Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар

  • Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн шинэчилсэн найруулга /Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийн шинэчилсэн найруулгын төсөл/-ын төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл
  • "Төрийн өмчийн зарим их сургуулийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төсөл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл
  • Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжиж байгаа зарим төсөл, арга хэмжээний явцыг эрчимжүүлэх, шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэсэн байнгын ашиглалтад оруулах талаар зэрэг 30 орчим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар танилцуулж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Улсын хэмжээнд гурван ээлжийн эрсдэлд орох 47 сургууль бий. Эдгээр сургуулийн асуудлыг 2024 оны улсын төсөвт тусгаж хэрэгжүүлж эхэлсэн ч зарим ажил нэлээд удаашралтай байгаа тул нийслэлтэй хамтарч, зарим эрхийг нээж байгаа. 

2024-2025 оны хичээлийн жилд гурван ээлжид шилжих эрсдэлтэй 14 сургууль бий. Үүнээс 10 сургуульд онцгой арга хэмжээ авч, хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэхэд БШУЯ болон Улаанбаатарын хотын захирагч хамтран ажиллах чиглэлийг авсан. 

Гурван ээлжид шилжих эрсдэлтэй сургуулиудын тоог бууруулахаар 11 байршилд 5,980 хүүхдийн суудалтай сургуулийн төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ. Мөн энэ онд нийтдээ 40,350 хүүхдийн хүчин чадалтай 86 төсөл арга хэмжээг дуусгахаар боллоо.

Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүсдэг шалтгаан нь жил бүр 75-80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэж байхад 30-35 мянган хүүхэд сургуулиа төгсдөг. Жилд 30-40 мянган хүүхдийн шинэ хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Ойрын 5-8 жилд энэ хэрэгцээ байх болно.

Иймээс сургуульгүй хороо, хороололд газар чөлөөлөх арга хэмжээг нийслэлтэй хамтарч хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн жил зургаан сургуульд энэ арга хэмжээг авсан нь үр дүнгээ өгсөн" хэмээв.

2024 онд нийслэлд 12 барилга байгууламжийг ашиглалтад авах юм байна.

  • Баянгол дүүрэгт 28 дугаар сургуулийг хэсэгчилж хүлээж авна
  • Баянзүрх дүүрэгт 14 дүгээр сургуулийн өргөтгөлийг хүлээж авна
  • Баянзүрх дүүрэгт 2 дугаар сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна
  • Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад хүлээж авна
  • 19 дүгээр хороонд бага сургуулийн цогцолборыг ашиглалтад хүлээж авна
  • Хан-Уул дүүрэгт 8 дугаар хорооны сургуулийн барилгыг хэсэгчилж хүлээж авна
  • ХААИС-ийн өргөтгөлийн барилгыг хэсэгчилж хүлээж авна
  • Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар өргөтгөлийг барилгыг эрчимжүүлж, ашиглалтад хүлээж авна хэмээн салбарын сайд нь мэдээллээ.