"Эрдэнэс тавантолгой" ХК-ийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлт боллоо.

Нүүрс баяжуулах үйлдвэрийн анхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, туршилт, тохируулгын нээлтэд Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал, “Норинко Дади” түншлэлийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ян Шаопин нар товчлуур дарж, нүүрс баяжуулах үйлдвэрийн ажиллагааг эхлүүлэв.

 

Хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглана

Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан зорилтын хүрээнд Тавантолгойн ордыг түшиглэн “Эрдэнэс Тавантолгой” ХК Стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд 472-928 шууд ажлын байр шинээр бий болж, ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, илүү сайн чанарын коксжих чадвартай баяжуулсан нүүрсийг өндөр үнээр борлуулах нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг нэмэгдэж, улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжих юм.Төслийн нийт санхүүжилт нэг тэрбум ам.доллар бөгөөд одоогоор 300 орчим сая ам.долларын санхүүжилт хийгдээд байна. Нүүрс баяжуулах үйлдвэр нь Ази, Номхон далайн бүсэд үйлдвэрлэл, технологиороо тэргүүлэгч брэндүүдийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд байгаль орчинд ээлтэй, үр ашигтай технологи гэдгээрээ онцлогтой аж. Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент Групп” компаниуд оролцож, УУХҮЯ, Эрдэнэс Тавантолгой ХК-ийн инженерүүд хяналт тавин ажиллаж байна.

Баяжуулах үйлдвэр нь нойтон аргын хөвүүлэн баяжуулах технологи буюу нүүрсийг усаар угааж баяжуулах аж. Баяжуулах үйлдвэрийн усаа үйлдвэрээс 65 км зайтай байрлах Загийн усны хоолойгоос татаж байна. Үйлдвэрт Загийн усны хоолойн 180 метрийн гүн дэх эрдэсжилт өндөртэй, унданд хэрэглэх боломжгүй усыг ашиглана. Тус усны ордыг 25 жил ашиглах боломжтой гэж тооцжээ. Үйлдвэр хэрэглэсэн усныхаа 96 хувийг дахин ашиглах аж.

Үйлдвэр бариад оронд нь нүүрс авах оффтейк гэрээний хүрээнд “Норинко Дади” түншлэл одоогоор 80 мянган тонн түүхий нүүрс хүлээн авах хоёр агуулах, баяжуулах үйлдвэр, баяжуулсан нүүрсний гурван агуулах, үйлдвэрийн удирдлагын байр, 216 ажилчин байрлах уурхайчдын хотхон болон бусад дагалдах дэд бүтцийн байгууламжууд барьжээ. Баяжуулах үйлдвэрийн төслийг бүрэн дуусгахын тулд нэмж хоёр блок барих юм. Төслийг бүрэн дуусгахын тулд нийт 67 барилга байгууламж барих шаардлагатай гэнэ. Тухайлбал, уурхайн амнаас нүүрс тээвэрлэх 12.5 км туузан дамжуулга барих юм байна. Мөн баяжуулсан нүүрс төмөр зам руу тээвэрлэх туузан дамжуулга, ачих терминал барих шаардлагатай гэдгийг албаны хүмүүс хэлж байлаа.

 

Баяжуулах үйлдвэр жилд 24 сая орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Б.Уянга “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Засгийн Газрын Шинэ сэргэлтийн бодлого, Эрдэнэс Монгол Нэгдлийн 2024-2028 онд хэрэгжүүлэх дунд хугацааны хөгжлийн стратеги, Үйлдвэрлэл технологийн паркуудын хөгжлийн төлөвлөгөө зэрэг бичиг баримтад Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн “Кокс-химийн цогцолбор”-ыг Тавантолгойн Үйлдвэрлэл, технологийн парк төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байгаа билээ. “Эрдэнэс Тавантолгой” ХК стратегийн ач холбогдол бүхий томоохон 10 төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй. Эдгээр төслийн нэг нь Нүүрс баяжуулах үйлдвэр юм. Энэхүү төслийг 2022 онд эхлүүлж, эхний шат болох жилд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. Уул уурхайн салбарыг хөгжүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг бий болгох, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэрээр Тавантолгойн ордыг түшиглэн жилд 30 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай Нүүрс баяжуулах үйлдвэрийн төслийг хоёр үе шаттай хэрэгжүүлж байна.

