Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр Монгол Улсад вирус судлалын тандалт ямар байгаа талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн Вирус судлалын лабораторийн эрхлэгч Ц.Наранзул хүргэсэн юм. 

Тэрбээр хэлэхдээ "Ханиадны шалтгаанаар эмнэлэгт хандаж, үйлчлүүлсэн иргэдийн 47 хувьд нь ханиадны эмгэг төрүүлэгч илрээд байна.

Вирус илрэлтийг өмнөх долоо хоногтой харьцуулбал 15.3 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй. Амьсгалын замын вирусийн идэвхжил тодорхой хэмжээгээр нэмэгдэж байна. 

Одоогоор томуугийн вирус хараахан илрээгүй. Томуу, томуу төст өвчний шалтгаан болдог таван төрлийн эмгэг төрүүлэгч илрээд байгааг дурдъя.

  1. Аденовирус 17 хувь 
  2. КОВИД-19-ийг нөхцөлдүүлдэг SARS-CoV вирус 10 хувь
  3. Реновирус 10 хувь
  4. H томуугийн вирус долоон хувь
  5. Амьсгалын замын синцитиал вирус гурван хувьтай илрээд байна.

КОВИД болон Реновирус вирус тус тус 10 хувь илрээд байгаа нь идэвхжлийн хоёрдугаар байрыг эзэлж байна гэсэн тоон үзүүлэлт гарчээ.

Коронавирусийн халдвар үүсгэгч SARS-CoV-2 гэсэн төрлийн вирус байгаа. Энэ вирусийн халдвар нь 100 хүн ам тутамд тандалт хийж үзвэл тэдгээрийн 10 хувьд илэрч байна" гэлээ. 

"Утаа нь томуу, томуу төст өвчний халдварт өртөх, уушгины хатгаа болж хүндрэх эрсдэлт хүчин зүйл"

 

ХӨСҮТ-ийн халдвар судлагч их эмч Д.Оюунгэрэл "ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний төв улсын хэмжээнд 156 нэгжтэй. Томуу, томуу төст өвчин, амьсгалын замын цочмог хүнд халдварын тандалтыг долоо хоног болгон хийдэг.

Өвчлөл улсын хэмжээнд алаг цоог дэгдэлтийн түвшинд орвол өдөр болгон тандалт хийнэ. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргахад нотолгоо бүрдүүлж өгдөг тандалт судалгааны алба юм. Энэ албанаас тодорхой хэмжээнд тусгайлсан судалгаа, шинжилгээг хийдэг. Гэхдээ одоогийн байдлаар яг утаатай холбоотой хийгдсэн судалгаа ХӨСҮТ-д байхгүй.

Мэдээж утаа нь томуу, томуу төст өвчний халдварт өртөх, уушгины хатгаа болж хүндрэх нэг эрсдэлт хүчин зүйл мөн.

Томуу, томуу төст өвчин нь өөрийн гэсэн зүй тогтолтой, улирлын шинж чанартай өвчин. Есдүгээр сарын сүүлээс эхлэн аравдугаар сараас аажмаар нэмэгдэж, арваннэгдүгээр сараас эхлэн идэвхжлийн түвшиндээ ордог зүй тогтолтой. 

Арванхоёрдугаар сар болон нэг, хоёрдугаар саруудад өвчлөл оргил үедээ хүрдэг.

Гурав, дөрөвдүгээр сараас аажмаар буурдаг зүй тогтолтой. Бидний судалгаагаар өнгөрсөн жилийн 51 дүгээр долоо хоног буюу арванхоёрдугаар сарын сүүлийн долоо хоногуудад оргил үедээ хүрч байсан.

Энэ жил мөн адил дээрх зүй тогтолтой байх болов уу гэж тооцоолж гаргасан. 

Эмийн зохистой хэрэглээний тухайд эцэг эхчүүд дур мэдэн эмчилгээ бүү хийгээрэй. Томуу, томуу төст өвчний 95 орчим хувь нь вирусийн шалтгаантай байдаг. Тэгэхээр дур мэдэн антибиотик өгөх нь нянгийн эсрэг үйлчилгээтэй боловч вирусийн эсрэг үйлчилгээтэй биш.

Хүүхдэд тань амьсгалын замын эмнэл зүйн шинж тэмдэг илэрвэл заавал эрүүл мэндийн байгууллага, өрхийн эмчдээ хандахыг зөвлөе. Улмаар эмчийн зөвлөсний дагуу эмчилгээ хийлгэх шаардлагатай" хэмээн хэллээ.