Төв аймгийн Заамар сумын алтны уурхайн цооногт гурван настай хүүхэд унаж амь насаа алдсан харамсалтай осол өнгөрөгч долоо хоногт гарсан. Энэхүү ослыг тойрсон олон асуудал иргэдийн дунд яригдаад буй юм. Энэ талаар иргэн Г.Баттулгатай ярилцлаа.


-Энэхүү осолтой холбоотойгоор олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж байна. Таны хувьд ямар дүгнэлт хийж байна вэ?

-Уг харамсалтай үйл явдалтай холбоотойгоор олон хүний сэтгэл эмзэглэж, бухимдаж байгаа нь ойлгомжтой. Миний хувьд энэ үйл явдал ганцхан нэг хүүхдийн амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг байгаад зогсохгүй Монгол Улсын аврах ажиллагааны бэлэн байдал, техник хэрэгсэл, удирдлагын чадавх ямар түвшинд байгааг нийтэд харуулсан тохиолдол боллоо гэж харж байна. ОБЕГ-т 10 давхраас дээш барилгад осол болбол аврах техник хэрэгсэл байдаггүйг, газраас доош ч аврах техник хэрэгсэл байдаггүйг улс даяараа харж мэдэрсэн долоо хоног болж өнгөрлөө. Ямар нэгэн осол дээр удирдан ажиллаж байгаа хүний мэргэжлийн ур чадвар, дадлага туршлагаас л бүх зүйл хамаардаг. Үр дүн нь тийм л гардаг. Бүр цаашилбал, ажиллаж байгаа хүмүүсийнхээ ур чадвар, багаж хэрэгслээ хэрхэн үнэлж байгаагаас хамаараад боломж бололцоо муу үед мэргэшсэн хүмүүсийн тусламжийг авахад ч бурууддаггүй.

Гэтэл өнөөдөр манайд нүхэнд унасан хүүхдэд хүрэх хурд нь 20 литрийн канистраар шороогоо зөөх хэмжээнд байна. Нөгөө талдаа хувиараа олборлогч нарын цооногоос шороо гаргаж ирэхдээ ашигладаг ванны хэмжээ бараг хоёр тонн байдаг.

Нарийн цооног ухах тал дээр мэргэшсэн хүмүүс гэвэл "Нинжа" нар л байна шүү дээ. Хаанаас нь яаж ухаж, хурдан хугацаанд ойртохоо тэд мэднэ. "Жор үзсэн эмчээс зовлон үзсэн чавганц дээр" гэдэг биз дээ. Яаж ухвал хурдан байх, нуранги үүсэхгүй байх вэ гэдгээ мэдэж байгаа. Нэг л их "мэргэжлийн" гэдэг нэрний ард нуугдсан мэдлэг чадвар дутмаг хүмүүс байна. Онцгойгийнхон анхнаасаа хэр хугацаанд аврах ажиллагаа явагдахыг мэдэж л байсан байж таарна.

Гэтэл хэдэн "Нинжа" нар ирэх үед нь "Стандартад нийцэхгүй, болохгүй" гээд буцаачихсан юм билээ. Тэгээд "Онцгойгийн уул уурхайн мэргэжлийн анги гэсэн мөртлөө дандаа 20 гаруй насны мотороо яаж асааж, молотокоо яаж барихаа ч мэдэхгүй залуус байна" гээд алт олборлогч нар ярьж байна лээ. Үүнээс л алба хаагчдын туршлага, ур чадварыг харж болно.

Мөн ээж, аавын буруу гэж нэг хэсэг нь ярьж байгаа. Гэвч эрсдэл хаана ч гарахыг үгүйсгэхгүй. 100 хувь аюулгүй газар гэж байхгүй. Тийм учраас юуны тулд Онцгой байдлын аврах баг байгаа вэ гэдгийг ойлгох ёстой.

-Өнгөрсөн оны намар Хөвсгөл аймгийн Тариалан суманд хоёр настай хүүхэд сураггүй алга болж, ес хоногийн дараа амиа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг мөн гарсан. Ийм эмгэнэлт тохиолдлуудаас холбогдох байгууллагууд хангалттай сургамж аваагүй гэж үзэж байна. Тэгвэл энэ асуудалд хэн хариуцлага хүлээх вэ?

-Системийн түвшинд хариуцлага ярих ёстой. Иймэрхүү явдал болоход тэр дор нь арга хэмжээ авч, техник багаж, хэрэгсэл бүгдийг бэлэн байлгах үүрэгтэй субьект бол төр засаг. Байж болох бүх техник хэрэгсэл, дулаан дамжуулагч, татагч, бэхлэгч гээд бүгдийг ОБЕГ-т байлгах үүрэгтэй. Орчин үед ногоон хурганы арьснаас бусад нь байдаг болсон цаг шүү дээ. Мөн энэ асуудалд ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян гэх хүн хариуцлага хүлээх ёстой. Аврах ажиллагаа эхэлснээс хойш 50 гаруй цаг өнгөрсний дараа охины цогцсыг олсон. Гэтэл алба хаагчид нь канистраар шороо зөөж байгаагаасаа ичих хэрэгтэй. Энэ хүн техник хэрэгсэл, хангамжаа сайжруулахад яаж анхаарч байна вэ гэж би асуумаар байна.

Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй, гар мухар юм байна гэдгийг нь сүүлийн хэдэн өдрийн жишээ харууллаа. Юу дутагдалтай байна, хаана нь алдав, юу нь онов гэдгээ зоригтой гарч ирээд тайлбарлах хэрэгтэй. Өнөөдөр иргэдийн бухимдал ийм үйл явдал гарах бүрд удирдлагын түвшний тайлбар, хариуцлагын асуудал тодорхой бус үлддэгтэй холбоотой гэж харж байна.

-Энэ эмгэнэлт явдлаас бид ямар сургамж авах ёстой юм бол?

-Ийм төрлийн осол дахин гарахгүй гэх баталгаа байхгүй. Тиймээс тусгай зориулалтын техник хэрэгслийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, мэргэжлийн хүмүүсийнхээ практик туршлагыг сайжруулж, ийм онцгой нөхцөлд олон байгууллага, мэргэжлийн хүмүүс хамтарч ажиллах тогтолцоог боловсронгуй болгох хэрэгтэй. Ер нь төрийн бүх шатанд ажлаа хангалттай хийдэггүй, эрсдэлээ урьдчилан тооцдоггүй, асуудлаа ойлгож шийдвэрлэдэггүй, хайнга хариуцлагагүй хандлага газар авсны илрэл гэж харж байна.

 

Г.БАЛГАРМАА

ӨДРИЙН СОНИН