Хослон амьдарч өсөж үрждэг хорвоогийн жамын илрэл, тусгал болж гэр бүл анх үүсчээ. Зарим оронд хос хун, зарим оронд хос тогорууг хосоор амьдрахын бэлгэдэл болгон дээдлэх нь буй. Үр удмаа өсгөх, үлдээх шилдэг арга, орчин болж гэр бүл “мөнхөрчээ”.

 

Гэр бүлийн үүрэг, ач холбогдлыг таньж мэдсэн, үнэ цэнийг зөв үнэлж урамшуулж, гэр бүлийн хөгжилд санаа тавьж, тусалж дэмжиж байдаг нийгэм л өөрөө хүчтэй, тогтвортой болдог. Гэр бүл хэвийн орших, амьдрахад хэрэгтэй объектив болон субъектив нөхцөлд төр засаг ямагт санаа тавьж байх ёстой.

 

Гэр бүл бол таван тив, дөрвөн далай дахь нийтлэг үзэгдэл, аливаа нийгмийн түгээмэл үндсэн нэгж юм. Наад зах нь л арваад мянган жилийн туршид энэ нэгж тогтвортой оршин буй. Энэ урт хугацааны туршид гэр бүлийн өөрийн нь бүрэлдэхүүн, бүтцэд элдэв өөрчлөлт ч их оржээ. Нүүдэл, суурьшил, эрхэлж буй аж ахуй, нийгэмд эзлэх байр суурь, хөгжлийн нь үе шат зэрэгтэй холбоотой олон олон онцлогууд ч бас байжээ. Гэр бүлийн хувьсал, хөгжлийн мөнхүү түүхэн явцыг үл өгүүлэн орхиод орчин үеийн нь зарим асуудлыг авч үзье. Аль ч улс оронд олон мянганы туршид тодорхой гэр бүлийн үүсэл, оршил, мөхөл урсгалаар явж иржээ. Энд төр засгийн хатуу оролцоо, хувь иргэдийн төлөвлөлт, шинжлэх ухааны гэгдэхээр заавар, зөвлөмж байсангүй. Тухайн бүс нутгийн, тухайн угсаатны гэгдэхээр өвөрмөц онцлогууд л харин байжээ. Тэр бүхэн нь харин түүхэн уламжлал, үндэсний хэв ёс, үнэт зүйл болон мөрдөгдөж иржээ.

 

Хүмүүс бол угтаа сүүгээр бойжигч хөхтөн амьтан болохынхоо хувьд аливаа амьтанд байдаг биологи, физиологийн үндсэн шинжүүд бүгд л хүн буй. Амьтны уг эх нь хос бэлэгтэн байсны ул мөр ч хүмүүст байгаа. Эмэгтэйлэг эр хүн, эрэгтэйлэг эм хүн ч буй. Гэрлэж хүүхэд төрүүлсэн сахалтай эмэгтэй, мөн манин гэгдэх хүмүүс ч байдаг.

 

Ингэхлээр гэр бүлийг бүтээгч эр, эм хүмүүсийн нас, биений онцлогийг ер хэрэгсэхгүй орхиж болохгүй юм. Хүйсний ялгаанд суурилсан олон чухал ялгаа буй. Гэр бүл бол урт удаан хугацаанд оршин байх тогтвортой нэгж байх шаардлагатай. Нийгэм бүхэн гэр бүлд ийм үүрэг хүлээлгэдэг. Эрэгтэй, эмэгтэй хоёрын сайн дурын холбоо болж гэр бүл үүсдэг. Үр хүүхэдтэй болсноор гэр бүл бэхжиж, хэлбэржиж, төлөвшдөг. Гэхдээ л гэр бүлийн амьдралын суурь харилцаа нь эхнэр, нөхрийн холбоо, таталцал, хамтдаа байхын хүсэл, сонирхол, хэн хэнийхээ хувьд хүлээх үүрэг хариуцлага юм. Дээр нь нэмэгдээд үр хүүхдийн хувьд хүлээх эцэг, эхийн үүрэг, хариуцлага гарч ирдэг. Энд бас гэр бүлийн хоёрын хувьд буй болдог хадмууд болон төрөл төрөгсдийнхөө өмнө хүлээх хариуцлага гэж буй. Энэ бүхнийг хийсвэрлэн орхиод зөвхөн л эхнэр ба нөхрийн холбоо, харилцааны зарим талыг бодит хүмүүсийн бэлэн жишээн дээр тулгуурлан авч үзье. 1965-2024 оны хооронд 60 жилийн дотор миний бие хот, хөдөөгийн олон арван гэр бүлийн үүсэл, оршил, мөхөлтэй холбоотой, амьд гэрч болсоор ирлээ. Олон арван гэр бүлийн өрхийн тэргүүлэгч нар бие, сэтгэлийн зовлонгоо надтай ний нуугүй хуваалцдаг байлаа. Тэр бүхнээс онцолж хэн бүхэнд тохиолддог нэг л бэрхшээл, зовлонгийн талаар энд ярих гэсэн юм.

 

Манай оронд гэрлэлтийн 80-90 хувь нь үе тэнгийнхний хооронд (нэг сургуулийнхан, нэг ангийнхан гэх мэт) болдог юм байна. Хосуудын ихэнх нь чацуу, эсвээс 4-5 насны л зөрөөтэй байх ба тэдний амьдралын эхэн болоод дунд үе нь бэлгийн амьдралын хувьд хэвийн талдаа өнгөрдөг ажээ.

 

Харин эхнэрүүдийн нь нас 50 хүрэх, гарахын цагт буюу цэвэршилтийн нь үед ихэнх хосын амьдралд харилцааны таагүй байдал эхэлж, энэ нь даамжирсаар гэр бүл салалтаар дууссан тохиолдол ч цөөнгүй гардаг юм байна. Салж сарнидаггүй юмаа гэхэд л эхнэр, нөхрийн харилцаа ихэд хөндийрч, гэр бүлд таагүй уур амьсгал ноёрхож, энэний улмаас хүүхдүүд нь ч элдвээр хэлмэгддэг ажээ. Миний ойролцоо тооцоогоор үе тэнгийн 20 хосын 80-д нь ийм бэрхшээл тохиолдож байв. Энэний цаад шалтгаан нь эмэгтэйчүүдийн 45-55 насны үед тохиолддог цэвэршилт, тэр үед буй болдог, үргэлжилдэг эмэгтэй хүний тогтворгүй, эвгүй гэж хэлж болохоор ааш авир, бухимдал, бэлгийн дур хүслийн бууралт, жийрхэлт юм. Энэ байдлаа ихэнх эмэгтэйчүүд ойлгох, тэвчээртэй хандах, зөөллөх арга, хэрэгсэл ашиглах мэдлэг, мэдээлэлгүй байдаг нь том дутагдал юм байна. Ийм цаг үе хэнд ч ирдэг, тохиолддог нь жам, хууль гэдгийг манай эрчүүдийн олонхи нь ч мөн мэддэггүй ажээ. Эхнэр, нөхөр хоёр биологи, физиологи, сэтгэлзүйн энэ зайлшгүй тохиолдох бэрхшээлийн боол болон хувирч байгааг XXI зуунд аль болохоор багасгах, бууруулах шаардлагатай байна. Энэнд тус дэм болох олон хүчин зүйл байгаа юм. Эм, бэлдмэлээр нөлөөлж, зөөллөж болно. Сэтгэлзүйн нөлөө, засал байж болно. Гол нь гэр бүл төлөвлөлтийн арга, зам, мэдлэг, мэдээлэл энд их үүрэгтэй. Энэ талын мэдлэг боловсролыг залууст зохих насанд нь олгож байх ёстой.

 

Хамтран амьдарч байгаа эхнэр, нөхөр хоёр бол тун олон талын ялгаатай, нас ахих хэрээр бие, сэтгэлзүй нь ч адилгүй байдал, хурдаар өөрчлөгддөг, дундаж наслалтын хувьд ч ялгаатай (Монголд 10 насны зөрөөтэй), бэлгийн амьдралын идэвх, чадавхын хувьд ч их өөр байдаг онцлогтой.

