Ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ түүврийн аргаар сурагчдаас цахимаар шалгалт авах явцад ачаалал үүсэж, доголджээ.

Уг асуудлаар Боловсролын Үнэлгээний Төвөөс/БҮТ/ "БШУС-ын 2024 оны 03 сарын 11-ний журам шинэчлэн батлах тухай А/115 дугаар тушаалаар хүүхдийн цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын багшийн ажлын гүйцэтгэлийн үр дүнг үнэлэх үнэлгээний ажлыг Боловсролын үнэлгээний төвөөс дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Журмын дагуу:

  • Дөрөвдүгээр сарын 28-аас тавдугаар сурын 3-ны өдрүүдэд СӨБ-ийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ
  • Тавдугаар сарын 12- 23-ны хооронд ЕБС-ийн багшийн ажлын гүйцэтгэл үр дүнг үнэлэх  үнэлгээг  улс орон даяар зохион байгуулж байна.

Энэхүү үнэлгээний зорилго нь багшийн ажлын гүйцэтгэл, сургалтын үр дүнг үнэлж, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, өөрийн болон хөндлөнгийн үнэлгээний соёл төлөвшүүлэх, сургалт үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад чиглэдэг.

Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн 700 сургуулийн 29,689 багшийн 854,507 сурагч энэхүү үнэлгээнд хамрагдана.

Энэ жилийн багшийн ажлын гүйцэтгэлийн үнэлгээ нь:

  • Суурь, бүрэн дунд боловсролын сурагчид цахимаар шалгалт өгөх;
  • Мэргэжлийн байгууллага, БШУГ, БХ, БШУГ, сургуулийн үнэлгээний багийн оролцоог нэмэгдүүлэх;
  • Үнэлгээний найдвартай байдлыг хангах хөндлөнгийн хяналтыг сайжруулах зэрэг онцлогтой явагдаж байна.

Шалгалтыг цахимаар явуулж буйтай холбоотой системд ачаалал үүсэж байна.

Математик болон англи хэлний хичээлийн цахим шалгалтын үед ачаалал хамгийн өндөр, нэг агшинд 20 мянга орчим илүү хандалт авч байна. Боловсролын үнэлгээний төвөөс системийн болон сүлжээнд ачаалал ихсэж буйтай холбоотойгоор техникийн өргөтгөлийг гурав дахин нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү ачааллын улмаас 11 дүгээр ангийн математикийн шалгалт хугацаанаасаа хоцорч эхэлж мөн дундаа ачаалалтай байлаа. Энэ үед математикийн хичээлийн шалгуулагч системд 95% нэвтэрч шалгалт өгсөн боловч гацалтаас шалтгаалж хэт богино хугацаанд даалгавар гүйцэтгэсэн тохиолдол системд бүртгэгджээ. Шалгуулагчдаас дахин шалгалт авах тухай хэлэлцэж байна.

Цахим технологид суурилсан энэ удаагийн шалгалт нь цаг хугацаа хэмнэх, багшийн болон зохион байгуулалтын ажлыг хөнгөвчлөх, эдийн засгийн хэмнэлттэй байх, суралцагчдын мэдлэг, чадварыг илүү найдвартай хяналттай үнэлэх зэрэг давуу талуудтай юм" гэж мэдээллээ.

 

Эх сурвалж: БҮТ