Удахгүй УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль эхэлнэ. Удахгүй ч гэж, цаагуураа бол эхэлчихээд байна л даа. Энэ сонгуулиар УИХ анх удаа 126 гишүүнтэй болно. Тэдний 78 нь бүсчилсэн 13 тойргоос сонгогдоно. Бас намуудын жагсаалтаар 48 гишүүн гарна. Ийм хуультай болсон учраас энэ удаагийн сонгууль шинэ тутам бөгөөд өмнөх сонгуулиудаас өөр болох нь тодорхой байна.

Гэхдээ энд нэг зүйл бий. Ер нь өмнө нь ч байсан. Манайхан анзаардаг эсэхийг мэдэхгүй. Аль ч утгаараа тухайн сонгуулийн эцэст УИХ-ын олонх, эсвэл олон суудлыг улс төрийн томоохон нам, эвслүүд авдаг. Сонгуулийн дараа ялсан намын дарга Ерөнхий сайд болдог. Монголын улс төрийн бүх намын дүрэм тийм байдаг. 1992 онд МАХН ялахад намын дарга нь Б.Даш- Ендон байсан ч П.Жасрай Ерөнхий сайд болж байв. 1996 оны сонгуульд МҮАН, МСДН-ын Ардчилсан холбоо эвсэл ялж, 2000 оныг хүртэл М.Энхсайхан, Ц.Элбэгдорж, Ж.Наранцацралт, Р.Амаржаргал нар Ерөнхий сайдаар ажилласан. 2000 онд МАХН ялж, намын дарга Н.Энхбаяр нь Ерөнхий сайд болж байв. 2004 оны сонгуульд МАХН болон АН, Эх орон намын Эх орон-Ардчилал эвсэл тус бүр 36 суудап авч Их эвслийн Засгийн газар байгуулсан. Тэр дөрвөн жилд Ц.Элбэгдорж, М.Энхболд, С.Баяр нар Ерөнхий сайдаар сонгогдож ажилласан. Тухайн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд С.Баяр М.Энхболдоос МАХН-ын даргын ажлыг авснаар Ерөнхий сайд болж байсан юм.

 

2008 оны сонгууль түүхэнд “хар долдугаар сарын 1” гэдгээрээ үлдсэн. МАХН олон суудал авсан ч АН-тай хамтарсан Засгийн газар байгуулж, МАХН-ын дарга С.Баяр Ерөнхий сайд болж байв. Тэрээр удалгүй Ерөнхий сайд, намын даргын ажлаа Сү.Батболдод хүлээлгэж өгөөд явсан.

2012 онд АН ялж, тус намын дарга Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар сонгогдсон. Гэвч 2014 онд УИХ-аас түүний тэргүүлсэн Засгийн газрыг огцруулж Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар сонгож байв. 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй ялсан ч намын дарга М.Энхболд нь Ерөнхий сайд биш УИХ-ын дарга болсон. Тэрээр Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэвшүүлж, УИХ сонгосон. Гэхдээ 2017 оны намар Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, МАН-ын дарга болж байв. 2020 оны сонгуульд МАН дахин ялж намын дарга У.Хүрэлсүх нь Ерөнхий сайд болсон. У.Хүрэлсүх 2021 онд өөрийн хүсэлтээр огцорч Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, МАН-ын дарга болсон. Ерөнхийдөө ялсан намын дарга нар Ерөнхий сайдаар ажиллаж ирсэн түүх энэ.

 

Эхэнд хэлсэнчлэн УИХ-ын сонгуулиар дараагийн дөрвөн жилд төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх, хууль тогтоох эрхэм гишүүдийг сонгохын зэрэгцээ гүйцэтгэх засаглалын тэргүүнийг давхар сонгодог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын сонгуулиар угтаа Ерөнхий сайдыг сонгодог. Хамгийн гол нь энэ үр дүн 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөс хойш улам чухал болсон. Тэр өөрчлөлтөөр Ерөнхий сайдын улс төрийн эрх мэдэл тэлж, тэр хэрээр улс төрд гүйцэтгэх үүрэг нэмэгдсэн. Дагаад Засгийн газар жинхэнэ утгаар гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх боломж нээгдсэн. Тэгэхээр энэ удаагийн УИХ-ын сонгуулийн ард Ерөнхий сайдыг “сонгох” явдал давхар явж байгаа гэсэн үг. Энэ зөвхөн манайд ч бус дэлхийн парламентын сонгуулиуд ч мөн ийм дэг жаягаар явдаг. Зарим улс оронд парламентын сонгуулиа шууд ингэж хардаг. Их Британийг жишээлж болно. Тэдний сонголтынхоо эцсийн цэгийг олж харсан түүх нь их сонин. Одоогоос бараг 80 орчим жилийн өмнө 1945 оны сонгуулиар юм байна. Тэр жил Их Британид бүх нийтийн сонгууль болсон. Тэр нь 1935 оны арваннэгдүгээр сараас хойш Их Британид болсон анхны бүх нийтийн сонгууль байв. Тухайн үед Их Британийн Ерөнхий сайд нь Уинстон Черчилль байсан. Уинстон Черчилль “Британичуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй” хэмаэн парламентад хэлж байжээ. Тэрээр Батлан хамгаалах сайдын үүргийг өөртөө хүлээж усан флот, арми, яамдын ажлын холбоонд анхаарал тавин ажиллажээ. Өөрөөр хэлбэл, тэрээр 1940 оны тавдугаар сараас энэ албан тушаалд ажиллаж, Дэлхийн II дайны үед Их Британийн Эвслийн Засгийн газрыг амжилттай удирдаад өөрийгөө харуулчихсан, нэр хүнд нь асар өндөр байв. Түүнийг түүхэнд 1945 онд нацист Германыг ялах хүртэл улс орноо “хамгийн харанхуй цаг”-т удирдаж байсан Их Британийн дайны үеийн хамгийн агуу удирдагч гэдэг. Гэвч тэр сонгуульд түүний харьяалагддаг Консерватив нам ялагдсан. Ингэснээр Уинстон Черчилль буусан байдаг. Үүнээс Их Британичууд ихээхэн шок авсан хэмээн түүхэнд тэмдэглэжээ. Үүнийг “XX зууны хамгийн том сонгуулийн хэлбэлзлүүдийн нэг” ч хэмээдэг.

Уг нь Уинстон Черчиллийн нэр хүндэд найдсан консервативчууд энэ сонгуульд ялна гэдэгт итгэлтэй байжээ. Гэвч өрсөлдөгч Лейборист намаас нь “Консерватив намынхан улс орныг сэргээх дайны дараах төлөвлөгөө байхгүй байна” гэсэн шүүмжлэлийг өрнүүлсээр ялалт байгуулсан. Харин энэ үр дүн Консерватив намыг бус Уинстон Черчиллийг буулгачихсаныг Их Британичууд дараа нь ойлгосон гэдэг. Улмаар дараагийн сонгуульд намыг нь дэмжиж 1951 оны аравдугаар сард У.Черчилль Их Британийн Ерөнхий сайдаар дахин томилогдсон байдаг.

Ингэж англичууд “УИХ-ын сонгуулиар угтаа Ерөнхий сайдыг сонгодог” гэдгийг ойлгосон байгаа юм. Манайх ч бас үр дүн нь яг адилхан. Жишээ нь энэ 2024 оны УИХ-ын сонгуульд аль нам ялахаас хамаарч АН-ын дарга Лу.Гантөмөр, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ХҮН-ын дарга Т.Доржханд зэрэг хүмүүсийн нэг нь Ерөнхий сайдаар сонгогдох боломжтой юм.

 

 

Ө.Бааст