Цаг үеийн асуудлаар Эрүүл Мэндийн Яам (ЭМЯ)-наас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр агаарын бохирдол, угаарын асуудлаар Анагаах ухааны доктор Л.Баттөр дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр хэлэхдээ "Зөвхөн нүдэнд харагдах гадаад орчны бохирдлоо бид агаарын бохирдол гэж хардаг. Гэтэл өнөөдөр Монголд гадаад, дотоод орчны агаарын бохирдол аль аль нь байгаа. 

Дэлхий нийтэд агаарын бохирдлоос үүдэлтэй нас баралтын

  • 60 орчим хувь нь гадаад орчин
  • 40 орчим хувь нь дотоод орчноос үүдэлтэй. 

Тоон үзүүлэлтээс харахад нэг жилийн дотор гадаад орчны агаарын бохирдлоос үүдэн 4.2 сая хүн дэлхийд нас барж байна. Харин дотоод орчны агаарын бохирдлын шалтгаанаар 3.2 сая хүн нас бардаг байх нь.

Агаарын бохирдол хүн амын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, эдийн засаг, нийгэмд олон сөрөг нөлөөллийг бий болгодог.

Хүүхэд өвдлөө гэхэд эцэг, эх, асран хамгаалагч нь ажлаасаа чөлөө авдаг. Ажилчид өөрсдөө өвдлөө гэхэд ажлын бүтээмж буурч, ажлаасаа чөлөө авч, үүнийг дагаад нийгэм, эдийн засагт алдагдал үүсэх нь ойлгомжтой.

Тэр битгий хэл агаарын бохирдол хүний сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл нөлөөлдөг" гэлээ. 

"Автомашины утаа, агаарын бохирдол, тамхидалт эрүүл мэндэд олон эрсдэл дагуулна"

Агаарын бохирдлоос үүдэлтэй сөрөг үр дагавар ба судалгааны талаар Анагаах ухааны доктор Л.Баттөр үргэлжлүүлэн судалгаа, мэдээлэл танилцууллаа. 



Амьсгал, зүрх судасны тогтолцооны өвчлөл, нас баралт, өвчний дарамтад гадаад орчны агаарын бохирдлын нөлөөг 2021 онд н.Энхжаргал нарын судлаачид судалжээ. 

Судалгааны үр дүн:

  • Зүрхний шигдээс өвчний 31.4 хувь
  • Тархины судасны 31 хувь
  • Уушгины хатгалгааны 18 хувь
  • Уушгины архаг бөглөрөл өвчний 13.3 хувьд нь агаарын бохирдол нөлөөлдөг болохыг тогтоосон байна. 

Агаарын бохирдол гэхээр нүдэнд харагдах гэр хорооллын яндан, уурын зуухны утааг л ярьдаг. Энэ тэргүүлэх шалтгаан мөн үү гэвэл, мөн.

Үүнээс гадна автомашинаас ялгардаг, тэр тусмаа дизель хөдөлгүүрт машинаас гардаг утаа хүний эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлдэг. Бидэнд өнөөдөр гудмаар чөлөөтэй алхах боломж ч алга. Дандаа зам дагуу алхаж хорддог. 

Хөдөлгөөнд оролцож буй нийт автомашины 75 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай байна. Тэр хэмжээгээр агаарт гаргаж байгаа бохирдуулагч ихтэй гэсэн үг.

Мөн тамхийг дурдахгүй байхын аргагүй. Монгол эрчүүдийн 50 хувь нь тамхи татдаг. Тэрийгээ дагаад дам тамхидалтад иргэд өртөж байна.

Гудамж талбайгаар тамхиа чөлөөтэй татаж, ардаа зүгээр алхаж яваа хүмүүсийг хохироодог.

Агаарын бохирдолд 65-аас дээш настай ахмадууд түлхүү өртөх эрсдэлтэй. Энэ насны хүмүүс зүрх судас, амьсгалын замын өвчлөл, халдварт бус олон өвчний эрсдэлтэй бөгөөд хавдраар өвдсөн байдаг учраас сэргийлэх нь чухал. 

Мөн 0-5 насны хүүхдүүд эрсдэлт бүлэг учраас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай бий.

Хүйтний эрч чангарч буйтай холбоотойгоор агаарын бохирдлын асуудал улам л хурцдаж байна. Шахмал түлштэй холбоотой олон судалгаа, шинжилгээ хийгдсэн байдаг. Зарим эерэг, сөрөг үзүүлэлт ч байна.

Шахмал түлш хэрэглэснээс хойш агаар бохирдуулагч гол хүчин зүйл болох PM 2.5 нарийн ширхэгтэй амьсгалын зам гэмтээдэг тоосонцрын хэмжээ буурсан. Гэхдээ бусад хийн хэмжээ хэвийн үеийнхээс нэмэгдсэн үзүүлэлт ч бий.

Дархлаа нь дарангуйлагдсан, янз бүрийн өвчин эмгэг туссан хүмүүс эрүүл мэндийн байгууллагаар их үйлчлүүлдэг тул тухайн орчинд зайлшгүй амны хаалт зүүж хэвших хэрэгтэй.

Олон хүн цугласан арга хэмжээг бага зохион байгуулах, цугласан тохиолдолд маскаа зүүж хэвших, гараа угаах зэрэг энгийн арга хэмжээг авахыг зөвлөлөө.