Нүүрс баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор “Эрдэнэс Тавантолгой” ХК жилд дунджаар 24 сая орчим тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулна. 1.9 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олж, 197.3 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллах юм. Төсөл хэрэгжсэнээр улс орны болон бүс нутгийн нийгэм эдийн засгийн өсөлтийг дэмжиж 472-928 шууд ажлын байрыг шинээр бий болгож, жилд дунджаар 185.8 сая ам.долларыг улс орон нутгийн төсөвт оруулна. Улмаар ордын нөөцийг хаягдал багатай, иж бүрэн ашиглах, экспортыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанарт тавигдах шаардлагыг оновчтой байдлаар хангах, экологийн сөрөг нөлөөллийг бууруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээ, үр ашиг нэмэгдэх давуу тал бий болно” гэв.

 

Дэлхийд тэргүүлэх коксжих нүүрсийг дотооддоо боловсруулна

 

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт “Аж үйлдвэрийн сэргэлтийг бий болгох томоохон төлөвлөгөөний эхлэл бол энэхүү жилд 10 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр юм. Дээрх баяжмал нь зөвхөн шууд экспортод гарах бус, Тавантолгойн кокс химийн цогцолборын үндсэн түүхий эд болж, аж үйлдвэрийн гинжин хэлхээг бий болгох нэн чухал ач холбогдолтой. Цаашид бид дэлхийд чанараараа тэргүүлдэг Тавантолгойн коксжих нүүрсийг дотооддоо боловсруулж кокс, метанол, демитилийн эфир, нийлэг байгалийн хий, бензин, дизель түлш, устөрөгч гэх мэт олон төрлийн аж үйлдвэрийн түүхий эд үйлдвэрлэх хөгжлийн төлөвлөгөө боловсруулаад байна. Ингэснээр Монгол улсад хими металлургийн үйлдвэрлэл хөгжих үндэс суурийг тавьж, аж үйлдвэрийн шинэ шат руу гарах юм. Эхний ээлжид 10 сая тонн баяжуулсан нүүрсний 1.7 саяыг кокс химийн үйлдвэрт, 2.7 саяыг нь кокс эрчим хүчний үйлдвэрүүдэд нийлүүлж, 2.2 сая тонн кокс, 107 МВт эрчим хүч, 60 мянган тонн коксын давирхай, 100 сая шоо метр нийлэг хий, 8.5 мянган тонн амиак үйлдвэрлэнэ. Мөн баяжуулах үйлдвэрийн хаягдал буюу хоёр сая тонн мидлингийг эрчим хүчний нүүрстэй хольж 450 МВт-ын цахилгаан станцыг түүхий эдээр хангаж, цахилгаан станцын 1.4 сая тонн үнсээр эко хавтан, гипсэн блок зэрэг барилгын материал үйлдвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгойн нүүрсийг иж бүрэн ашиглаж, байгальд ээлтэй, хаягдалгүй, эдийн засгийн өндөр өгөөж бүхий төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэв. 

 

Нүүрс баяжуулах үйлдвэр  160 мянган тонн нүүрс хүлээн авах багтаамжтай

Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал “Төслийн Ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан БНХАУ-ын “Норинко Дади” түншлэл “Дади Инженеринг Девелопмент Групп” компаниуд болон Монгол инженерүүд төсөлд оролцсон нийт хамт олонд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хамт олны өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье. Энэхүү үйлдвэр Монгол Улсын эдийн засагт томоохон дэмжлэг үзүүлэх, айл өрх бүрийн ашиг орлогыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах, цаашлаад Монгол улс дэлхийн зах зээлд нэмүү өртөг шингэсэн чанартай бүтээгдэхүүн экспортлоход чухал нөлөө үзүүлэх өндөр ач холбогдолтой төсөл юм. Тавантолгой ордыг түшиглэн байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэр  160 мянган тонн нүүрс хүлээн авах багтаамжтай хоёр битүү агуулахаас бүрдэж байгаа. Нийт найман өөр төрлийн нүүрсийг хольж чанарын дунджил хийн коксжих нүүрсний баяжмал, эрчим хүчний болон хаягдал гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэв.

