Б.Отгон: Төрөөс хэрэгжүүлж буй ажил, түүний тайланг олон нийтэд хүргэх нэрийн дор сонгуулийн далд сурталчилгаа явуулж байна
2024/05/08
Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр мэдээлэл хийж, иргэдийг Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд санал өгөхдөө хянамгай хандаж, идэвхтэй оролцохыг уриаллаа.
Мэдээллийн эхэнд "Сүүлийн үед системийн авлига гэж хэлэх болсон. Энэ бол бурууг бусад чихэх гэсэн бодлого. Тогтолцоо буруу байгаа учраас авлига байгаа гэж үзэж байх шиг байна. Харин бид бол авлигыг тогтолцоо гэж хардаг. Тодорхой нөхөд явсаар байгаад өнөөдөр авлигын тогтолцоог бий болгочхоод байгаа. Тиймээс сонгууль дагасан авлигыг зогсоохын төлөө АТГ-ын Олон нийтийн зөвлөл эсэргүүцэл, шаардлага, зөвлөмж, уриалга гаргаж байгаа" хэмээн зөвлөлийнхөн онцлов.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Б.Отгон "2024 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд тодорч, нэр дэвших, сонгон шалгаруулалт явагдаж буй энэ үед АТГ-ын Олон нийтийн зөвлөлөөс дараах мэдэгдлийг хүргүүлж байгаа.
Эрхэм ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн ажилдаа хариуцлага хүлээх чадвартай, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид, гэмт хэрэг, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, өв тэгш боловсролтой, эв хамт, эх оронч сэтгэлтэй хүмүүсийг нэр дэвшүүлэхийг улс төрийн бүх намд уриалж байна.
Хоёрдугаарт өнгөрсөн хугацаанд Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн луйвар, Хөгжлийн Банкны дээрэм, нүүрсний хулгай, ногоон автобус, жижиг, дунд үйлдвэрийн хулгай гэх мэт маш олон хэргийн талаар бид ярьсан. Тэгвэл энэ авлигын хэрэгт холбогдсон, эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон, хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа, мөн шүүхээр шийтгүүлсэн авлигач улстөрчийг нэр дэвшүүлсэн улс төрийн эвслийг дэмжихгүй байхыг иргэдэд уриалъя.
Улс төрийн алба хашиж буй УИХ-ын гишүүд, сайд дарга нар төсвийн хөрөнгийг ашиглаж, төрөөс төлөвлөн хэрэгжүүлж буй ажил, түүний тайланг олон нийтэд хүргэх нэрийн дор сонгуулийн далд сурталчилгаа явуулж байна. Татвар төлөгчдийн мөнгө буюу улсын төсвийн асар их хөрөнгийг үр ашиггүй зарцуулж байна. Бүр өөрсдийн хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлан таниулахад төрийн албан хаагчдыг ажиллуулах талаар ил цагаан ярьж байна. Энэ бол сонгуулийг тэгш шударга, ижил гараанаас эхлэх зарчмыг зөрчсөн ноцтой үйлдэл.
Иймээс Сонгуулийн хууль зөрчсөн бүх үйлдэлд хатуу хяналт тавьж, таслан зогсоохыг Сонгуулийн Ерөнхий Хороо(СЕХ)-ноос шаардаж байна. Мөн сонгогчдын саналыг худалдан авах замаар сонгох, сонгогдох эрх чөлөөнд халдаж буй хүний эрхийн зөрчилд хяналт тавьж, хамгаалж ажиллахыг Хүний Эрхийн Үндэсний Комисс(ХЭҮК)-т зөвлөж байна. Сонгуулийн хууль журам зөрчсөн бүх үйлдэлд шуурхай шударга арга хэмжээ авч, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг бүх шатны хууль хяналтын байгууллагад уриалж байна гэсэн уриалгыг бид СЕХ, АТГ болон бусад хууль хяналтын байгууллагад хүргүүлж байгаа" гэлээ.
АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн гишүүн Г.Баасан "Дэлгүүрээс юм худалдаж авч байгаа мэт Монгол Улсын төрийн эрхийг худалдаж авдаг энэ байдал сүүлийн үед мөнгөний хэмжээгээр ил тод харагддаг болсон. Энэ жилийн сонгуулийн зардалд хамгийн багадаа 600 сая, ихдээ 1.5 тэрбум төгрөгөөр баталж өгсөн. Үүнийг төрийн эрхийг мөнгөөр авах гэсэн үйлдэл гэж сонгогчид бухимдаж байна.
Намууд эх орноо шударга удирдъя, олон удаа сонгогдъё гэж бодож байвал хууль бус зүйлс хийдэг хүмүүсээ битгий дэвшүүл. Дэвшүүлсэн бол сонгогчид өөрийнхөө болон үр хүүхэд, Монгол Улсынхаа тусгаар тогтнолын төлөө өгснийг нь аваад, харин сонголтоо хийхдээ арай шударгажуу, хууль, эдийн засгийн мэргэжилтэй, олон нийтийн төлөө ажиллаад сурсан, тодорхой ажил хийсэн хүнээ харж сонгоорой. Сонгогчдын боловсрол харьцангуй дээшилж байна" гэлээ.
Зочин · 2024/05/08
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh