Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хэлтсээс гадаад улсад сургууль болон ажилд зуучлах, гадаад хэлний сургалт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Энэхүү шалгалтаар 26  аж ахуйн нэгжүүд хууль зөрчсөн нь нотлогдсон байна.

Тодруулбал,  дээрх байгууллагууд "Аж ахуйн үйл ажиллагааны тухай" хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.7 дахь заалтанд гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтанд хамруулахад зуучлах үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлнэ гэсэн заалтыг зөрчээ. Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж.

Тухайлбал, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Дэлхийн төв цэг" ТББ, "Гомонгу" ХХК нь өөрийн оноосон нэрийг олон нийтэд өөрөөр зарлан, сурталчилж байсан зөрчил илэрсэн бөгөөд энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-т өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөгдүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчээ.

                 -Зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авчээ-

 "Ворлд кореа" ХХК, "Оюуны хөгжлийг дэмжих амжилт ололт төв" ТББ, "Ай Эн И Си Эс" ХХК, "Ньювойс" ХХК, "Шинэ зууны гүүр" ХХК, "Ди эн Пи" ХХК, "Оазисканад" ХХК, "Гомонгу" ХХК, "Хэлп интернешнл" ХХК, "Гэгээн орчлон" ХХК, "Монголын боловсрол залуучууд солилцооны үндэсний ассоциаци" ТББ, "Бодит алхам интернэйшнл ХХК, "Гэгээн ундарга холбоо" ТББ, "Ийзи Доор" ХХК, "Дэлхийн төв цэг" ТББ, "Ай эйч Си" ХХК нь зуучлалын үйлчилгээний төлбөрийг америк доллараар тооцож авч байгаа нь Төлбөр тоoцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1-т бараа, ажил, үйлчилгээний үнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж, түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба энэ хуулийн 4.4-т зааснаас бусад тохиолдолд Монголбанкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют, тооцооны нэгжээр үнэ тогтоох, төлбөр тооцоо гүйцэтгэх, зарлан сурталчлахыг хориглоно.

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.10-д хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн зөрчил илэрсэн байна. Дээрх зөрчлүүдийг тогтоож, 2014.06.03-ны өдрийн 7/89 тоот дүгнэлт гаргасан бөгөөд зөрчлийг арилгуулахаар нэг сарын хугацаатай албан шаардлага хүргүүлж ажиллажээ.

        -"Сантис" сургалтын төлбөрт нэмж оюутан тус бүрээс мөнгө төлөхийг шаардсан-

Мөн "Сантис" боловсролын академи ХХК-д гомдол гаргасан 40 иргэний өргөдлийн дагуу хяналт шалгалт хийжээ. Уг шалгалтаар сургалтын төлбөрийн талаарх мэдээллийг худал, зөрүүтэй мэдээлсэн байна. Үүнээс гадна оюутан тус бүрээс сургалтын төлбөрт нэмж 310.000 төгрөг төлөхийг шаарджээ.

Энэ үйлдэл нь Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8-д үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчээс хэрэглэгчид бараа, ажил, үйлчилгээтэй холбоотой худал мэдээлэл өгөхийг хориглоно. 12.9-т бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглоно.

Зар сурталчилгааны тухай хуулийн долоодугаар зүйлийн 7.2.3-т хангалттай тодорхой мэдээллийг орхигдуулан, эсхүл мэдлэг, туршлага дутмаг буюу итгэмтгий байдлыг нь ашиглан хэрэглэгчийг төөрөгдөлд оруулсан зар сурталчилгааг зүй бус зар сурталчилгаанд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон байна. "Сантис" боловсролын академи ХХК-д улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, Б.Уранзаяа нарын 40 иргэнийг 12,400,000 төгрөгөөс чөлөөлүүлж, диплом олгуулж ажилласан байна.


Х.Даваа