 

Өмнөх оны амжилтаа давуулан биелүүлж  28.2 сая тонн нүүрс олборложээ

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-ийн дарга У.Бямбасүрэн “Монгол Улсын Засгийн газраас Эрдэнэс Тавантолгой компани дээр тогтоосон онцгой дэглэм 18 сарын турш амжилттай хэрэгжиж, энэ оны зургаадугаар сараас эхлэн энгийн горимд шилжсэн. Бид 2023 онд Монголын Хөрөнгийн биржтэй хамтран нүүрсийг биржээр амжилттай арилжиж хэвшүүлэхийн зэрэгцээ өмнөх оны амжилтаа давуулан биелүүлж  28.2 сая тонн нүүрс олборлож, 34.4 сая тонн нүүрс борлуулан 3.5 тэрбум ам.долларын орлого олж, улсын төсөвт 2.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн. 2022, 2023 оны ногдол ашгуудыг хувьцаа эзэмшигчдэд олголоо. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь байгуулагдсан цагаас хойш 123.5 сая тонн нүүрс олборлосны 32.5 сая тонн буюу 26 хувийг, 118.2 сая тонн нүүрс борлуулсны 39.6 сая тонн буюу 29 хувийг, 8.0 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласны 3.974 сая ам.доллар буюу 41 хувийг, 6.3 их наяд төгрөгийн татвар төлсний 3.3 их наяд төгрөг буюу 53 хувийг зөвхөн онцгой дэглэмийн 18 сарын хугацаанд хийж гүйцэтгэжээ. Санхүүгийн үзүүлэлт сайжирснаар компанийн өр төлбөрийг 1.2 их наяд төгрөгөөр буруулж 3.1 их наяд төгрөгт хүргэв.

Компанийн үндсэн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай төслүүдийн санхүүжилтийг тасралтгүй олгож амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, олон жил яригдаж эхлэл төдий байсан нүүрс баяжуулах үйлдвэр, Загийн усны хоолой, Тавантолгой нүүрс ачилт логистикийн төвийн төслүүд онцгой дэглэм тогтоох үед 13-44 хувийн гүйцэтгэлтэй байсан. Харин өнөөдөр 90-100 хувийн гүйцэтгэлтэй болж, эхнээсээ  ашиглалтад орж байна. Энэ хугацаанд бид “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хөрөнгө оруулагчаар ажиллаж төслийг амжилттай хэрэгжүүлж ашиглалтад оруулсан. АНУ-д үйлдвэрлэгдсэн 16 зүтгүүрийг ачилтад нэвтрүүлэхээс эхний ээлжийн зургаан зүтгүүрийг хүлээн авч тээвэрлэлтэд нэвтрүүлснээс гадна зүтгүүрийн засварын төвийг ашиглалтад орууллаа. Мөн манай улсад анх удаа бүрэн автомат ажиллагаатай инженерийн байгууламж бүхий “Тавантолгой нүүрс ачих логистикийн төв”-ийг байгуулж, ашиглалтад орууллаа. Ингэснээр жилд 20 сая тонн түүхий нүүрс дамжуулах, ачих боломжийг бүрдүүллээ” гэв.

Норинко компани, Намын хорооны нарийн бичгийн дарга Яан Шяочин “Энэхүү нүүрс баяжуулах үйлдвэрийн, бүтээн байгуулалт бол Хятад, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа, оролцогч бүрийн шаргуу хөлс хүч шингэсэн хөдөлмөрийн үр шим юм.

Норинко компани нь цаашид “Найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй” зарчмыг баримталж Монгол Улстай стратегийн түншлэл холбоогоо гүнзгийрүүлж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын явцад нөөц баялаг болон байгаль орчны тэнцвэрт байдлыг хадгалах, шинжлэх ухаан, технологи, хүмүүнлэгийн харилцан тэнцвэрт байдлыг хадгалахад илүү анхаарал хандуулж, байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутгийн хөгжлийг дэмжиж, шинээр ажлын байр бий болгох,  тухайн орон нутгийн ард иргэдэд илүү өгөөж хүртээхийг эрмэлзэж ажиллана. “Бүс ба Зам” эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжил дэвшилд болон хоёр улсын хамтын ажиллагаанд өндөр хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин