Б.Зинамидар: Б.Баабар уучлал гуйгаад Ардын бослого биш байсныг хүлээн зөвшөөрчихвөл 92 настай миний санаа амарна
2024/02/20
Нийтлэл Б.Баабар 1932 оны лам нарын бослогыг Ардын бослого хэмээн ярьсан нь түүх гуйвуулсан хэмээн үзэж ахмад судлаач Б.Зинамидар гомдол гаргасны дагуу Б.Баабарыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар тэрбээр мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан бид ахмад судлаач, тагнуулын дэд хурандаа Б.Зинамидартай ярилцлаа.
-Таныг Б.Баабарт гомдоод цагдаад өгчихсөн гээд л олон нийтийн сүлжээгээр нэг хэсэг шуугилаа. Үндсэн асуудал нь “Ардын бослого” хэмээх нэршилтэй холбоотой гэж ойлголоо. Та хоёрын дунд яг юу болов. Үнэхээр та цагдаад гомдол гаргасан юм уу?
-1932 оны феодал лам нарын бослогын үеэр эгэл жирийн малчин ардууд хүчээр дайчлагдан цэрэг болж хэлмэгдэн олноороо амиа алдсан гашуун түүх бий. Гэтэл нийтлэлч Б.Баабар малчин ардын дундаас гарсан эсэргүү босогчид Ардын бослогыг өдөөсөн хэмээн бичиж энгийн иргэдийн нэр төрийг гутааж байгаад гомдолтой байна. Миний хувьд 1963 оноос хойш 60 гаруй жил энэ бослогыг судалж байгаагийн тухайд малчин ард бослогыг санаачлаагүй, харин ч хэлмэгдэж хохирсон гэдгийг баттай мэднэ. Тиймээс 1932 оны бослого Ардын бослого мөн, бишийг тогтоолгохоор Улсын ерөнхий прокурорын газарт 2023 оны арваннэгдүгээр сарын 22-нд хандсан. Прокуророос “Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт шилжүүллээ” гэсэн хариу арванхоёрдугаар сарын 25-нд ирсэн. Үүний дараа нэгдүгээр сарын эхээр цагдаагийн албан хаагч биечлэн ирж мэдүүлэг авсан. Үүнээс хойш ямар нэгэн хариу ирээгүй.Хуулийн дагуу шалгалт үргэлжилж байгаа болов уу. Миний буруу, зөв эсэхийг тогтоон хариу өгнө гэдэгт итгэлтэй байгаа. Б.Баабар бид хоёрын хооронд үүссэн асуудал ердөө л энэ.
-Б.Баабар “Ардын бослого” гэж энгийн иргэдийг бослого гаргасан мэтээр ярьж түүх гуйвуулж малчдыг гүтгэсэн хэмээн та прокурорт хандсан юм байна. Гэхдээ түүх үнэн, зөвийг тогтоох газар нь цагдаагийн байгууллага биш. Тэгэхээр Б.Баабарт ямар нэгэн шийтгэл ногдохгүй л болов уу. Ер нь та цагдаагаас ямар хариу хүлээж байгаа вэ?
-Түүх сөхвөл 1921-1989 онд 1932 оны зэвсэгт бослогыг “Феодал лам нарын бослого” гэж үнэн зөв нэрээр бичиж байв. Гэтэл 1990 онд цагаатгал руу туйлширснаас Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигийг зохиомлоор цагаатган хууль зөрчиж түүх гуйвуулсан. Үүнийг нийтлэлч Б.Баабар буюу Монголын Социал Демократ намын дарга Б.Батбаяр дэмжиж намынхаа анхдугаар их хурлаараа “1932 онд баруун дөрвөн аймагт гарсан бослого нь бусдын гар хөл бологчид болон зүүнтний бодлогыг эсэргүүцсэн “Ардын бослого” байв” гэж анх удаа ярьсан. Үүний дараа ардуудаас жанжин болсон хүмүүс Ардын бослого гаргасан байх гэх цуурхал тархаж эхэлсэн. Ийн Б.Баабар төр засагтаа үнэнч, малчин ардуудыг босогчид хэмээн гүтгэн доромжилж, нэр төрийг нь гутаасанд гомдолтой явдаг юм. Б.Баабарыг шийтгүүлэх сонирхол надад огт байхгүй. Харин “1932 оны феодал лам нарын бослого Ардын бослого биш байжээ” гэсэн залруулга хийчих болов уу гэж горьдож байна. Б.Баабар уучлал гуйгаад Ардын бослого биш байжээ гээд хэлчихвэл бүх зүйл шийдэгдэнэ.Саяхан Өдрийн сонинд бичсэн нийтлэлдээ Б.Баабар Ардын бослого өлсгөлөнгөөс монголчуудыг аварсан гэж дүгнэсэн байна. Гэвч үүнийгээ баримтаар нотолж чадаагүй. Мөн түүхэнд Ардын бослого гэж байгаагүй. Б.Баабар над шиг олон жил судлаагүй болохоор дутуу дүгнэсэн байж магадгүй гэж бодож байна.
