УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Хүний эрхийн асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна. Та Монгол Улсад хэрэгжиж буй хүний эрхийг хангах, хамгаалах асуудалд ямар дүгнэлттэй байдаг вэ?

 

-Монгол Улсын Үндсэн хуульд Монголын ард түмэн бид хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно гэж тусгасан байдаг. Хүний эрхийн асуудал бол хүмүүнлэг нийгмийн, ардчилсан нийгмийн хамгийн гол амин сүнс нь юм. Үүнээс гадна Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөний талаар маш тодорхой зохицуулалтууд бий. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хуулийн өмнө эрх тэгш байж хүн бүр эрх зүйн этгээд байна гэж хуульчилсан. Энэ хүрээнд Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэний үндсэн эдлэх эрх чөлөө, түүний баталгаатай эдлэх эрхийг хуульчлан тусгаж өгсөн.

 

Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх эрх чөлөөнд 18 эрхийг маш тодорхой хуульчилж заасан хэдий ч бодит амьдрал дээр хэрэгжихгүй байна. Хүн амьд явах эрхтэй.

 

Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах, хөдлөх, үл хөдлөх хөрөнгө авах, эзэмших, ашиглах эрхээ бүрэн хэрэгжүүлэх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхийн хэрэгжилт, хэрэгжилтийн хүрээн дэх хүний эрхийн зөрчлүүд бол нийтлэг харагддаг. Тийм учраас бид нийгэмд байгаа хүний эрхийн зөрчлийн асуудлууд дээр хамгийн их эрх зөрчигдөж байгаа асуудлууд нь юу байна вэ гэдгийг эрэмбэлж авч үзэх асуудал нэн шаардлагатай байна. 

 

- Эрэмбэлнэ гэхээр шат дараатай арга хэмжээ авна гэсэн үг үү?

 

-Тийм ээ. Төрөөс хүний эрхийг хангах хамгаалах үндсэн чиг үүргийг хуульд зааснаар төрийн бүх шатны нэгжүүд, төрийн байгууллага, төрийн албан хаагчид хэрэгжүүлэх учиртай. Түүнчлэн Монгол Улсын хүний эрхийг хамгаалах чиглэлээр бие даасан институт буюу ХЭҮК хүртэл байгуулсан. Бодит байдал дээр иргэд хүний эрхийн зөрчлийн асуудал үүсэхэд ХЭҮК бидний эрхийг хамгаална гэсэн ойлголт мэдээлэлтэй байдаг. Гэтэл орон нутагт энэ комисс маань нэг ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Энэ бол хангалттай тоо биш шүү дээ. Бүхэл бүтэн аймгийн хэмжээнд хүний эрхийн зөрчлийн асуудлыг нэг албан хаагчид хариуцуулаад үлдээх нь хэр бодитой байна вэ. Үүнийг мөн бид үнэлж дүгнэх учиртай. 

 

-Хүний эрхийн дэд хорооны хурал дээр ХЭҮК-ыг шүдтэй болгох шаардлага үүссэн тухай яригдаж байсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

 

-Би дэд хорооны хэлэлцүүлэгт суусан. Түүнээс харахад ХЭҮК-ын үйл ажиллагааг өргөжүүлэх, зөвхөн зөвлөмж хүргүүлдэг, шаардлага өгдөг байгууллага бус зөрчлийн мөрөөр тодорхой үр дүнтэй ажил хийдэг хариуцлага тооцдог байх хэрэгцээ шаардлага үүссэн. ХЭҮК-ыг шүдтэй болгох зайлшгүй шаардлагатай. Энэ асуудалд хууль тогтоогчийн хувьд анхаарч ажиллана. Хүний эрх хамгаалагчдын үүрэг оролцооны асуудлыг шинэ түвшинд хүргэх шаардлагатай юм байна гэх байр суурьтай байгаа. 

 

-Хүний эрхийн зөрчил хаана хамгийн их байна гэж та үзэж байна вэ?

 

-Бид нийтээрээ хүний эрхийн зөрчил их байна, хүний эрх зөрчигдөж байна гэж ярих боловч хүний эрхийг зөрчсөн эрх бүхий албан тушаалтан, албан хаагчид ямар хариуцлага хүлээлгэсэн тухай ярихгүй орхидог. Үүнийг бид анхаарч нүд чих тавих хэрэгтэй. Цаашдаа бид иргэн төвтэй хөгжлийн асуудлыг дэвшүүлж ажилламаар байна. Хүний эрхэд халдсан, хүний эрхийг зөрчсөн субъектүүдэд хариуцлага тооцдог системийг бодитой болгож ямар хариуцлага тооцсон, ямар үр дүн гаргасан бэ гэдгийг тухай бүр нь цэгнэж, дүгнэдэг тогтолцоо руу явах шаардлагатай. Хүний эрхийн зөрчлийн талаар олон жишээг хэлж болно. Гэхдээ жишээ гэхээсээ илүүтэй Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөний хэрэгжилт маань ямар түвшинд байна гэдгийг яг тухайлан заасан эрхийн хэрэгжилтийн хүрээнд мэргэжлийн байгууллагууд эрэмбэлж тодорхой дүгнэлт гаргаж авч үзэх зайлшгүй шаардлагатай. Тэгээд эрэмбэлчихээр эрх зөрчигдөж байгаа тэр асуудлыг шийдэхийн тулд ямар хууль эрх зүйн гаргалгаа байна вэ гэдгийг тодорхойлох боломжтой. Мөн хүний эрхийн байгууллагууд илүү нээлттэй ажиллах шаардлагатай байна. 

 

- Хүний эрх зөрчсөн албан тушаалтан, албан хаагчдад хариуцлага хүлээлгэхээс илүүтэй зөвлөмж хүргүүлээд өнгөрдөг тал бий шүү?

 

-Ер нь төрөөс хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үүргээ биелүүлэхгүй байгаа олон жишээ баримтуудыг бид нийтээрээ ярьж хэлж шүүмжилдэг.

 

Тухайлбал Улаанбаатар хотын тухайд бол агаарын бохирдол, хөрсний бохирдол нь эргээд энд оршин сууж байгаа хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх, иргэдийн дунд өвчлөл нэмэгдэх, хавдрын өвчлөлийн тоо нэмэгдэх, эх хүүхдийн хувьд бол өвлийн улиралд ханиад томуугаас эхлээд өвчлөл эрс нэмэгдэж байна. Энэ нь хүний эрхийн зөрчил юм. 

 

Дээр хэлсэн Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөний асуудал юм шүү дээ. Монгол Улсад жилд нас барж байгаа буюу амь насаа алдаж байгаа иргэдийн тоог маш олон статистикаар гаргаж ирсэн байдаг. Гэмт хэргийн улмаас иргэд амь насаа алдаж байна, зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байна, эрүүл мэндийн байдлаасаа болоод өвчлөлийн улмаас амь насаа алдаж байна. Амь насаа алдсан тоог нийт хүн амын тоотой харьцуулан авч үзэх юм бол маш өндөр үзүүлэлттэй байдаг.

 

Тэгэхээр үндсэн эрхийн хэрэгжилтийн хамгийн тулгуур гол нөхцөл болох хүний амьд явах эрхийн асуудал маань өнөөдөр ийм эмзэг байгаа учраас бид үүнд илүү анхаарлаа хандуулах нь зүйтэй. Төр иргэнийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна.

 

Тийм учраас агаарын бохирдол, хөрсний бохирдлоос гадна иргэд тав тухтай байх, түгжрэлгүй Улаанбаатар хотод амьдрах тэр бодлого үйл ажиллагаа бол нэн тэргүүнд тавигдаж байгаа. АН 2024 оны УИХ-ын сонгуульд хүний эрхийг хангуулах, тав тухтай таатай орчныг бий болгох тал дээр дэвшилттэй зүйл болгох олон хөтөлбөрийг бодлого үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Хамтарсан Засгийн газарт орсон сайдууд энэхүү бодлого хөтөлбөрөө хэрэгжүүлж үр дүн гаргах нь нэн чухал байна. 

 

-УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Олон маргаантай асуудал гарч байна. Та төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?

 

- Төсвийн асуудал хэлэлцэхээр л гишүүд тойроод хэрэлдэж маргалдаад байдаг. 76 гишүүнтэй байхад тийм л байсан. 126 гишүүнтэй болоод ч өөрчлөгдсөнгүй. Жил бүр бид төсвийн тогтвортой байдлын асуудлыг хөнддөг. Төсвийн тогтвортой байдлын зөвлөл нь өөрөө "шүдгүй арслан" шиг биш илүү хүчтэй байх ёстой. Яагаад гэхээр Улсын нэгдсэн төсвийн өөрчлөлт маш олон дахин орж ирж байна. Тухайлбал, 2021 онд гурван удаа, 2022 онд хоёр удаа, 2023 онд ингээд гурав дахь удаагаа төсөвтөө тодотгол хийх гэж байна. Сүүлийн 3-4 жил найман удаа төсөв өөрчлөгдөж байна. Энэ нь өөрөө төсвийн тогтвортой байдлын зөвлөлтэй холбоотой. Мөн төсөв тодотгож орж ирэхдээ төсөв дандаа тэлж орж ирдэг. Тэлэлт гэдэг нөгөө талаас төрийн зардал шүү дээ. Энэ зардал өсөөд байдаг гэвч бидний нүдэнд харагдаж, гарт баригдахуйц эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлүүд харагдахгүй байна. 

 

Т.БАТСАЙХАН