Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.


-Бөөр, давсагны үрэвсэл буюу циститийг эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог гэдэг. Цистит хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа нь юутай холбоотой вэ?

-Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр, шээсний замын өвчин юм. Давсагны үрэвсэл дан ганц эмэгтэй хүнд ч тохиолддог юм биш. Эрэгтэйчүүд ч гэсэн давсагны үрэвслээр өвддөг. Өгсөх замын халдвар, доороосоо даарах зэрэг нь давсагны үрэвсэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг юм. Хүүхдийн давсагны үрэвсэлд гол нөлөө үзүүлж байгаа нь шингэний дутуу хэрэглээтэй шууд холбоотой. Хүмүүс шингэн гэдгийг ундаа, цай, бүх төрлийн уух юмнуудыг ойлгодог. Шингэнийг зөвхөн ус л нөхдөг. Хүүхдүүд усны хэрэглээ багатай. Мөн сүүлийн үеийн хүүхдүүдэд шээсээ тэвчих гэдэг зүйл ажиглагдах болсон. Ялангуяа хүлээн авахаар хандаж, үзүүлж байгаа хүүхдүүдийн дунд хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэгүүд түгээмэл зонхилж байгаа. Хүүхдийн өвчлөл дундаа давсагны үрэвсэл ихэсч байна.

-Бөөр шээсний замын өвчлөлөөр хүүхдүүд өвчилж байгаагийн цаад шалтгааныг тодруулбал?

-Хүүхэд шээсээ тэвчих, шингэн юм уухгүй, бодисын солилцоо явагдахгүй байгаагаас үүдэлтэй. Бодисын солилцоо гэдэг нь бие махбодид хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх, хэрэггүйг задлан зайлуулах эсрэг, тэсрэг хоёр үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх бөгөөд тэдгээрийн нэгдлийг хэлдэг. Хүн биеэсээ хороо гадагшлуулах ёстой. Шээс бол эцсийн бүтээгдэхүүн. Түүнийг биеэс гаргах ёстой байтал барина гэдэг дараагийн хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй.

-Хүүхдүүд шээсээ тэвчих болсон шалтгааныг та сургуулийн завсарлагааны цаг хангалттгүй, ариун цэврийн өрөө бохир байдаг зэрэгтэй холбон тайлбарласан байсан. Энэ талаар тодруулбал?

-Биднийг хүүхэд байхад хичээлийн их завсарлагаа 10 минут, бусад нь тав, таван минут байлаа. Тэр таван минутад ангийн бүх хүүхэд ариун цэврийн өрөө орж амждаггүй байсан. Эрэгтэй хүүхдүүд харьцангуй гайгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд шээсээ тэвчих асуудал илүү үүснэ. Хэдий цэвэрлэдэг ч гэсэн олон хүүхэд нэг дор бие засахаар үнэр танар, ариун цэвэр талаасаа горим алдагддаг. Их завсарлагаанаар ариун цэврийн өрөө  орж чадахгүй бол хичээл тартлаа шээсээ тэвчиж байх жишээний. Ихэнх хүүхдүүд ялангуяа өсвөр насны охид шээсээ маш их тэвчдэг юм билээ. Шээсээ тэвчээд байгаагийн шалтгааныг асуухаар багш гаргадаггүй, уурладаг, завсарлагаа хүрэлцдэггүй, ариун цэврийн өрөө заваан байдаг гэх шалтгаануудыг хэлдэг. Зарим үед ариун цэврийн өрөө нь цоожтой байх нь бий. Үйлчлэгч нарын зарим нь ааштай, ялангуяа бага насны хүүхдийг ариун цэврийн өрөө оруулахгүй уурладаг. Энэ мэтчилэн ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу, завсарлагааны цаг богино зэрэг нь сургуулиас хамааралтай асуудал юм. Хүүхдүүдийн хувьд өөрсдөөс, эцэг эхээс нь хамаарах зүйл мэдээж маш их. Өглөө бослоо. Өглөөний цай битгий хэл бүр балга ус ч уухгүй гэрээсээ гарч байгаа хүүхдүүд их байна. Эцэг, эх нь өөрсдөө өглөөний цай ууж хэвшиж, дадаагүй бол хүүхдүүддээ өглөөний цай уулгана гэж байхгүй. Өглөө бүр тойрч суугаад цайгаа уугаад, хүүхдэдээ ус уухыг зөвлөж байвал тэр эрүүл гэр бүл юм. Өөрсдөөс болон сургуулиас шалтгаалах зүйлүүдээ шийдээд явахгүй бол алсдаа бөөр шээсний замын эмгэгүүд үүсэх нөхцөл нь амьдралын хэвшлээс үүдэж байна.

-Бөөр, шээсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах вэ?

-Шингэний хэрэглээ маш чухал. Хэдэн зуун мянган хүүхэд дотроос уух усаа бариад явдаг нь ховор. Ээж аав нь ч уугаарай гээд ус өгөөд явуулах нь ч тийм их биш. Сургуулийн орчинд хүүхдүүдэд ус уух боломжоор хангах, бодисын солилцоо явагдаад шингэн гадагшлах нөхцөлийг мөн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдээс эхлээд эцэг, эх, багш, сургуулийн захиргаа, Боловсролын яам гээд бүхий л хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулах нь зөв юм. Эхний ээлжинд нэг ангийн түвшинд ярилцаад эмч, багш эцэг, эхчүүд хамтран туршилт хийж үзэж болно. Хүүхдүүдийн шингэний хэрэгцээ бүрэн хангагдсанаар анхаарал төвлөрөх, хичээлдээ оролцох байдалд нь ямар өөрчлөлт, үр дүн гарч байгааг судалж үзэх хэрэгтэй.

Хэрвээ та хүүхдийнхээ бөөрийг өвтгөхгүй байя гэвэл бодисын солилцоог нь сайжруул, доороос нь дааруулахгүй байх. Бөөр бол ялгаруулдаг эрхтэн. Шингэний хэрэгцээ бага байх тусам өвчлөх магадлал өндөртэй. Бусад эрхтнүүдээс бөөр рүү дамждаг өвчнүүд ч бий. Усаа л сайн уух хэрэгтэй. Шүд өвдсөнөөс болоод шууд бөөр өвдлөө гэж үзэхгүй. Гэхдээ хүний биеийн эрүүл байх тогтолцооны хамгийн гол чухал зүйл нь амны хөндий эрүүл байх явдал юм.

-Давсагны үрэвслээр өвдсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хамгийн эхэнд дутуу шээнэ. Шээсний дараа дутуу шээсэн мэдрэмж төрнө. Ойр, ойрхон дүлж шээнэ, давсаг руу шархирч, шээхэд хорсож өвдөнө. Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөнө. Бага насны хүүхдүүдийн хувьд шээж чадахгүй уйлдаг. Энэ үед нь шээсний шинжилгээ өгч, давсгандаа дүүрэн шээстэй эход үзүүлэх хэрэгтэй. Эхогоор юу үзэх вэ гэхээр давсагны бүтцийг хардаг. Давсагны доторх хана, шээс нь шингэн эсвэл өтгөн байна уу гэж үздэг. Шээсний шинжилгээгээр бактер, үрэвсэл зэрэг нь илэрдэг. Ер нь бактерын шалтгаант үрэвсэл их бий. Шээсний сүвээр бактер ороод л өгсөх замын халдвар үүсч байгаа юм. Хүүхдийн эмчдээ үзүүлж, шинжилгээний хариунд үндэслэн эмчилгээ хийлгэнэ. Шээсээ хүрэхээр л шээх хэрэгтэй. Бид ч гэсэн ажлаасаа болоод шээсээ хүрч байсныг мартчихдаг. Хүүхдүүд тоглож байгаад л шээхээ мартчихдаг. Тиймээс бага насны хүүхдийн шээс хүрэх бүрд нь эцэг, эхчүүд шээлгэж сургамаар байна. Хувийн ариун цэврийн асуудал ч яригдана.

-Цэцэрлэгийн нэг багш “Эмэгтэй хүүхдийг бие засаад, арчиж байхыг харснаас эрэгтэй хүүхдийг арчихыг харж байгаагүй ч энэ удаа харлаа” гэж ярьж байсан. Ер нь яах ёстой вэ?

-Эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүмүүсийг хараад гайхах хандлага гаргадаг л даа. Яагаад энэ нь зөв бэ гэхээр умайн хүзүүн хорт хавдар үүсгэгч папиллома вирусыг тээгч нь эрэгтэй хүн. Тэр вирус нь эрэгтэй хүний бэлэг эрхтний шодойны малгайн ар талд байж байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд сууж бие засахыг зөвлөх хэрэгтэй. Зогсож, суух нь ялгаагүй ч гэлээ сууж байгаад шээх нь түрүү булчирхайд илүү үр дүнтэй. Ариун цэврийн хувьд ч сайн талтай. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдийг багаас нь шээснийхээ дараа бэлэг эрхтнээ угааж, арчиж байхыг зааж, зөвлөх нь зүйтэй.