УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр /2024.03.28/ мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-2020 оны зургадугаар сард сонгуулиа луйвардуулаад энэ ордноос явснаас хойш дөрвөн жил өнгөрсөн байна. 2020-2022 онд гадаадад судалгааны ажил хийж, "Шинэ хувьсгал" нэртэй номоо бичиж гаргасан. 2023-2024 онд хууль хяналтын байгууллагаар шалгуулж 461 дүгээр хорих ангид гурван сар хоригдож Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шалгуулж өнгөрсөн сард хэрэгсэхгүй болж цагаадсан.

Иргэн Ж.Батзанданг эрх баригчид гурав дахь удаагаа шоронд хийлээ. 2008 онд жагсаал хийсэн гэж гурван сар шоронд хийсэн бол сая хэрээ мэдэхгүй дарвалзсан гэж хоёр сар 15 хоног хорилоо. АТГ-аас улс нийгэмд учруулсан хохиролгүй гэж үзээд нийслэлийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд би эрх чөлөөтэй боллоо. Гартаа гавтай, хөлөндөө гинжтэй амаа үдүүлсэн 4 жил өнөөдөр төгсгөл болж байна. Одоо би үгээ хэлнэ. Үргэлжлүүлж тэмцэнэ. Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө.

Эрх баригчид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг 95 хувьтай биелсэн гэж өөрсдөө ярьж байна. Би гудамжинд ард түмнийхээ дунд байгаа. Сая хоригдож байгаад гарч ирлээ. ААН-үүд мянга, мянгаараа дампуурч байна. Ажилгүйдэл түүхэнд байгаагүй дээд цэгтээ хүрсэн. Ядуурал хэрээс хэтэрлээ. Эрх баригчдын амьдрал сайхан байж магадгүй. Гэхдээ иргэдийн хөргөгч хоосон байна. Тиймээс эрх баригчдын 8 жилийн мөрийн хөтөлбөр, 4 жилийн ажил ийм байна. 95 хувь биелсэн мөрийн хөтөлбөр дөнгөж 20 хувьтай л байгаа.