Хүмүүс голдуу өөрийн мэддэг наадмыг ярьдаг. Энэ удаад би мэддэггүй наадмаа буюу ХХ зууны 20-30-аад оны наадмын тухай ярих гэж байна.

Тэр үеийн наадам жинхэнэ сайхан болдог байсан тухай эмээ, аав, ээж маань нүдэнд харагдтал ярьж өгдөг байсан юм.

Ингээд тэр тухай өөрийн хувийн цуглуулгад байгаа фото зургуудыг нотолгоо болгон өгүүлбэл илүү үнэмшилтэй болох болов уу гэж бодож байна. Танд бас сонирхолтой байх нь эргэлзээгүй…

Зураг № 1. Наадам хийх гэж Яармагийн дэнж рүү явж буй нь. 1920-иод оны үед бүтэн 1 сар нааддаг байсан гэдэг. Бүх яам газрууд Яармаг дээр гэр бариад бичиг хэрэг хамаг юмаа аваад нүүгээд очдог байсан гэдэг. Ингэхээр чинь албан хэрэг бүтээе гэвэл хотод биш, Яармаг очиж таарах болдог байж. Тэгээд нүүж яваа нь энэ байх.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0029.jpg

Зураг №2. Театрын хөгжимчид. Одооны ганган гоё хөгжимчид эднийг голж болохгүй юм. Эд нар маань л цаг ямагт бидний нүүр царайг тахалж ирсэн. Одооныхоор бол Монголын Үндэсний найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ байж байна.

Халимаг үстэй, европ хувцастай, хөгжим тоглодог, цагаан хувцастай, тухайн үедээ соёлтой хүмүүс байж байна. Эдний дундаас мондалин хөгжим бариад, юбка өмсөөд өвсөн дээр завилаад сууж байгаа хүүхэн надад их таалагддаг юм.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0030.jpg

Зураг №3. Жинхэнэ бөх. Энэ бөхийн нэрийг би мэдэхгүй. Лав л нэлээд алдартай бөх байх. Бас ясны бөх гэдэг ийм байдаг байх.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0017.jpg

Зураг № 4. Бас нэг бөх. Бас л энэ бөхийн нэрийг мэдэхгүй. Хэн нэгэн таньж магадгүй гэж зургийг оруулав.

??????????????

Зураг № 5. Гүзээгүй бөхчүүд. Энд үзүүлсэн бүх бөхчүүдэд нэг л нийтлэг зүйл байгаа. Энэ нь бүгдээрээ гүзээгүй, шалхайгаагүй байгаа юм. Манай одоогийн хэд шиг үлээсэн, хийлсэн юм огт алга байгааг бэлхнээ харж байна.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0018.jpg

Зураг № 6. Сур харваа. Сур харваа бараг тасарсан гэдэг худлаа юм байна. Энэ цэргийн дарга сүрхий харваж байна.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0032.jpg

Зураг 7. Нисэх онгоц. Наадмаар нисэх онгоц, шүхрийн спорт үзүүлдэг нь бараг заншил байсан гэж ярьдаг юм. Монголчууд онгоц хараад их баясдаг байсан гэдэг.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0016.jpg

Зураг № 8. Өндрийн үзүүлбэр. Ийм өндөр шатан дээр гараад үзүүлбэр үзүүлэхэд наадамчид дуу алддаг байсан гэдэг. Одоо ингэж үзүүлбэл усан тэнэгийг нь гайхана биз. Тэр үедээ л мундаг эд байж.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0022.jpg

Зураг № 9. Морин үзүүлбэр. Моринд дуртай монголчууд наадам болгоноор морин үзүүлбэр дуртайяа үздэг байж. Манай морин цэргийнхэн байдгаараа хичээдэг байж. Үзүүлбэр нэлээд олон янз байсны нэг нь энэхүү харайлт юм.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0020.jpg

Зураг № 10. Алсыг харагч. Яармагийн дэнжид модоор хийсэн, гараар эргүүлдэг ийм алсыг харагч байжээ. Манай ээжийг эмээ маань нэг удаа суулгасан гэдэг. “Бүүүүр хол, тэээээр тэнд” байгаа хот хүртэл харагдаж байсан гэж ээж ярьдаг. Одоо ийм юманд дээр суух хүүхэд олдох болов уу. Гэвч тэр үедээ суух гэж очерлодог байсан гэж байгаа.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0015.jpg

Зураг № 11. Зээрэнцэг шидэлт. Наадмын эргэн тойронд янз бүрийн спортын тэмцээн уралдаан болдог байж. Энэ зураг дээр өмдөө шуучихсан цэргийн нөхөр зээрэгцэг шидэж байна. Хөнгөн атлетик хөгжүүлээд болж л байна ш дээ.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0025.jpg

Зураг № 12. Тэмээтэй наадамчин.Бодвол нэлээд холоос ирсэн байх. Харсаар байтал хэнэггүй, тайван эр.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0021.jpg

Зураг № 13. Наадамчин гэр бүл.Үнэн жаргалтай гэр бүл наадамдаж байгаа харагдана. Энэ гэр бүл одооны жип унасан гэр бүлээс яав ч дутуу аз жаргалтай биш гэж санана.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0028.jpg

Зураг № 14. Хятад такси. Ийм такси хаа сайгүй байсан гэдэг. Морьтой монголчууд хажуугаар нь сүнгэнээд гардаг байж. Хааяа тансаг баагийнууд нь унадаг байж. Морь нь эрлийз, хөтөч нь бараг хүүхэд гэмээр хужаа байна.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0024.jpg

Зураг № 15. Наадмын боорцог. Наадмын боорцгыг ингэж тараадаг байж. Хувьсгал ялсан учраас тараадаг хүн нь цагаан халаат өмсөх нь мэдэээжийн хэрэг. Мөн цаана нь цагаан хувцастай дарга байна. Бас цаана нь дарга нар байгаа бололтой.

http://gankhuyag.files.wordpress.com/2014/07/ptdc0031.jpg

Ийм наадам үзсэн хүмүүс чинь “САЙХАН НААДЛАА” гэж хэлэхээс өөр яах билээ. Ийм болохоор 20-30-аад оны наадам үнэхээр сайхан болдог байжээ. Тийм биш гэж үү ?!
Та бүхэн ч гэсэн сайхан наадаарай.

Судлаач Х.Д.Ганхуяг.