“Өмч хувьчлал”-д алдарсан нийгмийн сэтгэл зүйн доройтол
13 цагийн өмнө
...“Хүнийг ... бодож сэтгэх чадваргүй “муйхар”, оюуны мэлмийгээ аньсан “харалган” этгээд болгон хувиргаж буй нь хүн төрөлхтний эсрэг явуулж буй тун ч харгис бодлого шүү! Гэвч хүний сэтгэл оюуныг авах юмгүй болтол эвдэн сүйтгэх ажил үүгээр зогсохгүй. Шуналын сэтгэлийг нь өрдөж өгөх хэрэгтэй. Хүн бүр хөрөнгө мөнгөний төлөө үхэн хатан зүтгэдэг шуналтай байх ёстой. Үүний тулд бие биенээ шулж мөлжих, хуурч мэхлэх, луйвардаж дээрэмдэх боломж нөхцлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.
Мэдээж ингэхийн тулд хүн амыг нийтэд нь ямар ч ажил хөдөлмөр эрхлэдэггүй болгох ёстой. Үүнийг хийхэд эхлээд нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй. /Түүнийг ч сайн хийсэн/
-Өрсөлдөөн л хөгжлийг авчирдаг
-Хувийн өмчтэй байж л хүн эрх чөлөөтэй болж, юу хүссэнээ хийж болдог.
-Коммунист үзэл онол бол хувийн өмчийг хааж боосноор хувь хүний эрх чөлөөг үгүй хийдэг хамгийн эрх чөлөөгүй, дарангуйлагч нийгэм
-Ардчилсан, чөлөөт зах зээлийн нийгэм бол хүнд загас өгдөг биш загас барих аргыг нь л зааж өгдөг.
-Хувийн өмчтэй байж, хүн бүр баяжих эрхтэй.
- Улсын үйлдвэрт биш өөрийнхөө хувийн үйлдвэрлэлийг эрхлэснээр хүн бүр “боос” болох боломжтой.
Иймэрхүү сурталчилгаануудыг олон янзын хувилбартайгаар явуулсаар...
Нэгэнт нийгмийн сэтгэл зүй бэлтгэгдсэн болохоор нийтээр нь ямар ч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болгоход тун амархан. Үүнийг Монголд хийсэн жишээ бол “өмч хувьчлал” юм.
“Өмч хувьчлал”-ыг явуулахын өмнө Ардын Хянан Шалгах Хорооноос эхлэн хяналтын гэх бүх системийг байхгүй болгосныг энд нурших нь илүүц биз. Үүний цаана эрх мэдэлтэй хүмүүст нь улс орны дийлэнх хөрөнгө мөнгийг хууль бусаар хуваан завших боломж олгож, олонхийг хоосон ядуус болгох зорилго нуугдаж байв.
Ахуйн тэгш байдлыг л үгүй хийх нь өмч хувьчлалын зорилго болохоор цөөхөн хэдэн хүн л хөрөнгөжиж, бусад нь гудамжинд хаягдах нь бодож эргэцүүлдэг хүмүүсийн хувьд ойлгомжтой л хэрэг л дээ. Гэвч тэр үед нөгөө “хүн бүр эрх чөлөөтэй болж, баяжиж хөлжих боломжтой” гэсэн сурталчилгаанд толгой нь эргэсэн олонд тэгэж эргэцүүлэх ухаан байсангүй.
Олонхи нь хувьцааны бичиг гэх хоосон цаас авснаа хөрөнгөжиж байна гэж “баярлан хууртаж”, харин овтой зальтай, зуйварган зулгуйч, эд мөнгөний шуналтай эрх мэдэлд ойр цөөнх хэсэг улс орны эдийн засгийн үндэс суурь, цогц бүрдэл болсон хамаг хөрөнгийг “эрэг шургаар нь салгаж” эвдэж, сүйтгэн булаалдаж, ёстой л зовлого дээр овоорсон араатан мэт тал тал тийш тараан салгаж авцгаав.
Хамгийн хорлонтой нь өмч хувьчлал нэрээр улс орны эдийн засгийн тулгуур болсон үйлдэрлэх хүчний бүтцийг үгүй хийж, улс орныг ёстой л “дайны хөлд сүйдсэн талбар”-аас дор болгож хаясан даа!
Ард иргэд 1990 оноос өмнөх Социалист гэгдэх нийгмийн үед нийгмийн харилцаа улсын өмчид суурилж явагддаг байсан учраас “хувийн өмчөө арвижуулах, хамгаалах” гэх атгаг шуналын сэтгэл байгаагүй ч бас өөрсдийгөө “юу ч үгүй үгүйрсэн ядуу хоосон” гэх сэтгэл мэдрэмж төрдөггүй байжээ. Харин өмч хувьчлалын үр дүн бодит байдлаар мэдрэгдэж эхэлмэгц олон хүн “юу ч үгүй, үгүйрсэн ядуу амьтан” болж хаягдсанаа мэдэрч, нийгэм хамт олныхоо дунд өөрийгөө мэдэрдэг байсан байр суурь нь үгүй болж, мэргэжил чадвар нь хэнд ч хэрэггүй болсноор сэтгэл гутралд орж, хүн амын ажиллаж, хийж бүтээх ид насныхны дийлэнхи хэсэг “өвгөнтийн хөндийн архичид” болцгоосон.
Улсын өмчийг задалж, хувийн өмчид шилжүүлсэн тогтолцооны өөрчлөлтөөс үүссэн нийгмийн сэтгэл зүйн эхний давалгаа нь энэ байлаа
Тэр бүхнийг дагалдаад орон гэрээсээ дайжсан гудамжны тэнэмэл хүүхдүүдийн “сүрэг” ч бий болсон. Үр хүүхдүүдээ хоол эрж, хог шиншлэх золбин нохойноос өөрцгүй болгож хаясандаа ч эмзэглэж зовох сэтгэл тэр үед эрх баригч бүлэглэлүүд болоод олон нийтийн хувьд байхгүй болсон байлаа. Итгэл алдрахад сэтгэл алдардагийн жишээ энэ юм даа. Энэ байдал одоо ч нэг их өөрчлөгдсөнгүй. Гэхдээ гудамжны тэнэмэл хүүхдүүд нэг л мэдэхэд гэнэт алга болцгоосон нь олон хүний хувьд өнөөдөр ч яригддаг сэжигтэй сэдэв хэвээр байгаа. Тэр нь тэнэмэл хүүхдүүдийг “эрхтний наймааны сэлбэг хэрэгсэл” болгоод гадагш нь худалдчихсан гэх яриа. Өмнө нь бол монгол хүний санаанд огт багтахгүй байсан ийм л хэргийг “ардчилал”-ын жилүүдэд сонсдог дуулдаг болсон доо! Чухамдаа “ардчилал, зах зээл хөгжсөн улс орнууд” гэх капиталист нийгэмд л хүнийг араатнаас дор ийм ухамсар сэтгэхүйтэй болгодгийг монголчууд одоо үзэж туулж байгаа болохоор дээрх ярианд анхаарал хандуулах, хайхрах хүн байхгүй болсон ч, харин үл итгэн эргэлзэх хүн үгүй ээ.
Өмч хувьчлалын үр дүнд ямар ч үйлдвэрлэлгүй, хүн ам нь нийтээрээ ажилгүйчүүд болсон улс орны амьдралд цоо шинээр бүрэлдэн бий болсон нийгмийн сэтгэл зүйн хоёр дахь давалгаа нь “наймаачны араншин төрх” болов.
Нийгмийн бүтцийг эвдэн бусинуулах үйл явц тун ч хурдан явагдаж, ундуй сундуй, хөглөрсөн, хоосон авдар мэт болсон ахуйд “Ардчилал, зах зээл”-ийн хууль нэгэнт үйлчилж эхлэсэн тул жаахан сэхээ авсан эхний хэсэг нь амьдралаа залгуулахын тулд “хар зах” дээр арилжаа хийж, хил давж “ганзагын наймаанд” сажилахаас өөр арга зам байсангүй.
“Наймаа” гэдэг нь хүнийг “шуналын дэвээр бузартуулж, бусдыг өрөвдөх, хайрлах сэтгэлгүй болгодог” хэмээн эртнээс цэрвэж, арилжаа наймаа хийсэн ганц нэг хүнийг дамчин, панзчин гэх мэтээр үл ойшоон хандаж ирсэн монгол зан, ёс уламжлал ганзгын наймаачдын тоосонд булагдан ор мөргүй болов.
Бусдыг шулж мөлжих нийгмийн сэтгэл зүйн дадал ийнхүү сууж эхлэв. Авсан үнээсээ тав, арав дахин илүү үнээр дамлан арилжиж, “наймаачны” хэллэгээр бол “цөм авдаг” ганзгын наймааны үе шувтрахад, ах дүү, найз нөхөд гээд танил талын холбоо сүлбээгээр хил гааль, хяналт, зөвшөөрлийн төрийн албад хэлхэгдсэн, импортын давуу /монополи/ эрхэт эдийн засгийн бүлэглэлүүд, авлигын сүлжээ ч нэгэнт бүрэлдэн бий болсон байлаа. Зөвхөн юмны үнийг тэнгэрт тултал өсгөж иргэдийг мөлжих “зориулалттай” “ченж” гэх давхрага хүртэл бий болов.
Ийнхүү бусдыг мөлжөөд амархан баяжих, авлига, албан тушаалын хүчээр хялбархан хөрөнгөжих, цаашлаад байгалийн баялаг, газар нутгаа ч зарж хөлжих, зоосны нүхээр харж, ашиг олз руу тэмүүлэх сэтгэл зүй хуримтлагдан тэлэв.
Бусдыг мөлжих сэтгэлгээнд хүлэгдэж, өнгө мөнгөний шуналд автсан энэхүү нийгмийн харилцааны сэтгэл зүйн нөгөө тал нь мөлжүүлж хохирчихгүй, хүч хөлсөө урсгалгүйгээр зүгээр сууж байгаад баяжчих, ядахдаа л багахан шиг хөдлөөд ихийг хожих гэсэн сэтгэл зүй юм.
Нийгмийн сэтгэл зүйн энэ хандлага улс орнуудыг “ажиллах хүчний дутагдал”-д оруулах болсныг энд дурьдах нь илүүц биз ээ! Ингээд л
-баяжиж хөлжсөн, эрх мэдэлд дулдуйдсан цөөн хэсэг нь хөрөнгөө барж ядан сэлгүүцэн зугаацсан “залхуучууд”,
-нийгмийн олонхи болсон ядуу хэсэг нь ажиллаад ч ахихгүй амьдрахуйн “мөлжлөг”-өөс халширч, итгэл алдарсандаа, ажил хөдөлмөр эрхлэхээс зайлсхийдэг “залхуучууд” болох нь тэр. Үүний хор аюулыг хүмүүс өнөөдөр багцаалахгүй байна. Энэ нь улс орны хүн амын магадгүй хэдэн үеийг өөрсдийгөө дайчлан ажил хөдөлмөр эрхлэе ч гэсэн бие болоод оюуны чадамж нь алдагдсан хүмүүс болгон бэлтгэж буй хэрэг юм.
Ажил хөдөлмөр эрхлэх бие, оюуны чадамж гэдэгт ямар нэг ажлыг амархан сурч эзэмшин дадах авхаалж самбаа, тогтвор суурьшилтай, идэвхитэй ажиллагаа, тулгарсан саад бэрхшээлийг төвөгшөөлгүй давдаг тэсвэр тэвчээр, цаг хугацаанд нь ажлыг гологдолгүй, бүрэн гүйцэтгэх гавшгай бүтээлч чадвар ... гээд олон зүйл багтдаг. “Залхуурал”-ыг дагаж бий болдог бас нэг үзэгдэл бол гэмт хэрэг юм. Гэмт хэрэг манайд хэрхэн өсөж байгааг, тэр тусмаа насанд хүрээгүй хүүхэд залуус зохион байгуулалттайгаар бүлэглэн үйлдэх гэмт хэрэг ямар их, бас ямар хэрцгий болсныг энд ярилтгүй. Тэр ч байтугай харьд очиж гэмт хэрэг үйлддэг болсон. Эхний үед гадагшаа явсан монголчууд хаана ч очсон ажиллах чадамжаараа бусад улсын цагаач ажилчдаас илүүрхэж, гадны ажил олгогчид монгол хүнийг авч ажиллуулах сонирхол их байдаг гэсэн яриа дуулддаг байсан бол сүүлийн үед гадагшаа явсан залуусын талаар “хулгай хийгээд баригдаж гэнэ”, “гэмт хэрэг үйлдээд хоригдож байгаа юм байна” гэх мэт мэдээлэл илүүтэй дуулдах болсон нь амархан мөнгөтэй болох гэсэн, “залхуурал”, сэтгэл, сэтгэлгээний доройтлын жишээ юм. Сайн үйл нь сайн үрийг боловсруулдаг бол муу үйл нь муухай уршиг дагуулдагийн жамаар ажлаас хойш суух болсон “залхуурлын” эмгэг нь өөр бусад муу үр дагаврыг ч нийгэмд бий болгов.
Энэ нь юу вэ гэвэл,
нэгдүгээрт хувь хүний ашиг сонирхол, хэрэгцээг “дээдлэгч” “ардчилсан, чөлөөт зах зээл”-ийн харилцааны жамаар бие биедээ хэмлүүлж, мэхлүүлсээр хэнд ч үл итгэх хүртлээ ганцаардан гансрах болсны улмаас,
хоёрдугаарт хийх ажилгүй, зав зайтайн улмаас цаг нөхцөөх аргаа олж ядан цахим орчин гэх “хов жив, хошин явдал, худал үнэн холилдсон элдэв мэдээ”-гээр тархи оюунаа булуулан сатаарах болсны эрхээр,
Гуравдугаарт хүний ёс буюу хүмүүжил, ёс суртахууныг огоорон орхиж, бусдын үгийг үл сонсож, өмнөөс нь уралдаж ярьдаг, юу дуртайгаа мэдэмхийрэн хийрхдэг болтлоо “үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх”-ийг эдэлдэг болсны үрээр, бас амьдралын бусад гачаал зовлон, бухимдал бачимдлын шалтгаан нөхцөл мундахгүй болсны улмаас өөрийгөө болон гадаад орчноо хянах чадвараа алдсан, сэтгэцийн өвчтөнүүд нийгэмд өсөн нэмэгдэж, жин дарах болсон. ...
О.Лхагвадорж
“Хүн төрөлхтний хайрын хомсдол” номоос
Зочин · 12 цагийн өмнө
SEXSDN ANUSDN VAWALDN80955877