С.Молор-Эрдэнэ Ерөнхийлөгчид нэр дэвших бодлоо орхиогүй гэнэ
17 цагийн өмнө

Тагнуулын ерөнхий газраас философич С.Молор-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2026 оны есдүгээр сарын 1-ний өдөр баривчилсан билээ.
Улмаар есдүгээр сарын 2-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх Нийслэлийн прокурорын газрын саналыг үндэслэн түүнийг 30 хоногийн хугацаатай цагдан хорих шийдвэр гаргаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон билээ.
Түүнийг цагдан хорихдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг үндэслэжээ. Уг заалт нь оргон зайлах, нотлох баримтыг устгах, нуун далдлах, гэмт хэрэг дахин үйлдэх зэрэг эрсдэлтэй холбоотой зохицуулалт юм.
Гэвч С.Молор-Эрдэнийн өмгөөлөгчид уг шийдвэрийг эс зөвшөөрч, гомдол гаргаснаар есдүгээр сарын 29-ний өдөр шүүхийн ерөнхий шүүгч хэрэгт авагдсан баримт болон яллагдагчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. Өөрөөр хэлбэл С.Молор-Эрдэнэ хэдийгээр суллагдсан боловч шалгагдсан хэвээр байгаа юм.
Тэрээр өөрийг нь шалгаж буй үйлдлийг ямар ч үндэслэлгүй хэмээн дүгнэж буй төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд Иргэний Зориг-Ногоон Намаас нэр дэвшин өрсөлдөх бодлоо орхиогүй байгаа гэнэ.
Э.Солонго
sonin.mn







Зочин · 9 цагийн өмнө
Адаглаад үсээ засуулдаг ёрөнхийлөгчтөй болно шүү энэ хүн бишээ
Лантуу · 15 цагийн өмнө
Агуу ихийн солиоролтой этгээдийг ингэж рекламдах хэрэг байна уу