“Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагай: Миний амьдралд завтай цаг хугацаа гэж байгаагүй
5 цагийн өмнө
Кино урлагийн салбарт чадал чансаагаа таниулж, бүтээл бүр нь хүмүүст хүлээлт үүсгэдэг “Фантастик” продакшны жүжигчин Ж.Алтаншагайтай ярилцлаа. Түүний бүтээсэн дүрүүд нэг тийм “зэвүүн” зөрчилдөөнтэй санагддаг.
-Таныг нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлдэг залуусын нэг гэж боддог. Өнөөдрийг хүртэл та өөрийгөө хэрхэн бүтээж ирэв?
-Эх орон минь гурван эрдэнийн дархан хилтэй. Энэ дашрамд эх орныхоо торгон хилийг манаж байгаа хилчидтэйгээ “Эх орны манаа” сониноор дамжуулан уулзаж байгаадаа баяртай байна. Өглөө бүр “Монгол Улсын халдашгүй дархан хил тайван амгалан” гэж илтгэнэ гэдэг хамгийн сайхан шүү дээ. Энэ илтгэлийг өглөө бүр өгч, Монгол орны дөрвөн зүг, найман зовхист 24 цаг, долоон өдөр, 365 хоног нүд цавчилгүй хилээ манаж байгаа, бидний энэ ярилцлагыг уншиж буй нийт хилчдэдээ энэ өдрийн мэндийг хүргэе.
Хилчидтэйгээ мэндлэхгүйгээр ярина гэж юу байхав. Миний хувьд Хэнтий аймгаас Улаанбаатар хотод ирж бусдын л адил оюутан болсон хүн. СУИС-ын жүжигчний ангийг төгссөн. Миний амьдралд завтай, зайтай цаг хугацаа гэж байгаагүй. Үргэлж ажилтай, хөтлөлттэй, кино зураг авалттай, ямар нэг арга хэмжээ зохион байгуулж гүйсэн өдрүүд байлаа. Ер нь зогссон цаг хугацаа байсангүй. Энэ бүх цаг хугацаанд хөдөлмөрлөж өөрийгөө бүтээлээ дээ. Хүн ер нь их зөв зүйл хийж л завгүй байхгүй бол буруу зүйл хийгээд завгүй байх, үр бүтээлгүй завгүй байх нь маш утгагүй зүйл.
-СУИС-ыг нэлээд дэгтэй сургууль гэдэг. Ах нарын нөлөө их байв уу?
-Хүн амьдралаас мотиваци, итгэл үнэмшил, урам авдаг. Хэрэв бусдыг дуурайж байгаа бол сайн сайхан чанарыг нь дуурайх хэрэгтэй. Хүн өв тэгш биш, хүн бүхэнд л алдаа дутагдал байдаг. Зөв үлгэр дуурайлал авах нь чухал.
-Амьдралын ер нь юунаас кайф авч байна?
-Хамгийн түрүүнд гэр бүлээсээ. Гэр бүл, үр хүүхдүүдээсээ кайф авдаггүй эр хүн гэж хаа байхав. Хоёрдугаарт, би галт зэвсгийн спортоор хичээллэдэг хүн. Түүнээсээ сэтгэл ханамжийг авна. Монголд “Практик буудлагын холбоо”, “Турботур”, “Хамгаалалтын бууны холбоо” гэсэн гурван холбоо идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Хилийн цэргийн 0303 дугаар ангийнхантай олон тэмцээн, уралдаанд хамт оролцож байлаа. Тэднийг хараад маш их бахархдаг. Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбарын тамирчин, Үндэсний бөхийн тамирчин, Монгол Улсын заан, дэд хурандаа Б.Соронзонболд маш сайн буудаж Хил хамгаалах байгууллагынхаа нэрийг өндөрт өргөж байгаа. Тэр бол маш сайн буудагч. Ер нь манай хилийнхэн их сайн буудагч нар байдаг. Ийм сайхан залуучууд манай талд байгаа нь сайхан юм даа гэж би боддог юм. Хилийн цэргийн тусгай салбарт ийм сайхан залуучууд байна гэдэг чинь бахархал шүү дээ. Тийм “аймшигтай” чадвартай нөхдүүд муу хүн байсан бол яана гэж бас бодогдоно шүү.