 

Орчин үеийн шинжлэх ухааны нотолж байгаагаар эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралын хүсэл, чадавх 20-40 насандаа дээд цэгдээ байх ба 50 насны үедээ 50 хувиар буурч, цаашдаа бүр огцом буурсаар 70-80 насандаа ноль заадаг ажээ. Харин эрэгтэйчүүдийн хувьд бэлгийн амьдралын хүсэл, чадавх нь 20-60 насандаа дээд цэгдээ байх ба 60-90 насандаа аажим буурч, 80-90 насандаа 30-40 хувьтай байж ч болдог гэнэ. Олон хүн дээр хийсэн судалгаа, ажиглалтаас үзэхэд дунджаар 50 настай эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын (эстроген) хэмжээ 80 настай эрэгтэйчүүдийнхтэй (тестостерон) адил түвшинд, мөн 60 настай эмэгтэйчүүдийнх 90 настай эрчүүдийнхтэй ижил түвшинд байжээ. Эдгээр тоон үзүүлэлтүүдээс харахад гэрлэж буй хосын насны зөрөө ахиухан байх нь олон талын (ганцхүү бэлгийн амьдралын хувьд биш!) ач холбогдолтой юм. Зарим улс оронд гэр бүл төлөвлөлтийн асуудалд хандахдаа дээрх байдлыг тооцдог. Монголчуудын хувьд үе мултраагүй бол (12 насны зөрөө) боломжтойд тооцдог байсан нь зөв л хандлага байжээ. Нөхөн үржихүйн асуудлаар ч эцэг өвгөдийн маань уламжлал үнэнд ойрхон, үнэ цэнтэй байв.

 

Эрүүл чийрэг байх, урт наслахын хувьд удам судрыг харах, цус ойртохоос сэргийлэх, “удам муут усан дотроос ч түймэрт өртдөг” гэж цэцлэх зэрэг нь амьдрал, практикаас олсон мэдлэгийн илэрхийлэл байжээ.

 

10-аад төрлийн хөхтөн амьтан (хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ, муур, нохой г.м) гаршуулж, гэршүүлж, үржүүлж, ашиглаж байсан болохоор монголчууд хүн болон амьтны талаарх мэдлэгээр бусдаас илүүрхэх талдаа байсан нь маргаангүй юм. Өрхийн аж ахуй нь гэр бүлийн хэрэгцээг бүрэн хангадаг; уртраг дагуух баруун, зүүн гар, төвийн түмтүүд нь төр улсаа бүрэн хамгаалдаг; ураг төрлөө таньдаг ухаан, уламжлал нь цус ойртохоос сэргийлдэг; харь улсаас бэр буулгах, харь улсад эрд гарахыг цээрлэж байсан нь угсаа, язгуур цэвэр, нэгдмэл байхыг батжуулж, бэхжүүлдэг; ясан болон цусан төрлийн хамаатлыг дээдэлдэг, чухалчилдаг соёл нь хүмүүнлэг, энэрэнгүй зан заншил ёс суртахууныг маань хөглөж, хөгжүүлдэг; энэ бүхэн нь нийлж найрсаад гэр бүлийн үнэ цэнийг өндөрт өргөж, салж сарних, амьдын хагацал үзэхээс гэр бүлийн бүх гишүүдийг хамгаалж байсан түүх монголчууд бидэнд бий. Соёл, иргэншлийн энэ их өв сан дээр шинжлэх ухааны үнэн мэдлэг, зөв мэдээлэлд суурилсан гэр бүл төлөвлөлтийг нэмэх аваас монгол угсаатан улам л эрүүл чийрэг, улам л оюунлаг, улам л хүмүүнлэг, энэрэнгүй болно. Төлөвлөлтийн дагуу төрсөн хүүхэд бүр эрүүл өснө, зөв хүмүүжилтэй, өргөн мэдлэгтэй иргэн болж төлөвшинө. Эцэг, эхийн нь нас, биений харьцаа ч зохистой байж, тэд хамтдаа удаан амьдарна, өвөө, эмээ болж ач, зээгээ ч дагуулна, “зуу насалж, зургаадай таяг” ч тулна.

 

Гэр бүл төлөвлөлт бол эрүүл энх, урт удаан амьдрах, наслахын нэгэн чухал хүчин зүйл юм. Залуу хүн бүр энэ талын мэдлэгтэй, төлөвлөлтийн дагуу амьдрах тэвчээр, соёлтой, хань ижлээ сонгохдоо зохих түвшинд үнэн мэдлэг, зөв мэдээлэлд тулгуурладаг чадавхтай байх нь энэ цаг үеийн шаардлага болоод байна.

 

Манай яг өнөөдрийн бодит байдал гэвэл эрчүүдийн олонхи нь эрт нас барж, эмэгтэйчүүд эмээ болон хоцорч өрх гэрийнхээ ачааг өтөл насандаа ганцаараа үүрч, жилээс жилд жижгэрсээр, хэрэндээ бас зүтгэсээр л байцгаана. Гэр бүл төлөвлөлт зөв, зохистой байх аваас эмээ нарын зовлон мөн ч их нимгэрнэ дээ!Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, өндөр настны асаргаа, сувилал зохих ёсоороо хөгжсөн оронд өвөө, эмээ нар жаргаж байдаг бол Монголд өвөө, эмээ нар өлсөж,эм тариагаа авч чадахгүй, тэтгэврийн зээл авч, бусдын гар харж өдөр, хоногийг өнгөрөөж байна... Өтөл насандаа өлсөж, зовох, харах хандах хүнгүйгээсээ болж өлбөрч, хөлдөж үхэх аюулаас өвгөд, хөгшдийг “урьдчилан сэргийлж чадаж байгаа хүч” бол элдэв төрлийн хорт хавдар юм. Жилд л хэдэн мянгаараа өвгөд маань хорт хавдраар эрт үхэцгээж байна шүү дээ! “Ардчилсан Монгол, Жаргалтай Улаанбаатар”-ын үнэн нүүр царай энэ. Урт насалж, удаан жаргаарай! гэж ерөөх нь доромжлол, басамжлал шахуу болчихжээ... Шинжлэх ухааны гүн үндэслэлтэй гэр бүл төлөвлөлт бол тухайн эрэгтэйн, мөн тухайн эмэгтэйн амьдралын мөрийн хөтөлбөр юм.

 

Гэрлэж буй наснаасаа эхлээд хорвоог орхин одох нас хүртлээ хосоороо амьдрах, үр хүүхэд төрүүлж өсгөх, ямар ажил эрхэлж, юу бүтээх зэргээ урьдчилан төсөөлж, төлөвлөх, хаана амьдрахаа ч хоёул зөвлөж шийдэх зэрэг нь орчин үед ердийн л хэрэгцээ, шаардлага, болзол болчихжээ.

 

Эрчүүдийн дундаж нас эмэгтэйчүүдийнхээс арав орчим жилээр бага байгаа бодит байдлыг ч ухаалаг эмэгтэй бол тооцох л байх. Төрүүлэх хүүхдийнхээ тоог тэдэнд боловсрол олгох, орон сууцтай болгох боломжтойгоо холбож бодох, тооцох нь ч зөв. Олон хүүхэдтэй айл байр сууцаа сургууль олонтой хороололд авах нь ч чухал.

Үйлчилгээний төв, цэцэрлэг, эмнэлэг мэтийг ч бас бодолцох ёстой. Энэчлэн бодох, тооцох, сахих, мөрдөх, сэргийлэх, зайлсхийх, таних, ашиглах, үлдээх, залгамжлуулах зүйлс мөн ч их байна даа... Энэ бүхэнд хувь хүн өөрөө, эцэг, эх, нийгэм, төр засаг бүгд л санаа тавих, сургах, сурталчлах, үүрэг хүлээх учиртай.

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав