгүйгээр, өөр асуудал гаргаж ирээд, ахиад мөнгө олж ирнэ, хулгай хийж шийднэ гээд байгаа нь инээдэмтэй биз дээ? Ирээдүйд метро хийж болноо. Ирээдүйн 30 жилд метро барих газраа чөлөөлнө гэвэл үнэмшихсэн. Тэнэг хүн доромжилж байгаа юм шиг л байна. Гэтэл ганцхан жилийн дотор ТЭЗҮ хийгээд, 4 жилийн дотор метро барих учраас дараагийн сонгуульд биднийг сонго гэдэг зүйл тулгаад, хүмүүс сонгочихдог гэж бодоод байгаа юм уу? 4 жилийн дараа метроны сонсгол гээд баахан хулгайчид хэрэлдээд сууж байх уу? Юм хийх концепцоо ярьдаг хүмүүсийг нь сонгоод өг л дөө. Тийм баг байхгүй хүмүүстэй битгий ярь. Монгол Улсыг, Улаанбаатарыг сэтгэл байвал хөгжүүлнэ гэдэг үлгэр, хайр ярьдаг хүмүүсийг сонгох хэрэггүй. Бодитой ярих хэрэгтэй.
ОХУ-аас цахилгаан эрчим хүч нийлүүлэх хэмжээгээ хязгаарлана гэдэг яриа гараад, дараа нь Засгийн Газрын төлөөллүүд нь Франц улсын Орано групптэй хийх гэрээгээ хийлгүйгээр зугтлаа гэдэг яриа цахим орчинд тархсан. Үүнээс үүдээд асуухад Монгол Улсад ОХУ-ын шууд нөлөө байгаа юу?
Монгол Улсад нарийн царигтай төмөр зам яагаад баригдаагүй вэ? Хэн үүнийг хийсэн бэ? Оросууд л хийсэн, гацаасан, ойлгомжтой. Яагаад гэвэл бид Оросуудын уул уурхайн бүтээгдэхүүний гол өрсөлдөгч нь. Монгол, Орос хоёр улсын ганц худалдан авагч нь БНХАУ. БНХАУ-руу нийлүүлэх хойд талын сувгийг булаацалдаж байгаа улс нь манайх. Мартчихсан байсан Монголыг эдийн засгийн макро түвшний хөрөнгө оруулалт ороод ирэнгүүт нь гэнэт санаад, аятайхан байгаарай гээд оросууд ороод ирсэн. Гашуунсухайтын төмөр зам тавих үед хамаг л сайд нар нь орж ирээд үнэгүй бяслаг хавханд л байдаг. Та нар аятайхан байгаарай гээд эхэлсэн. Бүгдийг нь самарсан, зогсоосон. Параллель төмөр замтай байсан бол дугуй солихгүй, тээвэр маш хурдтай явна гэдгийг сайн ойлгож байсан учраас зогсоосон. Ингээд бараа тээврийн эргэлтгүй учраас дамжин өнгөрөх транзит тээвэр ч байхгүй болчихсон. “Энержи ресурс” өөрийн хөрөнгөөр төмөр зам бариад, тээвэр хийж байгаад улсад концессоор шилжүүлж өгье гэхэд нь ууттай элс цоолоод, Монголын баялгийг MCS ганцаараа хяналтгүй гаргах гэж байна гэж кино хийж, хүмүүсийн тархийг эргүү болтол нь ховсдоод, эцэс сүүлд нь “Энержи ресурс” нь ч явсангүй. Өөрсдийнх нь ч явсангүй. Машинаар нүүрсээ зөөж хулгай хийдэг мафийн бүлэглэл бий боллоо. Үүнийгээ алдахгүйн тулд Оросууд маш сайн улстөрийн технологи, санхүүжилт хийж өгсөн. Үүнийг хийлгэхийн тулд “Женко” Баттулга гэдэг Ерөнхийлөгчийг төрүүлж, улстөрд оруулсан, бүх эрх мэдлийг атгуулсан. Нэг усан цахилгаан станц барих гэж Оросоос асуудаг юу вэ? Байгаль нуурт ямар ч хамаагүй гол дээр барих гэхээр Оросууд загнадаг юу вэ? Оросууд Байгаль нуураа тэгж их хайрлаад байгаа юм бол тойрсон олон усан цахилгаан станцаа буулга л даа. Урантай холбоотой асуудлаар 25 жил ярилцаж, хэлэлцээд олборлох гээд эхлэнгүүт л Оросууд цахилгаанаа тасдаад, айлгаж дарамтлаад эхэллээ. Монголчууд бие дааж цахилгаан үйлдвэрлэдэг болчих вий гэсэн айдас байгаа. Бид нар цахилгаан эрчим хүчээ өөрсдөө үйлдвэрлээд эхлэх юм бол уул уурхайн бүтээгдэхүүнээ дотооддоо боловсруулдаг болно. Эрчим хүчний хангалттай эх үүсвэргүй учраас өнөөдөр нүүрсээ угааж чадахгүй, зэсээ баяжуулж чадахгүй байна. Бид ямар Оростой өрсөлдөж, дэлхийн их гүрэн болох гэж байгаа биш дээ. Жижиг Монгол өөрсдөө амьдралаа аваад явья гэхээр бид нарын заасан замаар л явахгүй бол будаа болгоно гээд айлгаад байдаг нь ямар учиртай юм бэ? Дэлхийн 200-гаад улстай адилхан тэгш эрхтэй, бие даасан, тусгаар улс л юм бол гадаадын аливаа орны нөлөөнд орох ёсгүй. Энэ хараат байдлаас гарч байж л бид ОХУ-тай эн зэрэгцэж худалдаа хийнэ. Эн тэнцүү улстөрийн харилцаанд орно.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэдэн жилийн өмнө М.Энхболд гэж хүнийг л улстөрөөс явуулчихвал Монгол Улс сайхан болно гэж ярьж байсан. Сүүлийн 2-3 жил Д.Эрдэнэбилэг гэж хүн буюу Худалдаа Хөгжлийн банк л Монголын дайсан юм. Энэ хүнд ял өгөөд явуулчих юм бол Монгол Улс сайхан болно гэж ярьдаг боллоо. Хувийн хэвшил рүүгээ ингэж дайрах нь хэр зөв зүйл вэ?
Төр өөрөө наймаа хийх ёсгүй юм. Гэтэл өнөөдөр өөрсдийнх нь хамар дор байгаа энгийн асуудлуудаа ч шийдэж чадахгүй байна. Төрөөр дамжуулж бүртгүүлэх гэхэд л яаж там болдог билээ? Үйлчилгээний салбар ч авч явж чадахгүй байж зөвхөн өөр дээрээ бүх бизнесийг төвлөрүүлээд байх нь зөвхөн хулгай л хийнэ гэсэн үг. Ашигтай юм уу, ашиггүй юм уу гэдэг нь тэдэнд хамаагүй. Гэтэл хувийн хэвшлүүд ямар ч тохиолдолд өөрсдийгөө алах зүйл хийхгүй шүү дээ. Зүгээр л хувийн хэвшилд тэр эрх чөлөөг нь өгчих л дөө. Аюулгүй байдал гэдэг ганц үгээр л ашиггүй байсан ч татаас өгөөд яваад байдаг. Нөгөөдүүл нь хөл дээрээ ч босож чаддаггүй.
Оросын эзэмшлийн 49 хувийг нэг хувийн компани худалдаад авчихсан юм байна. Тэр Д.Эрдэнэбилэг гэдэг хүн төрд нөлөөлж бизнес хийдэг байсан байж магадгүй. Яагаад гэвэл төр өөр дээрээ бүх бизнесийг овоолоод байвал аль чадалтай нь төрийг лоббидно. Чи бид хоёр чадахгүй шүү дээ. Мөнгийг нь ч дийлэхгүй. Амархан байсан бол ямар ч хүн төртэй наймаа хийгээд баяжина шүү дээ.
