Дундговь аймгийн хэмжээнд 2024 оны гуравдугаар улирлын байдлаар зөрчлийн шинжтэй 1152 гомдол, мэдээлэл бүртгэгджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зэрэг зөрчлийн хэргүүд ихэвчлэн үйлдэгдэж байна. Тус аймгийн Прокурорын газраас хүүхдийн эрхийг зөрчих зөрчлийг бууруулахад анхаарч ажиллаж байна. Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Нэргүйгээс тодруулаа. 

-Дундговь аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийг зөрчих зөрчлүүд хэр их гардаг вэ? 

-Дундговь аймгийн прокурорын газраас хүүхдийн эрхийг зөрчих зөрчилд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. 2024 оны эхний 10 сарын байдлаар хүүхдийн бие махбодод халдах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, хүчирхийлэл үйлдэх, үл хайхрах хүчирхийлэл үйлдэх зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Энэ нь зөрчлийн хэргийн 80 хувийг эзэлж байсан. Эдгээр зөрчлийн хэргүүдийг бүгдийг нь шийдвэрлэсэн.  

-Хүүхдийн эрхийг зөрчих энэхүү хэргүүдийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ? 

-Аймгийн прокурорын газраас нийт ерөнхий боловсролын сургуулиудын багш нарт болон эцэг, эхчүүдэд хүүхдийн эрх гэж юу вэ, хүүхдийн эрхийг зөрчих зөрчил гэж юу вэ, эцэг эх болон сурган хүмүүжүүлэгчид юунд анхаарах вэ гэдэг чиглэлээр сургалт зохион байгуулж ажилласан.  

-Хүүхдийн эрхийн зөрчил дээр хамгийн ихээр анхаарч ажиллах зүйл нь юу вэ? 

-Хүүхдийн эрхийн хэрэгжилт, эрхийг зөрчиж байгаа зөрчлүүд дээр аймгийн Прокурорын газраас судалгаа хийсэн. Судалгаа хийх явцад нэг анхаарал татсан асуудал байсан. Энэ нь шүүхийн шийдвэрээр хүүхдэд тэтгэмж тогтоогдсон боловч хугацаандаа төлдөггүй эцэг эхчүүд олон байна. Үүн дээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран ажил арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна.  

-Тэтгэмж тогтоолгосон хэдэн хүүхэд байгаа вэ. Эдгээрээс хэдийнх нь эцэг эх хугацаандаа тэтгэмжээ төлөхгүй байгаа тоог гаргасан уу? 

-Нийт 262 эцэг эх, 308 хүүхдийн тэтгэмжийг төлөхөөр шүүхийн шийдвэр гарсан байдаг. Хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй байгаа нь хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, эцэг эхчүүд тодорхой ажил төрөл эрхэлдэггүй. Эсвэл орлогогүй. Хоёрдугаарт, шүүхийн шийдвэр гарсан боловч зайлсхийдэг.  

-Хүүхдийн тэтгэмжээ төлөөгүй тохиолдолд зөрчлийн хэрэг болдог шүү дээ. Ямар тохиолдолд зөрчлийн хэрэг үүсдэг вэ? 

-Зөрчлийн тухай хуульд зааснаар хүүхдийн тэтгэлгээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд зөрчлийн хэрэг болон тооцогддог. Хүүхдийн тэтгэмжийг төлөхгүй байх нь нэгдүгээрт хүүхдийн эрхийг зөрчих, хоёрдугаарт зөрчил үйлдэгдэх шалтгаан нөхцөл болж байгаа учраас эцэг эхчүүд хүүхдийн тэтгэмжээ хугацаанд нь төлөх үүрэгтэй.  

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл Хүүхдийн эрхийг зөрчих 

6.20.6 Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.