-Их сургуульд хүртэл Ардын бослого гэж заадаг юм билээ. Ингэхэд энгийн малчин ардууд бослогыг санаачлаагүй, хэлмэгдсэн гэдгийг нотлох ямар баримтууд танд байдаг вэ?
-Их, дээд сургуулийн оюутнуудад нэг хэсэг нь феодал лам нарын бослого, нөгөө хэсэгт нь Ардын бослого гэж хоёр зөрүүтэй хичээл заадаг болсон. Оюутнуудыг нэгдсэн ойлголтгүй болгож түүхийг гуйвуулсан нь Б.Баабарын ярианы гол хор уршиг юм. Ардын бослого гэж зүйл түүхэнд байхгүй. Харин малчид феодал лам нарын бослогод хүчээр дайчлагдан оролцож байсан. Үүнийг баталгаажуулахын тулд ардын дундаас жанжин болсон гурван хүнийг судалж үзлээ. Нэгдүгээрт, 1931 онд “Ээмэгт лам” гэж алдаршсан Дамдинбишрэлт Ванчинбогдод мөргөж ирээд “Намайг Догшин ноён хутагт гэж өргөмжиллөө. Одоо бослогыг яаралтай гаргая” гэж уриалаад нутагтаа сайн эр гэж алдаршсан Б.Түгжийг жанжнаа болгоод анх Завхан аймгийн Тосонцэнгэл сумыг эзэлсэн. Хэсэг сумыг эзэлсний дараагаар Б.Түгж 50 хүрэхгүй цэрэгтэй Тувагийн дээрэмчидтэй нэгдэх зорилгоор хойшоо зугтаж байхад нь Чандмань-Өндөр сумын Асгат гэдэг газарт баривчилж цаазалсан. Нэг жанжны түүх нь энэ. Нөгөө жанжин Б.Аюурзана нь Архангай аймгийн Бугат сумын хүн. Баян чинээлэг гэдэг шалтгаанаар намын үүрийн даргаас хөөгдсөн. Үүнд гомдсон Б.Аюурзана, Б.Баасанжавтай нэгдээд Өндөр-Улаан сумыг анх эзэлсэн. Гэвч мөн л бут цохигдож цэргүүд нь тарсан. Гурав дахь жанжин нь Архангай аймгийн Мөрөн сумын уугуул Бүлтгэр хочит Дашням гэж хүн байсан. 10-аад цэрэгтэй болоод байтал зарим нь оргож нэмэлт цэрэг олдохгүй байсаар тарсан. Энэ бүхний үр дүнд гурван жанжин Ардын бослого гаргаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Феодал лам нарын бослогын нэг хэсэг нь энэ гурван жанжны оролцоотойгоор болсон. Гэхдээ тэд бослогыг санаачлаагүй, идэвхитэй оролцсон. Тиймээс малчин ардууд бослогыг санаачлаагүй, гаргаагүй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
-1932 оны Лам нарын бослогыг 60 гаруй жил тууштай судалж байгаа юм байна. Ер нь анх яагаад энэ бослогыг судлахаар шийдсэн юм бэ?
-Түүхэнд тохиолдсон хамгийн том дайн бол 1932 оны энэ бослого мөн. Тиймээс үүнийг мартаж болохгүй. 30 настайгаасаа анх судалж эхэлсэн. Аав минь энэ бослогын улмаас амиа алдсан талаар мэддэггүй байсан. Тэгээд 1963 онд зун амралтаараа нутагтаа /Хөвсгөл/ очоод Х.Гэцэл гуайд золгох үеэрээ энэ талаар сонссон. Х.Гэцэл гуайн ярьснаар 1932 онд шар цэрэгт ардуудыг татаж байна гэсэн сургаар манай аав Банзай, аавын ах Гомбожав, Х.Гэцэл, С.Чимэддорж, Намхайнямбуу гэсэн таван хүн цэрэгт баригдахгүйн тулд уулын буланд нуугджээ. Тэгээд наймдугаар сард бослого дарагдсан сургаар гэртээ ирээд тавуулаа баригдсан юм билээ. Цэцүүхийн давааны тулалдаанд орж аав, ахтайгаа амиа алдаж Х.Гэцэл, С.Чимэддорж гуай хоёр сайн морины хүчээр зугтаж амьд үлдсэн гэсэн. Нэг ёсны би эсэргүүний хүүхэд л дээ. Гэхдээ малчин ардын хүүгийн хувьд нэр төрийг нь хамгаалахын төлөө тууштай тэмцээд байгаа юм. Хүчээр цэрэгт татагдсан малчин ардын 80 хувь нь тулалдааны үеэр амиа алдсан гэж отръядын дарга Д.Өлзийбат бичсэн байдаг.
-Ингэхэд “Шамбалын дайн”-ыг санаачилсан гэх Ёнзонхамба Ц.Лувсанхаймчигийг цагаатгасныг хүчингүй болгох таны тэмцэл хэр үргэлжилж байна. Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхэд өргөдөл өгөөд 10 гаруй жил болж байгаа билүү?
-Улсын дээд шүүхэд гурван удаа, Улсын ерөнхий прокурорт 17 удаа, Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд 10 гаруй удаа хандсан. Хариу ирээгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал, н.Энхболд гэж хоёр хүн уулзаад сэтгэлд нийцсэн хариу өгөөгүй. н.Энхболд биечлэн ирээд “Хуулийн байгууллагын зөв байна. Та буруу ойлгожээ” гэж хэлсэн. 60 жил судалсан миний буруу яавч биш. Ц.Лувсанхаймчигийн цагаатгалыг хүчингүй болгож байж Ардын бослогоос эхлээд бүх зүйл зөв гольдрилдоо орно. Прокуророос Ц.Лувсанхаймчигийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учир шалгахгүй гэсэн. Прокурорынхон уг хэргийг уншсан учир явдлыг мэдэж л байгаа. 1990 оноос шүүмжилж, 2013 оноос өргөдөл бичиж тэмцэж эхэлсэн ч зөв хариу авч чадаагүй л байна. Ц.Лувсанхаймчигийн цагаатгалыг хүчингүй болгож, 1932 оны бослого Ардын бослого биш байсныг Б.Баабар хүлээн зөвшөөрч, түүх үнэн зөв болчихвол 92 настай би санаа амар нүд анихсан л гэж бодож сууна даа. “1932 оны дайн, зэвсэгт бослогыг Ванчинбогд, Ёнзонхамба хоёр удирдалцсан” гэсэн шинэ номоо биччихсэн, хэвлэлтэд өгөхөд бэлэн болсон. Энэ номондоо Ц.Лувсанхаймчигийг цагаатгах ямар ч үндэслэл байхгүй талаар нотлох баримттайгаар бичсэн.
Б.ДОЛЖИНЖАВ
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Иргэн · 2024/02/21
Юу шүүх цагдаа вэ. Юун ч завтай юм бэ дээ
Зочин · 2024/02/20
Хөөрхийдөө коммунист худал түүхээсээ салж чадахгүй хүн юм
Зочин · 2024/02/20
DYRA TAWILTSI80955877
Улаан залаат · 2024/02/20
Тожгор өвгөн баабаар удахгүй чад болно. Түүх гуйвуулж бна зөнгөр
Зочин · 2024/02/20
TSAGN S80955877
Зочин · 2024/02/20
XALYYTSTL TANILTSI80955877
Зочин · 2024/02/20
AXN XUSNG80955877 UILCHLI
Зочин · 2024/02/20
S DYYDLGN MERGJLN80955877