З.Энхболд: Таван толгойн ногдол ашиг ба есөн жилийн ой
2024/04/08
- ТАВАН ТОЛГОЙГ НЭГ, НЭГЭЭР НЬ ОНИЛСОН ОЛОН АРВАН ЖИЛИЙН ОПЕРАЦИ ЯВАГДСААР БАЙНА -
УИХ-ын дарга асан З.Энхболдтой ярилцлаа.
"НҮҮРС ҮНС БОЛОХГҮЙ ГЭДГИЙГ БИ БАТАЛГААТАЙ ХЭЛЬЕ"
- “Эрдэнэс Таван толгой”-н 1,072 хувьцааны 2023 оны ногдол ашгийг иргэд гар дээрээ аваад байна. Өнөөдөр монголчууд байгалийнхаа баялгийн үр шимийг ингээд хүртэж суугаа нь яалт ч үгүй таны гавьяа гэдэгт ард түмэн санал нийлэх байх. Яагаад гэвэл та УИХ-ын дарга байхдаа Таван толгойг хууль бусаар хувьчлах гэж байсныг зогсоож байсан. Эргэн сануулахад, тухайн үед ямар үйл явдал өрнөж байсан талаар эхлээд асуумаар байна?
- Одоогоос яг есөн жилийн өмнөх энэ өдөр буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байв. Т эр үед парламент "Эрдэнэс Таван толгой"-г хууль бусаар хувьчлах гэсэн оролдлогыг зогсоосон. Түүнээс хойших "Эрдэнэс Таван толгой" компанийн санхүүгийн үзүүлэлтүүдийг та бид хоёр харж байна. Энд нүүрс олборлолт, борлуулалт, ногдол ашиг гээд бүгд тоо баримттайгаа байгаа биз. Анх 2019 оны ногдол ашиг гэж 1,072 хувьцаатай хүн болгонд 87 мянган төгрөг өгч байсан. Дараа нь 2022 оны ногдол ашиг болох 104 мянган төгрөгийг оны эхэнд тараасан.
Одоо 2023 оны ногдол ашиг буюу 256 мянган төгрөг иргэдийн дансанд орж ирлээ. Тэгэхээр "Эрдэнэс Таван толгой" компани 1,072 хувьцаатай иргэн бүрд 447 мянган төгрөг өгсөн байгаа юм. "Эрдэнэс Таван толгой" компанийг хувьчлаагүй өнгөрсөн есөн жилийн хугацаанд нийтдээ 1.2 их наяд төгрөгийг иргэддээ, "Эрдэнэс Таван толгой" компанийн 80 хувь эзэн Монгол Улсын Засгийн газарт 4.8 их наядын ногдол ашиг олгочхоод байгаа юм.
"Эрдэнэс Таван толгой" бол Засгийн газар 80 хувьтай, ард иргэд 20 хувийг эзэмшдэг хувьцаат компани. Үүнийг миний хувьд чамлалттай гэж бодож байгаа. Яагаад гэвэл Ерөнхий сайд, УИХ-ын гишүүд бүгдээрээ санал нийлээд жил гаруйн өмнөөс 40 их наядын нүүрсний хулгайн тухай яриад байна шүү дээ. Гэтэл хулгайд алдсан гэх нүүрсний мөнгө сүүлийн найман жилд 40 их наяд байжээ. Харин ард иргэддээ тараасан мөнгө нь 1.2 их наяд төгрөг байна. Гэтэл 97 хувь нь хулгайд алдагдчихжээ. "Эрдэнэс Таван толгой" компанийн санхүүгийн менежментийг сайжруулахгүй бол болохгүй байна гэсэн үг. Т ус компанийн хувьд 2023 он хамгийн их үр ашигтай ажилласан жил байсан байна. Нийт 3.3 тэрбум ам.доллар буюу 11 их наяд 380 тэрбум төгрөгийн борлуулалт хийжээ. Олборлож экспортолсон нүүрс нь 32.8 сая тонн. Энэ бол сүүлийн есөн жилд байгаагүй өндөр үзүүлэлт.
Таван толгойг авсныхаа дараа хяналтаа сайн тавиад ажиллуулах ёстой. Энэ бол монголчуудыг 200 жил тэжээх орд
Тэгвэл есөн жилийн өмнө Таван толгойг гадны компанид өгөхөөр ямар нөхцөл яригдаж байсныг одоо эргэн санахад илүүдэхгүй болов уу. Баруун, зүүн Цанхийн ордод дөрөв орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулна. "Эрдэнэс Таван толгой"-д хоёр хувийн роялти өгнө. 98 хувь нь төслийн компанийнх болно гэдэг асуудал яригдаж байсан юм. Хятадын төрийн өмчит “Шиньхуа" компани 49 хувь. "Энержи ресурс” компани 51 хувьтай төсөл хэрэгжүүлэх компани нь тодорчихсон.
Яг үнэндээ "Энержи ресурс" бол Монголын компани биш. Кайманы аралд бүртгэлтэй оффшор компани байгаа. Есөн жилийн өмнө Таван толгойн Цанхийн ордыг 100 хувь гадаадын компанид 100 жилээр хоёрхон хувийн роялти аваад өгөх гэрээ орж ирсэн. Тэр гэрээг УИХ-ын 40 гишүүн эсэргүүцэж зогсоож байв. Үүний хүчинд өнөөдөр "Эрдэнэс Таван толгой" компани 1.2 их наяд төгрөгийг ард түмэндээ ногдол ашгаар тараалаа. Тус компани жилдээ 3.3 тэрбум ам.долларын нүүрс экспортолдог Монголын хамгийн том аж ахуйн нэгж болсон байна. Манай бусад зэсийн компаниуд хүртэл ийм орлого олж чаддаггүй гээд бод доо. Тэгэхээр монголчууд ямар том боломжоо гадныханд алдах гэж байсан байна вэ.
- Магадгүй тухайн үед дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт амлаж байсан компанид Таван толгойн ордоо өгчихсөн бол өнөөдөр ямар нөхцөл байдалтай байх байсан бол?
- Дахиад тоо бодоод үзье л дээ. "Эрдэнэс Таван толгой" компанийн зөвхөн 2023 оны борлуулалтын дүн дээр ярья. Хэрэв Таван толгой гадны компанид очсон бол дээр хэлсэн 3.3 тэрбум ам.долларын борлуулалтын орлогын ердөө хоёрхон хувь нь бидэнд оногдоно. Өөрөөр хэлбэл 66 сая ам.доллар монголчуудад ирэх байжээ. Харин 98 хувь нь буюу гурван тэрбум 234 сая ам.доллар нь хууль бусаар хувьчилж авах гэж байсан гадны компанид очно. Монголчуудад оногдох байсан 66 сая ам.доллароос 1,072 хувьцаатай хүн болгонд 256 мянган төгрөгийн ногдол ашиг өгөх ямар ч боломжгүй.
Сая тараасан 256 мянган төгрөгийн ногдол ашиг дүнгээрээ 800 тэрбум төгрөг болж байна. Үүнийг өнөөдрийн ам.долларын ханш буюу 3450 төгрөгт хуваавал 232 сая ам.доллар болно. Тухайн үед хувьчлаагүй учраас зөвхөн нэг жилийн буюу өнгөрсөн 2023 оны ногдол ашиг зөвхөн иргэдэд 3.5 дахин мөнгө очиж байна. Есөн жилийн өмнө хэдэн хулгайч нар нийлж байгаад "Эрдэнэс Таван толгой"-н нийт нөөцийн 50 хувь болох Цанхийн ордыг Кайманы арлын болон хятадын төрийн өмчит компанид үнэгүй өгөх гэж оролдсоныг зогсоосны хүчинд Монголчууд баялагтаа эзэн болж чадсан.
"Эрдэнэт" үйлдвэрийг мөн ялгаагүй хууль бусаар хувьчлах гээд явж байхад нь манай УИХ зогсоож байсан. "Эрдэнэс Таван толгой" компани, "Эрдэнэт" үйлдвэр хоёр нийлээд улсын төсөв тав дахин томорсны "буруутан" нь.
2012-2016 оны УИХ-ын гаргасан шийдвэр тухайн үеийн олигархиуд, АН дотор байсан хулгайчуудын үгээр яваагүй учраас Монгол Улс өнөөдөр тэтгэвэр цалингаа нэмж байна. Улсын төсвөөсөө бүтээн байгуулалт хийж байна. Тус компани 2010- 2020 онд нийт 71 сая тонн нүүрс олборлож, борлуулсан. Нийт есөн их наяд төгрөг болсон гэж байгаа.
2021 онд 8.5, 2022 онд 11.2,2023 онд 32.8 гээд нийт дүнгээрээ 127.5 сая тонн нүүрс борлуулсан. Энэ есөн их наяд дээр 2021 оны 1.13 их наяд, 2022 оны 3.8 их наяд, тэгээд 2023 оны 11.38 борлуулалтын орлогыг нэмэхээр нийт 25 их наяд төгрөг болж байгаа юм.
2015 онд гадаадын компанид үнэгүй бэлэглэх гэж оролдсоноос хойш нийтдээ 127.5 тонн нүүрс борлуулж, 25 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 20000 шууд ба шууд бус ажлын байр гаргаж, Монголын хамгийн том татвар төлөгч болсон байна. "Шиньхуа", "MCS" хоёрын амлаад байсан дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын нэг тэрбум ам.доллар нь одоогийн Ухаа худагийн уурхайг тооцуулах байсан. Яагаад ч ингэж өндөр үнэлж оруулж ирсэн нь бас л хачирхалтай. Харин гурван тэрбум ам.доллароор нь төмөр зам, цахилгаан станц, нүүрс угаах үйлдвэр барина гэж байсан. Тэгвэл энэ бүх бүтээн байгуулалтыг "Эрдэнэс Таван толгой" компани өөрөө ямар ч гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр хийгдэж байгаа.
Зүүн тийшээ болон урагшаа чиглэсэн 800 км дэлгэмэл урттай төмөр замыг “Эрдэнэс Таван толгой" мөнгөөрөө барьчихсан. Одоо цахилгаан станцынх нь гэрээ хийгдчихсэн баригдаж байгаа. Нүүрс угаах үйлдвэр ч бас баригдаж байна. Хэрэв хувьчилсан бол энэ бүхэн байхгүй. Гадны компанийн мэдэлд 98 хувь нь очиж, хоёрхон хувийн роялтигаар Монгол Улс амьдрах байсан. Аз болж өнөөдөр тийм зүйл болсонгүй. Яагаад гэвэл тухайн үеийн УИХ-ын зөв шийдвэр гаргасан юм.
- Ер нь 1072 хувьцаа чинь амь орохгүй болохоор "Эрдэнэс Таван толгой”-д нүүрсний хулгай үүрлэх шалтгаан болсон гэх юм?
