Үндэсний баялгийн санг хөрөнгө зоорьтой болох үгүй нь Ухаа худаг, Төгрөг нуурын орд хоёрын хайчин гал дунд өрнөж байна. Үр дүнд нь одоогоор Төгрөг нуурын ордтой холбоотой гэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг АТГ дэгээдээд авчээ.

Гэвчиг АТГ түүнийг Төгрөг нуурын ордын асуудлаар бөхийлгөх нь юу л бол. Оффшор дамжаад явчихсан, олон улсын хэмжээнд ажиллахаар хэрэг. Цаг их орно. Тэгээд тэр орд одоогоор стратегийн ордын жагсаалтад байхгүй. Угтаа энэ бол шоу л болоод дуусна. Харин энэ далимд нүүрсний оффтейк гэрээний үр дүнг мөрдөх шалгавал арай үр дүнтэй.

2022 онд Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хэрэгжүүлж байгаа төрийн нууцад хамаарах Ил уурхайн олборлолтыг үе шаттайгаар нэмэгдүүлэх, шилдэг технологи нэвтрүүлэх төсөл, Ил уурхайн аргаар ашиглах боломжгүй нөөцийг далд уурхайн аргаар ашиглаж, экспортыг нэмэгдүүлэх төсөл, Загийн усны хоолойн газрын доорх усны ордоос Тавантолгой нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн төслийн ажил, Богдхан төмөр замын суурь бүтэц барих төслийн ажил, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн ажил болон Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн дээд бүтэц дохиолол холбоо, эрчим хүч, гүүр хоолойн барилгын ажил, зураг төсөл гүйцэтгэх ажилд холбогдох есөн гэрээг ил болгосон. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил болон түүний санхүүжилттэй холбоотой хоёр гэрээ, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой хоёр гэрээ, мөн Тавантолгой-Богдхан чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой гурван гэрээ, далд уурхайн хайгуулын нэг гэрээ болон Загийн гүний уснаас ус татах хоолойн бүтээн байгуулалтын ажилтай холбоотой нэг гэрээ гэсэн үг.

Тэр үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг:

-2022 онд гарсан нийт нүүрсний 670 мянган тонн буюу 11-13 хувь нь оффтейк гэрээний нүүрс. Тавантолгой төмөр замын төлбөрт дөрвөн оффтейк гэрээний нүүрсээ төлбөрөө бодитоор авсан нь “Тавантолгой төмөр зам” буюу “Бодь интернэшнл “компанийн борлуулагч буюу худалдан авагч компаниуд байгаа юм. Өнөөдрийн байдлаар 430 орчим сая ам.долларын нүүрс урьдчилж авсан. Үүнийг тухайн үед хийсэн ажлын гүйцэтгэлийг нь харж дүгнэлтэд үндэслэн мөнгөн дүнд тохирсон тухайн улирлын мөнгөөр нийлүүлдэг гэж ярьсан.

Тэр үед оффтейк гэрээний нүүрс ингэж ногоон гэрлээр хил гарч байсан. Төлбөрийн гүйцэтгэл сайн гэсэн үг.

Гэвчиг нууцаас гаргасан оффтейк гэрээнүүдээс үзэхэд, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг дэлхийд байхгүй өндөр үнээр барьсан нь ил болсон. Уул нь “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд 2019 оны 10 сард байгуулсан гэрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233.6 км төмөр замыг бүтээн байгуулах нийт өртөг 792.1 сая ам.доллар гэж тооцсон. 2020 оны зургадугаар сард хийсэн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулж, 213.4 сая ам.долларын нэмэлт ажлын санхүүжилт нэмж бичсэн. Ингэж төслийн нийт өртөг суурь бүтцийн 267.3 сая ам.доллар дээр “Бодь интернэшнл” ХХК-ийн санхүүжилт 1.005 тэрбум ам.доллар буюу 1.282 тэрбум ам.доллар болсон. Тэгэхлээр Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг нэг километрийг нь 5.48 сая ам.доллараар барьжээ. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг ижил урттай Хангимандал төмөр замаас хоёр дахин, үүнээс хоёр дахин урт Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замаас тав дахин өндөр үнээр барьсан гэсэн үг.

Анхнаасаа нууцад оруулаад тэр чигт нь гурван жил нууцалж явсан нь үүнтэй холбоотой байх магадлал өндөр. Эдгээр гэрээнд задаргаа шинжилгээ хийсэн олон улсын байгууллагаас:

-“Эрдэнэс Таван толгой” ХК-ийн тухайд “алдагдсан боломжийн өртөг өндөр. Тус компани энэхүү Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг санхүүжүүлснээрээ хэвийн үйл ажиллагаа явуулаад олох орлогоо хэд нугалж алдсан. Харин “Бодь интернэшнл” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн дүгнэжээ.

Нөгөөтэйгүүр энд царигийн асуудал бас сөхөгдөнө. Өргөн цариг бол алдагдал. Мухар төмөр зам барьсан нь өнөөдрийг хүртэл ашиглах боломжгүй байсаар байна. Хэрэвзээ өндөр үнэтэй ч нарийн царигтай барьсан бол өдийд үр ашгаа өгдөггүй юм гэхэд өдөр тутамд ашиглаад байж болох байсан юм.

Тийм учраас эдийн засгийн ямар ч ашиггүй, шууд утгаараа алдагдалтай төмөр замыг барихад маш нууцалсан оффтейк гэрээгээр нүүрс өгч дэлхийд байхгүй өндөр үнээр яагаад барьсан бэ. АТГ үүнд хариулт авах хэрэгтэй.

Ө.Билэг