Н.Эрдэнэхүү: Ирээдүйн аав, ээж болох үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэх хэрэгтэй
3 цагийн өмнө
Хүний папиллома вирус /ХПВ/-ийн эсрэг дархлаажуулалтын ач холбогдлын талаар Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.
-Монголд умайн хүзүүний хорт хавдар өвчин өндөр байгаагийн шалтгаан юу вэ?
-Эмэгтэйчүүдийн хавдар, тэр тусмаа умайн хүзүү болон хөхний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой. Харамсалтай нь Монгол Улс энэ төрлийн хавдраас урьдчилан сэргийлэх ажил дэлхийн түвшинд хүрэхгүй байна. Хүрэхгүй байгаагийн нэг шалтгаан нь өнгөрсөн хугацаанд Монгол Улс нэгдүгээрт илрүүлж, эрт оношилж чадахгүй байна. Оношилгооны чадвар муу байна гэсэн үг. Хоёрдугаарт, умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх вакциныг хожуу нэвтрүүлсэн.
Вакцинжуулалтыг эрт хийж эхэлсэн бол умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх, өвчлөл газар авахгүй байх боломжтой байв. Жишээлбэл, Монголд 2023 онд 465 хүн умайн хүзүүний хорт хавдраар шинээр өвчилж, тэдгээр иргэдийн 165 нь тухайн жилдээ нас баржээ. Хэрэв бид вакцинжуулалт хийсэн бол ийм олон хүн умайн хүзүүний хорт хавдраар өвдөхгүй. Өвдлөө гэхэд ийм олноор нас барахгүй байсан.
-Монгол Улс хүний папиллома вирусийн эсрэг вакциныг дархлаажуулалтын товлолдоо орууллаа. Үүний ач холбогдол нь юу вэ?
-Жил ирэх тусам тогтмол өсөж байсан умайн хүзүүний хорт хавдар болон бусад таван төрлийн хавдраас сэргийлэх үндсэн арга нь вакцинжуулалт. Дархлаажуулалтын тухай хуульдаа хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг оруулсны ач холбогдол нь өнөөдөр өргөс авсан юм шиг мэдэгдэхгүй ч хэдэн жилийн дараа гарна. Хэрэв вакцинжуулалтдаа өргөн хүрээнд хамрагдвал үр дүнд хүрнэ. Гэтэл манайд хамрагдалт 30 гаруйхан хувьтай байна. Тэгэхээр вакцин хийлгээгүй 70 хувь нь хавдраар өвдөх эрсдэл өндөр байна гэсэн үг.
Монголчууд нэг зүйлийг анзаарах ёстой. 3-4-хөн жилийн өмнө гарсан ковидын вакциныг бид нийтээрээ хийлгэсэн. Гэтэл 20 жилийн өмнө анх Америкт, дараа нь Австрали, Англи зэрэг хөгжингүй улс орнууд хэрэглэж, энэ вакциныг хийлгэснээр ирээдүйд хорт хавдраас сэргийлнэ гэдгийг баталж, нотолсон вакциныг хэдхэн жилийн өмнөх ковидын вакцинтай харьцуулж болохгүй. Үүнийг бид ялгаж салгаж ойлгох хэрэгтэй юм.
Нэг судалгааны үр дүнгээс хэлье л дээ. Дэлхийн клиникийн судалгааны хамгийн оргил бүтээлүүд хэвлэгддэг шалгуур өндөртэй “The New England Journal of Medicine” сэтгүүлд нэг чухал үр дүн хэвлэгдсэн. Швед улсын Каролинска институтээс 2006-2019 онд 1.6 сая эмэгтэйг хамруулсан судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан 1.6 сая эмэгтэйн 558 мянга нь ХПВ-ийн эсрэг вакциныг хийлгэсэн байсан.
Судалгаагаар 17 наснаас өмнө вакцин хийлгэсэн эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдрын болон бусад хавдрын эрсдэл 88 хувиар буурсан байсан. Гэтэл 17 наснаас хойш буюу 23, 25 насандаа вакцин хийлгэсэн хүмүүст хавдрын эрсдэл 53 хувиар буурсан байна. Өөрөөр хэлбэл, хоёр хүний нэгийг хавдраас хамгаалж байна гэсэн үг. Ийм үр дүн гарсан тул ХПВ-ийн эсрэг вакциныг аль болох эрт хийх нь үр дүнтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн.
Үүнийг нь баталж, араас нь Австрали, Англи зэрэг улсын судалгаанууд хэвлэгдэж гарсан. Австраличууд вакциныг эрт хийлгэвэл 96 хувь хамгаалж чадаж байна гэсэн үр дүнг танилцуулсан. Австрали улс хүүхдүүддээ 11 наснаас нь эхлэн ХПВ-ийн эсрэг вакциныг хийдэг. Вакцин хийлгэсний ач холбогдол нь ганц умайн хүзүүний хавдар биш, бэлгийн замын бусад халдварт өвчин, ам залгиурын хавдар, шодойн хавдар зэрэг зургаан төрлийн хавдраас хамгаална.
Мөн нэг удаа вакцин хийлгэсэн байхад олон жилийн тогтоцтой, хамгаалах чадвар сайтай. ХПВ-ийн эсрэг вакциныг анх гурван тун тарьж байсан. Дараа нь хоёр тун, одоо бол нэг тун хийлгээд бүрэн хамгаалах дархлаа тогтоно.
Тиймээс бид бүхэн ирээдүйд ээж болох охиноо, бэрээ хавдар өвчнөөс хамгаалж, тэрнээс болж эрүүл мэнд, эдийн засаг, сэтгэл зүйд тулгарах олон эрсдэлээс хамгаална. Миний ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байх 2025 оны эхний зургаан сард ийм тохиолдол гарсан. Хоёр эмэгтэйд жирэмсний хяналтаар умайн хүзүүний хорт хавдар илрээгүй. Харин төрөх дөхсөн хойно нь хожуу оношлогдсон. Манай эмнэлгүүд эрт илрүүлж чадаагүй гэсэн үг. Хэрэв жирэмсэн болсон даруйд нь эхний хяналтаар илрүүлсэн бол эх, хүүхэд хоёрын амийг аврах бололцоотой. Хожуу илэрсэн учир эмнэлгийн заалтаар ээжийг нь аврах шийдвэр гарч байгаа юм. Ийм харамсалтай тохиолдлууд цөөнгүй байна.
-Монгол Улсад нэвтрүүлээд буй ХПВ-ийн эсрэг вакцины чанарт эргэлзэх хандлага байх шиг байна. Та үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Мэдэхгүйн гай л юм даа. Вакциныг зориуд эсэргүүцэх ямар санаа байдгийг хэлж мэдэхгүй. Нүүдэлчин ард түмний онцлог гэх үү, бусдаас сонсож мэдлэг, ойлголт авдаг. Өөрөө лавшруулж, шалгадаггүй. Хэн нэгэн хүн “Энэ буруу шүү” гэж хэлэхэд л түүгээр нь хүлээгээд авдаг дутагдал байх шиг байна. ХПВ-ийн эсрэг вакцин бол 20 жил хийгдээд ач холбогдолтой гэдэг нь нотлогдсон вакцин. АНУ-д анх 2006 онд нэвтрүүлсэн. АНУ-ын Хүнс, эмийн агентлагаар /FDA/ батлагдаж, албан ёсоор зөвшөөрөгдсөн вакцин.
-Та хүүхдүүддээ энэ вакциныг хийлгэсэн үү?
-Манай хоёр хүү энэ вакциныг хийлгэсэн. Том хүү хоёр тунг АНУ-д эрүүл мэндийн даатгалтай хэр нь 80 ам.доллар төлж хийлгэсэн. Бага хүү эхний тунг АНУ-д байхдаа, хоёр дахь тунг Монголдоо ирээд хийлгэсэн. Америкт даатгалтай атлаа нэг тунг 80 ам.доллараар хийлгэсэн. Хэрэв даатгалгүй бол илүү өндөр үнэтэй. Гэтэл Монголд үнэ төлбөргүй хийж байгаа нь маш том боломж юм л даа.
Ийм чухал вакцины талаар иргэд яагаад сөрөг ойлголттой байгааг хэлж мэдэхгүй. Энэ вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангийн шугамаар Монгол Улсад нийлүүлж байна. Олон давхар шалгуур хангаж, хүүхдэд хийж болно гэж албан ёсоор зөвшөөрөгдсөн вакцин юм. Аль нэг компани хувиараа авчирч, ашиг олох зорилгоор хийж байгаа юм биш. Тэгэхээр вакцины чанарт эргэлзэх хэрэггүй. Шинжлэх ухаанд итгэж, хүүхдүүдээ ирээдүйн аав, ээжүүдийг, өөрөө өвөө эмээ болоод үр хүүхдээ хорт хавдраар алдахгүйн тулд эрт вакцинаа хийлгэх нь зүйтэй юм.
-ХПВ-ийн халдварыг зөвхөн эмэгтэйчүүд авч, хавдраар өвчилдөг үү. Эрэгтэй хүүхдэд вакцин хийлгэснээр ямар ач холбогдолтой вэ?
-Эрэгтэй хүмүүс ХПВ-ийн халдвар дамжуулагч болдог. Гэхдээ сүүлийн үед ХПВ-ийн шалтгаант хавдрууд эрэгтэйчүүдэд ихсэж байна. Монголд шодойн хавдар жилд 7-8 бүртгэгдэж байна. Бэлгийн замаас гадна ам залгиураар дамжин улаан хоолой, толгой хүзүү, хошногоны хавдраар эрчүүд халдварлаж, өвчилдөг.
-Австралиас эхлээд улс орнууд умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсноо зарлах гэж байна. Хөгжсөн улсуудад энэ өвчин нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал биш болох нь ээ?
-Тэгж хэлж болох юм. Умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл хөгжсөн орнуудад маш бага. Аливаа өвчлөл 100 мянган хүн амд дөрөв илэрч байвал тухайн өвчнийг дарсан гэж үздэг. Дэлхийн улс орнууд 2040 онд умайн хүзүүний хорт хавдрыг устгах зорилт тавьсан. Австрали, Англи улс вакцинжуулалтыг эрт нэвтрүүлсний ачаар дээрх зорилтдоо 2030 онд хүрэх гэж байна.
Жишээлбэл, Австрали улсад сүүлийн жилүүдэд энэ хавдрын өвчлөл эрс буурч, бараг илрэхээ больсон. Удахгүй умайн хүзүүний хорт хавдаргүй улс болсноо зарлах гэж байна.
-ХПВ-ийн халдварын эсрэг вакцины ач холбогдлын талаар мэдээлэл, зөвлөгөө өгсөн Танд баярлалаа.
Зочин · 3 цагийн өмнө
URN SHINEGENE AMSI80955877BOOB XXN