ӨВЛИЙН ПАРАЛИМПЫН “МИЛАН КОРТИНА-2026” НААДАМД ОРОЛЦОХ МОНГОЛЫН БАГ ТАМИРЧДЫГ ҮДЭХ ЁСЛОЛ БОЛЛОО
3 цагийн өмнө

Итали Улсын Милан, Кортина хотод 2026 оны 03 дугаар сарын 06-15-ны өдрүүдэд болох өвлийн паралимпын XIV наадамд дэлхийн 50 орны 665 тамирчин өрсөлдөж, спортын зургаан төрөлд тэмцээнүүд явагдан, 79 багц медалийн эзэд тодорно.

“Милан Кортина-2026” өвлийн паралимпын XIV наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэх ёслол Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд боллоо.

Өвлийн паралимпын XIV наадамд Монгол Улсаа төлөөлөн гүйлтийн цанын эрэгтэйчүүдийн 10, 20 километрийн зайд Б.Ганболд, Ц.Дашдорж, уулын цанад Б.Цэрэнпунцаг нь жиант слалом ба слаломын 2 төрөлд өрсөлдөнө. Монголын гурван тамирчдаа Үндэсний шигшээ багийн цанын дасгалжуулагч Ж.Дашдондог, Д.Очирсүх нар удирдан наадамд оролцоно.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нь Монгол Улсын төрийн далбааг “Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн тугчаар оролцох пара гүйлтийн цанын тамирчин Ц.Дашдоржид гардууллаа.

Арга хэмжээний үеэр Монголын баг тамирчдыг төлөөлж Б.Цэрэнпунцаг, Б.Ганболд нар тамирчны тангаргаа өргөлөө.

“Милан Кортина 2026” өвлийн паралимпын XIV наадмын Монголын багийн ахлагч, Монголын пара гүйлтийн цанын холбооны ерөнхийлөгч Д.Ренчинхандад Монголын Үндэсний паралимпын хорооны туг далбааг МҮПХ-ны ерөнхийлөгч Ч. Чимэд-Отгон гардуулах үйл ажиллагаа мөн энэ үеэр явагдлаа.

Өвлийн паралимпын наадамд манай улсаас хамгийн анхлан тамирчин Н.Сүхбаатар оролцож байсан бөгөөд тэр бээр 20 жилийн өмнөх Италийн “Турин-2006” өвлийн паралимпын наадамд гүйлтийн цанын төрөлд өрсөлдөж байжээ. Монголын тамирчид өвлийн паралимпын наадамд 2006 оноос эхлэн таван удаа оролцсон бөгөөд цанын тамирчин Б.Ганболд хамгийн олон удаа буюу 4 дэх олимп, Ц.Дашдорж, Б.Цэрэнпунцаг нар нь паралимпын наадамд хоёр дахь удаагаа оролцож байна.
Анх 1976 оноос явагдсан өвлийн паралимпын наадамд Монгол Улс одоогоор хараахан медаль хүртээгүй байгаа ба энэ удаа өвлийн Паралимпын наадам зохиогдож эхэлсний түүхт 50 жилийн ой тохиож буй юм.










Зочин · 3 цагийн өмнө
BOOBN DYRTAI XXOJ BOOW XUSELTEI XELEERE DOOLOON ANUSN AL SEXSEER TOMSGN GOE LAW DOLOOGD80955877