УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддоржтой ярилцлаа.

-Та малчидтай холбоотой асууд­лаар нэлээд байр суурь илэрхийлдэг. Энэ удаад малчдын эрх ашгийг хам­гаалах шаардлага үүсэж байгаа та­лаар ярьж байгаа. Энэ талаар тодруулж өгнө үү?

 

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн сайн биш байна. Тэгэхээр бид зөвхөн суурин иргэншил, үйлдвэрлэл үйлчилгээ, экспорт, импортод түлхүү анхаарал хандуулж болохгүй гэсэн үг. Эртнээс монголчууд нүүдлийн соёл иргэншилтэй, малч удамтай, бэлчээрийн мал аж ахуй эрхэлж ирсэн гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Гэхдээ сүүлийн үед малчид руу төрийн бодлого чиглэж байгаа мэт харагдавч бодит амьдрал дээр хэт хатуурхсан хууль эрх зүйн орчин байсаар л байна. Би говийн бүсээс сонгогдсон гишүүн учраас хөдөөгийн малчид санал гомдол, хүсэлт ирүүлдэг. Тэдгээрийг харвал нэлээдгүй хувийг нь малчид зам тээврийн ослоос үүдэлтэйгээр мал ахуйгаасаа салах эрсдэл тулгарч байгаа талаар байдаг л даа. Тиймээс энэ асуудлыг анхаарч судалж үзсэн юм.

 

Малчид бол Монгол өв соёл, уламжлал, малч ахуйг нуруундаа үүрч яваа хүмүүс. Тэд төр засгаас хамааралгүйгээр өөрсдийнхөө амьдралыг авч явдаг. Тийм учраас малчдын эрх ашгийг хамгаалах хэрэгтэй гэж үзэж байгаа. Мэдээж хуулийн хүрээнд зохицуулалт хийгээд явах санаачилгыг гаргаад ажиллана.

 

-Малчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хамгаалах талаар ажиллана гэдэг нь...?

 

-Монгол Улс мал аж ахуйн салбараа хуулиар дэмжиж, үндсэн хуулийг хэрэгжүүлэн ажиллах нь зүйн хэрэг. Гэхдээ зарим талаараа малчдад хохиролтой асуудлууд тулгарч байгаа талаар мэдээлэл ирж байгаа учраас говийн бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд санаачлаад ажиллах хэрэгтэй гэж үзсэн. Учир нь сүүлийн үед малчид зам тээврийн ослоор мал ахуйгаасаа салах эрсдэл тулгарч байгаа талаар хэлж байна л даа. Энэ нь ганц нэг тохиолдоод өнгөрдөг асуудал биш байна. Тэр ч бүү хэл үүнээс улбаалан малчдын амьдралын чанар доройтох асуудал ч тулгарч байгаа юм билээ. Хэдэн арван жил хүч хөдөлмөрөө зарцуулж өсгөсөн малаа зам тээврийн ослоор алдсан атлаа нэмээд төлбөрт унаж хариуцлага хүлээх болсон талаар мэдээлэл ирж байна..

 

-Зам тээврийн осол гэдгийг тодруулж болох уу?

 

-Манай ажлын албанд малчдаас ирсэн гомдол саналаас харахад авто зам болон төмөр зам дээр дайрах тохиолдол нэмэгдэж байгааг харж болно. Хүмүүс төдийлөн анзаардаггүй ч энэ нь анхаарал татах хэмжээнд хүрсэн байгааг хэлэх нь зүйтэй. Тухайлбал, зам тээврийн ослоор малаа алдсан малчин хохиролоо барагдуулах нь бүү хэл бүр хэрэгт унах тохиолдол ч гарах болсон байна.

 

Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 5-д “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж заасан байдаг. Үүнийг малчид өөрсдийнхөө хамгаалалт гэж бодож ойлгодог. Гэвч шөнө оройн цагаар зам дээр авто осолд өртөх нь элбэг байна. Гэтэл тээврийн хэрэгслийн жолооч хохирол барагдуулахгүйгээс гадна Замын хөдөлгөөний дүрмийн 27.2.з-д хатуу хучилттай замд 50 м-ээс дотогш хариулагагүй мал, тэжээвэр амьтдыг оруулахгүй байх гэсэн заалтыг үндэслэн малчин бурууддаг жишиг тогтсон байна. Тодруулбал, засмал зам дээр тэмээ гэнэт гарч ирсэн учраас зогсож амжилгүй мөргөсөн хэрэг гарсан байгаа юм. Тэгтэл жолооч машиныхаа хохирлыг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж. Үүнийг нь шүүх Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэхдээ 33 сая төгрөгийг малчин төлөх ёстой гэсэн байдаг. Дээрээс нь шөнө оройн цагаар зам дээр зам дээр малыг дайрах асуудал их байна.

 

Үндсэн хуульдаа хамгаална гэж заасан байтал Замын хөдөлгөөний дүрэм болоод бусад хуулиудад малчныг хамгаалах хамгаалалт алга. Тийм болохоор шүүхийн шийдвэр малчныг буруутай гэж гарч байгаа юм.

 

-Монгол бэлчээрийн мал аж ахуйтай учраас зам дагуух малчдад тулгамдсан асуудал болж байгаа юм байна, тийм үү?

 

-Тэгэлгүй яах вэ. Малчид энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаа учраас УИХ-ын гишүүдэд хүсэлт өгч байгаа хэрэг. “Би малаа алдаж өөрийн хөрөнгөөрөө хохирсон. Тэгтэл миний малыг мөргөсөн жолоочийг хохиролгүй болгох ёстой гээд 30 сая төгрөгийн өрөнд орчихлоо. Намайг тусалж дэмжээч” гэсэн өргөдөл ирж байна. Мэдээж хэдэн 10 жил бүхий л хүч хөдөлмөрөө зарцуулж өсгөсөн мал нь машинд мөргүүлээд байхгүй болсон. Дээрээс нь машины эвдрэлийг төлөх ёстой өрөнд уначихна гэхээр малчдад хамгаалалт байхгүйгээс энэ асуудал үүсэж байгаа гэж болно.Улсын дээд шүүх дээр ийм жишиг гарч байна гэдэг бол анхаарал хандуулах асуудал гэсэн үг л дээ.

 

-Манай улс импортоос хэт хамааралтай учраас хил хаахад байдал хүндэрнэ гэдэг байсан шүү дээ. Гэхдээ цар тахлын үед бид дотоод нөөц бололцоогоороо дажгүй хоёр жилийг туулсан гэж болох уу?

 

-Монгол орон бол мал аж ахуй, хөдөө аж ахуй дээр суурилсан эдийн засагтай. Цар тахлын үед хөдөө аж ахуй, мал аж ахуйн хүчээр л давсан. Дотоодын маш олон нөөц бололцоо байдаг. Аймгууд өөрийн маш их нөөц бололцоотой. Үндэсний үйлдвэрүүд нөөц бололцоо маш ихтэй гэдгээ ковидын үеэр харуулж чадсан. 

 

Онгон зэрлэг бэлчээртэй, нүүдлийн соёлтой дэлхийд ганц байгаа улс гэж эрдэмтэн судлаачид хэлдэг юм билээ. Тэгэхээр задгай бэлчээд сурсан малыг байнга хашаалж хариулна гэж байхгүй. Манай улс замын хөдөлгөөний дүрэмдээ өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтыг авах хэрэгтэй.

 

Учир нь зам дагуух үйлчилгээ хөгжөөгүй. Бэлчээрийн мал аж ахуйгаа үгүйсгэхийн оронд зам дагуух үйлчилгээгээ хөгжүүлж, Тэрбум мод үндэсний хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн зам дагуу мод тарих, хашаа, хаалт хийх замаар бэлчээрийг, малыг, амьтдыг хамгаалахад хаа хаанаа анхаарах цаг болсон.

Энэ гэхдээ дан ганц засмал зам биш төмөр замын асуудал ч хөндөгдөнө. Төмөр зам дээр нэг айлын зуугаад ямааг дайрсан тохиолдол гарсан. Саалийн ямаа нь төмөр зам дээр хэвтэж байхад нь дайрчихсан гэдэг. Түүнчлэн Дорноговь аймгийн Мандах суманд өнгөрсөн жил 500 гаруй мал төмөр зам дээр дайруулсан байна. Үүний 200 орчим нь тэмээ. 200 орчим тэмээ гэдэг 600 орчим сая төгрөгийг хөрөнгөөрөө хохирсон байгаа юм. Энэмэтчилэн Өмнөговь аймгийн Манлай, Цогтцэций суманд ийм байдал гарсаар байна.

 

Харамсалтай нь төмөр замынхан үүнийг огт тоодоггүй. Төмөр замын дагуу хашаа хийгээгүйгээс мал, амьтан төмөр зам дээр очиж хэвтээд байгаа юм шүү дээ. Тэгэхээр авто зам, төмөр зам ялгаагүй хаалт, хашлагаа хийж мал амьтныг эрсдэлд оруулахаас хамгаалах ажлыг идэвхжүүлж хийх хэрэгтэй.

Нөгөөтээгүүр нэгэнт бэлчээрийн мал аж ахуйтай малчид орой 20:00 цагаас хойш малаа хашаад эсвэл эргүүлж тойруулаад дагаад явж байна гэж байхгүй. Тэгэхээр замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах, зам, гүүрийн компаниуд хаалт, хашлага хийх ажлаа орхигдуулахгүй байх хэрэгтэй гэж үзэж байна.

 

Д.ОЮУНЧИМЭГ

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин