Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр  Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ажиллалаа. 

Энэ үеэрээ тэрбээр цахим жорын талаар мэдээлэл өгсөн юм. 

Сайд Т.Мөнхсайхан "Эмнэлэгт үзүүлээд эмээ бичүүлэхэд тухайн хүнд код өгнө. Аль ч эмийн санд очоод кодоо хэлэхэд авах ёстой эмүүд нь жагсаалтаараа гараад ирнэ.

Эрүүл мэндийн байгууллагууд бараг бүгд цахимаар холбогдсон. Программ хангамжийг ашиглаж байгаа эмнэлгүүд жорын цонхтой. Үүнд ямар нэг хүндрэл үүсэхгүй. Байхгүй зүйлийг шинээр бий болгох гээгүй. Хөнгөлөлттэй 1,500 гаруй эмийг цахим жороор авдаг байсан. 

Үүнийг бүх эмийг бүх эмийн сангаас авах тогтолцоонд шилжүүлэхээр ажлаа авсан цагаасаа л ажиллаж байгаа. Үр дүнгүүд эхнээсээ гарч байна" гэлээ.

Түүнчлэн ихэнх эмийг зөвхөн эмчийн жорын дагуу олгох нь ихээхэн хүндрэлтэй байгааг иргэд хэлж буй. Тухайлбал даралт ихэссэн үед яаралтай эмээ уух ёстой байтал жор нэхэж байгаа нь хүний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулж буй тухай гомдолд сайд Т.Мөнхсайхан "Даралтны эмийг жоргүй олгодог болчихвол бүр ч их асуудал үүсэж болно. Жишээлбэл тухайн даралтны эм нь үйлчлэхээ больчихсон байхад үргэлжлүүлж уусаар байгаад харвалт өгөх, амь нас нь эрсдэх тохиолдол асар их. Ууж байгаа эм нь тохирохгүй байгаагаас даралтыг нь хэт буулгаж, зүрх судасны системийн өөрчлөлтөд орох ч тохиолдол бий. Иймээс эдгээр эрсдэлээс сэргийлж, тухайн хүний өөрийнх нь амь насыг нь хамгаалах л зорилготой.

Уудаг эм нь нөлөөлөхөө больсон, солих шаардлагатай, тунг нь нэмэгдүүлэх шаардлагатай байхад эмчид үзүүлэхгүй дураараа хуучин эмээ, тэр хэмжээгээр нь ууж хэрэглээд хүндрэлд орсон тохиолдол эмнэлгээр дүүрэн байна" гэж хариулсан юм.

11-11 төвд аравдугаар сарын 1-25-нд эмнэлгийн тусламж үйлчилгээ жортой холбоотой 759 гомдол бүртгэгджээ.

Үүний

  • 52.4 хувь нь эмнэлгийн тусламж үйлчилгээ
  • 37.4 хувь нь жороор эм олгохтой холбоотой гомдол байна.

Жортой холбоотой гомдлуудыг харвал жороор олгох эмийн жагсаалт болон эмнэлэгт ачаалал үүсгэж байгаатай холбоотой гомдол дийлэнх хувийг эзэлжээ. Харин сүүлийн 14 хоногт ирсэн гомдлуудыг харахад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, жортой холбоотой 247 гомдол ирсэн байна. Үүний 47 нь жортой холбоотой байжээ. 

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Иргэд жороор авч сурч байгаа байдал ажиглагдсан. Өрхийн эмнэлэгт үзүүлж, жор бичүүлэх иргэний тоо нэмэгдсэн. Эмчид үзүүлж зөв эмээ, тохирсон тунгаар нь авах шаардлагатайг мэддэг болсон. Байдал сайжирч байна. Олон жил явж ирсэн тогтолцоо өөрчлөгдөж байгаа учраас хугацаа орно. Иймд мэдээллээ сайн түгээх, эрүүл мэндийн боловсролыг сайжруулахад арга хэмжээ авах ёстой.

Мөн цахимаар жороо бичвэл бүх төрлийн эмийг аль ч эмийн сангаас авах боломжийг бүрдүүлнэ.

Эмнэлгүүдэд цахим жор бичих боломж бүрдсэн, эмийн сангуудад мэдээлэл очих боломж нь бүрдсэн. Иргэд эмчээсээ цахимаар жороо бичүүлж авахыг шаардаж болно. Хэрэв эмч нь цахимаар жороо бичиж өгөхгүй бол 119 дугаар дээр гомдлыг нь хүлээж аваад, тэр дор нь шийдэж өгнө. Мөн авах хэрэгтэй эм нь жортой, жоргүй олгодог эсэх нь мэдэхгүй бол 119 дугаар руу холбогдоод лавлаж болно" гэсэн юм.