-Буудлагын спортоор хичээллэдэг нь киноны буудалцаантай хэсэгт тоглоход маш том давуу тал болдог байх?
-Галт зэвсэг сонирхдоггүй эрэгтэй хүн гэж бараг байхгүй байх. Бараг 100-ны 10 хувь нь за төвөг дөө гэж магадгүй, харин 90 хувь нь бол сонирхоно шүү. “Түүхэн бүх цаг үед галт зэвсэг барьсан сайн эрчүүд л эх орноо хамгаалсан юм” гэдэг үг байдаг. Энхийн цагт галт зэвсэгтэй үүрэг гүйцэтгэж байгаа цор ганц салбар бол хилийн цэрэг. Шинэхэн дайчдадаа зөвлөж хэлэхэд галт зэвсгийн аюулгүй байдлыг маш сайн хангаж байгаарай. Миний зөвөлгөө өгдөг ч гэж юу байхав. Гэхдээ үүнийг сайтар анхаарна биз ээ. Хоолойндоо сумтай буу маш аюултай. Галт зэвсгийн гал хамгаалагчийг үргэлж хааж, хянаж байгаарай. Бууны гохон дээр буудлага үйлдэхээс өмнө хуруугаа ч хүргэж болохгүй. Буудлага хийх үеэр тэр чиглэлийн ойр орчны аюулгүй байдлыг харж, хянаж байх ёстой. Энэ бүхнийг манай хилчид, зэвсгийн мастерууд мэдээж хэрэг зааж зөвлөж байгаа. Гэхдээ үүнийг амьдрал дээр байнгын дадал зуршил болгох хэрэгтэй. Энэ бол таны амьдралд хэзээд хэрэг болох зүйл шүү.
-Хилч, эх оронч үзэл хандлага танд хэзээнээс төлөвшсөн бэ?
-Миний аав Хилийн цэргийн 0151 дүгээр ангид алба хаасан хүн. Бас хилчин хурандаа П.Мөнх-Эрдэнэ миний найз. Найруулагч Б.Тамираагийн аав О.Бат-Өлзий ах бас хилийн цэрэгт алба хаасан. Сонирхолтой нь тэр хүн Монгол Улсад анх удаа нохойтойгоо хамт алба хаахаар явсан байдаг юм. Хилийн цэргийн удирдлагаас тухайн үедээ “Хилд алба хаах гэсэн юм аа, би нохойгоо аваад явчихаж болох уу” гэж гуйсан гэдэг. Тэгээд овчаркаа дагуулаад хилд алба хаасан гэдэг. Би ааваасаа хилийн тухай, газар орны бүрэн бүтэн байдлын талаар ойлгож авсан.
Анх “Маш нууц I” МУСК-ны зураг авалтыг Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн дамжин өнгөрүүлэх төвд байрлаж авахуулахдаа Хил хамгаалах байгууллагатай холбогдож, хилчидтэйгээ анх танилцаж байлаа.
Түүний дараа хил дээр бараг л алба хааж зураг авалтад орсон кино бол “Байтаг богд”. Тэр түүхийг хэзээ ч мартаж болохгүй, хойчийн залуучууд үргэлж санаж явах ёстой. Би Байтаг богдын гурван баатрын нэг БНМАУ-ын баатар Бэгзийн Гивааны дүрд тоглосон. Би энэ дүрээрээ маш их бахархаж явдаг. Үргэлж санаж явдаг дүрийн минь нэг бол яах аргагүй Б.Гиваан баатрын дүр л дээ. Байтаг богдод зураг авалтууд хийгдсэн. Би Б.Гиваан баатрын заставт очиж үзсэн. Намайг хүндэтгэн хүлээж авсан. Ангийн захирагчаасаа эхлээд заставын нохой нь хүртэл эгнээд зогсчихсон байхыг хараад өөрийн эрхгүй эр хүний нулимс гардаг юм билээ. Манай хилчид үнэхээр гайхалтай ажиллаж амьдардаг. Их сонирхолтой амьдрал байдгийг би нүдээр үзсэн. Хоёр, гурван дээд сургууль төгсчихөөд нөхрөө дагаад эх орныхоо хилд ажиллаж, амьдарч байгаа гэргийг харж байлаа. Хилийн манаанд өдөр шөнөгүй, нүд цавчилгүй явж байгаа хилчин дайчдаа харж бахархаж байлаа. Үнэхээр эх орноо хайрладаг, эх орноороо бахархаж огшдог хүмүүсийн л хийдэг ажил юм билээ. Ингэж л “Байтаг богд”-оор хилчидтэйгээ илүү ойртсон доо.
-Хилийн цэрэгт алба хаахаар татагдан ирсэн залуучуудад цэргийн дамжин өнгөрүүлэх төвд “Байтаг богд” МУСК-г үзүүлж байсан л даа. Хилийн цэрэг ийм байдаг, тийм байдаг гэж ярихаас илүү тус уран бүтээлийг үзүүлэхэд “За хурдхан явж хилээ маная” гэцгээж байсан. “Бүх урлагийн дотроос кино урлаг хамгийн чухал нь” гэдэг дээ. “Байтаг богд” шиг хилийн сэдэвтэй уран бүтээл дахин төрөх хүлээлт бий. Энэ тал дээр та юу хэлэх бол?
-Одоогоор ёстой мэдэх юм алга. Магадгүй “Маш нууц III” хийгдэж болох юм. Ер нь “Байтаг богд” МУСК бол хилийн түүхэнд болж өнгөрсөн тулгаралт, байлдааны нэг л жишээ шүү дээ. Халхын голын дайн, орчин цагийн мэдээллийн дайны талаар ярих юм бол асар баялаг юм бий. Нууцын жагсаалтаас гарсан үйл явдлын талаар кино хийж болох л байх. Бидний мэдэх, мэдэхгүй маш олон баатар хилчдийн түүх бий. Эх орныхоо дархан хилийг хамгаалахад өөрийн амь нас, бүх зүйлийг зориулж хилийн шугам руу нэг ч дайсныг нэвтрүүлэлгүй хилээ авч үлдсэн гайхамшигтай хилчдийн түүх олон. “Хойч үе минь та нарыг цахлай нисэхийг хараг гэж 20-тойдоо бид хорвоогоос явсан юм шүү” гэж нэг айхтар үг бий. Хилчид эх орноо хамгаалж байна гэдэг юугаар ч сольшгүй маш том үнэт зүйл.
-Манай хилийнхний ажил, амьдралын онцлогийг та хэрхэн хардаг вэ?
-Эх орныхоо хилд алба хааж, харуулын цамхаг дээрээс өглөөний нар мандахыг харахад нас залууждаг гэж ярьдаг. Энэ үнэн. Хил дээрээс та бүхэн хамгийн үзэсгэлэн төгөлдрөөр, хамгийн гайхамшигтай бахдал омогшлоор дүүрэн эх орноо хардаг. Үүнийг мэдэрсэн бол та азтай байна. Хил дээр алба хааж байгаа хугацаат цэргийн алба хаагчдад хэлэхэд, “Та амьдралдаа хэзээ ч мартагдашгүй хамгийн сайн сайхан зүйлийг үзэж харж авлаа. Танаар би бахархаж байна”. Мөн гэрээтээр алба хааж байгаа залуучууд байна шүү дээ. Эхнэр хүүхдээ аваад оччихсон офицер, ахлагч нар байна. Та нараар Монгол Улс үеийн үед бахархана. Та нарын нэр, удам судар Монгол Улсын түүхэнд алтан үсгээр бичигдэх болно. Өөрийн залуу нас, хийж бүтээж чадах бүх зүйлийг эх орныхоо төлөө зориулж байгаа залуучууд бол өнөөдөр хил дээр байгаа залуучууд. Ангийн захирагч нар, штабынхан, соёлын чиглэлийнхэн, тогооч нар, энгийн ажилтнууд бүгд үүнд хамаарна. Тэд чинь бүгдээрээ, морь нохойтойгоо нийлж байгаад л хилээ хамгаалж байгаа шүү дээ. Энэ бол гайхамшиг. Та нараар үнэхээр бахархаж байна. Хүн энэ амьдралд өөрийн чадах зүйлийг л хийх юм даа. Энэ бол таны бурхнаас заяагдсан гэж хэлж болох хувь тавилан. Таны нэр Монгол Улсын орчин цагийн түүхэнд хэзээ ч мартагдахааргүй алтан үсгээр бичигдэх болно. Яг алтан бал гаргаж ирээд бичихгүй ч гэлээ миний бодлоор та нарын түүх алтаар бичигдэнэ.
-Хилийн шугам дагаад давхиж явах үед танд ямар бодол орж ирж байв?
-Тэр бол үнэхээр юугаар ч сольшгүй гайхамшигтай мэдрэмж. Энэ шугамаас цааш ОХУ-ын нутаг. Үүнээс цааш БНХАУ-ын нутаг. Харин энэ бол манай эх орны торгон хил гэхэд л яалт ч үгүй хүний сэтгэл огшиж, хоолой зангирч, нүд сэргэдэг. Хилээ харахаар цаанаасаа сонор, соргог болчихдог юм билээ. Хэн ч “Чи очоод огшоорой” гэж хэлэхгүй шүү дээ. Харин хилээ хараад хүн өөрийн эрхгүй “Хил зөрчигч ороод ирэх вий” гэж бодож анзаарч эхэлдэг юм билээ. Тийм учраас хилчид маань өглөө бүр Монгол Улсынхаа төрийн дуулалтай хамт ХХЕГ руу “Монгол Улсын дархан хилд гарсан зүйлгүй тайван” гэж илтгэдэг. Энэ үг бол маш хүчтэй, маш сайхан үг. Өөрөө нүдээрээ харж, хамгаалсан эх орноо тайван байна гэж илтгэнэ гэдэг гайхамшиг. Энэ бол хамгийн гоё мэдрэмж. Орчин цагт станцаар мэдээ өгчихдөг байх л даа. “Байтагбогд” киноны төгсгөлд манай 10 баатар алалцаад үхэх нь үхээд, амьд үлдэх нь үлдээд, шархтах нь шархтаад их цэрэг ирэхэд “БНМАУ-ын дархан хил тайван” гэж илтгэдэг. Энэ бол гайхамшигтай үг. Ямар ч монгол эр хүн энэ үгийг сонсоод огших байх.
-Хилчид өдөр бүр ахлах даргадаа тайвнаа илтгэдэг. Сонсох бүрд хамгийн сайхан мэдрэмж төрдөг шүү.