- Эрх баригчид нүүрсний хулгай гээд 40 их наяд төгрөг яриад эхэлсэн. Одоогоор олж илрүүлсэн том хулгайчид нь УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Таван толгой"-н захирал Б.Ганхуяг нар гэж байх шив дээ. Тэднээс аравхан тэрбум төгрөгийг олсон. Тэгвэл 40 их наядын арван хувь нь дөрвөн их наяд. Нэг хувь нь 400 тэрбум төгрөг. Ингээд бодохоор арван тэрбум нь маш хангалтгүй дүн байгаа биз.
МАН төрийн бүх шатанд эрх бариад найман жил боллоо. Ямар ч шалтаг тооцохгүйгээр 40 их наядын нүүрсний хулгайчийг олох 100 хувь эрх мэдэл нь байна. Гэтэл одоо хүртэл олж илрүүлж чадахгүй байна гэдэг бол өөрсөдтэй нь холбоотой шүү дээ. Нүүрсний хулгай нь гэдэг нь Чалкогийн өрийг төлж дууссанаас хойш эхэлсэн юм шиг ойлгогдож байгаа.
Нүүрсний хулгайг МАН хэзээ ч илрүүлж чадахгүй. Харин АН ялах юм бол илрүүлнэ. Намайг Хууль зүйн сайдаар томилох юм бол би илрүүлээд л өгнө. Өөрөөр энэ хэрэг илрэхгүй
Манай үед ганцхан Чалкод өгөх онцгой гэрээг хэрэгжүүлж өр төлсөөр байгаад 4 жил өнгөрсөн. Сү.Батболдын Засгийн газрын тавьсан 350 сая ам.долларын өрийг АН-ын Засгийн газар дөрвөн жилийн турш төлөөд багахан үлдсэнийг 2017 оны хавар дууссан. Ингээд Чалкогийн өрөө дарж дуусаад олон компанид нүүрсээ зарах эрх нь үүссэн юм. Тэр мөчөөс эхэлж нүүрсний хулгай үүссэн байх.
- Та “Эрдэнэс Таван толгой” компанийн төрийн мэдлийн 80 хувийг ард түмэндээ хувьчлах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлдэг. Хэрэв тус компани 100 хувь ард түмний мэдэлд очвол нүүрсний хулгай үнэхээр зогсож чадах уу?
- Ер нь "Эрдэнэс Таван толгой" компанийг 100 хувь ард түмэндээ өгөх ёстой. Сонгодог хувьцаат компани болоод өөрөө менежментээ хийгээд төр засгаас хамаарахгүйгээр явах нь зүйтэй. Ийм тохиолдолд нүүрсний хулгай гарчихлаа гэж ярих эрхгүй болно. Яагаад гэвэл бидний компани болчихсон учраас бид л менежментээ яаж явуулахаас хамаарна.
"Нүүрсний хулгайг Төрийн ордон дотроос хай" гэж би өмнө танай сонинд өгсөн ярилцлагадаа хэлж байсан. Хувийн өмчтэй байсан ч хулгай гарахдаа тулбал гарна. Төрийн өмчтэй байгаа учраас нүүрсээ хулгайд алдаж байна гэж дүгнэж болохгүй. Орон байрны хулгай гэхэд төрийн өмчийнх байна уу, хувийн өмчийнх байна уу ялгаагүй гарч л байгаа. Тэгэхээр хулгайгаас сэргийлдэг, дахиж гаргахгүй байх нөхцөлөө бүрдүүлэх нь өмчийн эзний үүрэг.
- "Эрдэнэс Таван толгой"-г 100 хувь ард түмний мэдэлд өгөхийн тулд яах ёстой вэ?
- Хууль гаргах хэрэгтэй. Гэвч тийм хүсэл зорилго лав одоогийн эрх баригчдад алга. Таван толгойгоор төсвөө бүрдүүлж, халамж тарааж байна. Халамжтай төрийн дүрд тоглоод удлаа шүү дээ.
- Таван толгой чинь улстөрчдийн хөзөр байсаар л ирлээ шүү Дээ?
- Худлаа ярьсан болгоныг нь тооцох юм бол хязгааргүй л дээ. Зүгээр л дараагийн УИХ энэ хулгай зэлгийгээс ангид байя гэвэл эздэд нь өгөх хэрэгтэй. Үндсэн хуулиар Монгол Улсын иргэд газрын доорх баялгийн эзэд нь. Таван толгойг авсныхаа дараа хяналтаа сайн тавиад ажиллуулах ёстой. Энэ бол монголчуудыг 200 жил тэжээх орд. Одоо энэ ордоо дахиж хувьчлах гэдэг оролдлого гарахгүй байх. Хаширсан биз. Ард түмний өмчийг эздэд нь өгөөд, компанийн менежментийг олон улсын түвшинд хүргэх ёстой.
- Ингэхэд та яагаад Таван толгойг IPO гаргахын эсрэг байдаг юм бэ. Нээлттэй хувьцаат компани болчихвол иргэдийн хувьдаа ч амь орж, эдийн засгийн эргэлтэд орох юм биш үү?
-IPO гаргана гэдэг нь хувьчилна гэсэн үг, хувьцаат компани болгоод хувьцааг нь бирж дээр зарахыг хэлдэг. Таван толгойн нүүрсний орд бол дэлхийн хамгийн их ган үйлдвэрлэдэг улсаас ердөө 200-хан км-ийн зайтай байгаа. ил уурхайгаар хамгийн бага өртөгтэйгөөр олборлолт явуулдаг онцгой орд. Ийм ашигтай ордоо аль нэг компанид хувьчлах хэрэггүй. Жил болгон ногдол ашгаа авч байдаг нийт монголчуудын компани байх нь зөв. Хувьцаагаа зарахыг нь хориглох хэрэгтэй. Хувьцаагаа зарах юм бол дахиад гадаад улсын эзэмшилд очих болно шүү дээ.
- Цаашид Таван толгойг хэрхэн ашиглавал бид илүү өгөөж хүртэх бол?
- Компаниа зөв ажиллуулаад л энэ жилийн авдаг шиг ногдол ашгаа жил бүр авах хэрэгтэй. Хулгайд алдсан гээд байгаа 40 их наядыг ногдол ашгаар хуваарилсан бол 1072 хувьцаатай иргэн болгонд 11 жилийн турш нэг сая төгрөг өгөх боломж байсан юм билээ. Ийм боломжийг МАН-ын эрх барьж байгаа найман жилийн хугацаанд хулгайлчихлаа.
- Та саяхан шүүхийн гадаа хэвлэлийнхний асуултад хариулахдаа Таван толгойн хоёр орд алга болчихсон. Нэгийг нь С.Баярын үед "MCS" хууль зөрчиж авсан байсан гэж хэлсэн дээ?
- Нөгөөхийг нь МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани авсан тухай саяны УИХ дээр явагдсан нүүрсний сонсгол дээр ил болсон.
- Та С.Баяр гуайн тайлбарыг харсан л байлгүй... Д.Амарбаясгалангийн авсан ордын талаар танд ямар мэдээлэл байна вэ?
- Би үнэндээ С.Баярын бичсэнийг уншдаггүй. С.Баяр юу ч тайлбарлаж болно. Гэхдээ Үндсэн хуульд заасан ард түмний мэдэлд байх байгалийн баялгийг хувьчлах гэж байгаа бол хуулийн дагуу хийх ёстой.
Улсын төсвөөр хайгуул хийсэн 100-гаад орд бий, төрийн өмч гэсэн үг.Төрийн өмчийг хуулийн дагуу хувьчлах ёстой, дуудлага худалдаагаар ч юм уу. Гэтэл ямар ч дуудлага худалдаагүйгээр хуйвалдаж "MCS"-д өгчихсөн учраас би хууль бус гээд байгаа юм. Оюу толгойн хувьд нэг км-ийн гүнд зэс байгааг мэдээгүй. Харин Таван толгойн ордыг 1930 оноос хойш илрүүлээд хайгуулыг нь улс өөрийнхөө хөрөнгөөр хийсэн.
Нүүрс үнс болохгүй гэдгийг би баталгаатай хэлье. Нүүрс үнс болно гэж худлаа суртал ухуулга явуулж байгаа хүмүүс бүгд Монголын дайсан шүү
Нэг хэсгийг нь жижиг Таван толгой гээд Өмнөговь аймгийн мэдэлд өгсөн. Нөгөө хэсэг болох том Таван толгой нь одоо Монгол Улсыг тэжээж байна. Энэ бол "MCS"-ийн олсон орд биш. Улсын төсвөөр хайгуул хийсэн Таван толгойн нэг толгой болох Ухаа худгийг хувьчлах дээрээ тулбал "MCS" дуудлага худалдаагаар авах ёстой байсан. Тэрнээс С.Баяртай хуйвалдаж хувьчилж болохгүй. Одоо Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий компани Бор Тээгийг авчхаад байгаатай агаар нэг. Харин "Шиньхуа", "Энержи ресурс" хоёр Цанхийн ордыг бүтнээр нь авах гэж оролдсоныг би УИХ-ын дарга байхдаа 40 гишүүнтэй нийлж зогсоолоо шүүдээ. Баруун, Зүүн цанхи нийлээд дангаараа гурван тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Таван толгойн ордыг бүхэлд нь зургаан тэрбум тонн гэж үнэлж байхад Цанхи 50 хувь нь байв.
Есөн жилийн өмнө бид зургаан тэрбум тонн нүүрсний тухай ярьдаг байсан. Сүүлд дахиж хайгуул хийгээд Таван толгойн орд 7.8 тэрбум тонн нөөцтэй болох нь тогтоогдсон байна лээ. Үүнээс "Эрдэнэс Таван" толгой гэхэд сүүлийн есөн жилд 127 сая тонн нүүрс зарсан байна шүү дээ. Хэрэв 2023 оных шиг жилд 30 сая тонн нүүрс олборлоно гэж бодохоор 7.8 тэрбум тоннын нөөцтэй ордыг 200 гаруй жил ашиглана гэсэн үг. Би ийм том ордын тухай ярьж байгаа. С.Баяр өөрийгөө яаж ч зөвтгөж ярьсан тийм хууль байхгүй. Өмч хувьчлалыг би түүнээс илүү мэднэ. 1996 оноос эхлээд өмч хувьчлалыг дуудлага худалдаагаар явуулдаг болсон. Таван толгойн ордыг дуудлага худалдаагаар зарах тухай зарлал гараагүй. Өмч хувьчлал явагдаагүй. УИХ зөвшөөрөөгүй. Тийм байхад С.Баяр Ерөнхий сайд байхдаа хуйвалдаж өгсөн учраас хууль бус гэж байгаа юм.
Ер нь бол Таван толгой гэдэг нь таван ширхэг толгойны тухай яриа юм. Сүүлд хайгуул хийгээд зургаа болгочихсон юм. Ухаа худаг, Цанхи, Бор тээг, Оорцог, Бор толгой, Онч хараат гээд зургаан толгой болчихсон байгаа.
Д.Амарбаясгалангийн авсан Бор тээг бол хоёр тэрбум тонн нүүрсний нөөцтэй. “MCS", С.Баяр нарын хуйвалдаж авсан Ухаа худаг нь 464 сая тонн нөөцтэй. Бусад нь бол багахан. Тэгэхээр ард түмний өмчит Таван толгойг дарга нар нэг, нэг толгойгоор нь авдгаа болих хэрэгтэй. Энэ чинь хууль бус. Үүнд хариуцлага тооцох цаг ирэх байх гэж бодож байгаа.
Ард түмэн тэнэг биш учраас өөрийнхөө хөрөнгийг нэхэж эхлэх нь гарцаагүй. "Миний хувьцаатай "Эрдэнэс Таван толгой"-н ордоос чи яагаад Ухаа худагийг нь аваад явчихсан юм бэ. Яагаад Бор тээгийг нь өөрийн болгочихов" гээд нэхнэ. Ийм маягаар улс төрд нөлөө бүхий хүмүүс Таван толгойг нэг, нэгээр нь онилсон олон арван жилийн операци явагдаж байна. Тэд хулгай хийхээ л больчих хэрэгтэй. Үүний үр ашиг Монголын ард түмэнд очих ёстой болохоос "MCS", Д.Амарбаясгалан, Хятадын төрийн өмчид компаниудад очих ёсгүй.
- Анх "Эрдэнэс Таван толгой"-н 10 хувийг үндэсний томоохон аж, ахуйн нэгжүүдэд хувьчилсан. Гэвч тэд хувьцаагаа зараад гараад байгаа юм билээ?
- Ирээдүйгүй гэж үзэж байгаа хэрэг. Засгийн газар 80 хувьд нь нүүрсний хулгайн менежмент хийгээд байхаар ирээдүйгүй гэж үзэж байна гэсэн үг.
- Монгол Улсын эдийн засаг шуудхан хэлэхэд нүүрсэн дээр тогтож байна. Таван толгой тойрсон улс төр үүнийгээ дагаад хүчтэй байна. Та энэ өнцгөөр тод дуугарч, байр сууриа илэрхийлдэг улстөрчдийн нэг. Сүүлийн үед Таван толгой тойрсон асуудал гэвэл ямар халуун сэдэв байна вэ. Энэ ордыг хувийн компанид өгөх сураг чих дэлсээд байх юм?
- Таван толгойг хятадуудад үнэгүй өгчихсөн бол гоё байж гэдэг нөхдүүд л тийм яриа явуулж байгаа. Гоё байх ямар ч боломжгүй. Өөрийнхөө халаасандаа байгаа хэтэвчийг хүнд өгчхөөд "Наад мөнгөнөөсөө хоёр хувийг нь надад буцааж өгөөрэй" гэж хэлдэггүй биз дээ. Таван толгойн орд бол монголчуудын хэтэвч. Оюу толгойг "Рио Тинто"-д өгчихсөн. Зэс алт зарсан орлого нь Монголын банкаар ч орж ирдэггүй.
- Нүүрсийг даруй ашиглахгүй бол моодноос гарна гэсэн байр суурь байдагтай та хэрхэн санал нийлэх вэ?
- "Нүүрс үнс болно" гээд Баабар бичээд байдаг. Угтаа нүүрсийг Хубилай хааны үеэс хэрэглэж эхэлсэн. Ямартаа ч 800 жил хэрэглэчихлээ. Үнс болоогүй л байна. Дахиад 1,000 жил хэрэглэх байлгүй дээ.
Нүүрс бол нүүрс устөрөгчийн нэгдэл. Нефть, байгалийн хий болон нүүрсний химийн найрлага ижил, хэлбэр нь шингэн хий хатуу төлөвт байгаагаас биш. Нефть дуусахаар нүүрс нь одоогийн нефть химийн аж үйлдвэрийн түүхий эд болно. Одоо Хятадад нүүрсийг нефть химийн аж үйлдвэрийн түүхий эд болгоод өргөнөөр хэрэглээд эхэлчихсэн. Манайд л үнэ цэнэгүй шатаагаад утаа болгож байгаа нүүрс чинь тэнд хий, дизель түлш, метанол, этанол болж байна. Нүүрсээр хийхгүй юм гэж алга.
Нүүрсийг үнэгүй гэж ард түмэнд итгүүлж байгаад Таван толгойг Хятадын компанид өгөх сонирхолтой бүлэглэл хүчтэй байна. Баабарын бичсэнээр нүүрс үнс болчихно гэж итгээд гадныханд өгөх байж л дээ. Тэрэнд нь би саад болчихсон. Харин Монголын ард түмэн хожсон. Нүүрс үнс болохгүй гэдгийг би баталгаатай хэлье. Нүүрс үнс болно гэж худлаа суртал ухуулга явуулж байгаа хүмүүс бүгд Монголын дайсан шүү.
Монголын баялгийг тэр чигээр нь гадаадад бэлэглэх, боловсруулалгүйгээр түү- хийгээр нь зөөх нь нэг л бүлэглэлийн хийдэг ажил. Хамгийн сүүлийн жишээ нь Ч.Хүрэлбаатарын санаачилсан хууль байна. Монголын баялгийг Монголд боловсруулахыг хориглосон хуулийг Ч.Хүрэлбаатар Сангийн сайд байхдаа батлуулсан. Өөрийн уурхайгүй ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүдээс АМНАТ авах хууль батлуулж, Монголын өөртөө уурхайгүй ашигт малтмал боловсруулдаг бүх үйлдвэрийг хаасан явдал байна.
АМНАТ-ийг дэлхий даяар зөвхөн уурхайгаас л авдаг. Харин үйлдвэрээс авдаг цорын ганц орон гэвэл Монгол Улс байна. Энэ хуулийг хэдийгээр Ч.Хүрэлбаатар санаачилсан боловч МАН олонхоороо баталсан. Одоо хүртэл тэд алдаагаа засахгүй байгаа. Үүний үр дүнд Ч.Хүрэлбаатарын өвөөгийн нутаг руу Монголын ашигт малтмал боловсруулдаг үйлдвэрүүд нүүсэн. Монголд жонш, төмрийн үйлдвэр, нүүрс зэргийг боловсруулалт хийж, нэмүү өртөг шингээх нь ашиггүй болсон учраас Хятадын нутагт очоод ашигтай ажиллаж байна.
-Өдийгөөс яг дөрвөн жилийн өмнө та “Хамгийн олон дайсантай улстөрч шалгаруулбал би тодрох байх’’ гэж хэлж байсныг санаж байна. Одоо хүртэл өнөөх дайснууд нь байсаар л байгаа юм аа даа?
- Аргагүй шүү дээ. Монголчуудын 200 жил идэх нүүрсний ордыг үнэгүй хулгайлж авах гэсэн бүлэглэл баригдчихаад над руу есөн жил дайрч байна. Таван толгойн нэг ордыг хууль бусаар хувьчлаад авчихсан. Тэндээсээ хэдэн тэрбум ам.доллар олдгийг нь хэн ч мэдэхгүй байгаа биз дээ.
- Сонгуулийн өмнө танд тээг тавьчихлаа. Ер нь нэр дэвших бодол байсан уу?
- Надад заавал нэр дэвших төлөвлөгөө байгаагүй. Тийм бодол ч алга. Намайг нэр дэвшинэ гэж айгаад янз бүрийн хэрэг наагаад оролдоод л байгаа. Нааж болох хамгийн том хэрэг нь энэ. Нүүрсний хулгайтай огт хамаагүй. Сая шүүхээр нүүрсний хулгайтай ямар ч хамаагүй болоод шийдэгдлээ шүү дээ. Нүүрсний хулгайг МАН хэзээ ч илрүүлж чадахгүй. Харин АН ялах юм бол илрүүлнэ. Намайг Хууль зүйн сайдаар томилох юм бол би илрүүлээд л өгнө. Өөрөөр энэ хэрэг илрэхгүй.
АН СОНГУУЛЬД ЯЛБАЛ МАН-ЫН НЭМСЭН БҮХ ТАТВАРЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОНО
-Энэ удаагийн УИХ-ын сонгуулиас та ямар үр дүн хүлээж байна вэ. Монгол Улс анх удаа томсгосон тойргоор парламентын сонгуулиа явуулах гэж байна. УИХ 126 гишүүнтэй болно гээд олон онцлогтой сонгууль болох гэж байна шүү дээ?
-АН-ын хувьд томсгосон тойргийг зөвшөөрдөг нь туйлын буруу. Яагаад гэвэл МАН чинь ковидын 20 их наяд. нүүрсний 40 их наяд төгрөгийг хулгайлчхаад сонгуулийн мөнгөө бэлдээд сууж байгаа улсууд. Тэднийг сонгогдох хамгийн том шанс нь асар их сонгуулийн зардал гаргах л систем. Хуучин нэг аймгийн гуравны нэгд тойрч яваад сонгогдчихдог байсан. Харин одоо 3-4 аймаг тойрох болчхоод байна. Тэр хэмжээгээр ухуулагчийн тоо нэмэгдэнэ, сонгуулийн зардал өснө. Хуульд заагдсан бүх ухуулагч нарын цалинг тавихад 7.5 тэрбум төгрөг гэж байна шүү дээ.
Ийм их мөнгийг АН-ын болон бусад нэр дэвшигчид гаргаж чадахгүй. Монгол Улс өөрийн онцлогтой, 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутагтай. Ийм уудам орныг тойрч сонгуулийн сурталчилгаа хийх нь зардал ихтэй. Гэтэл энэ сонгуулиар тэр зардлыг бүр ч их өсгөлөө. Сонгуулийн системээ мөнгөнөөс хамааралгүй болгохгүй бол хэзээ ч шударга сонгууль явагдахгүй.
Томсгосон тойрогт бас нэг алдаа байгаа. Налайх дүүргийн сонгогчид хоёр хүн сонгох бол Сүхбаатар дүүргийн сонгогч би таван нэр дэвшигчийг дугуйлна. Баруун аймгийнхан 10-ыг сонгоно. Үндсэн хуулиар хүн хаана амьдарч байгаагаасаа үл хамаараад сонгох эрх адилхан байх ёстой. Яахаараа баруун аймгийнхан Сүхбаатар дүүрэгт амьдарч байгаа надаас хоёр дахин их саналын эрхтэй байдаг юм бэ.
Налайх хоёрхон төлөөлөгч сонгоод баруун аймаг арвыг сонгож байгаа нь шударга юм уу. Ийм дампуу сонгууль болох гэж байна. Тэр утгаараа миний бие энэ удаагийн сонгуульд орох тухай бодох ч үгүй байгаа. Сонгуулийн дараа юу болохыг мэдэхгүй. Уг нь энэ нэр дэвшигчдийн тооны асуудлыг ҮХЦ залруулах боломжтой. Гэвч Үндсэн хуулийн цэц даргаа ч томилоогүй, үнэхээр замбараагүй байна шүү дээ. Дээрээс нь мандатын тоогоор сонгуулийн зардал арав дахин өсгөчхөж байна. Энэ их мөнгийг олигархиуд даана уу гэхээс жирийн нэр дэвшигчид хөлд нь чирэгдэнэ. Улам л мөнгөнөөс хамааралтай сонгуулийг УИХ оройлон хийж байна.
- "Өнгөрсөн 30 жил Монгол Улс буруу замаар явж ирсэн байна. Одоо хөгжлийн замдаа орохын тулд бүсчилсэн загвараар хөгжих ёстой" гэдэг гаргалгаагаар сонгуулиа явуулъя гэж улс төрийн намууд нэгдсэн биз дээ?
- Хэрэв буруу гэж байгаа бол өнгөрсөн 34 жилийн 30-д нь дангаараа буюу эвсэж засгийн эрх барьсан МАН-ын буруу. Угаасаа Монгол Улсын хууль тогтоомжид бүсчилсэн хөгжлийн талаар тодорхой зорилтууд дэвшүүлсэн байгаа. Л.Оюун-Эрдэнэ бодож олсон ч юм биш. Бүсчилж хөгжүүлж болно.
Гэхдээ тэрэндээ зориулж мөнгөтэй МАН-ынхан мөнгөгүй бусад намынхныг чирдэг сонгуулийн системээ дагуулж болохгүй. Энэ сонгуулиар олонд танигдсан мөнгөтэй улсууд л дахиад гарч ирнэ. Шинэ залуучуудад ямар ч боломж байхгүй.
- Найман жил завсаргүй төрийн эрхийг барьсан МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд та ямар байр суурьтай байгаа вэ?
- МАН-ын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн биелэлт "0" хувь. Тэд өнгөрсөн найман жил ард түмэнд амласан амлалтаа огт биелүүлсэнгүй. Улаанбаатараас гардаг бүх замыг дөрвөн эгнээ болгоно гэж амласан. Дарханы зам дөрвөн эгнээ болсон ч ашиглалтад аваагүй байхад эхнээсээ шар усны үерт цөмөрчихлөө. Баруун аймаг руу чиглэсэн Эрдэнэсант сум хүртэлх замыг бас дөрвөн эгнээ болгоно гэсэн биелээгүй байна.
Эрчим хүчний хараат байдлаас гарахын тулд 840 МВт хүчин чадалтай, гурван нүүрсний станц, нэг усан цахилгаан станц ашиглалтад оруулна гэсэн амлалтдаа хүрсэнгүй. Харин АН дөрвөн жилийн хугацаанд шинэ станцаар тооцвол 200 орчим МВт-ыг ашиглалтад оруулсан.
Ill, IV станцын өргөтгөл, "Амгалан-ДЦС"-ын хүчинд Улаанбаатар найман жил гацахгүй явж ирлээ. МАН энэ хугацаанд юу ч хийгээгүй. Хамгийн сүүлчийн жишээ автобусны хэрэг байна. Мөнгө нь байхад хэдэн автобус хэл амгүй аваад явуулж чадахгүй хэдэн жил боллоо.
Улаанбаатарын менежмент гэж огт алга. Өвлийн хүйтэнд автобусгүй байж автомашиныг нь тэгш, сондгой болгочихдог. Улаанбаатарчуудыг яаж зовоох уу гэж бодож байгаад янаглан хорлодог эрх баригчдын мөрийн хөтөлбөр юу гэж биелэгдэх юм бэ. Нийслэлийн нийтийн тээврийг шийдэж чадахгүй найман жил ухнадаж байгаа улсуудаас хөгжлийн шийдэл хүлээгээд ч нэмэргүй.
- МАН нэг ч татвар нэмэхгүй гэж амлаад найман жил төрд суухдаа арав гаруй татвар нэмчихлээ. Энэ цаг үед АН өмнөх шигээ татварын дөрвөн 10-ын бодлого хэрэгжүүлнэ гэж амлалт өгвөл сонгуульд ялалт байгуулж чадна даа. Танай нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө энэ талаар юу гэж тусгасан бэ?
- АН дөрвөн үндсэн татварыг 10 хувь болгосны үндсэн дээр Монголын эдийн засаг томорч байсан. Бараг арав дахин тэлж, далд эдийн засаг ил болж хүмүүс татвараа нуухаа больсон. Тэр үед бараг 30.40 хувьтай байсан ХХОАТ, ААНОАТ, НДШ, НӨАТ гэсэн дөрвөн төрлийн татварыг арван хувь болгож байсан. Энэхүү дөрвөн 10-ын бодлого МАН-ыг татвар нэмтэл буюу 2017 оны төсөв хүртэл үр дүнгээ өгсөн.
