БШУЯ, Боловсролын ерөнхий газар, “Карьер хөгжлийн төв” хамтран “Ухаалаг ирээдүй” төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ талаар “Карьер хөгжлийн төв”-ийн захирал Ц.Булгантай ярилцлаа.


-“Ухалааг ирээдүй” төслийн хамрах хүрээ, зорилго юу вэ?

-Монголд анх удаа хэрэгжиж буй энэхүү төслийн хүрээнд нийслэлийн долоон дүүргийн 20 сургууль сонгон авч, сурагч, багш, эцэг эхэд мэргэжил сонголтын сургалт орж байна. Өнөөдрийн 9, 10, 11, 12 дугаар ангийн хүүхдүүд хөдөлмөрийн зах зээлд бидний компанид ажиллахаар ирэх Монголын ирээдүйн боловсон хүчнүүд. Одооноос тэднийг шинжлэх ухааны үндэслэлтэй өөрсдийгөө танихад нь, сонирхлоо олж мэдээд зөв салбартаа амжилттай ажиллах иргэдийг бэлдэх зорилготой төсөл юм. Үр дүнд нь сургууль болгон өөр, өөрсдийнхөө хүүхдүүдийг ямар мэргэжилд сонирхол нь давамгай хөгжөөд байна вэ гэдгийг тодорхойлсон дататай болчихно. Мэргэжил сонголт гэдэг бол ганцхан багшийг бэлдээд зогсчихдог зүйл биш. Багш, сурагч, эцэг эх гээд оролцогч талуудад мэдлэг мэдээлэл өгч, хамтад нь бэлтгэж шинжлэх ухаанчаар хүүхдийг үнэлэх нь зөв шийдэл. Багш нар хүүхэд бүрийн үнэлгээнд тулгуурлаж зөвлөгөө өгөх тэр арга зүйг нь төслийн хүрээнд зааж, сургаж байгаа. Сургуулийн зүгээс хүүхдүүдийнхээ сонирхол нь хаашаа илүү чиглэж байгааг олж мэдсэнээр тэр төрлийн хичээлийн цаг, багшийн туршлага зэрэгт анализ хийж, сургалтынхаа стратеги хөгжлүүлэлтэд тусгах юм.

-Манайхан хөдөлмөрийн зах зээл дээр илүүдэлтэй байгаа жүжигчин, дуучин, хуульч, өмгөөлөгч, эдийн засагч гэсэн салбар руу хошуурдаг. Ихэнх хүүхдүүд эцэг, эхийнхээ шахалтаар тухайн мэргэжлийг эзэмших нь бий. Төслийн хүрээнд хүүхдүүд шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлээ сонгоно гэлээ. Үүн дээр эцэг эх, багш нарын үүрэг оролцоо ямар байх вэ?

-Мэргэжил сонголт нь хувь хүний асуудал юм шиг хэрнээ тухайн гэр бүлийн санхүү мөнгөтэй холбоотой. Эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа хөдөлмөрийн зах зээлд гол хүч нь болж байдаг. Мэдээж сурагч, багш, эцэг эх, асран хамгаалагчид өөрсдөө тус бүрийн үүрэгтэй. Хүүхдүүд “Одооноос яаж зорилготой суралцах юм. Сурах гэдэг ажилдаа хэрхэн хариуцлагатай хандах юм. 9, 10, 11, 12 дугаар ангидаа ямар зорилготойгоор суралцах юм. Надад ямар ур чадвар, сонирхол байна. Байхгүй бол хэрхэн яаж хөгжүүлэх юм. Ямар хичээлүүддээ түлхүү анхаарах ёстой юм” гэдгээ тодорхойлж харж, өөртөө зорилго тавьж суралцана. Мэдээж тэднийг зөв салбарт жаргалтай ажиллах зөв хүнийг бэлтгэхэд чиглүүлж туслах нь эцэг, эхчүүд бидний үүрэг. Ингэж хүүхдүүдээ зөв чиглүүлж туслахаас гадна зөв мэргэжилд хөрөнгө оруулж, санхүүжүүлмээр байна. Хиймэл оюун ухаан, технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор нөгөө л бидний мэддэг хуучин мэргэжлүүд байхгүй болж байна. Үүнийг дагаад маш олон ажлын байр алга болно. Бид бүгдийн мэдэхгүй шинэ ажлын байрууд түрэн гарч ирчихээд байна шүү дээ. Дэлхийд ирээдүйн мэргэжлийн чиг хандлага хаашаа явж байгаа талаар судалгаатай байж, шинэ мянганыханд мэдлэг мэдээлэл өгч, чиглүүлэх нь багш бидний үүрэг. Улмаар хүүхдүүдийнхээ идэвхтэй, чин хүсэл эрмэлзэлтэй суралцах очийг нь асаах хүмүүс бол яах аргагүй багш нар юм.

-Гадаадын ахлах ангийн сурагчид сонирхож буй мэргэжлээрээ яг ажлын байран дээр гарч дадлага хийж үзэхийн тулд Монголд нэлээд мөнгө төлж ирдэг болжээ. Тэгэхээр манай хүүхдүүд эзэмших мэргэжлээ сонгохдоо ингэж судалж, дадлагажих боломжууд нээлттэй биз дээ?

-Орчин цагт хүүхдүүд ирээдүйн мэргэжлээ судлахдаа маш бага цаг зарцуулж байна. Уг нь ирээдүйд эзэмших гэж байгаа мэргэжлийнхээ талаар тандан судлах хэрэгтэй. Ямар мэргэжил ирээдүйд эрэлттэй болох юм. Ямрууд нь устаад алга болох юм. Үнэхээр би тэр мэргэжил дээрээ сонирхлын хувьд юм уу дадлын хувьд нийцэж байна уу. Энэ мэргэжлийг эзэмшлээ гэхэд ирээдүйд хөдөлмөрийн зах зээл дээр байх уу, байхгүй юу. Байлаа гэхэд хэдэн төгрөгийн цалин аваад хаана юу хийж байх вэ гэдгээ тодорхойлохын тулд одооноос тэр мэргэжлүүдийн талаар нэлээд нарийн судлах хэрэгтэй. Цаашлаад мэргэжлийн хүмүүстэй уулзаж, мэргэжлийн байгууллага дээр очиж дагалдан ажиллаж үзэх нь чухал байна л даа. Тав, арван жилийн дараа одоо байгаа ажил мэргэжлийн гуравны хоёр нь бүрэн устана гэдэг статистик бий. Тэгэхээр оронд нь шинэ мэргэжлүүд төрөн гарах гээд байна. Ирээдүйд боловсрол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын буюу инженер, IT технологи зэрэг салбарууд эрэлттэй мэргэжлээр нэрлэгдэж байгаа. Тэр мэргэжлүүдэд би тохирох юм уу гэдгийг хүүхдүүд маань одооноос сайн бодож, өөрийгөө сорих ёстой. Магадгүй сэргээгдэх эрчим хүчний инженер болох сонирхолтой хүүхэд энэ салбарын компани дээр очоод дагалдан ажиллаж үзэж болно. Жишээлбэл, “Энэ мэргэжил юу хийдэг юм. Би сэргээгдэх эрчим хүчний инженер болж чадах юм уу” гэдгийг нарийн судалж үзэх нь чухал. Ер нь хүүхдүүд ямар ч байгууллага дээр очоод “Таны ажил мэргэжилтэй танилцах гэсэн юм. Таныг дагалдаад ажил хийж үзмээр байна” гэхэд Монголын бүх албан газрууд нээлттэй. Гагцхүү манай хүүхдүүд эрэл хайгуул хийхгүй байна. Байгууллагуудаар дагалдан хийж, эзэмших мэргэжлээ судлах санаачилга гаргахгүй байгаа нь том алдаа. Гэтэл гадны хүүхдүүд “Ажлын байран дээр нь ажиллаж үзэх боломжтой улс нь Монгол байна” гээд мөнгө төлөөд амралтаараа ирж дадлагажиж байна шүү дээ.

-Ирээдүйн мэргэжлүүд хүнээс ямар ур чадвар шаардах вэ?

-Ирээдүйд хүүхдүүд ямар мэргэжил эзэмшиж, ямар ажлын байран дээр очсон ч академик “Hard skill” буюу хатуу ур чадвараас гадна “Soft skill” болох зөөлөн ур чадвараараа ялгарах юм. Зөөлөн ур чадвар гэдэг нь хүнтэй харилцдаг, хамтран ажилладаг, баг болж чаддаг, бусдыг ойлгодог, тусалдаг зэрэг чанарууд юм. Яагаад гэвэл маш олон ажлын байр хиймэл оюун ухаан, автоматад шилжээд роботуудыг бүтээнэ гэж байгаа. Тэгэхээр хар ажлуудыг роботууд хийгээд эхэлчихээр хүн төрөлхтөн роботоос ялгарахын тулд хүнтэй харилцаж чаддаг, хүнтэй хамтарч чаддаг, хүнийг хайрлаж чаддаг зөөлөн ур чадвартай байх ёстой гэсэн үг. 2050 онд харилцааны ур чадвар хамгийн эрэлттэй байна гэдгийг эрдэмтэд тодорхойлчихсон. Ялангуяа тод ярьдаг, зөв бичдэг, уншдаг, уншиж ойлгосноо анализ хийгээд, дүгнэлт бичдэг чадвартай хүмүүс ирээдүйд чухал. Тэгэхээр өнөөдрийн есдүгээр ангийн хүүхдүүд 2050 онд хөдөлмөрийн зах зээл дээр 40 настай идэвхтэй ажиллаад явж байх залуучууд болсон байна. Тэгвэл хоёрдугаар ангид сурч байгаа найман настнууд тэр үед 33-тай залуучууд болно. Одоо энэ насныхан цахимжсан ертөнцөд гар утсаар их тоглож, хэтэрхий дэлгэцийн хамааралтай болсон. Үүнээс болж ярих чадвар маш муу. Өөрийгөө зөв бүтэн илэрхийлж чаддаггүй. Тультраа юм уу гэхээр тийм биш. Бага ангиудад ярихдаа муу хүүхдүүд олон байна. Эндээс дэлгэцийн хамаарал ихтэй, ном, сонин уншихгүй байгаагийн агуулга харагдаж байгаа. Дээрээс нь Боловсролын яамны сургалтын хөтөлбөрт унших, бичихийн хичээлийн цагийг байхгүй болгосонтой холбоотой гэж багш нар хэлж байна лээ. Тэгэхээр энэ талыг судалж үзэх хэрэгтэй.

-Өнгөрсөн жил олон улсын PISA үнэлгээгээр судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 64 хувь нь унших чадвар эзэмшээгүй гэж гарсан. Өөрөөр хэлбэл, уншаад ойлгодоггүй гэсэн дүгнэлтийг мэргэжлийн улсууд хийж байсан. Хүүхдүүдийг унших дадалд яаж сургах вэ?

-Хүүхдүүд ерөөсөө ном уншихаа больчихсон юм байна. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ ном уншуулахгүй байна. Хэтэрхий их утасны хамаарал нь хүүхдийг сэтгэн бодох чадвар, ой тогтоолтод сөргөөр нөлөөлдөг. Хүний харилцааны суурь чадвар ярих. Тэгэхээр уншиж байгаа хүн бичдэг, ярьдаг, илтгэдэг. Харин ном, сонин уншихгүй хүн үгийн баялаг муутай байна. Уншдаггүй хүн сэтгэхгүй. Уншиж чадахгүй байгаа хүн өөрийгөө бүтэн өгүүлбэрээр илэрхийлж, хүнтэй бүтэн өгүүлбэрээр ярьж чадахгүй. Тэгэхээр гэр бүлээрээ 20 минут тогтмол ном уншдаг дадлыг бий болгох хэрэгтэй. Хүн болгоны унших хурд, ойлгоц харилцан адилгүй. Унших тусам энэ байдал засарч, сайжирдаг. Энэ янзаараа ирээдүйд уншаад мэдээлэл цуглуулж тэрнээсээ анализ дүгнэлт бичиж чаддаг хүн ховор болно. Зөв бичгийн дүрмээр алдаагүй бичдэг хүн ховордчихлоо гэдэг нь яалт ч үгүй харагдаж байна. Тэгэхээр таван жилийн дараа хөдөлмөрийн зах зээл алдаатай бичдэг хүүхдүүд гарч ирэх нь гэдэг аюул байна.

-Стрессээ удирдаж чадахгүй бүхэл бүтэн үе бий боллоо гэж судлаачид сануулж байгаа. Яах ёстой вэ?

-Хүүхдүүд сэтгэл хөдлөл, стрессээ удирдаж чадахгүй байгаа нь тоглодог тоглоом, үздэг контенттой холбоотой. Хүүхдүүдийн массаараа цахимд холбогдоод тоглож байгаа тоглоомууд нь шууд сэтгэл хөдлөлийн эмоцоо илэрхийлж, бухимдлаа гаргадаг. Энэ нь тухайн хүүхдийг их стресстүүлдэг. Эцэг, эхчүүд хүүхдүүдээ яг юу тоглоод байгаа юм. Тэр зүйлээсээ юу авч байгааг нь харж хяналт тавихгүй байна. Тийм болохоор аав, ээжүүд маань хүүхдүүдтэйгээ нээлттэй байж, “Миний хүү яг ямар тоглоом тоглодог юм. Эндээс юу сурдаг юм, давуу тал, сул тал нь юу юм бэ” гэж асууж, ярилцаж баймаар байна. Ерөөсөө л хүүхэдтэйгээ ярилцах гэдэг ажлыг тогтмол хэрэгжүүлэх хэрэгтэй. Бага насны ч тэр, ахлах ангид орсон ч гэсэн хүүхэдтэйгээ тасралтгүй ярилцах нь чухал. Тухайлбал, “Миний хүү сурах ажилдаа хариуцлагатай хандаарай. Чи сурах гэж сургуульд явж байгаа шүү. Чи чадна шүү, хичээгээрэй” гэдэг ч юм уу. Өсвөр насны хүүхдээ тэвэрдэг, үнсдэг, хайрладаг, энхрийлдэг байдал багасчихаар тэд том хүний тоглоомоор тоглох кейсүүд эхнээсээ гарч байна л даа. Ахлах ангийн хоёр сурагч үерхээд аав, ээж болсон байх жишээтэй. Энэ бол маш том алдаа юм. Хүүхэдтэйгээ ний нуугүй ярилцах нь юу юунаас чухал. Хүмүүс хүүхэдтэйгээ ярилцахгүй байгаа учраас асуудал томроод байна л даа.

-Хүүхдүүдийг урмын үгээр усалж байх хэрэгтэй гэж зөвлөдөг юм билээ. Үнэхээр урмаар тэтгэгдсэн хүүхэд шилдэг болох уу?

-Монголчууд “Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал” гэдэг дээ. Хүүхдэдээ “Чи чадна, хичээгээрэй. Ээж, аав нь чамд итгэж байна” гээд хүүхдээ байнга хурцалж өгөх хэрэгтэй. Томчууд бид хүүхдэдээ ингэж хэлдэггүй нь алдаа болоод байна. Хүүхдүүд “Ээж, аавтайгаа ярилцах гэхээр өөдөөс загнадаг. Загнаад байхаар нь дахиж юм ярихаа больчихдог” гэдэг зүйл ярьж байна. Тэгэхээр аав, ээжүүд хүүхэдтэйгээ ирээдүйнх нь талаар, мэргэжил сонголтынх нь талаар сайхан ярихгүй байна гэсэн үг. Ямар сургуульд явмаар байгааг нь ярилцаж зөвлөн чиглүүлэх хэрэгтэй. Тэрнээс загнаж, зандрах бол шийдэл биш. Зөвлөн чиглүүлэгч, туслах нь байх ёстой байтал загнаж, зандарч, шийтгэдэг, айлгадаг хүн нь байхаар чинь хүүхдүүд ээж ааваасаа нууж явсаар буруу зүйлд уруу татагдах эрсдэлтэй. Дээрээс нь энэ үеийнхний цахим хэрэглээнд хяналт тавихгүй бол хүүхдүүд цагийн зөв менежмент хийж чаддаггүй. Аливаа нэг юманд тууштай байх зорилгоо тодорхой тавьчихаад тавь-сан зорилгодоо хүрсэн нэгэн байхын ач холбогдлыг тэдэнд ойлгуулж, чиглүүлэх ёстой. Тэгэхгүй бол одооны хүүхдүүд дөрөв, таван том зорилго тавьчихдаг. Цагийн зөв менежмент хийж чадаагүйгээс болоод гүйцэтгэл муутай байдаг онцлогтой.

М.МӨНХЦЭЦЭГ