Үүрэн холбооны оператор компаниудаас хэрэглэгчид хугацаатай дата худалдан авдаг. Хугацаа нь дууслаа гэх шалтгаанаар нэгэнт мөнгөөрөө авсан датаг буцаан хурааж авч байгаад хэрэглэгчид гомдолтой байдаг. Үлдэгдэл датаг нь хурааж буйг оператор компаниуд хэрэглэгчдийг хохироож буй үйлдэл ч гэж харах нэгэн байна. Энэ асуудлаар оператор компаниудаас тодрууллаа.


-Нэгэнт иргэдийн мөнгөөрөө авсан датаг яагаад устгаад байдаг юм бэ. Их хэмжээний датанд заавал хугацаа тавих шаардлага бий юу?

Скайтелийн оператор:

-Тухайн хэрэглэгч өөрөө хэдий хугацаатай хэр хэмжээтэй дата авахаа хэрэгцээндээ тааруулж сонгоно. Хугацаандаа л баригдана. Датагаа дуустал хугацаагүй ашиглана гэж байхгүй.

Мобикомын оператор:

-Программ дээр хугацааг нь тодорхой зааж өгсөн байдаг учраас автоматаар үлдэгдэл дата нь устдаг. Дата хугацаагүй байх боломжгүй.

Жи-Мобайлын оператор:

-Хугацаатай дата учраас их хэмжээний дата авсан байсан ч хугацаа нь дуусахад давхар устана. Тийм байх боломжгүй.

Ондоо.мн

-Манайд дата устана гэсэн ойлголт байхгүй. Дата нь хугацаатай болон хугацаагүй гэж бий. Энэ нь үнийн дүн, датаны хэмжээнээс хамаарч буй юм. Хугацаатай авсан датанд хэмжээ заадаггүй учраас хэрэглэх явцад дуусах, гацах явдалгүй. 50GB гэх мэтчилэн их хэмжээний дата авахад хугацаа заадаггүй, авсан датагаа дуустал нь хэрэглэх юм. Бид хэрэглэгчдэдээ зуны урамшуулал болгон 22 мянган төгрөгөөр 100GB датаг хугацаагүй, мөн 100 хоногийн хугацаатай хязгааргүй дата ашиглахыг санал болгож буй. Шинэ хэрэглэгчдэдээ зориулж 30 хоногийн хугацаатай 100GB датаг үнэгүй авах боломжийг олгож байна.

Юнителийн операотор:

-Анхнаасаа дата худалдан авалт хийхээс нь өмнө урьдчилж хугацааг нь зааж өгч, мэдээлдэг. Үүнийг хэрэглэгчид хүлээн зөвшөөрөөд датагаа авч байгаа. Хүмүүс хэрэглээндээ тааруулж, дата, хугацаагаа сонгож худалдан авалт хийнэ. Датаг хугацаагүй болгох боломжгүй.

Тухайлбал, 20 мянган төгрөгийн багцтай хүн багцынхаа үнийг өсгөөд буулгах хүсэлт тавихад дахин уг үнэтэй багцаа сонгох боломжгүй гэх юм. Энэ нь ямар учиртай вэ?

-Дугаарын серилэлтээс хамаарч үндсэн багцын үнэ дээрээ буух боломжтой дугаар ч байна. Таны барьж буй шиг дугаарыг хүн шинээр авахад 30 мянган төгрөгийн багцыг сонгох юм. Та багцынхаа үнийг өсгөөд буулгахыг хүсвэл таны дугаарыг одоо 30 мянган төгрөгийн багцаар үнэлдэг болсон тул та багцынхаа үнийг уг үнээс доош буулгах боломжгүй гэсэн үг.

-Багцын дата нь бага байдаг. Үүнээс үүдэн нэмэлтээр дата авахад хугацаа нь дуусахаар үлдэгдэл дата нь давхар устчихдаг шүү дээ.

-Тэгнэ. Нэмэлтээр дата авах боломжтой. Та нэг сарын хугацаатай 50GB дата авлаа гэхэд тухайн сарын хугацаандаа хүчинтэй.

-Хэрэглэгчид санамсаргүй байдлаар дугаараа үхүүлэх тохиолдол бий. Эргээд тэр дугаараа авах гэхээр зарагдсан байдаг.

-Урьдчилсан төлбөртийн дугаар 30 хоногийн хугацаатай байдаг. Үйлчилгээний эрх хаагдсанаас 30 хоног дотроо цэнэглэх боломжтой. Нэг сарын хугацаанд цэнэглээгүй тохиолдолд таны нэр дээрх дугаар автоматаар устах юм. Дараа төлбөрт дугаарт сануулга очдог. Урьдчилсан төлбөрт дугаарт таны дугаар устлаа гэсэн мэдээллийг өгөх боломжгүй. Тухайн устсан дугаарын худалдаанд гарах хугацаа нь тодорхойгүй байдаг. Дугаар барьж байсан хүн нь солигдсон ч өмнөх эзэмшигчийн нэрийг харах боломжтой.

