Сургуулийн өмнөх боловсролын үйлдвэрчний эвлэлийн хорооны бүх гишүүдийн төлөөллийн хурал өнөөдөр боллоо. Уг хурлаараа цэцэрлэгийн багш, ажилтнууд тулгамдаж буй асуудлаа танилцуулсан юм.

Багш ажилтнуудад тулгамдаж буй асуудал сэдвээр судалгаа авахад

  1. Нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй 
  2. Хичээлд бэлтгэх цаг байдаггүй
  3. Эцэг эхчүүдийн дарамтаас шалтгаалж стресстэх зэргийг голчлон нэрлэжээ.

Цэцэрлэгийн багшаар 33 жил ажиллаж буй багш "Ажлын ачаалал их байна. Нормативын дагуу бид 20-25 хүүхэд авах ёстой ч нэг багш 45-50 хүүхэдтэй ажиллаж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг болсноор ачаалал улам нэмэгдсэн. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэйгээ энэ олон хүүхдийн хажуугаар ажиллахад бэрх.  

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг бууруулж өгмөөр байна. Бид нийтээрээ цалин багатай. Хоолны мөнгө огт өгдөггүй байсан. Саяхан 382 дугаар тогтоолоор л өгөхөөр болж байгаа. Ингэхдээ нэг ажилтанд 8,000 төгрөгөөр өгөхөөр болсон. Энэ мөнгөөр хангалттай хооллож чадах уу?

Багш нарт илүү цаг гэж бий ч унтлагын хоёр цагт маргаашийнхаа хичээлдээ бэлтгэх цаг гардаггүй. Багш нар хүүхдээс хөндийрөх ямар ч боломжгүй. Тиймээс илүү цагаар ажиллах шаардлага гардаг. Өглөө 07:00 цагт ажилдаа ирээд, 18:00 цагт хүүхдүүдээ тарааснаас хойш 2-3 цаг сууж байж маргаашийнхаа сургалтын хэрэглэгдэхүүнийг бэлддэг" гэсэн юм.

Түүнчлэн тэрбээр эцэг эхчүүдийн хандлагын талаар "Ихэнх айл 1-2 хүүхэдтэй байдаг. Нэг ангид хүний 30-40 хүүхэдтэй хамт хүүхдээ суралцуулж байгаагаа ойлгохгүй, зөвхөн миний хүүхдийг харах ёстой гэж үздэг. Хоёрхон багш яагаад ч тэр олон хүүхдэд хүртээмжтэй байж чаддаггүй. Чадлынхаа хэрээр ажиллаж байтал нэг хүүхэд нөгөөгийнхөө нүүрэнд хумсаараа хүрсэн байхад л багш нар руу "Та хоёр юу хийж байдаг юм" гээд орилоод ороод ирэх нь их. Ойлгож байгаа хүмүүс ч их бий. 

Сүүлийн үеийн эцэг эхчүүдийн харилцаа хандлага нь их омголон болсон байна. Гэр орондоо хүүхдийнхээ нүүр амыг шалбалаад, нүдийг нь хөхрүүлчихсэн ирнэ. Яав ийв гэхээр унасан, юм мөргөсөн, дүү нь хазсан гээд л ирдэг. Энэ мэтчилэн гэр орондоо хүүхдээ харж хамгаалах тал дээр ямар ч хариуцлагагүй хэр нь багшаас маш их хариуцлага нэхдэг" гэж байв.

Харин багш нар хүртээмжийг сайжруулах тал дээр "Багш нарын нийгмийн асуудлыг шийдээд өгвөл багш нарын нөөц боломж бий гэж боддог. Орон байраар хангах хэрэгтэй. Ер нь цалин мөнгө нь нэмэгдчихвэл аяндаа бүгд сайжирна. Сүүлийн 2-3 жилд цалин нэмэгдэж байдал арай дээрдэж байгаа. Түүнээс биш "инээдтэй" л цалин авдаг байдаа. Гэхдээ бид түмний хүүхдийг хохироогоогүй, ажлаа хийсээр байлаа. 

Мөн эцэг эхчүүдийн харилцаа хандлагыг өөрчлөх хэрэгтэй. Үр хүүхдэдээ цаг зав гаргадаг болмоор байгаа" гэж байр сууриа илэрхийллээ. 

Түүнчлэн туслах багш нарт илүү цаг олгогдохгүй байгааг багш нар хэлж байв.