Ц.Туваан: Том баяруудтай давхацсан давчуу цаг хугацаанд сонгууль болох нь байна
16 цагийн өмнө

Улсын Их хурлын гишүүн Ц.Туваантай ярилцлаа.
-Ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр ээлжит бус сонгуулийг зохион байгуулах шаардлага үүссэн. Энэ сонгуулийг хэдий үед хийхээр ярьж байна. Ер нь хуулиндаа юу гэж заасан байдаг юм бэ?
-Төрийн тэргүүн Монгол Улсын ардчилсан тогтолцооны хугацаанд анх удаагаа өөрийн хүсэлтээр өргөдлөө өгч, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдлөө.
Тэгэхээр мэдээж ийм тохиолдолд яах вэ гэдгийг хуулиар зохицуулсан байдаг. ерөнхийлөгч өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн тохиолдолд ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулна гэсэн заалттай. Харин энэ хугацаанд Монгол төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгчийг УИХ-ын дарга хавсран хийнэ гэдэг хуулийн зохицуулалттай юм билээ. Ингээд тооцвол сонгууль ирэх оны хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр зохион байгуулагдах хуулийн хугацаатай болж ирж байгаа. Тиймээс энэ хугацааны дагуу Монгол Улсад сонгуулийн асуудал хариуцсан Сонгуулийн ерөнхий хороо гэж байгууллага бий. Энэ байгууллага маань яг энэ цаглабарыг гаргаж, төрийн бусад байгууллага болон намуудтай зөвшилцөх байх гэж бодож байна.
-Намууд нэр дэвшигчдээ сүүлийн байдлаар хэдийгээр тодорхой болгосон байх ёстой вэ?
-Их богино хугацаатай болж байгаа юм. Гуравдугаар сарын 1-нд сонгууль болно гэж үзэх юм бол энэ хооронд шинэ жил, Монгол түмний уламжлалт баяр Цагаан сар болно. Тэгэхээр том баяруудтай давхацсан давчуу цаг хугацаанд сонгууль болох нь байна. Тиймээс СЕХ цаглабараа яаралтай гаргаж, УИХ дээр баталж өгөхгүй бол болохгүй. Учир нь тухайн намаас нэр дэвшигч нь хэн байх вэ гэдгийг намууд орон даяар өөрсдийн салбар хороодоороо хэлэлцүүлж, сүүлд нь эрх барих дээд байгууллага нь шийдвэрлэх дүрэмтэй. Үүнд нэлээд цаг хугацаа орно. Тиймээс яаралтай цагалвараа гаргахгүй бол оройтно. Мэдээж нэг намаас нэг л хүн нэр дэвшинэ. Гэвч түүнийгээ олон нэр дэвшигчээс сунгаа хийж байж тодруулна.
-Та хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр сонгууль зохион байгуулах болов уу гэж хэлж байна. Харин энэ үеэр оюутнууд хичээлтэй байж таарах учраас орон нутгийн оюутнууд саналаа өгч чадахгүй байдалд хүрнэ. Энэ нь эргээд эрх барьж байгаа намд ашигтай тусах болов уу гэсэн судлаачдын таамаг байсан. Үүн дээр та юу хэлэх вэ?
-Бид сонгуулийн ирцийг өндөр байлгах, төрийн сонгуульд иргэдээ идэвхтэй оролцуулахын тулд янз бүрийн хөшүүрэг хэрэглэж ирсэн. Тиймээс энэ удаагийн сонгуулийг ирц өндөр, оролцоо хангасан байдалтай зохион байгуулах нь зүйтэй. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль бол улсын хэмжээнд санал авдаг. Нэг үгээр бол тухайн нэг тойргоос хүн сонгох биш, улсаараа нэг тойрог болж байгаад нэг хүнийг сонгох учраас энд хичээлтэй байх, эсвэл үндсэн харьяан дээрээ байх нь хамаарахгүйгээр зохицуулалт хийж болох байх гэж бодож байна.
-Зөөврийн хайрцгаар санал авдаг шиг байдлаар шийдэж болно гэсэн үг үү?
-Тухайн аймаг, дүүргийг төлөөлөх хүнийг тэнд оршин сууж байгаа хүн нь сонгодог. Гэтэл Ерөнхийлөгчийг бол орон даяар ганц хүнийг сонгох учраас үүн дээр ямар нэгэн гарц гаргалгаа байж болох байх гэж бодож байна.
-Ардчилсан нам энэ ээлжит бус сонгуульд хэрхэн оролцохоор ярьж байна. шинэ жил, Цагаан сар болох учраас эрх барьж байгаа намынхан бэлэг тараах ч гэдэг юм уу байдлаар сонгуулийн дүнд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Ардчилсан намын хувьд мэдээж нэр дэвшигчээ Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дүрмийнхээ дагуу тодруулаад энэ удаагийн ээлжит бус сонгуульд оролцоно. Сонгуулийн жил гарахаар ямар нэгэн бэлэг дурсгал, үнэ бүхий зүйл, мөнгө төгрөг өгөхийг хориглодог. Тиймээс энэ асуудлыг ч СеХ-ноос маш яаралтай гаргаж өгөх хэрэгтэй. Мэдээж Цагаан сараар монголчууд хадаг, мөнгө, бэлэг, бүр архи хүртэл бариад золгож л байдаг. Тийм болохоор энэ болно, болохгүй, хуулийн дагуу энэ зөвшөөрөгдсөн, зөвшөөрөгдөөгүй гэдэг зүйлийг ярихгүй бол нэлээд маргаан дагуулсан зүйлс болох вий гэж болгоомжилж байна. Манай намын хувьд сонгуулийн стратеги, мөрийн хөтөлбөр боловсруулах Ажлын хэсгээ байгуулаад УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд ахлаад ажиллаж байна. Өнөөдөр (өчигдөр) ч гэсэн нам дээр хуралдаж байгаа. Тэгэхээр бидний хувьд ч цаг хугацаа гэдэг маш үнэ цэнэтэй болж ирж байна.
-Танаас өөр нэг зүйл дээр хариулт авмаар байна. нэлээд маргаан дагуулсан Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан 25 гишүүний нэг нь та. Чухам яагаад хаврын морин уралдааныг зөвшөөрөх хэрэгтэй гэж та бүхэн үзээд байгаа юм бэ?
-Хууль гэдэг бол нийгэмд үүсээд байгаа харилцааг зохицуулах ёстой. Нэг ёсондоо энэ хуулийг зайлшгүй гаргах эрэлт байна л гэсэн үг. Яагаад эрэлт байна гэхээр Монгол орны 21 аймаг, 330 сум, нийслэл, дүүрэгт ч гэсэн хаврын морин уралдаан болохгүй байгаа гэж бодвол энэ дэндүү эндүүрэл болно. Гэхдээ бүр сүлжээгүй, алс буйд газрыг сонгож, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, цагдаа, эмнэлэг, мал эмнэлгийн хяналтгүйгээр зохион байгуулагдсаар байгаа. Хяналтгүй зүйл гэдэг эргээд эрсдэл дагуулж байдаг. Гарсан эрсдэл нь дарагдаж, нуугдаж байдаг, далд хэлбэрт орчихдог. Тэгэхээр морины уралдаан үндсэндээ далд хэлбэрт орчихоод байгаа юм. Тийм болохоор энэ асуудлыг зохицуулж, хариуцах эзэнтэй болгож өгөхгүй бол болохгүй байна. Хөдөө уралдаж байгаа хүмүүс дээр цагдаа очихоор буудуулсан чоно шиг бутарч алга болдог. Энэ үед хүүхэд гэмтэж бэртэх, цаашлаад амь насаа алдах эрсдэлтэйгээс гадна тэнд байгаа хүмүүсийн маргаан мэтгэлцээний асуудал ямар ч хяналтгүй болчихоод байгааг хяналттай, эзэнтэй болгох нь чухал. Төрийн байгууллагууд нь оролцдог, зам харгуйгаа засчихдаг, хүүхдийн хувцсаа шалгаад явдаг болгоё гэсэн л санаа юм. Тэгэхгүй бол хүчээр хаах тусам илүү далд хэлбэрт ордог учраас дэмжиж байгаа. Дээрээс нь бидний өв соёлыг тээгээд явж байгаа цөөхөн хүмүүсийн нэг нь уяачид. Дээд шүүхээс хориглолоо гэсэн шийдвэр гарсны дараахан Дорнод, Сүхбаатар аймгийн сумын төвийн дэлгүүрийн хүмүүс холбогдож байсан. Энэ шийдвэр гараад л архи, пивоны борлуулалт огцом нэмэгдсэн гэж хэлж байлаа. Энэ бол бодитой амьдралын үнэн. Яг морио уяж байхдаа монголчууд журамтай, ажлаа алдахгүй, архи дарсыг цээрлэдэг. Тиймээс энэ бүхэн чинь бидний өв соёлтой холбоотой. Үүнийг харсаар, мэдсээр байж нүдээ аньж, чихээ таглаад сууж болохгүй гэж үзэж байгаа.
Т.ДАРХАНХӨВСГӨЛ
ӨДРИЙН СОНИН