-Гэр интернэтийн дугаарыг утсаар хаалгаж болох уу?

-Урьдчилсан төлбөртийн дугаартай гэр интернэтээ утсаар хаалгах шаардлагагүй. Дараа төлбөртийн гэр интернэтийн дугаарыг түр хугацаанд утсаар хаалгаж болно. Харин цаашид ашиглахгүй бол заавал салбар дээр очиж хаалгах ёстой. Түр болон бүр хаалгаагүй тохиолдолд ашиглаагүй байсан ч төлбөр бодогдож явдаг.

Үүрэн холбооны хэрэглэгчдээс тодрууллаа.

Юнителийн хэрэглэгч Ц.Бал:

-Нэг хүний нэр дээр олон дугаар байхад аль нэг дугаар руу нь энэ дугаар чинь устлаа гээд мэдээлдэг баймаар байна. Ажилтай, хөдөө орон нутгаар явж байж болно. Утас нь эвдэрчихсэн, сайн ойлголтгүй явснаас болоод хүүгийнхээ барьж байсан дугаарыг устгуулчихсан. Одоо өөр хүн барьж байна лээ. Оператор руу нь залгаж нэр дээрх дугаараа яагаад устсаныг асуухад орох, гарах ярианы эрх хаагдсанаас хойш 70 хоногийн дараа таны нэр дээрх дугаар устдаг. 100 хувь таны хариуцлагын асуудал. Бидний зүгээс мэдээлэх боломжгүй. Юнителийн салбар дээр очиж, гомдол саналаа хэлэх боломжтой гэсэн.

Скайтелийн хэрэглэгч Т.Оюун:

-Шинэ хэрэглэгчдээ татах зорилгоор их дата бэлэглэх зэргээр илүү урамшуулал зарладаг. Дугаараа олон жил барьсан хэрэглэгчид рүүгээ хандсан ямар ч зүйл хийхгүй, ээлгүй байгаа талаар хэрэглэгчид шүүмжилдэг. Хэрэглэгчид датагаа нарийн хянахгүй болохоор хурдан дуусаад байна ч гэдэг. Дататай мөртлөө их гацдаг тал бий.

БНСАУ-д суралцаж буй монгол оюутан Л.Дулам “Энд дугаарууд нь ихэвчлэн дараа төлбөрт байдаг. Хоногтой задгай дата гэж байдаггүй, багцдаа датагаа шингээсэн гэсэн үг. Хамгийн багадаа сарын 36 мянган вонын багцтай. Бүхий л багцад дата нь хязгааргүй. Багцын үнээс хамаарч датаны хурд нь өөр, өөр байдаг. Хамгийн бага багцын датаны хурд нь удаавтар тул бичлэг үзэхээс бусад цахим орчны хэрэглээнд хангалттай хүрдэг. Багцын үнийг нэмэгдүүлэх тусам датаны хурд нь нэмэгддэг. Дараа төлбөрт учраас сар, сардаа тухайн хэрэглэгчийн данснаас төлбөрийг нь татаад авчихдаг. Багц хооронд шилжихэд ямар ч асуудалгүй. Тухайн хүн хэрэглээнээсээ хамаарч багцаа өсгөх, бууруулах бүрэн боломжтой. Солонгост аяллаар ирсэн хүмүүс ихэвчлэн хамгийн бага багцтай датаг сонгодог.

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зах зээл, үнэ тариф зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Т.Ганбатаас тодрууллаа.

-Харилцаа холбооны зохицуулах хорооны чиг үүргийг тодруулбал?

-Бид хууль тогтоомжийнхоо хүрээнд тодорхой зохицуулалт хийдэг болохоос үүрэн холбооны оператор компаниудын маркетингт оролцдоггүй. Харилцаа холбооны тухай хуулиар Зохицуулах хороонд олгосон бүрэн эрхийн хүрээнд монополь болон давамгай байдал нь тогтоогдсон аж ахуйн нэгжид үйлчилгээний үнийг тогтоож өгөх зорилгоор үнэ тарифт зохицуулалт хийдэг. Мобиком, юнител компаниуд ярианы үйлчилгээний зах зээл дээр илүү давамгай байдалтай гэж тогтоогдсон байдаг. Тиймээс бид минут болон багцын ярианы төлбөрт хяналт тавьж ажилладаг. Датаны үйлчилгээний тухайд аль нэг үүрэн холбооны оператор компанийг давамгай байдалтай гэж үзээгүй байна. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас монополь, давамгай эсэхийг хуулийн хүрээнд тогтоодог. Бид тэр тогтоолынх нь дагуу давамгай, монополь гэж үзсэн байгууллагад үйлчилгээнийхээ үнэ тарифыг хянуулна уу гэсэн хүсэлт тавьдаг. Тухайн байгууллага монополь байх нь бусад аж ахуйн нэгжийг уг зах зээлээс түлхэн гаргах, хэрэглэгчдэд хэт өндөр үнэ тарифаар үйлчилгээ үзүүлэх зэрэг эрсдэлтэй. Бид үүнээс урьдчилан сэргийлж дээд, доод тарифын үнийг тогтоож өгдөг гэсэн үг.

