“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Өв соёл” буландаа монголчуудын гэрлэх ёсон, тэр дундаа бэр шинжих уламжлалын тухай эргэн сануулж, судлаачдын байр суурийг хүргэж байна.

 

Монголын нууц товчоонд бэр шинжих ёсны тухай дэлгэрэнгүй өгүүлдэг

 

Монгол түмэн эртнээс налгар сайхан намрын улиралд өдрийн сайханд хүний сайнтай нэгэн насны жаргалыг олохоор найр хурим хийж ирсэн уламжлалтай билээ. Гэр бүл бололцох энэ үйл хэргийг төрийн хэрэг хэмээн хүндэтгэн үзэж, ач холбогдол өгч, төр хурим ч гэж нэрлэдэг байжээ.

 

Түүхэндээ олон хүчирхэг гүрнийг байгуулж явсан манай өвөг дээдэс төр улсын үндэс нь өрх гэрээс эхтэй хэмээн үзэж эвтэй найртай, бат бөх гэр бүлийг бий болгоход ихээхэн анхаардаг байжээ. Тиймээс удам судар, угсаа гарал сайтай, нэр төртэй айлаас бэр буулгахаар бага балчирт нь жил, мэнгэ махбодыг зурхайчид үзүүлдэг байсан гэнэ.

 

Мөн хүү охиныг гадаад, дотоод шинжээр нь шинжиж, хоёр талын эцэг эрийн сэтгэлд нийцсэн тохиолдолд бэлгэ дэмбэрэл нь бүрдсэн өлзийт өдөр сүй бэлэг солилцдог уламжлалтай. Энэ ёс нь монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт өв болсон уран зохиолын ноён оргил “Монголын нууц товчоон”-д дэлгэрэнгүй өгүүлдэг.

 

Нууц товчооны 66-р зүйлд, Есүхэй мэргэн Тэмүжинийг есөн настай болмогц Олхонуд аймгаас бэр гуйхаар явдаг. Замдаа Дэй сэцэнтэй тааралдахад "Нуган хүүхэд нутгаа сахиж, охин хүүхэд өнгө шилэгдэнэ гэдэг.

 

Миний гэрт очиж үз" хэмээгээд дагуулан харьдаг. Бөртэ охиныг хараад нүүрэндээ гэрэлтэй, нүдэндээ галтай охин хэмээн Есүхэй бодон өглөө нь охиныг нь бэр болгон гуйжээ. Дэй сэцэн зөвшөөрч,

 

"Олон гуйлгаж өгвөөс дээдлэгдэх

Цөөн гуйлгаж өгвөөс доромжлогдох.

Охин хүний заяа төрсөн үүдэнд өтлөхгүй билээ.

 

Охиноо өгье. Харин хөвгүүнээ хүргэдэд талбиж од" гэдэг. Энэ тухай МУИС-ийн багш доктор, дэд профессор С.Дашдэжид “Энд дурдагдаж байгаа "Хүргэдэд талбих" гэсэн үг нь ирээдүйн хадмын гэрт хэсэг хугацаанд амьдарч ирээдүйн эхнэртэйгээ ээнэгшин дасах, зан зангаа авалцах, хүргэн болох хүүгийн хүчийг авах, ажил хөдөлмөрт сургах зэрэг олон талын учир холбогдолтой. 

 

Бага балчир байхаас зан авир, хүсэл зорилгоо мэдэлцсэн хүмүүс гэр бүл бололцсон хойноо сөргөлдөх нь ховор байдаг. Мөн Монголын нууц товчоонд “багалзуур ид” гэсэн үг бий.

 

Энэ нь “эр эм болох хурим хийе” гэсэн утгатай. Гэр бүл болсон хосууд гэрлэсэн өдрөөс эхлэн гурван хоног хонины хүзүү, багалзуурыг хувааж идэх заншил одоо ч зарим газар хэвээр байна. Хүзүү, багалзуурын яс маш бат бэх хэлхээтэй байдаг тул үүгээр эр эмийг бат холбоог бэлгэддэг” гэв. Монголчуудын хувьд эртнээс жижиг гэлтгүй идэх хоол, хэлэх үгэндээ анхаарал хандуулж сайн сайхныг бэлгэддэг ард түмэн байсан нь үүнээс харагдаж байна.

