Дэлхийн хавар жихүүн байна. Манай гарагийн хамгийн том хоёр эдийн засгийн хооронд өрнөөд удаж байгаа худалдааны дайн ширүүссээр эцэстээ тулж ирлээ. Тийм ч учраас дэлхий нийт албан ёсоор “дайн” гэж нэрлэж байгаа юм.

Энэ дайныг шулуутгасан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хоёр дахь довтолгоогоо хийж, БНХАУ-ын бараанд ногдуулах тарифыг хоёр дахин нэмэгдүүлэхээр мэдэгдсэний дараа Бээжингийн эрх баригчид ямар ч салаа утгагүйгээр “эцсээ хүртэл тулалдана” гэсэн хариу өгөв. Нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалд шилжсэн ч хоёр тал буулт хийх шинж алга.

Жишээ нь, энэ талаар China Center at The Confer­ence Board тинк танкийн ерөнхий зөвлөх Альфредо Монтуфар-Хелу “Хятад улс байр сууриа өөрчилж, тарифыг бууруулна гэх төсөөлөх шалтгаан алга. Ингэх нь тус улсыг сул дорой харагдуулах төдийгүй АНУ-ыг улам ихийг шаардах суурь болж өгөх юм. Тиймээс дэлхийн эдийн засагт урт хугацааны гай зовлон дагуулах мухардмал байдал үүслээ” гэж хэлжээ.

Дональд Трампын бараг дэлхий дахиныг хамарсан тарифын өөрчлөлтөө зарласнаас хойш дэлхийн улс орнуудад эдийн засгийн уналтын шинж тэмдэг илэрч эхэлснийг ажиглагчид эхнээсээ мэдэгдэцгээж байна. Дэндүү хурдан өрнөж байгаа энэхүү шинэ нөхцөл байдлын өмнө бэлтгэлтэй байсан буюу ямар нэгэн анти программтай улс орон алга.

Одоо бид яах вэ. Бор хоногуудын маань амьдралын чанар улам буурах нь тодорхой боллоо. Яг өнөөдрийн байдлаар Монгол Улсад ам.долларын ханш 3550 төгрөгт хүрсэн байна.

Гэвч бид сошиалдаа уралцсаар, улаантан цагаантан болж зодолдсоор өдөр хоногийг өнгөрөөж байна. Дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хамрах худалдааны дайн илүү аюултай байдал руу шилжсэн энэ үед 600 сая төгрөгөөр хотынхоо төв талбай дээр будаатай хуурга аягалан тарааж байгааг ойлгох уужуу ухаан надад лав алга. Ингэтэл тэнэгэрч чадах эрх чөлөөг нийслэлд 1.6 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөөр тавиад өгчихсөн. Одоо тэд өөрөөр яаж ч гайхшируулж мэднэ.

Өнгөцхөн харахад, Монголд улс төр л бужигнаж байгаа мэт. Улс төрөөс өөр үзүүлбэр байхгүй мэт болсон. Ийм байлгахыг ч зориуд бодлого хийж өгөн явуулж байна. Харж байгаа биз дээ. “Ухаа худаг” -ийн дуулиан гэх үзүүлбэрээр эхэлж, “Төгрөг нуур” -аар өрнөл хийн өчүүхэн ч бодох эргэцүүлэх завдал олголгүй бужигнуулж байна. Жаахан завсар гарвал хүмүүсийн сонирхлыг татдаг хүчнийхний томилгоог явуулан үзэгчдийн суудлыг дүүргэж, ахин шинэ сэдвээр сэлбэж өгнө. Мэдээж сценари тасалдаж болохгүй. Эс тэгвээс хэрүүл шуугианаар хооллох ёстой цахим троллууд нь хэцүүднэ. Энэ дэглэлтийнх нь ард чухам юу юу болж байгаа вэ, юу юу болж өнгөрөх магадлалтай вэ гэж өнгийж харах сэхээтэй хүн алга байна. Гэхдээ хэдүүлээ үүнийг анхаарч, сэхээрч байхгүй бол болохгүй гэдгээ мэддэг баймаар байна. Зориуд хүч тавин, олон түмнээр бүчүүлэн шуугиулж байгаа үйл явдлуудыг харах нүдээ ухаалаг болгомоор байна. Сүүлийн үеийн улс төр бөөн жүжиг, зохиомжилсон драмын ард явдаг болсон.

Олон түмнийг уймруулж уухируулсан том хэмжээний дуулиан шуугианыг энэ чиглэлээр мэргэшсэн багууд тусгай технологиор хийх нь бий. Ийм технологиуд тоног төхөөрөмжөөс гадна асар олон оролцогч бүхий түгээлтийн систем дээр явдаг. Тэгэхээр бид гэнэт босгож ирсэн шуугианы ард юу байгаа вэ гэдгийг анхаарах хэрэгтэй байна. Ойрын үед явуулж байгаа хөтөлбөрүүдийн ард гэхэд газын хоолой яригдаад байгаа. Мөн Үндсэн хуулийн Цэц дээр ч сэм нэгэн шийдвэр гарч мэдэх талаар жиг жуг хийцгээж байна. Бид хэрсүү байх цаг ирээд байна.

Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж байхад Австралийн хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй “jade Gas Holdings” компани манай Өмнөговь аймаг дахь нүүрсний давхаргын метан хийн “Улаан нуур” төслийн талбайд хоёр дахь хэвтээ цооногоо амжилттай өрөмдөж, 802 метр зузаантай хийт нүүрс огтолсноо мэдээллээ. Ингэснээр энэ компанийн сүүлд өрөмдсөн хоёр хэвтээ цооногноос илэрсэн хийт нүүрсний зузаан нийлээд 1500 метрт хүрч.

Энэ мэдээллийг дэлхийд цацсаны дараа тус компанийн хувьцааны ханш Австралийн хөрөнгийн бирж дээр дахин 20 хувь давж өслөө. Одоогоор хоёр цооногт үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж суурилуулах ажил ид явж байгаа бөгөөд 3-4 долоо хоногийн дотор хий олборлож эхлэхээр байна гэж тэд мэдэгдээд байна. “jade Gas Holdings” компани олборлосон хийгээ CNG буюу байгалийн хий үйлдвэрлэгч компанид нийлүүлэх ярих хэлэлцээ одоо үргэлжилж байгаа.

Энэ бүхний үр дүнд “Улаан нуур” төсөл ирээдүйд дэлхийн зэрэглэлийн хийн орд болох итгэл маань баталгаажлаа. Бид эхний хоёр цооногийн ажлыг аль болох эрт дуусгаж, олборлолтоо эхлүүлэх болно хэмээн “ jade Gas Holdings” компанийн ТУЗ-ийн дарга Деннис Мортон догдлон мэдэгдэж байна.

Айлын хүүхдүүд амжуулж байна. Ажлыг хийж чадаж байна. Харин алтан дээр сандайлж төрсөн бид алалцаж байна.