2016 оноос хойш татварууд нэмэгдсээр ирлээ. Тэр дунд хамгийн хорлонтой нэг татвар байгаа. Байр, машин, газар, лиценз зарахад эрх шилжүүлсний хураамж гээд 2-5 хувийн татвар аваад байгаа. Үүнийг Ч.Хүрэлбаатар Сангийн сайд болонгуутаа хийсэн дампуу ажил. Үүнээс болоод бизнесүүд хөдөлж чадахаа байчихсан. Ер нь татварын дарамт бизнес эрхэлж байгаа хүмүүсийг их мохоож байгаа. Татварын дарамтад нухлуулж байхаар зүгээр сууж байя гээд хаалгаа барьцгааж байна шүү дээ.
Би АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулахад оролцсон. Бид энэ удаагийн сонгуульд ялбал МАН-ын нэмсэн бүх татварыг хүчингүй болно. 2016 онд ямар татвартай байсан, тэр рүүгээ буцаж очно гэсэн үг.
Татвараас гадна авлига өгөхөд хүргэх эрсдэлтэй 800 журам байна. Хууль зүйн яаманд бүртгэлтэй журмыг хуулийн адил мөрдөнө. Харамсалтай нь Хууль зүйн яаманд бүртгэлгүй 800 журам гаргачхаад "Чи мухлаг нээх юм бол ийм ийм юм бүрдүүлж ирээрэй" гээд дааж давшгүй шаардлага тавьчихдаг. Нөгөөхийг бүрдүүлэхэд хэцүү юм байна гэхээр авлига нэхдэг. Үүнийгээ засахгүй бол Монгол Улсын авлигын индексийг өсгөөд байгаа юм. Бидний засаг авсан үед ганцхан жил авлигын индекс 90-ээс дээш гарсан. Бусад үед нь голдуу 80-90-ийн хооронд байв. Сүүлд 2015 оны авлигын индекс 60-70- ийн хооронд байсан. Тэрнээс хойш тасралтгүй өссөн. Уг нь нэг хүний орлого ингэж өсвөл дээр сэн. Гэтэл МАН-ын найман жилд ардчиллын индекс доошоо. авлигын индекс дээшээ явж ирлээ дээ.
- Парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхсөн энэ үед чухал хуулиуд оруулж ирж яаралтай горимоор хэлэлцэж байгааг та юу гэж харж байна вэ?
- Маш буруу. Энэ үед УИХ үлдэж байгаа хугацаанд сонгуулиа бодоод юун хууль батлах манатай байгаа. Гишүүдийнх нь толгой ажиллахгүй. Яаж сонгуульдаа ялах вэ гэж бодож яваа. Угаасаа хаврын чуулганаар сонгуулийнхаа тойргийг тогтож аваад хөдөө гараад явдаг. Чухал хуулиудыг дараагийн Их хуралдаа үлдээсэн дээр байдаг.
- Ярилцлагынхаа төгсгөлд танаас нэг амлалт авмаар байна. Эрүүгийн хуулийн 13.14-д "Худал мэдээлэл тараах" гэсэн заалт байгаа. АН-ын үед байгаагүй энэ заалтыг сүүлд МАН хэвлэлийнхний амыг барихыг тулд эрх барих хугацаандаа оруулаад ирсэн. Энэ зүйл заалтаар сэтгүүлчид шоронд ачигдах нөхцөл бүрдсэн. Хэрэв АН сонгуульд ялалт байгуулбал уг заалтыг хүчингүй болгож чадах уу?
- Бидний үед Эрүүгийн хууль 13.13 гэсэн зүйл ангитай байсан. Гэтэл МАН 2020 оны нэгдүгээр сард "Худал мэдээлэл тараах" гэсэн 13.14 дүгээр заалт эрүүгийн хуульд нэмсэн. Худал эсвэл үнэн нь эрх баригчдын үзэмжээр шийдэгдээд байгаа учраас энэ нэмэлт өөрөө сэтгүүлчдийг хэлмэгдүүлдэг заалт болсон. АН засаглаж байхдаа Үндсэн хуулийн 16.16 дахь "үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө"-г зөрчинө гээд ийм зүйл эрүүгийн хуулинд огт нэмдэггүй байсан.
Харин МАН-ын үед хүчээр оруулчихна лээ. Энэ зүйл торгуулийн ялтай. Шийтгүүлж байгаа хүмүүсийн бараг 90 хувь нь сэтгүүлчид байна. Тиймээс хэвлэлийнхэн МАН-аас айгаад дуугарч чадахаа ч байсан. Үндсэн хууль зөрчсөн энэ заалтыг хүчингүй болгох ёстой. АН засгийн эрх авах юм бол МАН-ын үед нэмсэн бүх татварыг хүчингүй болгодог шиг Эрүүгийн хуулийн 13.14- ийг хүчингүй болгох хэрэгтэй. АН-ын үед сэтгүүлчид ямар эрх чөлөөтэй байсан яг тэрэн шигээ л болно.
Дөшиннис · 2024/04/09
МУНДАГ ХҮНДЭЭ, ЭНЭ ХҮНИЙ МЭДЛЭГ ЧАДАМЖИЙГ УЛСЫН ХӨГЖИЛД АШИГЛАХ ЮМСАН.
Зочин · 2024/04/08
Сайхан шаах юм аа.
Зочин · 2024/04/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh
Зочин · 2024/04/08
TSAGN MERGJLN JARGDAG80955877
Зочин · 2024/04/08
AXD XUSNEER80955877
Зочин · 2024/04/08
SEKSEER JARGAAGD80955877