 

Эхнэр нь нөхрөөсөө 1,3,8 нас дүү байвал эрхэм заяаных хэмээдэг

 

Монголын нууц товчоонд Есүхэй мэргэн Бөртийг нүд, хацраар нь шинждэг. Ингэж гадаад төрхөөр нь шинжих ёс “Эрийн сайн Хан харангуй” тууль, “Жангар”, “Хөх судар” зэрэг эртний уран зохиолд ч байдаг. Энэ тухай Судлаач Г.Эрдэнэболор “Монголчуудын бэр шинжих ёс” бүтээлдээ дурджээ. Мөн эртний уран зохиолд хийсэн гоо сайхны шалгуур үзүүлэлтийн үр дүнд нүд, уруул, хацар, гарын хуруу, хамар, хөх зэрэг эрхтэнээр шинжих нь хамгийн элбэг байсан байна. Үүнээс гадна үндэстэн ястан бүрд бэр шинжих ёс өөр байв. Үүний тухай судлаач Г.Эрдэнэболорын судалгааны ажилд иийнхүү бичсэн байна.

 

Захчин: Эцэг эх нь хүүгээ эрийн цээнд хүрч өрх толгойлох боллоо гэж үзвэл түүнийг гэрлүүлэх тухай далдуур зөвлөж, тухайн нутаг усандаа хэний сэвгэр гэр орондоо тустай, зан сайтай, унд устай, ухаан сэргэлэн болохыг ярилцаж нас, жил, мэнгэ, суудал таарах эсэхэд ихээхэн санаа тавьдаг. Харин сэвгэрийг 18 настайд нь эрд гаргах заншилтайгаас гадна эхнэр нь нөхрөөсөө 1,3,8 нас дүү байвал эрхэм заяаных хэмээдэг. Мөн охины удмын 5-7 үеийн буурлуудыг судалж, асууснаар ясан төрөл биш байвал өөрийн ёсоор “хавтгай ясны хэлтэрхий” хэмээн нэрийдэж, бэр болгон гуйхаар шийддэг.

 

Алтайн Урианхай: Алтайн урианхайн Баруун гарын Дархан бэйсийн болон Зүүн гарын итгэмжит гүний хошуудын бэр сонгох ёс хоорондоо ижил төстэй байна. Харин бэр сонгох үйл явц, цаг хугацааны хувьд харилцан адилгүй байжээ. Дархан бэйсийн хошууны Урианхай нарт эрэгтэй хүүхэдтэй айл хүүгээ 17-18 нас хүрэхэд нь өрх толгойлох боллоо хэмээн үзэж хүүгийн үеийн буюу гурав дүү буюу эсвэл гурав эгч насны сэвгэрийн дундаас удам угсаа, ааш зан, ажилсаг чанар, ах дүүсээ хүндлэх байдал зэрэг олон талаас тунгаан ярилцсаны эцэст нэгийг нь сонгон авна. Бэрийг сонгон авахдаа нийт монголчуудын нэгэн адил төрлөөс гадуур буюу заавал яс /элкин/-аас гэрлэх ёсыг хатуу баримталдаг. Зүүн гарын Итгэмжит гүний хошууны Урианхайд энэ ёс нь Баруун гарын Урианхайтай адил бөгөөд гагцхүү хүүгээ 10-14 настай байхад ирээдүйн бэрээ эртнээс урьдчилан сонгодгоороо ялгагдах ба нутаг орон, хүн зоноо сайн мэдэх амьдралын баялаг туршлагатай ахмад буурлууд, эцэг эхчүүд үүнд төдий л тулгамддаггүй. Урьдаас бодож төлөвлөөд хоорондоо хэлэлцсэн байдаг. Ийнхүү ааш зан, удам угсаа, жил мэнгээр шинжих явдал нийтлэг байна. Үүнээс гадна бэрийн үйл хөдлөл, ур чадвар мөн тоглоом наадгайгаар шинжих явдал ч байжээ.

 

Тогоо тавиулж бэр шинждэг уламжлал Бат-Өлзий суманд хадгалагдаж байна

 

Торгууд:  Торгууд ёсонд хуримын эхний гурван хоногт хадам ээж бэрийнхээ хэр уран болохыг мэдэхээр юм оёулдаг. Тухайлбал, зарим хадам эх “хадгийн ваадан” оёулна. Үүнээс харахад “хадгийн ваадан” бол тухайн айлын буян хишгийн уут учир бэрээ их хүндэтгэж, итгэж найдаж, сайшааж оёулж байсан нь илэрхий юм. Мөн Алтайн Урианхайд бэр шинэ гэрийнхээ тогоо (хайс)-г зуухан дээр тавьж цай чанана. Эхлээд хүүгийн аав, ээж, улмаар гэрт буй хүмүүст насны эрэмбээр цай аягалдаг. Энэ үйлээс эхлэн шинжих ба тогоогоо яаж тавихаас тухайн айлын өнгө төрх, буян заяа нь харагдана гэж үздэг. Бэр болох гэж буй сэвгэр сэтгэл зүрхээ шингээн байж сая нэг тогоогоо тэгш тавьдаг гэнэ.

 

Бурхны зүг харуулан тавих сайны шинж, баруун зүг рүү тавих барагдахын шинж, зүүн зүг рүү тавих хишиг дагуулсан бэр, урьд зүг рүү харуулбал уламжлал муутай бэр хэмээн бэрээ шинждэг байна.

 

Бэрийн чанасан цай буцалж эхлэхэд шанаганы ишинд хадаг уяж, ерөөл билгийн үг хэлж түүнийг бэрдээ гардуулан өгдөг. Энэхүү цай чануулах, тогоо тавиулж бэр шинждэг уламжлал нь өдгөө Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд хадгалагдаж байна.

 

Үүнээс гадна Г.Эрдэнэболор судлаачийн судалгаанд “Хүүхэн шодох ” гэх мэргэ төлгөний шинжтэй тоглоом бий тухай бичжээ. Энэхүү төлгө нь тодорхой нэг зүйл үзэхэд зориулагдсан таавар юм. Үүгээр зөвхөн хэний хүүхэн хамгийн түрүүнд хүнтэй сууж хуримаа хийхийг шинждэг.

 

Мэргэлэхдээ үхрийн сүүлний ясыг үе үеэр нь нугалан салгаад тус бүрд нь хүнтэй суугаагүй хүүхний нэрээр нэг бүрчлэн нэрлэнэ. Түүний дараа модон дээр эгнүүлэн өрөөд нохойд тавьж өгдөг. Нохой эхлээд хэний нэртэй үеийг, дараа нь алиныг авч үмхэхийг харж “тэр эхлээд хүнтэй суулаа” харин түүнийг хүн тоохгүй байна” хэмээн тоглоно. Энэ нь эцэстээ төлгө хэлбэртэй болж нэг нутгийн үе тэнгийн хүүхнүүдийн эхлээд хэн нь хүнтэй суухыг шинждэг нийтлэг зүйл болжээ. Нийгэм соёл өөрчлөгдөж буй өнөө цагт бэр шинжих эдгээр ёс уламжлал мартагдаж, ховор болсон байна. Үүнээс үүдэлтэйгээр төрөл садан, жил мэнгэ таарахгүй, худ ургийн харилцаа холбоо нийцгүй, нэгнээ гүйцэд таньж мэдээгүйн улмаас таарч тохирохгүй, гэр бүлийн бат бөх, ариун нандин чанар алдагдаж байна.

 

Пүрэв-Очирын Лхагважаргал

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин