“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ
2 цагийн өмнө

УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын 31-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлаар томилогдсон. Дөрвөн сарын дараа энэ албан тушаалд очсоных нь дөрвөн жилийн “ой” тохионо. Түүнийг “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал болсноос хойш тус үйлдвэрийн худалдан авалт, төсөв хөрөнгийн зарцуулалт улам нууц байдалд орсон. Тэгсэн хэр нь, үйлдвэрийн удирдах албан тушаалтнууд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогддог нь хэвээр байсаар ирсэн.
Өөрөөр хэлбэл, АТГ дээр байсгээд л нэг захирал нь, хэн нэг удирдах албан тушаалтан нь шалгуулахаар очдог. Тэгсгээд хэрэг түвэг нь цайрдаг юм уу, сураг алдардаг. Мөн, Аудитын байгууллагаас жил тутам хийдэг шалгалтаар олон арвар зөрчил илэрдэг. Үнэндээ, аудитын дүгнэлт нь тэр бүр ил гарахгүй, далдлагддаг. Ил болсон аудитын дүгнэлтээс үзвэл, аудитаар илэрсэн зөрчил бүр нь АТГ дээр хэрэг болох хэмжээнийх байдаг. Г.Ёндонгоос өөр хэн нэгэн албан тушаал хашдаг этгээд энэ мэт зөрчил гаргасан бол аль хэдийнэ АТГ-т дуудагдах нь ойлгомжтой гэсэн үг. Тухайлбал, аудитын байгууллага ээлжит шалгалт болгож “Эрдэнэт үйлдвэр”-ийн 2025 оны санхүүгийн тайланд аудит хийжээ. Тэгээд “…Хязгаарлалттай” гэсэн дүгнэлтийг өгчээ. Учир нь, “Эрдэнэт үйлдвэр”-ээс Засгийн газрын тогтоол, дээд шатны байгууллагаас төсвийн жилийн дундуур, гэнэтийн шийдвэрүүдээр ирсэн чиглэлийн дагуу үйлдвэрийн үндсэн чиг үүрэгт хамааралгүй 33,582.7 сая төгрөгийн санхүүжилт, дэмжлэг олгожээ. Энэ нь “Эрдэнэт үйлдвэр”-т ирэх төсвийн дарамтыг нэмэгдүүлж, үйлдвэрийн урт хугацааны төлөвлөлтийг удаашруулах, төлөвлөгдсөн хөрөнгө оруулалтын ажлуудыг гацааж, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, “Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн нүхэн жорлонг орчин үеийн стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих төсөл”-д 17.54 сая ам.доллар буюу 59,629.0 сая төгрөг төлөвлөж, Сангийн яаманд 24,179.4 сая төгрөг шилжүүлсэн. “Төрийн тахилгат Бурхан Халдун хайрханд хүндэтгэлийн цогцолбор барих ажил”-д 0.29 сая ам.доллар буюу 1,000.0 сая төгрөг төлөвлөж, тодотголоор 500.0 сая төгрөгөөр нэмэгдүүлэн баталж, БХЯ-ны ЗХЖШ-т 1,500.0 сая төгрөг олгосон. Шинэ Хархорум хотын төв цэг, төв талбайн тохижилтын ажлын санхүүжилтэд Зэвсэгт хүчний 256 дугаар ангид 222.8 сая төгрөг, нэмэлт гэрээгээр 36.5 сая төгрөг, бусад 109.6 сая төгрөг, нийт 369.0 сая төгрөг, хотын төлөвлөлтөд тусгагдсан ногоон байгууламж, нарс мод тарих арчлах ажилд “Бугант нандин” ХХК-д урьдчилгаа төлбөрт 1,396.4 сая төгрөг өгсөн. “Эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хөгжүүлэх төсөл”-д 4,500.0 сая төгрөгийг төлөвлөж, 4,491.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн. Дундговь аймагт Говийн бүсэд мод үржүүлгийн газар байгуулах ТЭЗҮ хийх ажилд 39.8 сая төгрөг олгосон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т таван менежерийн орон тоог нэмэгдүүлснээр төлөвлөгдөөгүй зардлын гүйцэтгэл 1,607.1 сая төгрөг болсон. Дээрх томилгоотой холбоотойгоор таван менежер, хоёр нарийн бичиг, нэг жолоочийн цалин хөлсний зардалд 1,192.9 сая төгрөг, тээвэр шатахууны зардалд 254.1 сая төгрөг, тавилга эд хогшил, цахилгаан хэрэгсэлд 160.1 сая төгрөг гарсан. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг санхүүжүүлэхээр 12.08 сая ам.доллар буюу 41,079.4 сая төгрөг төлөвлөжээ. Түүнийх нь гүйцэтгэл гараагүй байна. Ийн, “Эрдэнэт үйлдвэр”-ийн газрын чиг үүрэгт хамааралгүй, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын болон урсгал зардал, нийгмийн шинжтэй зардлуудыг баталж, компанийн ашигт ажиллагааг бууруулсан зөрчлийг таслан зогсоох албан шаардлага хүргүүлсэн байна.
Мөн, 2025 оны эцэст 2026 оны нэгдүгээр сарын экспортын орлого буюу 235,748.2 сая төгрөгийг харилцагч зургаан аж ахуйн нэгжээс урьдчилан авч улсын төсвийн татварын урьдчилгаанд 177,385.0 сая төгрөг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн менежементийн төлбөрт 20,000.0 сая төгрөг, ОНХС-нд 5,000.0 сая төгрөг, Сангийн яаманд 754.2 сая төгрөгийн санхүүжилт олгожээ. Үүнээс гадна, Хаан банкнаас оны эцэст 141,943.4 сая төгрөг буюу 40.0 мянган ам.долларын 8.88 хувийн хүүтэй зээл авч үндсэн үйл ажиллагааны зардлыг төлсөн. Ингэснээр, 2025 онд төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төсвийг 58,535.2 сая төгрөгөөр бууруулж, зарим хөрөнгө оруулалтын ажлуудыг хойшлуулжээ. Энэ нь ирээдүйд үйлдвэрийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүүгийн дарамтад оруулж, дараа дараагийн шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах боломжийг бууруулсан эрсдэл үүсгэжээ. Өөрөөр хэлбэл, ингэж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ирээдүйд орох орлогыг барьцаалж харилцагч байгууллагуудаас урьдчилан санхүүжилт татаж, улсын төсвийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн байна. Тиймээс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын санхүүгийн дарамт үүсгэж, зээл, зээлийн хүүгийн зардал төлүүлж, компанийн ашигт ажиллагааг бууруулахгүйгээр удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах албан шаардлагыг хүргүүлжээ.
Түүнчлэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын худалдан авах ажиллагаанд оролцож буй байгууллагуудын өмнөх шалгарсан бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэл болон олон гэрээг давхардуулан авч буй эсэхийг Үнэлгээний хороо нь үнэлдэггүй байна. Үүнээс болоод долоон багцтай тендер шалгаруулалтын таван багцад нэр бүхий хоёр компани шалгарч нийт 19,358,082,000.00 /Арван есөн тэрбум гурван зуун тавин найман сая наян хоёр мянга/ төгрөгийн гэрээг байгуулжээ. Энэ нь тендерт оролцогчид тавигдах санхүүгийн чадавхын шалгуур үзүүлэлтийг хангахгүй, гэрээнд заасан хугацаанд барааг нийлүүлэхгүй, гэрээний хэрэгжилт хангалтгүй байх эрсдэлтэй үүсгэжээ. Тиймээс, худалдан авах ажиллагааны тендерт оролцож байгаа аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн чадавхыг үнэлэхдээ тухайн аж ахуйн нэгжийн өмнө шалгарсан дуусаагүй ажлын төсөвт өртгийн нийлбэрээс тооцож бодитой үнэлдэггүй зөрчлийг таслан зогсоож, давтан гаргахгүй байх албан шаардлага хүргүүлсэн байна.
Бас, “Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын 2024 онд байгуулсан үндсэн гэрээнд тусгагдаагүй сургалтын зардал, онгоцны тийз, гадаадад байрлах зардлыг бэлтгэн нийлүүлэгч компаниар даалгаж, үйлдвэрийн газрын ажилчдыг гадаадад томилолтоор ажиллуулжээ. Тухайлбал: Ерөнхий захирлын 2025 оны А/70 дугаар тушаалаар 2025 оны гуравдугаар сард Австрали улсын Перт хотод сургалтад хамрагдах үйлдвэрийн газрын найман ажилтны гадаад томилолтын зардлыг “Майнтек техноложи” ХХК-иар даалгажээ. “Майнтек техноложи” ХХК, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 онд байгуулсан “Ил уурхайн программ хангамжийн лиценз” нийлүүлэх 2024/09-10-0369 тоот үндсэн гэрээнд 2025 оны дөрөвдүгээр сард нөхөн нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Ерөнхий захирлын 2025 оны А/329 дүгээр тушаалаар БНХАУ-ын Тянжинь хотод үйлдвэрийн газрын үйл ажиллагаатай танилцах, уулзалтад оролцуулахаар хоёр ажилтны гадаад томилолтын зардлыг “Ай эм трейдинг” ХХК-иар төлүүлжээ. Тус компани болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 онд байгуулсан “Бутлан тээвэрлэх хэсгийн туузан дамжуулгын хөтлүүр” нийлүүлэх 2024/02-11-0684 тоот үндсэн гэрээнд тусгагдаагүй байхад бэлтгэн нийлүүлэгч талаар даалгаж, ажиллуулжээ. Ингэж үндсэн гэрээнд тусгагдаагүй зардлыг бэлтгэн нийлүүлэгч компаниар даалгасан зөрчлийг таслан зогсоож, харилцагч байгууллагатай байгуулсан гэрээнд худалдан авах ажиллагааны тендерийн баримт бичигт тусгагдаагүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй нөхцөлөөр нэмэлт өөрчлөлт оруулахгүй байх албан шаардлагыг мөн хүргүүлсэн байна.
Дээрээс нь, өмнөх аудитаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т санхүүгийн тайлангийн аудитаар хүргүүлсэн 103,097.0 сая төгрөгийн долоон албан шаардлага, 13,419.6 сая төгрөгийн долоон зөвлөмж, санхүүгийн тайлангийн аудитаар шалгасан нийцлийн асуудлаарх зөрчилд хүргүүлсэн хоёр албан шаардлага, хариуцлага тооцуулах хоёр албан шаардлагын нийт биелэлт 48.0 хувьтай байгааг Аудит онцолжээ.
Ер нь бол, Аудитыг Г.Ёндон тоодог ч үгүй юм байна. АТГ ч Г.Ёндонг “тоодоггүй” аж. Товчхондоо, “Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 27. ДАВАА ГАРАГ. № 79 (7821)