-Багц гэж та ярилаа. Тухайн хэрэглэгч өөрийн сонгосон багцдаа датагаа нэмэгдүүлэх боломж бий юу?

-Бүх оператор компаниудад дан датад зориулсан үйлчилгээнүүдийг гаргасан байдаг. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас хэрэглэгчдэд зориулсан багцалсан их болон бага хэрэглээг тогтоосон байдаг. Мөн хүн хэрэглээндээ тааруулж датаг хэрэглэж болно гэдэг. Багцыг гаргахдаа оператор компаниудын зүгээс нарийн тооцоо судалгааны үндсэн дээр багцад байх минут, датаг тогтоож өгдөг байх. Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс минутын багц чинь их тул багасга, дата чинь бага учир датагаа нэм гэж хэлэхгүй. Багцууд тодорхой хугацаатайгаар өөрчлөгдөж байдаг. Бидний зүгээс энэ тал дээр тодорхой хатуу зохицуулалт хийдэггүй.

-Урамшуулалд хамрагдах, багцад байх датагаа өсгөх зорилгоор хэрэглэгч багцын үнээ өсгөхийг хүсэхэд дараа нь та дахин үндсэн багцдаа шилжих боломжгүйг үүрэн холбооны зарим компанийн зүгээс урьдчилж сануулдаг. Энэ нь ямар учиртай вэ?

-Уг нь боломжтой асуудал. Скайтелийн “Монголдоо” гээд багцаас болж хэрэглэгчийн багцын үнэ өсөөд дараа нь хүсэлт гаргахад буурч байсан. Зарим хэрэглэгчид үүрэн холбооны үйлчилгээгээ дагалдах IPTV-тэй хослуулж авсан багцууд байдаг. Дан үүрэн холбооны үйлчилгээнд багц өгсөж, буурахад ямар ч хаалт байх ёсгүй. Нэгэнт өсгөсөн багцыг бууруулах боломжгүй байвал бидэнд гомдол гаргаж болно. Манайд хэрэглэгчийн гомдол, санал хариуцсан мэргэжилтэн гэж бий. Мөн тухайн оператор компанид хэрэглэгчид өөрсдийн асуудлаар гомдол гаргаад шийдвэрлээгүй тохиолдолд мөн бидэнд хандах эрхтэй.

-Хэрэглэгчдийн хувьд үндсэн багц дээрээ ихэвчлэн нэмэлтээр дата авах тохиолдол их байна л даа.

-Бид дататай холбоотойгоор хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Оператор компаниудын зүгээс үндсэн хэрэглээн дээрээ дата үйлчилгээг нэмэлтээр авч явах нь хэрэглэгчдэд илүү оновчтой байна гэж үзэж буй. 3G-гээс 4G рүү шилжсэн технологийн шилжилттэй холбоотойгоор дата зарцуулалт их болсон. Тиймдээ ч тухайн мэдээллийг өмнөхөөс илүү богино хугацаанд хүлээж авдаг болсон байна. Оператор бүрт бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн баг байдаг.

-50GB ч юмуу их хэмжээний дата авахад хугацаа нь ихэвчлэн нэг сар байдаг. Тухайн сарын хугацаа дуусахад үлдсэн дата нь хамт устчихдаг нь харамсалтай санагддаг. Их хэмжээний датаг хугацаагүй байлгах боломж бий юу?

-Зарим оператор компани хугацаагүй дата гаргасан байдаг. Болохгүй зүйл биш. Дата хийсвэр зүйл. Зарим операторын дата хугацаатай байгаа нь маркетингийн асуудал. Датанд хугацаа зааж буй нь тухайн хэрэглэгчээс сард олох орлого, зарлагаа тооцдогтой холбоотой. Хэрэглэгчийн орлого, зарлагыг тооцох цаад шалтгаан нь байнгын технологийн шинэчлэл хийдэгтэй нь холбон ойлгож болно. Хэрэглэгчид дата бага зарцуулах тохиргоог утсан дээрээ хийж болох юм. Бидний хувьд датагаа хугацаагүй болго гэх шаардлага тавих нь хууль, эрх зүйн хувьд боломжгүй. Бид хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд төр, байгууллага, хэрэглэгч гэсэн гурван талын эрх ашгийг тэнцвэртэй хадгалж явах ёстой.

Л.МИНЖМАА

Т.ОЮУНТҮЛХҮҮР