Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн Өсвөр үеийн эмч З.Оюундэлгэртэй ярилцлаа.


-Танай кабинетаар ихэвчлэн ямар зовуурьтай хүүхдүүд үйлчлүүлж байна вэ?

-Манай Өсвөр үеийн кабинетад 10-17 хүртэлх насны хүүхдүүд үзүүлдэг. Наадмын дараагаас гэдсээр өвдлөө. Нэг, хоёр сар ханиалгалаа гэсэн хүүхдүүд их ирж байна. Нэг, хоёр сараар ханиалгаж байгаа хүүхдүүдийн хувьд эмчийн бичиж өгсөн эм, зөвлөгөөгөөр нэг хэсэг ханиад нь гайгүй болсон ч жоохон дэглэм алдахад нь л буцаад сэдэрч, цэртэй, цэргүй ханиалга болон ээлжилж солигдоод  байгаа. Харшлын шинжтэй нүд загатнах, хамар улайх, толгой өвдлөө гэсэн хүүхдүүд үзүүлж байна. Нуруугаар их өвдөөд байна гэсэн хүүхдүүд ч ирж байгаа.

-Нуруугаар өвдлөө гэсэн зовуурьтай ирж буй хүүхдүүдийн шалтгаан нь юу вэ?

-Нуруу нь өвдлөө гэж үзүүлж буй хүүхдүүдэд шинжилгээ хийгээд үзэхээр зарим нь эрдсийн буюу ялангуяа Д-гийн дутагдалд орсон байдаг. Нэг хэсэг нь нурууны мурийлттай, үе хоорондын зай нарийссан гэхээр бидний ярьдгаар нурууны суулт үүссэн хүүхдүүд байна. Тухайн хүүхдүүдийн хувьд хэт удаан хугацаагаар бөгтийж сууж хичээл хийх, бие халаалтгүйгээр гэнэт хүнд юм өргөх, дасгал хөдөлгөөн хийх зэрэг амьдралын буруу хэв маяг, дадал хэвшлээс ихээхэн шалтгаалж, нуруу нь өвдөж, суулт өгөөд байгаа. Хэрвээ нуруу нугаламдаа өөрчлөлттэй, үе хоорондох зай нь нарийсалтай байвал сэргээн засах эмчилгээгээр эмчилдэг. Цаашид дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх шаардлагатай. Хүүхдүүд амьдралын зөв хэв маягтай болсноор аажимдаа нуруугаар өвдөх эрсдлээс сэргийлж чадна.

-Ургамал, тоосонцрын харшилтай хүүхдүүд хэрхэн харшлаа сэдрүүлэхгүй байх вэ?

-Гадагш гарахдаа нүдний шил, малгай, маск зүүж гарах шаардлагатай. Гэртээ орж ирээд гадагш гарахдаа өмссөн бүх хувцсаа тайлна. Гадуур хувцсанд нь тоос, тоосонцор наалдчихдаг гэсэн үг. Гэртээ гадуур хувцастайгаа байгаад байхаар нөгөө тоос тоосонцор нь гэрээр нь тархаж, гадаа, гэрт байсан ч ялгаагүй харшил нь сэдэрдэг. Зөвхөн өглөөгүүр цонхоо онгойлгох нь зүйтэй юм. Харшил сэдэрчихсэн үед сайн унтаж, амарч, шингэн зүйл сайн уух, эмчийн зөвлөсөн харшлын эмээ ууж, дэглэмээ сайн баримтлах хэрэгтэй. Гэр бүлийн бусад гишүүд ч гэсэн гадуур өмссөн хувцсаа үүдэндээ тайлж, гэрийн хувцсаа өмсөх хэрэгтэй. Гадуур өмссөн хувцаснуудаа уутанд хийж тавина. Тэгэхгүй зөвхөн харшилтай хүүхэд л дэглэм бариад байвал харшил нь сэдэрсээр байдаг.

-Өсвөр насны хүүхдүүдийн онцлогоос дурдвал?

-Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн бойжилт явагдаж эхэлснээс хойш сэтгэл зүй болоод бие махбодод нь олон өөрчлөлт бий болж эхэлдэг. Сэтгэл санаа нь тогтворгүй болно. Бие махбодын хувьд огцом өндөр болох, бэлгийн хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг. Зарим махлаг болон удамшлын шалтгаантай охидод есөн наснаас нь бэлгийн бойжилт эхлэх тохиолдол бий. Ихэвчлэн эмэгтэй нь 10, эрэгтэй нь эмэгтэй хүүхдүүдээс нэгээс хоёр жилийн дараа буюу 12 наснаас эхлэн бэлгийн бойжилт нь явагдаж эхэлдэг. Охидод ихэвчлэн 12 настайгаас нь хөх ургаж, нэгээс хоёр жилийн дараа сарын тэмдэг ирж, суга, умдагт нь үс ургах, тааз томрох, биеийн жин нэмэгдэх зэрэг бэлгийн бойжилтын хоёрдогч шинж тэмдгүүд илэрдэг. Эрэгтэй хүүхдэд эхлээд төвөнхөд нь өөрчлөлт орно. Төвөнх томрох, дуу хоолой бүдүүрэх, төмсөг, шодой томрох, суга, умдагт үс ургах зэрэг бэлгийн хоёрдогч шинж тэмдэг илэрнэ. Энэ үед эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдийн хооллолтод анхаарах хэрэгтэй. Зарим хүүхдүүд бага хоол идсэнээсээ болоод хоол тэжээлийн дутагдалд орох, эсвэл хэт их идэж, хөдөлгөөний хомсдолтой байснаас таргалж, илүүдэл жинтэй болдог. Илүүдэл жинтэй болсноор нас биед хүрснийхээ дараа зүрх судасны болон чихрийн шижин өвчтэй болох эрсдэл өндөр. Мөн нуруугаар өвдөх, суулт өгөх эрсдэлтэй.

Мөн өсвөр насны хүүхдүүдэд батгашилт нүүрээр нь их явагддаг. Нүүр, нуруу цээжээр идээт үрэвсэл гараад байна гэсэн хүүхдүүд сүүлийн нэг сар их хандаж байна. Учир нь эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдэд эр, эм бэлгийн даавар тогтворжоогүйгээс их ялгарч байдаг. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдэд эр бэлгийн дааврын хэт их үүсэлтээс болоод нүүр болон нуруу, цээж хэсгээр тосны булчирхайны хэт их ялгарал үүсдэг. Энэ үед арьс арчилгаа, ачаалал, хооллолт, нойр зэрэгтээ анхаарах хэрэгтэй. Нүүрээ сайн цэвэрлэж, чийгшил өгөх, чихэрлэг хоол хүнс бага хэрэглэх нь зүйтэй. Чихэрлэг хоол хүнс гэхээр чихэр, жимс, ундаа гэж ойлгоод хүүхдүүд маань би бараг чихэр иддэггүй гэдэг. Сүү, цагаан будаа болон гурил, гурилан бүтээгдэхүүнийхээ хэрэглээг багасгах шаардлагатай. Эдгээр нь хоол хүнсээр дамжин хүний биед ороод ирэхээр цусан дахь сахарын хэмжээг нэмэгдүүлдэг. Үүнээс болоод нүүрэн дээр нь хэт их юм гараад байдаг талтай.

-Өсвөр насны гэлтгүй хүүхдүүд дэлгэцийн их хамааралтай байх болсон. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сүүлийн үед хүүхдүүдийн хэт их дэлгэцийн хэрэглээ, хичээлийн ачааллаас болоод нойрны хэмнэл алдагдаж, дархлаа нь суларч, батгашилт нэмэгдэж байгаа. Дэлгэцийн хэрэглээг хоногт хоёр цаг байлгахдаа 30 минут тутамд завсарлаж байх. Хүүхдүүд үүнээс дээш хугацаагаар дэлгэцийн хэрэглээтэй байснаар тархийг хэт ачааллуулж, мэдрэлийн ядаргаанд орж, шөнө нойр нь хүрэхгүй, өдөр унтах зэрэг зүйл их ажиглагдаж байна. Хэдий ачаалалтай байсан ч амралтаа зөв зохицуулж, унтах цагтаа унтаж, сэрэх цагтаа сэрдэг байх зөв дадлыг өсвөр насандаа суулгачих юм бол насанд хүрсэн ч зөв хэмнэлтэйгээр энэ дадлаараа явах боломжтой.

-Эцэг, эхчүүд өсвөр насны хүүхэдтэйгээ ойлголцохгүй байх үе бий. Энэ үед яах ёстой вэ?

-Бага насны хүүхдээ аав, ээжүүд илүү сонсож, тэдэнд их анхаарал хандуулдаг. Гол нь ээж, аав нар өсвөр насны хүүхдүүдээ сонсож сурах хэрэгтэй. Өсвөр насны хүүхдүүд юм болгоноо эцэг, эхчүүддээ хэлээд байдаггүй болохоор тэдэнд тавих анхаарал, хараа хяналт сул байдаг. Бүр их өвчний зовуурь нь хүндрээд ирэхээр л хүүхдээ дагуулж ирж үзүүлдэг. Өсвөр насны хүүхдүүд ээж, ааваасаа зөвлөгөө авах гэхээс илүү найз нөхөд, үе тэнгийнхнийхээ үгийг сонсох хандлага их. Тиймээс өсвөр насны хүүхдүүдтэйгээ аав, ээж нар илүү нээлттэй хандаж, найз шиг нь харьцаж, юу болохгүй байна вэ гэдгийг өөрөөр нь яриулах хэрэгтэй. Хэрвээ аав, ээж нь хүүхэдтэйгээ ойлголцохгүй байвал дүүрэг бүрд сэтгэл зүйч ажиллаж байгаа. Сэтгэл зүйчид хандаж, хүүхдийнхээ сэтгэл зүйн асуудлыг шийдэж болно. Сэтгэл зүйн зөвлөгөө гэдэг заавал сэтгэцийн асуудалтай хүмүүст хамааралтай биш юм. Ямар нэгэн байдлаар бид амьдралынхаа явцад сэтгэл зүйн тогтворгүй байдалд ордог. Энэ үедээ тухайн асуудлаараа сэтгэл зүйчид хандвал зөв чиглүүлэг авна гэсэн үг. Ялангуяа өсвөр насны хүүхдүүд тухайн үеийн сэтгэл хөдлөлөөрөө шийдвэр гаргадгаас үр дагавар нь сөрөг байх магадлал өндөр. Түүнээсээ үүдэн стресс, бухимдал, сэтгэл түгшилтэд орж найзуудынхаа нөлөөгөөр тамхи татах, согтууруулах ундаа хэрэглэх зэрэг буруу зуршлаар тайлах гээд байдаг.

Цаашилбал нас биед хүрсэн хойноо асуудалтай тулгарахад архинд орох, хэрэг төвөгт орооцолдох зэрэг буруу замыг сонгох эрсдэлтэй. Тиймээс энэ насандаа сэтгэл зүйн зөвлөгөө аваад уур бухимдалаа зөв гаргаж, стрессээ зөв тайлж сурах нь чухал.