Энэ бол Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулга, зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёрын гуравхан хоногийн өмнө хамтдаа хальснаа буусан зураг юм. Хоёр Ерөнхийлөгчийн энэ зургийг “унших” гэж хотлоороо л оролдов. Нүдний нь харц, биеийнх нь хэлэмжийг тойроод хэсэг ярьцгаав. Сонин сонин дүгнэлт, тайлал гарав. Ямар ч байсан таатай зүйл хэлэхгүй байна.

 

Маш таагүй харилцаатай байгааг л тал талаас нь өнцөг өнцгөөрөө тайлбарлацгаалаа. Тэднээс нэг дээр нь зогтуслаа. Сонин тайлбар байв. Нэг нь “Чамайг сайхан хуурсан даа” гэжээ гэнэ. Нөгөө нь “Хуурсны чинь төлөө доороос чинь мацаж явна” гэлээ гэв. Ер нь тэгээд өмнөх Ерөнхийлөгч, өнөөгийн Ерөнхийлөгч хоёрыг ингэтэл ярихаас өөр арга байхгүй.

 

Монголын зургаан Ерөнхийлөгч дунд тэдэн шиг салж, нийлж явсан нь үгүй. Лав олны мэдэх нь 2017 он юмдаг. Тэр жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа тэднийг өмнө нь муугүй харилцаатай байсныг бүгдээрээ олж мэдсэн. Яагаав, тухайн үед Шадар сайд байсан У.Хүрэлсүх Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө “Төрийн наадамд эрлийз морь уралдуулахгүй” гэж мэдэгдэл хийдэг дээ. Тэр нь сонгуультай холбогдсон агуулга болж хувирсан. Сүүлд нь олон нийтийн сүлжээнд цацагдсан бичлэгээс тэгж ойлгосон. Х.Баттулга тэгэхэд тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон. Хэдхэн сарын дараа У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсон. Дөнгөж тамгаа гардуут нь хүлээж авч амжилт хүсч байв. Ингээд сүүлийн 20 гаруй жилд байгаагүй хачин эвтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр гарч ирсэн. Тэд 2021 оны босго давтал тэгж ажилласан. Нэгдүгээр сар шувтарч байхад нэг өглөө Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэнэтийн мэдэгдэл хийв. Тэрээр огцорлоо гэсэн. Огцрох болсон шалтгаан нь нэг талаас туйлын том, нөгөө талаасаа маш жижиг. Ковидын үе ч байсан, “Төрөх эмнэлгээс таавчигтай эмэгтэйг өөр тийш нь тээвэрлэснээс болж Ерөнхий сайд ёс зүйн хариуцлага хүлээж байна” гэсэн. Гэчихээд залгуулж хийсэн мэдэгдэл нь маш ноцтой.

 

“Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа.

 

Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна.Тиймээс би улсынхаа эрх ашгийг дээдэлдэг Ерөнхий сайдын хувьд хэлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн институт, Монгол Улсын Засгийн газар хооронд зүй бус харилцаа үүсэх вий, үүнээс болж олон түмэн үймээн самуунд турхирагдан орох вий, монгол хүний амь нас үрэгдэх вий гэж үзэж байгаа юм. Дахиж долдугаар сарын 1-ний өдөр шиг үйл явдал битгий гараасай гэж хүсч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч бол ард түмний эв нэгдлийн илэрхийлэл. Ард түмний аюулгүй байдлыг хангаж хамгаалж байх үүрэгтэй, Үндсэн хуулийн үүрэгтэй хүн. Харамсалтай нь энэ ажлуудыг хийж чадахгүй сонгуулийн ажлыг удаа дараа хийж, улс төрийн оноо авах гэсэн, ард иргэдийн сэтгэл санааг үймүүлсэн мэдээ цацаж байгааг хэвлэлийнхэн та бүгд мэднэ. Үндсэн хуулийн дагуу өнөөгийн Ерөнхийлөгчид хариуцлага тооцох ёстой гэж эрх баригч намын даргын хувьд үзэж байгаагаа илэрхийлье" гэсэн.

 

Тэгэхэд Х.Баттулгын бүрэн эрх хэдхэн сарын дараа дуусахаар болчихсон байв. 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтөөр түүний дахиад дэвших эрхийг хасчихсан юм. ЕТГ-ын дарга З.Энхболд лайг нь үүрээд үлдсэн. Гэтэл ЕТГ-ын дарга хууль санаачлахгүй, батлахгүй. Ингэсээр хавар нь У.Хүрэлсүх намаасаа нэр дэвшив.

 

Сурталчилгаа эхлэхийнх нь өмнө Ерөнхийлөгч Х.Баттулга хэвлэлд “Энэ хоёр хувь хүний асуудал ерөөсөө биш. Би юу ажигласан бэ гэхээр У.Хүрэлсүхэд нэг давуу тал байх шиг байгаа юм. За, давуу тал, эсвэл сул тал гэдгийг би мэдэхгүй юм. Гэхдээ ямар нэгэн байдлаар уул уурхай руу ороогүй. Уул уурхайн бүлэглэл рүү гар дүрж чадаагүй юм шиг байгаа юм. Харин бүлэглэлийн заавраар яваад байх магадлалтай юм шиг байгаа юм.

 

Заавраар явуулахдаа нөгөөдүүл чинь 100 жилийг ярина, намыг нь ярина. Чи бол манай удирдагч Сүх жанжины хойд дүр ч гэдэг юм уу нэг тийм юмаар хөөрөгдөөд яваад байх шиг байгаа юм" гэж ярьсан. Бидний мэдэх тэдний харилцаа нэг иймэрхүү. Энэ хүрээнд л дээрх хачин тайлбар яваад байх шиг байгаа юм.

 

Хамгийн хоржоонтой нь өнөөдөр нэг нь Ерөнхийлөгчийн сэнтий дээрээ, нөгөөх нь УИХ-ын гишүүн болоод өмнө нь тангараг өргөөд зогсож байна. Үүгээрээ ч нийтийн анхаарлыг татсан биз. Үүнийг дагаад нэг зүйл яригдлаа, “Конгрессын коридороор Ерөнхийлөгч алхдаггүй” гэдэг Америк үгийг Монголд хууль болгох нь зөв гэлцэж байна. Ерөнхийлөгч байсан хүн УИХ-д нэр дэвшээд явахыг хориглоё гэсэн санаа. Тэгээд ч манайд Ерөнхийлөгчийг “Ажил хий” гэж сонгодоггүй. Эвтэй байхыг захисан эцэг шиг хүн бай гэж л гаргадаг. Төрийн тэргүүн гэнэ шүү, бас. Тэгээд байхад л манай хэд өөрсдөө төмөр зам барьж, мод тариад давхичихдаг. Тэгэхээр тийм хууль хэрэгтэй ч байж болох юм. Түүнээс гадна Ерөнхийлөгчөө УИХ-аас сонгодог хуультай болчихвол Монгол жинхэнэ парламентын засаглалтай улс болно доо. 

 

 

Ажиглагч А.БАТБОЛД