Д. Чулуунжав: Монголчууд минь ухаалаг, ёс зүйтэй, төв түвшин байхтун!
2024/09/09
Монголчууд бид хэн юм бэ? Бидний гарал, үүсэл хаанаас, хэдийнээс юм бэ? Биднийг юу юу ойртуулж, нэгтгэж, юу юу салгаж, холдуулж байсан юм бэ? Хүний хувьд түүх маань хэдийнээс, угсаатны хувьд түүх маань хэдийнээс, төр улсын хувьд түүх маань хэдийнээс эхэлдэг юм бэ?.. Өмнөх асуултуудын хариулт ХХ зууны эцэс хүртэл ихэнхдээ худлаа, заримынх нь хариулт одоо ч гэсэн худал хэвээрээ байна.
Маш товч хариулт хийе. Жишээ нь: Египет. Одоогоос 5-6 мянган жилийн өмнөөс түүх нь яригддаг. 5 мянга гаруй жилийн өмнө гэхэд л Египетэд фараоноор толгойлуулсан эртний, боол эзэмшигч, хүчирхэг улс байжээ.
Энэ улсыг эхлээд Азийн нүүдэлчид (3700 орчим жилийн өмнө), дараа нь ассирчууд, персүүд, грекүүд, римчүүд, арабууд, туркууд, англичууд эзэлж, эрхшээж, колончилж байжээ. Яг л иймэрхүү түүхийг Грек болон Энэтхэгийн хувьд өгүүлж болно. Гэтэл монголчууд нь XI, XII зууны үед (800-900 жилийн өмнө) хүй нэгдлийн гэх хөгжлийн түвшинд байсан гэгдэж байв. Дэлхийн бусад орны ард түмний хөгжлөөс монголчууд наад зах нь 4 мянган жилээр хоцрогдсон мэтээр үзэж, бичиж байжээ. Гэтэл Азиас ойролцоогоор 4 мянга гаруй жилийн өмнө баруун өмнөдрүү шилжин нүүдэллэсэн хүмүүс 3700 жилийн өмнө Египет хүрээд хүчирхэг фараоны цэргийг ялж эрхшээлээ тогтоожээ. Харин эртний их түүхтэй Хятад оронтой хил залган оршсоор ирсэн монголчууд болохоор тэгтлээ, бүр гээгдэтлээ хоцрогдчихсон мэт байдаг! Байж боломгүй, итгэх аргагүй, дэгсдүүлнэ, гуйвуулна гэхэд даан ч хэтэрчихсэн худал түүх бичигдэж байжээ.
Энэ бол түүх бичлэг дэх субъективизмын ижилгүй дээд илрэл, рекорд гуйвуулга юм. Иймэрдүү шинж, байдалтай гуйвуулга, худал, дэгс зүйлүүд манай нийгэм судлаачид, кино зохиолчид, шашин судлаачдын бүтээлүүдэд ч олон буй. Өнөөдөр ч энэ байдал үргэлжилсээр байна. Зөвхөн, ганцхүү, формацийн онол-аргазүйн хатуу хайрцганд бүгдийг, бүхнийг багтаан чихэх, үзэх, тайлбарлах гэсэн өрөөсгөл хандлага судлаачдаар маш олон алдаа хийлгэсэн нь түүхэн үнэн юм.
“XI, XII зууны үед хүй нэгддлийн гэгдэхээр шатанд байсан монголчууд XIII зуунд дэлхий дахиныг бараг бүхэлд нь эзэлжээ” гэх нь хэр үнэн байх билээ? Том төөрөгдөл байгаа биз?!
Эртний их соёл, уламжлал бүхий, суурин аж төрөх ёс, иргэншилтэй Хятадтай бараг зэрэг шахам төр, улсаа (Хүннү) байгуулж, хаяа залган оршиж, эн чацууран элдвээр харилцсаар ирсэн монголчуудын түүхийг санаатай, зорилготойгоор гуйвуулж, охорхон болгож, доромж нэр, хоч өгч, дураар шахам зохиомжлон худлаа бичиж байсан нь улстөрийн ч шалтгаантай, мөн танин мэдэхүйн ч шалтгаантай байжээ. Бас өшөө хорсол, хонзонгийн ч сэдэлтэй байв.
Монголчуудын түүхийг өөрсөддөө ашигтайгаар гуйвуулж бичих сонирхол Хятадын хаад, түшмэдүүдэд ч байсан, мөн Оросын хаад, түшмэдүүдэд ч байсан, бас Монголын эзэнт гүрний үеэс Европ, Азийн олон орны түүхчдэд ч буй болсон нь үнэн юм. Ялагдсан, эзлэгдсэн зарим орны түүхчид бүр аль болохоор харлуулж, харааж ч бичиж байв.
Дэлхийн түүхийн эцэг гэгдэгч Геродот, Хятадын түүхийн эцэг гэгдэгч Сыма Цян, Оросын марксист түүхчид бүгд л нүүдэлчдийн тухай үнэн мэдлэг, зөв мэдээлэл багатай байсан нь бас нэгэн үнэн болно. Шинжлэх ухааны хөгжил ч дорой, нийгмийн ухамсрын түвшин ч дорой, Ази, Европ, Африкийн аль аль нь хэн хэнийгээ таньж, судалж чадаагүй байсан болохоор Төв Азийн нүүдэлчид, тэр дундаас монголчуудын хэл, соёл, амьдрал, төр, ёсыг хэн, хэрхэн ч сайтар мэдэх билээ. Танин мэдээгүйн улмаас ямар ч том алдаа, эндүүрэл гарч болох талтай. Гарч ч байжээ.
Яг үнэндээ бол монголчуудын түүх бичлэгт гарсан бүх алдаа, дутагдал, гуйвуулгын ихэнх нь танин мэдэхүйн шалтгаан, үндэстэй байв. Ийм шинж, байдалтай алдаа, төөрөгдөл аль, ямар ч улс орны түүх бичлэгт байж л байдаг.
Энэнийг зөвөөр ойлгож, хүлцэж хандахаас өөр аргагүй билээ. Иймэрдүү байр сууринаас бичсэн, өгүүлснийг “Дэлхийн түүхийн философи”, “Монголын түүхийн философи”, “Монголын эртний түүхийн филсофи” номуудаас минь үзэхийг зөвлөж байна. Одоо энэ өгүүлэлд хэлэх гэсэн гол зүйлдээ оръё. Орчин үед, энэ XXI зуунд, олон мянган угсаатан оршиж, аж төрж буй өнөөгийн дэлхий дээр монголчууд биднийг юу юу нэгтгэж, нягтруулж, бас бусдаас ялгаруулж, бусдад сонирхогдож, үнэлэгдэж, хүндлэгдэж байхад маань туслах учиртай юм бэ? Энд юуны өмнө бидэнд байсан, одоо байгаа, байхаар барахгүй бусдад гайхагдахаар, үнэлэгдэхээр тийм зүйлүүд эхэлж дурдагдах ёстой.
НЭГДҮГЭЭРТ; Өргөн уудам говь, хээр, хангай хөвч хосолсон, ашигт малтмал, үржил шимээр баялаг газар нутаг минь, аюул заналхийлэлгүй хил хязгаар минь, унасан газар, угаасан ус минь,
ХОЁРДУГААРТ; Өнгөрснийг маань, угсаа гарвалыг маань, өвгөдийн минь амьдрал, оршил, тэмцэл, ялалтыг өгүүлсэн эх түүх маань,
ГУРАВДУГААРТ; Өвөг дээдсээс маань уламжлагдан үлдсэн эх хэл, үнэт соёл маань;
ДӨРӨВДҮГЭЭРТ; Монгол төр, ёс, нүүдэлчин иргэншил, өвөг дээдсийн маань эрхэмлэж, сахиж ирсэн хүмүүнлэг, энэрэнгүй ёс суртахуун, зан заншил маань,
ТАВДУГААРТ; Яс, цусны амин холбоо, харилцаатай монгол хүмүүс, түмэн олон минь – наад зах нь л энэ бүхэн бидэнд хайрлагдаж, хүндлэгдэж, монголчууд биднийг нэгтгэж, нягтруулж, хүчирхэгжүүлж, бусад орны ард иргэдэд ч сонирхогдож, хүндлэгдэж байх ёстой. Бид юм юмтай, сонирхолтой ард түмэн шүү!
Монгол хүн бүр эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн зан үйл, ёс суртахуунаа дээдэлдэг, сахидаг, төрийн хуулиудыг хүндэлдэг, биелүүлдэг, ямраар ч болов зөрчдөггүй байх үүрэгтэй. Тэгж байж л монголчууд бид эрхзүйт төртэй, ёсзүйт иргэдтэй, жинхэнэ ардчилсан улс болж чадна.
Одоохондоо бол Монголын нийгэмд зөвхөн дүр эсгэсэн ардчилал, хувь хувиа хичээсэн аминчхан ёс зүй л ноёрхсоор байна. Жирийн иргэдийнхээ сурах, бизнес эрхлэх, орлого олох, хангалуун амьдрах боломж бүхнийг хулгайлсан улстөрчдийг зэрлэг капитализм буй болгочихлоо. Амар, хялбараар хөрөнгөжих, хулгайлах, луйвардах, шахаа, чавчаа хийх, авлига өгөх ба авах сэтгэлзүйг залуучуудад маань хүчлэн суулгасаар байна. Мөнхөд зэрэгцэн орших хоёр хөрштэйгөө ая эвээ ололцон, хэн хэндээ ашигтайгаар хамтран ажиллах сэтгэлзүй, ухамсрыг биш, харин хоёр хөршөө элдвээр шалтаглан ад үзэх сэтгэлгээг хот, хөдөөгүй тарьсаар л байна. Энэний хариу үйлдэлд өртөж болох аюулыг мэдрэх, ойлгох ухаан, болгоомжлол ч дүр эсгэсэн ардчилагчдад алга байна. Өөрийн мэдлэгийн хэмжээ, түвшинг эс тооцон бусад улс орны эсрэг элдвийг ярих, бичих нь зөвхөн тэнэг хүнд л байдаг ааш авир юм.
Өөр юу ч чалчиж болох л доо, ганцхүү олон улсын харилцааны асуудлаар ёс зүйтэй, хамжиргаатай байх нь иргэн бүрийн журамт үүрэг юм шүү! Монголчууд бид өөрсдөө ашиг, сонирхол, эрхээ бусдад ойлгуулж, хамгаалж, тооцуулж чаддаг байх ёстой.
Өөрсдөө сэдэж, гуйж, цөөн этгээд хувиа хичээж, авлига авч, бусдыг уруу нь татаж шахуу авирласаар Монголдоо ашиггүй, бүр хохиролтой, өр зээлэнд баригдахаар гэрээ, хэлцэл хийчихээд гадны хөрөнгө оруулагчдыг харааж, зүхэх нь яг хэрэг дээрээ бол бидний өөрсдийн, Монгол талын л буруу шүү дээ! Өөрсдийнхөө бурууг өрөөл бусдад тохох, Хятадын нэг компанид хууртсаныхаа хариуд нийт хятадуудыг зүхэх, Оросын нэг бизнесменд хууртсаныхаа хариуд нийт оросуудыг зүхэх, Солонгосын нэг хөрөнгө оруулагчид хууртаад нийт солонгосчуудыг хоморголон муулж болно гэж үү? Энэнийг дээр, дооргүй ойлгох ёстой. Хууртах, хохирох, алдах, бас онох, хожих, хөгжиж дэвжих нь уул эзнээсээ өөрөөс нь шалтгаалдаг нь үнэн. Ажлаа мэдэхгүй, туршлагагүй, чадвар муутай хүнд (хүмүүст) чухал ажил хариуцуулж болохгүй, эцсийн шийдвэр гаргах эрх олгож болохгүй. Яг л нүцгэн үнэнийг хэлэх юм бол 1990 оноос хойш гарсан бүх алдаа, завхрал бол ажил хариуцсан дарга нарын л мэдлэг, чадвар, туршлагагүйнх нь үр дагавар байсан шүү дээ! Энэ гашуун үнэнийг эрх барьж, барилцаж байгаа намуудын удирдлага хүлээн зөвшөөрч, сургамж авч, хойшид давтахгүй байхыг хичээх ёстой.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Зочин · 2024/09/09
Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei boovnii nuh