Нөгөө талдаа тэр 49 хувийг хувийн хэвшил Оросоос авна уу? Хятадаас авна уу? Ашигтай авна уу? Алдаж авна уу? Бидний асуудал биш. Оросын эзэмшилд байсан бол 100 хувь Монголдоо аваад ирлээ. 49 хувь нь хувийнх. 51 хувь нь улсынх. Хувийн компани орж ирснээрээ ТУЗ өөрчлөгдөнө. Санхүүгийн тогтолцоо нь өөрчлөгдөнө. Тэгэхээр хэнд таалагдахгүй вэ? “Эрдэнэт” дээр байгаа хулгай хийдэг хүмүүст таалагдахгүй байна шүү дээ. Хулгай нь баригдах гээд байна. Тэгэхээр яах вэ? Нөгөөдүүлээ хулгайч болгож унагааж байгаад, хүний 49 хувийг дээрэмдэж авч байгаад ганцаараа эзэн сууж, хяналтгүй хулгай хийх замруугаа л явж байгаа байхгүй юу. Оюутолгой дээр ч мөн адил 100 хувь хяналтгүй ТУЗ бий болгож байгаад идэх хүслээр л олон жил явлаа. ТУЗ-д нь наад захын тооцоолол хийх ухаантай хүн алга. Төр өөрөө бүхнийг аваад, нүүрс ухна, шал угаана гээд гүйгээд байвал өмнө хэлсэнчлэн хамгийн чадалтай хэсэг нь л төр рүү дайрна, хуйвалдана, авлигаар бүх зүйлийг авна. Тэд нарын ч буруу биш юм. Д.Эрдэнэбилэг гэж хүнийг “Голомт”-ын Д.Баясгалан гэдэг хүнээр солилоо. Бид нар Д.Баясгаланг буруутай гээд нүдээд байгаа болохоос биш үндсэндээ бүхнийг төр дээр хамж аваад байгаа тогтолцоо нь буруу байгаа юм. Зүгээр л хувийн хэвшилд өгчих. Хувийн хэвшлүүд хамаагүй их ажлын байр бий болгож, нийгмийн асуудлаа шийдвэрлэдэг. Паркийн шинэчлэлийг Оюутолгой л хийж байна. Төр орвол хэдэн төмөр гагнаад л хэдэн зуун сая, тэрбум төгрөг яриад л яваад өгнө.
Хувийн хэвшлүүд хамаагүй иүү нийгмийн хариуцлагатай ажилладаг шүү дээ. Манай хувийн хэвшлүүд яагаад нэр хүндгүй болчихсон бэ? Гэхээр тэдний талбар дээр төр орж ирээд, барьцаанд авчихаад миний хулгайг хийж өгөхгүй бол чамаг шоронд хийнэ гээд байгаа юм. Нөгөөдүүл нь ч хөдөлж чаддаггүй, харилцан барьцаанд орчихсон. Зах зээлийн дүрмээрээ тоглож чадахгүй. Зүгээр л чөлөөлөөд өгчих л дөө.
Хамгийн жижиг бизнесийг ч сайн хийж чадах чадалтай, авьяастай залуучууд Монгол зөндөө байна. Даргын бизнесийг л хийгээд, зам талбай нь хүртэл жил бүр солиод байдаг. Насан туршид нь байхаар болгоё гэж хэн ч боддоггүй болчихсон. Тэгээд үүнийг ярихаар хужаад алдах нь, барууны империалист гээд мэдээллээс хол байгаа иргэдээ хэнд ч хэрэггүй зүйлээр тоглоод, хүмүүсийг айлгаад, тархийг нь угаагаад байна. Чадалтай, чадамжтай, мэргэжлийн хүмүүс нь төрд орох ямар ч хүсэлгүй болчихсон. Манлайлалгүй болчихсон. Өрсөлдөх бүх боломжийг нь хаачихсан. Бага насны хүүхдүүдээс хүртэл төрийн ордонд хэн байдаг вэ? гэхээр хулгайч нар л байдаг гэдэг болчихлоо. Бид нар ийм л улс байгуулчихлаа. Асуудлаа эрүүл саруулаар, ойлгомжтой яримаар байна. Уйлж хайлдаг, хайр дурлал, сэтгэл хөдлөлөө болиод, хэн хийж чадах вэ? гэдгээ хармаар байна. Түүнээс биш нэг том баатар л хүсээд байвал хэдэн мэдрэл муутай хүмүүс “Би чадна”-даад, ардын баатар, Чингис хаан болох гээд Монголын төр цирк болж дууслаа.
Ярилцсан М.Чойжал
sonin.mn
зочин · 2023/12/27
Бүх зүйлийг үнэн ярьжээ. Үхэр монголчууд дарлагдахдаа таарсан амьтад юм даа бас биеэ өмөөрөх янзтай. Үнэн хэлсэн хүнд хүн өштэй үхэр унасан хүнд нохой өштэй.
Zochin · 2023/12/26
IIM TENEG AVGAITAI YARIAD SUUJ BAIDAG CSOIJIL NI Ene HALTAR AVGAIGAAS HEDEN TSAAS AVSIIN BOLDOO. UUR HUN OLDOOGUI L YM BAIHDAA.
Зочин · 2023/12/26
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
шаабар · 2023/12/26
Уг нь зөв л юм ярьж. Гэхдээ дэндүү их сунжирсан, давхцуулсан будлиу яриа болсон байна. Товч тодорхой хэлсэн бол илүү олон хүн уншиж ойлгох байсан болов уу. йяйрилцлага авсан сэтгүүлч ч гэсэн асуултаа оновчтой богино богино тавих байж л гэж бодлоо.