-Үнэхээр гоё. Би нэг удаа Сэлэнгэ аймагт газар орны байрлал сайн мэдэхгүй, айл амьтан эрж яваад хилийн бүсэд дөхөөд оччихсон юм билээ. Тэгэхэд цан хүүрэг татуулчихсан, хилчин дээлтэй, морьтой гурван хилчин “Монгол Улсын хилчид байна. Та улсын хилийн зурваст нэвтэрсэн байна” гээд л давхиад гараад ирсэн. Хүйтэн шөнө шүү дээ. Хорин хэдхэн настай залуухан хилчид. Миний дотор шууд л зангираад явчихсан. Тэгээд машинаасаа би буугаад очсон. “Амрыг эрье” гээд мэндэллээ. Ямартай ч жүжигчин хүн байна гэж таниад байгаа бололтой. “Та тийшээ чиглээд яваарай. Хэрэв төөрөөд зүг чигээ олохгүй бол манай заставт очоорой” гээд л зааж зөвлөж өгсөн. Бид гадаад руу их олон явдаг. МИАТ-ынхаа онгоцонд суугаад эх орондоо газардахад, хилийн шалганыхан “Сайн явж ирэв үү. Эх орондоо тавтай морил” гэж угтдаг. Манай хилийнхэн ингэж мэндлэх нь үнэхээр гоё мэдрэмж төрүүлдэг. Ялангуяа гадаадад урт удаан хугацаагаар ажиллаж, амьдарч байгаад ирсэн монголчуудад маш содон мэдрэгддэг. Би хүмүүсийг эх орныхоо дархан хилээр нэвтрэхдээ хилийнхэнтэйгээ маш хүндэтгэлтэй харьцаасай гэж боддог. Зарим нь их ууртай, албатай юм шиг харьцаж байгаа харагддаг. Тийм ээ, тийм бид энэ эх орны эзэн. Үнэн. Гэхдээ таны өөдөөс хараад сууж байгаа дүрэмт хувцастай хилчин шалгагч эх орныхоо дархан хилийг манаж суугаа хүн юм шүү. Тэд чинь агаарын хилийг манаж суугаа хүн шүү дээ. Зөвхөн таны паспорт дээр штамп дарах гэж суугаа юм биш.
-“Цөвүүн цаг” МУСК нээлтээ хийж байна. Шинэ уран бүтээлийнхээ талаар товчхон танилцуулахгүй юу?
-Энэ бол өнгөрсөн зуны уран бүтээл. МУГЖ О.Бат-Өлзий ахын найруулсан, Б.Тамираагийн хамтарсан, миний бие тоглосон “Цөвүүн цаг” нэртэй кино. Үйл явдал нь 1912-1927 оныг хамардаг, монголчууд тухайн цаг үед хэрхэн хүнд бэрхийг туулсан тухай бодит түүхээс сэдэвлэсэн уран бүтээл.
-Хилчид сүүлийн үед нэлээд техникжиж байгаа шүү дээ. Энэ талаар ямар нэг мэдээлэл авч байв уу?
-Хил хамгаалах байгууллага өнөөдөр Монгол Улсын дархан хилийг асар өргөн хэмжээнд орчин цагийн техник тоног төхөөрөмжид суурилсан мэргэжлийн хилчдээр хамгаалж байна. Манай дархан хилийг тийм ч амар нэвтрэхгүй. Энэ хилийг үеийн үед, үрийн үрд эх орны баатарлаг охид, хөвгүүд манаад ирсэн юм. Одоо ч манасаар байна, цаашид ч манана. Монгол эх орон байсан цагт, хилийн шугам байна. Энэ хилийн шугам байсан цагт хилчид эх орноо манасаар байх болно. Үүнийг би үр хүүхдүүддээ ч хэлдэг. Би ямар азаар “Байтагбогд” МУСК-нд тоглосон юм. Үүнийг би их хувь тавилан гэж боддог.
Манай хилчид нэг секунд, 24 цаг, долоон өдөр, 365 хоногт нэг ч нүдээ цавчаагүй шүү. Хэзээ ч цавчихгүй. Тийм учраас дархан хилийг минь тийм амархан зөрчихгүй. Монгол Улсын хилийг хамгийн шилдэг бие бялдартай, хамгийн шилдэг оюун ухаантай, хамгийн хурц соргог, мэргэжил чадвараараа шилэгдсэн аавын хүү, ээжийн охин манаж байгаа.
Шилдэг генералууд, шилдэг хурандаа нар хил хамгаалах албыг удирдаж, зөв залж чиглүүлж байна. Шилдэг офицер ахлагч, ажилтан алба хаагчид үүргээ чадварлаг гүйцэтгэн ажиллаж байна. Тийм учраас би гэртээ тайван унтдаг. Тэгж бодохгүй байна л даа, хэрэв хэзээ нэгэн цагт эх орны дархан хил дуудвал хэзээд бэлэн. Монгол Улсын дархан хил дээр үүрэг гүйцэтгэхдээ морио унаад, мотоциклоо асаагаад, дроноо жолоодоод, автомашин, усан завиа бариад явж байгаа залуучууд сөрөн тэсвэрлэх чадвар асар чухал гэдгийг үргэлж бодож байх хэрэгтэй. Энэ бол таны хэр соргог байхаас, таныг зэвсгээ хэр сайн эзэмшихээс, хэрхэн биеэ авч яваагаас, хэр сайн хувийн зохион байгуулалттай байгаагаас, дарга цэргийнхээ үгэнд хэр сайн орохоос шалтгаалдаг эд. Удирдлага бол удирдлага. Цэргийн байгууллагыг босоо удирдлага нь авч явдаг. Даргын үг бол даргын үг. Түүнийг хүндлэх хэрэгтэй. Хүнийг үргэлж сонсох хэрэгтэй. Ер нь цэргийн хүнд “мэдлээ, гүйцэтгэе” гэдэг үг л үйлчилдэг. Үүнийг ёс төртэйгөөр хэлэх хэрэгтэй. Нэр хүндтэйгээр “мэдлээ, гүйцэтгэе” гэж хэлдэг байх хэрэгтэй. Тэгсэн цагт таны амьдрал нэг их буруу явахгүй ээ. Хүмүүс цэргийн дарга гэхээр л хүн зодоод байдаг гэж боддог юм шиг байгаа юм. Гэтэл тийм юм байхгүй шүү дээ. Юм олон талтай. Хуучин цагт тийм байсныг үгүйсгэхгүй. Би хажууд нь лаа бариад зогсож байгаагүй учир мэдэхгүй юм. Гэхдээ орчин цагт үүрэг гүйцэтгэж байгаа залуучуудын хувьд тийм зүйл огт байхгүй гэж найдаж, ойлгодог.
-Танаас дахиад олон асуулт асуумаар байвч дараагийн төлөвлөгдсөн ажлыг нь хүндэтгээд энэ хүрээд яриагаа өндөрлөе дөө. Цаг гарган ярилцсанд маш их баярлалаа.
-Монгол Улсын хэн ч халдашгүй дархан хилийн манаанд өөрийнхөө залуу нас, халуун цусыг зориулж яваа Хил хамгаалах байгууллагын эрхэм алба хаагч танд ажлын өндөр амжилт хүсье. Тантай хамт торгон хилийг манаж буй гэр бүлийнхэнд нь сайн сайхныг хүсье. Зөвхөн хил дээр байгаа хилчдээс гадна ХХЕГ, төвийн бүсийн ангиудын алба хаагчдад аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Та бүхнээр үргэлж бахархаж явдаг шүү. Би агаарын хилээр нэвтрэх бүрдээ хилийн торгон шугам дээр үүргээ гүйцэтгэж байгаа шалгагч бүсгүйчүүдтэй маш их хүндэтгэлтэй харьцдаг. Хил дээр үүрэг гүйцэтгэж байгаа хилчдэдээ хүндэтгэлтэй ханддаг. Ингэх ч ёстой. Хугацаат цэргийн алба хааж байгаа шинэ залуу дүү нартаа дахин хэлэхэд хил дээр нар мандахыг харахад нас залууждаг юм шүү. Миний дүү нар торгон хилээ нэр төртэй сайн хамгаалж, албаа сайн хаагаарай. Үүнийг үе үеийн хилчдэдээ хэлье. Монгол Улсын халдашгүй дархан хил үргэлж тайван амгалан байх болтугай. Баярлалаа.
Ярилцсан хошууч Ж.ОЮУН-ЭРДЭНЭ
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин
Зочин · 40 минутын өмнө
Daisogiin munhtsetseg 75onii tuulai jiltei boovnii nuh