Санаа сэтгэл нийлбэл хамт амьдар даа хэмээн эцэг өвгөд сургаж иржээ.Энэ бол амьдралаа хамтран зохиохоор ирж байгаа үр хүүхдэдээ хэлж сургаж ирсэн үг. Бусад бүх юм бол дараа нь байдаг бололтой. Хүүдээ, хүүхэндээ ингэж л захидаг байв. Санаа сэтгэл нийлнэ гэж юу гэсэн үг вэ гэж.

Хэн нэгнээсээ хүсэл зориг нь зөрдөггүй л байхыг хэлдэг болов уу. Нэг нь ямаа гэхэд нөгөө нь тэмээ гээд зүтгээд байдаггүйг л хэлэх байлгүй дээ. Харин орчин үеийн урлаг яг үүний эсрэг зан байдлыг сурталчилдаг нь харамсалтай. Хүмүүс огтхон ч өөрчлөгддөггүй гэдэг бол батлагдсан үнэн юм гэсэн. Тэгэхлээр бид урлаг зохиолдоо буруу зан үйлийг сурталчлаад байна уу даа гэсэн сэтгэл зовнил үүсээд байдаг боллоо. орчин үеийн нэг алдартай хайрын дуунд зөрүүд зан чинь намайг татсан хэмээн дуулдаг. Эр нь ч юмуу, эм нь нөгөөхийнхөө зөрүүд занд татагдсан байх нь.

Буруу ишилсэн сүх шиг зөрүүд юмтай хамт амьдрах гээд үз дээ. Ус гэхэд гал гэх, урагшаа гэхэд хойшоо гэх юмтай хэд хоног амьдрах вэ. Удахгүй л хаяа хаяагаа л бараадах байлгүй дээ. Тэгэхлээр энэ худлаа болоод явчихаж байгааг та харав уу. Тухайн үедээ нэрд гарсан дуу хөгжим, зохиол, кино залуусын амьдралд чухал нөлөөтөй байдаг. Залуу байхад тэр зохиол, дуу, киноны үзэсгэлэнт гол баатрыг л дуурайх гэдэг. Тэгвэл зөрүүд занд нь татагдах нь нөгөө санаа сэтгэл нийлэх гэдгээс тэс ондоо юм байгааг хэн нь ч хэлдэггүй.

Наад захын ийм юм мэддэггүй болохоор орчин үед гэр бүл гэдэг айл гэр болж тоглох шиг л наад захын юм болжээ. Төрийн үндэс гэр бүл гэж ярьдаг. Орчин үед гэр бүл гэдэг юутай хэврэг болсны зөвхөн нэг жишээ л энэ болов уу.

Ж.Сандагдорж