УИХ-аар 2025 оны төсөв хэлэлцэж байгаатай холбогдуулан хуульч Б.Гүнбилэгээс тодруулга авлаа. 

 

-2025 оны улсын төсвийг ид хэлэлцэж байна. Зарлагын хэмжээ хэт ихсэж, төр данхайж байна гэсэн шүүмж их байна.

 

-Миний хувьд эдийн засагч биш, гэхдээ Үндсэн хуулийн эдийн засаг гэдэг сэдвийг судладаг хүний хувьд хэлмээр хэд хэдэн зүйл байна. Бидний өгч буй татварыг төрийнхөн маань хайр, найргүй гол харалтал ийш тийшээ зарцуулж байгааг хараад үнэндээ их бухимдах юм.

 

Манай төсвийн хөрөнгө оруулалтыг үнэлж эрэмбэлэх, сонгох үйл ажиллагаа нь маш явцуу байна. Хөрөнгө оруулалтыг үнэлж эрэмбэлэх, сонгох үйл ажиллагаа нь хүний юмыг зарж байгаа юм шиг үрэлгэн. Улс гэр гэдэг айл өрхтэй ижилхэн.

 

Юу хэрэгтэй вэ? гэдгээ анхлан бодмоор, бас хэнээр юуг хийлгэх вэ? гэдэг зөв менежменттэй баймаар байна. Манай төрийн зарлага их данхайж байна. Бүхий л юмыг төсвөөс санхүүжүүлдэг гаж тогтолцоо энд бүр тогтчихож. Жишээ нь сургууль, шүүх, цагдаа гээд баахан барилга санхүүжүүлж байхаар үүнийгээ нийтэд зарлаад хувийн хэвшлийнхэн барих, санхүүжүүлэх боломжийг бүрдүүлж өгмөөр байна. Төр харин хувийн хэвшлийн барьсан сургууль, шүүхийн байшинг нь тогтвортой, олон жилээр түрээслэдэг байх ёстой. Жишээ нь суман дээр сургууль, дотуур байр барих бол түүнийг нутгийн иргэд нь өөрсдөө хувь эзэмшээд, хөрөнгө оруулалт хийгээд барьж болно. Адаглаад өөрийнх нь хүүхэд тэнд сурна. Дараа нь тэр сургууль, дотуур байранд нь хүүхэд нь байгаад төгссөн бол нөгөө хөрөнгө нь үл хөдлөх болоод малчинд үлдэж түрээсийн орлогыг нь малчин авна.

 

Энд шүүхийн, эсхүл нийгмийн даатгалын ч гэх юмуу, за юу ч байдаг юм нэг төсвийн байгууллагын байшин барих бол төр газрыг нь өгөөд, хувийн хэвшилд өгчих хэрэгтэй. Хувийн хэвшил нь тэр байраа зориулалтын дагуу бариад, төрд түрээслэчих хэрэгтэй.

 

Гэхдээ төр нь өөрөө иргэн, хувийн хэвшилдээ яг зах зээлийн хэлбэрээр нь түрээсийн метр квадратаар нь төлөх дүнгээ төлж байх маш сайн хууль, гэрээг хийчих. Дээр нь ийм төрлийн буюу төрийн оролцоо багатай салбаруудыг татвараас чөлөөлөөд дэмжээд өгмөөр байна. Энэ тохиолдолд төр нэг дор гаргах мөнгөө хэмнэчихэж байгаа юм. Энэ талаар Төсөв, Барилга, Боловсролын хууль гээд өөр ямар хуулиуд байдаг тэр бүрт нь шинэчлэл хийгээд монгол иргэн, хувийн хэвшилд ашигтай байдлаар нь томьёолохгүй бол энэ янзаараа нийгмийн оюун санааны хүрээнд төр дагаж байж, ажилтай амьдралтай байна гэх сөрөг дүр улам батжина. Уг нь үүнийг дагаад хөрөнгийн зах зээл, даатгал гээд олон санхүүгийн салбарын үйл ажиллагаанууд хөгждөг.

 

-Манайхан чинь төсвийн хөрөнгө оруулалт нэрийн дор энэ олон төслөө хэрэгжүүлж, байшин савнуудаа барьж, тэрнээсээ тендер нэрийн дор авилгал авдаг гээд их шүүмжлүүлдэг.

 

-Харин тийм. Одоо энэ мега төслүүд гээд улс төрчдийн яриад байгаа том төслүүдийг хувийн хэвшилд хийх орон зайг нь, хөрөнгө оруулалт татах орчныг нь бүрдүүлээд өгчих л дөө. Тэгвэл авлига байхгүй болно шүү дээ. Манай улс чинь авлигаараа дэлхийн улсууд дотор 121-т ордог. Ийм авлигын дэвсгэр их, хяналт сул орчин дээр ийм их хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлвэл нөгөө иддэг, уудаг бүлэглэлүүд чинь л хувааж авах нь ихэснэ. Дээрээс нь метро, хиймэл дагуул гэх мэт олон төслүүдийн нэг нь л бүтэлгүйтэх, удах, авилгалд мөнгө нь гараад үрэгдэхэд улсын төсөв, инфляцид нөлөөлнө.

 

Тэр хиймэл дагуулыг 800 тэрбумаар биш, нэг хоёр зуун тэрбумаар хийж болно гээд Анар гишүүн тодорхой хэллээ. Үлдсэн 600, 700 тэрбум нь хаачих гээд байгаа юм. Идэж уух нь гэдэг хардлага хүн бүрт байна.

 

Танилцуулснаараа Н.Учрал сайд идэх гээд байгаа юм шиг нийгмийн сэтгэлзүй бүрдчихлээ. Үндэсний аюулгүй байдал талаасаа хиймэл дагуул барих нь зөв гэдэгтэй хэн ч маргахгүй байгаа боловч хэрэгцээний эрэмбэ, зардлын тооцоолол нь болохгүй байна гэдгийг нийгэм ойлгочихлоо. Дахиад нэг ЖДҮ, нүүрсний хэрэг гэдэг шиг хэрэг гарах нь. Тиймээс энэ жилдээ хиймэл дагуулыг санхүүжүүлж болохгүй. Тооцоолол, мэдээллээ тодорхой болгоод 5, 6 дахин бага төсвөөр хийх нь зөв байна. Анхдагч хэрэгцээгээ эхлээд хангасан уу? Утаанаас болоод хүн үхээд байна. Хүн үхээд байхад өр сэтгэл нь өвддөггүй, хүнээ дээдэлдэггүй, яг юугаа дээдэлдэг улс юм. Хүмүүс нь хүн биш юмуу? Улсын төлөө гэдгээ юу гэж ойлгоод байгаа вэ? гэдгээ эрх баригч нар мартчих юм. Үндсэн чухал асуудлаа шийдээгүй, эрчим хүч, дулааны асуудлаа шийддэггүй. Үндсэн асуудлаа хийхгүй болохоор гадаадын донорууд хийж өгдөг. Маш муухай, ийм байж болохгүй. Төсөв байгаад байгаа юм бол үндсэн асуудлаа шийдэх ёстой. Бас дээр нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор ногоон бизнесээ дэмжих хэрэгтэй байна. Олигтой юм алга, энэ төсвийн төсөлд.  

 

-Улс санхүүжилт хийгээд бүтэлгүйтэх болгонд юмны үнэ өсч байгаа, иргэдийн амьдралын чанарт муугаар нөлөөлнө гэдэг нь тодорхой байх.

 

-Мань мэтийн үг үнэндээ эд нарт хүрэхгүй л байх л даа. Гэхдээ тэр Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн эдийн засагч нарын дүгнэлтээ Засгийн газар нь яагаад авахгүй байна вэ? Тэр дүгнэлтийг олж уншсан. Яг л бичсэн байдаг юм байна. Төрийг данхайлгаж болохгүй ээ, ирээдүйд эрсдэлтэй. Бид нарын үр хүүхдүүдийн төлөх өр ихсэж, биднээс илүү цухалтай, биднээс илүү их ачаа үүрэх болчихоод байна. Сая засгийн газар байгуулагдаад л Үндсэн хуулийн 6.2-оо зөрчиж, төсөвтөө гарч хүрч хууль баталсан. Орлого ихэссэн бол илүү гарснаа сангууддаа хийх байсан юм.

 

Үндсэн хуулийн 5.4-т “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна” гэсэн байгаа. Зохицуулна гэдэг эдийн засгийг удирдана гэсэн үг биш. Эдийн засагт төрийн оролцоо, удирдлага ихсэх тусам Үндсэн хуулийн энэ заалтууд зөрчигдөж байна.  

 

Төр удирдаад л байвал коммунизм гэсэн үг. Энэ нь гүнзгийрээд Венесуэл, Кубын шинжүүдийг аль хэдийнээ гаргаад эхэлсэн байгаа. Ном ёсоороо бол манай Үндсэн хуулийн үзэл санаа нь засгийн газар баялаг бүтээхгүй, харин иргэд нь баялаг бүтээх ёстой. Татвараар дарамталж иргэдээ өндийлгөхгүйгээр татварын мөнгө цуглуулаад Төр түүнийг зарлагадах биш, харин татвараа хөнгөлөөд иргэд, аж ахуйн нэгжээ ажиллах таатай орчныг бүрдүүлж, иргэдээ мөнгөтэй болгох боломжийг нь бүрдүүлснээр зах зээлийн эдийн засгийг дэмжих юм. Гэтэл чөлөөт зах зээл рүү шилжинэ гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалын эсрэг төр эдийн засгийг удирддаг болчихоод байна. 

 

-Үндсэн хуулийн 6.2-т юу гэж заасан юм бол?

 

-Байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэсэн байгаа. Гэтэл байгаагаа бүгдийг нь үрж зардаг, ирээдүйд үлдэх санд мөнгө төвлөрүүлдэггүй төсвийн тодотголыг саяхан батлаад, 2025 оны төсвийг дахиад батлах гээд байна. Ирээдүйд үлдээх юмгүйгээр төсөв батлах, жаахан орлого орвол бүгдийг нь үрж зарах нь Үндсэн хуулийн 6.2-ыг зөрчиж байгаа юм. Уг нь үндсэн санаа нь хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтаар хийх боломжтой зүйлсийг татварын хөнгөлөлт, эрх зүйн зохицуулалтыг таатай болгож тэднээр хийлгэх л үүргийг УИХ, Засгийн газар хүлээж байгаа. Энэ тохиолдолд юм болгоныг төсвөөр төрийн оролцоотой хийх биш, харин хувийн хэвшлээр хийлгэх, төсвийн бүрдүүлэлт тэр дундаа байгалийн баялгаас олсон мөнгийг ирээдүйдээ хадгалах боломж бүрдэх юм. Үндсэн хуулийн 6.2-ын үндсэн тайлбар хийх эрх зүйн баримт бичиг нь Ерөнхий сайдын авторлосон Алсын хараа нь шүү дээ. Гэтэл Алсын хараагүй төсөв өргөн барьдаг болчихоод байна. 

 

-Үндсэн хуулийн 6.2-оо төсөв батлахад УИХ-ын гишүүд яагаад ярьдаггүй юм бол. Манайх сөрөг хүчингүй болчихлоо гэж иргэд их шүүмжилж байгаа. Үүнтэй холбоотой юу?

 

-Сөрөг хүчингүй болчихсон нь тодорхой байгаа биз дээ. Бүгдээрээ нэг болчихсон юм чинь, энэ улс оронд хяналт гэж байхгүй болчихоод байна. УИХ-ын гишүүд жишээ нь, ардчилсан намын ганц нэг гишүүд дуугарлаа гээд бүлэг, намаараа эрх баригч болчихсон юм чинь эрх баригчийнхаа бодлогоо дэмжээд явна шүү дээ. УИХ, Засгийн газрын харилцааны гол асуудал нь УИХ нь Засгийн газраа байгуулдаг, түүнийхээ бодлогыг дэмждэг, хянадаг. УИХ-ын олонхийн бодлогыг Засгийн газар нь хэрэгжүүлдэг. Хэрэгжүүлэхгүй бол Засгийн газар нь унадаг. Засгийн газартаа итгэл үзүүлэхгүй бол Ерөнхий сайд нь УИХ-даа надад итгэхгүй бол болих юмуу яахын гэж хэлдэг, маш тодорхой энгийн харилцаа юм. Ер нь УИХ-ын олонхи буюу эрх баригч ба Засгийн газар гэдэг нэг амьтай. Үндсэн хуульд ч яг ингэж заасан.

 

-Таныхаар бол Ардчилсан нам, ХҮН-ууд эрх баригч, олонхи гэж үү?

 

-Тийш дээ. Эрх баригч мөн. Эрх бариад яам, энэ тэрээ удирдаад, Ерөнхий сайдаа дэмжээд байгаа биз дээ. Төсвөө ийм учраас хяналтгүй батлах гээд байна. Маш их мөнгө хайран болж, урсах гээд байна. Гэхдээ заримдаа манай энэ улс бас арай л юмаа.

 

-Арай нь ч бас арай шүү. Санал нийлж байна.

 

-Саяхан орон нутгийн сонгууль боллоо. Бордюр гээд л яриад байсан. Иргэдийнхээ үгийг ч тоохгүй бордюр солиод л байх юм. Бордюрдсаар л сонгууль дууслаа. Одоо болтол л бордюраа солиод л байна.

 

Эрх ашгийн эрэмбэ хаана байна вэ? Тэр төрөх эмнэлэг, 3 ээлжээр хичээллэж байгаа хүүхдийн асуудлаас илүү л бордюр солилоо ш дээ. Төсвийн эрэмбэ гэж байхгүй. Дээрээс нь нэмээд төсвийн хөрөнгөөр чанаргүй барилга барьдаг, хулхиддаг компани, захирлуудыг ч гэсэн Эрүүгийн хуулиар илүү их чанга ял өгдөг болмоор байна.

 

Бид чинь яаж ийж байгаад болно доо гэсээр байгаад энэ улс чинь коммунист улс болчихоод байна. Юун төсвийн хяналт, төрийн зардал улам данхайх тусам эрүүл бизнесийн орчин гэж байхгүй болно. Төсвөөс л мөнгө гаргах гээд байгаа бол цаана нь том хулгай, авилгал оршино. Ерөөсөө бүгдээрээ хувийн бизнес гэдгээ болиод төрдөө, төрийн компанидаа бүгд ажилладаг болвол яасан юм. Энэ засгийн үед төсвийн зарлага урд хожид байгаагүйгээрээ тэлсэн. Энэ нь төр дагадаг цөөхөн хэдэн компанид ашигтай, бусдад нь бол дарамт болж л үлдэнэ. Монголд хувийн хэвшил үйлдвэр барих гэж зорих нь амиа хорлож байгаатай ижил гээд байгаа биз дээ. Төрийн зардал ихсэх тусам, түүнийг дагадаг төрийн албан хаагч, тэднийг дагаж амьдардаг хүмүүсийн дадал, арга барил манай эдийн засгийг улам хүндрүүлнэ. Өөрөөр хэлбэл нийгмийн оюун санааны хүрээнд маш хортой. Үүнээс гарч чадахгүй байдал руу л улам орно гэсэн үг. Нөгөө талаас нийгмийн социал хүрээнд хуучны намын гишүүн, дарга сайхан амьдардаг гэсэн хандлага бүр ноёрхоод намчин, намчны компанийнхан гэдэг жаахан өөр нэртэй хуучин байсан нийгмийн давхарга сэргэчихлээ. Үндсэн хуулийн үндсэн үзэл баримтлал нь тэр намчин анги давхаргыг байхгүй болгох шүү дээ. Энэ төсвийн зарлага тэлснээр маш муу нөлөөтэй.

 

-Одоо цаашдаа яах ёстой вэ?

 

-Цаашдаа төсвийг орлогоо хэт өөдрөгөөр харахыг хориглох, улсын өрийн хэмжээг хувьлаад тэдээс дээш өр тавьж болохгүй гээд тодорхой тоог Үндсэн хуульдаа оруулмаар санагдах юм. Бидний судлаад байгаа нийгмийн ухаанд үүнийг романтизмгүй улс төр гэдэг. Төсвөө хэмнээд, хувийн хэвшил, гадны хөрөнгө оруулалт ихсээд байвал Үндэсний баялгийн сан, тэр ирээдүйн өв сангуудад төсвөөс мөнгө ороод байна шүү дээ. Одоо худлаа өөдрөгөөр зэс, нүүрсний үнээ тавиад тэгээд бүгдийг нь төрөөр дамжуулж үрэх гээд байдаг, ийм байж болохгүй. Манай улс төрчдийн ярьдаг нь нэг ондоо, хийдэг нь бүр ондоо.

 

-Харин тиймээ. 76 байсныг 126 болгоод ер нь юу сайжрав?

 

-Хэдэн хүний дарга, гишүүн болох л мөрөөдөл биелсэн байх. Олуулаа болохоор дахиад л зардал ихсэж байгаа. Маш их мөнгөөр сонгуульд оролцсон энэ улсууд чинь зарлагаа нөхөх гээд тэгээд амаа ангайгаад суучихдаг юм болов уу даа. Тийм ч гоё сургууль төгссөн, тийм ч лаг, нутаг усандаа хайртай гээд байгаа боловч, гарч ирээд нөгөө их мөнгө зарснаа л нөхөхгүй бол бас болдоггүй юм болов уу. Мань мэт нь хараад л, дэмий бухимдаад л суух юм. Сонгуулийн хуулиа л эргэж харах хэрэгтэй. Мөнгө их гардаггүй сонгууль хийх боломжийг төр нь өөрөө хиймээр санагддаг. Энэ талаарх саналуудаа олон хэлсэн, үр дүнгүй байна. 

 

-Хамгийн гол нь иргэд өөрсдөө та бид хоёрын ярилцлагыг уншаад идэвхи гаргах, шаардах тал дээрээ сул, бодлогоо зөв сонгохгүй байх юм.

 

-Иргэдийн буруу гэхээс иргэд одоо яагаад ийм болчихов гээч.

 

-Яагаад?

 

-Иргэд хэнд итгэхээ мэдэхээ байгаад туйлдчихаад байна. Түүнээс үндсэн хэрэгцээгээ хангаж чадаагүй гэдгээ өдөр бүр мэдрээд байгаа хэрнээ чадахгүй юм байна гээд шантарчихаад байна. Энийг зөв аваад явчих улс төрийн бодлого түй алга. Гэртээ түлээгүй, идэх зүйлгүй, амьсгалах агааргүй байж байж аав нь гаднаа хамгийн үнэтэй машин аваад тавьчихсан аятай байна шүү дээ. Гэхдээ тэр мөнгө нь аавынх нь олсон мөнгө биш, нийтийн өмч байгүй юу. Мэргэжлийн хүмүүс, үндэслэл судалгаа, мэдрэмж, Үндсэн хууль гэж хөндий үг хэрэглэхээс илүүтэй хүн чанаргүй хүмүүс манай улсыг удирдаад байна. 

 

 

Ярилцсан М. Гал

sonin.mn