Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, ачаа тээврийн урсгал нэмэгджээ
2024/07/18
Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн Хятадын Тяньжин боомт дахь манай улсын чингэлгийн тоо тогтмол өссөөр тавдугаар сард 6184-д хүрч, гурав дахин өсөж чингэлгийн бөөгнөрөл үүсгээд байсныг бид өмнө нь мэдээлж байсан.
Тэгвэл долдугаар сарын 16-ны байдлаар Монгол руу ачигдахаар хүлээгдэж буй 5000 чингэлэг байна. Энэ нь өмнөх саруудыг бодвол Тяньжин дахь манай улсын чингэлгийн тоо буурч, Тяньжинаас Эрээн рүү ачигдаж буй ачаа, тээврийн урсгал нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа аж.
Долдугаар сарын 1-ээс 15 хүртэлх хоёр долоо хоногийн хугацаанд Тяньжин боомтоос Эрээн рүү нийт 19 галт тэрэг буюу өдөрт 1-2 галт тэрэг явдаг болсон байна. Энэ нь өнжөөд нэг явдаг байсан үеэ бодвол галт тэргийн тоо нэмэгдэж, өдөр бүр нэгээс хоёр галт тэрэг явдаг болсныг илтгэж буй юм. Тяньжин боомтод ирсэн манай улсын чингэлгүүд дунджаар 80 хоногийн дараа Эрээн рүү ачигддаг болжээ.
Зам, тээвэр хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, Улаанбаатар төмөр зам, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны зүгээс өмнө нь удаа дараа Хятадын талд өөр өөрсдийн холбогдох сувгуудаар дамжуулан албан бичиг, хүсэлтүүдийг илгээж ирсэн ч тус улсаас тэр бүр баттай хариу ирүүлж байгаагүй.
Долдугаар сард Улаанбаатар төмөр зам Хятадын төмөр замтай импортын чингэлгийн 6000 вагон хүлээн авахаар гэрээ хэлэлцээр хийж, тохиролцсон байна. Энэ нь Хятадын талтай манай улс гэрээний дагуу импортын галт тэргийг нэмэгдүүлэх тохиролцоо хийсэн гэсэн үг. Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны зүгээс “Өдөрт импортын галт тэрэг дөрөв гэдэг тооцоо нь хэт ачаалал үүсгэх тул өдөрт хоёр галт тэрэг аялуулах талаар тохиролцсон байж болох юм. Тэгж байж Тяньжинд хуримтлагдсан ачаа, тээврийг хурдан Эрээн рүү татах болов уу гэж харж байна” гэсэн юм.
Тяньжинд хүлээгдэж буй ачаа тээврийн 75 хувь нь хуучин япон автомашин байгаа аж. Ачаа тээврийн ачигдах хугацаанаас хамаарч тээвэр зуучийн команиудад хүндрэл учирдаг. Тяньжин дахь хүлээлгийн болон чингэлэг түрээсийн хугацаа гээд нэмэлт зардлууд үүсдэг тул автомашин борлуулалтын үнэ яг тэдэн хувиар өснө гэж шууд хэлэх боломжгүйг ч тэд хэлсэн.
Улаанбаатар төмөр замын хувьд Эрээнд ирэх болон ирсэн чингэлгүүдийг тээвэрлэхэд бэлэн. Ямар ч асуудалгүй. Тэдний зүгээс тээвэр зуучийн байгууллагуудад ачаа илгээгч дундын тээвэр зуучийн компаниудтайгаа ямар гэрээ хэлэлцээр хийсэн түүнийхээ дагуу захиалгуудаа шахаж хамтарч ажиллах талаарх уриалга гаргажээ.
Автомашинаар чингэлэг тээвэрлэхэд галт тэргээр тээвэрлэхээс хурднаас гадна үнийн нэмэгдэл байхгүй. Тяньжин боомтоос Эрээн рүү авто замаар гарч байгаа чингэлгийн тоо хязгаартай байгаа нь ачааг шалгаж лацаддаг талбай нь өдөрт 20-50 чингэлэг боловсруулах хүчин чадалтайгаас шалтгаалж буй аж. Түүний хүчин чадлыг нэмэгдүүлэх талаар холбогдох байгууллагууд нь ажиллаж байгаа гэнэ.
Зочин · 2024/07/18
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh