ССАЖ-ын сайд таны “Ногоон нүдэн лам” хэмээх романыг хэдэн жилийн өмнө уншиж байсан юм. Тэрхүү зохиолын гол дүр нь явган лам байдаг. Яагаад явган байсны учрыг одоо л оллоо.

Ер нь сайд таны морь хийгээд адууны тухай мэдлэг дунд сургуулийн хүүхдийн хэмжээнд л байдаг бололтой. Адуу мэдэхгүй хүн ардын зан заншил, ахуйн хэрэглэлийг яаж ч мэдэх билээ дээ. Тэр дундаа эмээлийн талаархи мэдлэг тань үсэг үзэж байгаа нэгдүгээр ангийн хүүхдийн хэмжээнд байдаг байх. “Э” үсэг үзэхээр эмээл, элээ гэж багш заадаг шүү дээ. Уг нь эмээл гэдэг чинь монгол түмний соёлын өв, өнөөг хүртэл уламжилж ирсэн ахуйн хэрэглэл, дархан хүний бурхан ухаанаар бүтсэн том урлаг юм сан. Гэтэл соёлын салбарт нь эмээлийн тухай мэдлэгтэй хүн байхгүйгээс Хятадад алдаж байгаа бололтой. Эмээл гэдэг сайд таны залардаг хөнгөн тэргэний суудал биш ч эрт дээр үед хаанаас эхлээд харц ард нь хүртэл хэрэглэж ирсэн үнэт зүйл юм. Монгол түмэн охидоо гоёхоосоо өмнө эмээлээ гоёж байсан түүхтэй шүү дээ. Ямартаа ч морио хятад мотоциклиор сольчихоогүй байгаа энэ үед эмээлээ харьд алдах аюулд өртөөд байна. Гэтэл салбарын сайд та энэ талаар мэдлэг, мэдээлэл нимгэн сууж байдаг нь харамсалтай. Эмээл бол ард түмний хувьд таны хөөцөлдөөд байгаа үлэг гүрвэлийн яснаас ч үнэтэй эд шүү. Тиймээс энэ асуудалд анхаарлаа хандуулж, харийнхан санаа тавихаас өмнө санаачилгатай хандаж байгаач ээ хэмээн ард түмнийхээ өмнөөс захидал хаяглаж байна.

ХIII ЗУУНЫ ҮЕД ХЯТАДАД ЭМЭЭЛ БАЙСАН УУ, ХАРИН МОНГОЛД ЭРТНИЙ ОЛДВОРООС ЭМЭЭЛ ГАРСААР
Өдгөө ХIII зуунаас эхлээд сонин хийцтэй, хэд хэдэн төрлийн чамин эмээл Байгалийн түүхийн музейд бий. Харин ХIII зууны үед урд хөршид эмээл байсан, эсэхийг бүү мэд. Сүүлийн жилүүдэд монгол түмнээс гаралтай өв соёл бүхнийг БНХАУ өөрийн нэрээр дэлхийн биет болон биет бус соёлын өвд бүртгүүлэх боллоо. Ганцхан жилийн өмнө гэхэд уртын дуу, уран хөөмийг дэлхийн биет бус соёлын өвд бүртгүүлсэн талаар хэвлэлүүдээр шуугиад өнгөрсөн. Тухайн үеийн БСШУЯ-ныхан ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж хамтарч бүртгүүлсэн нэр зүүгээд өнгөрсөн. Дэлхий дахинд зөвхөн монгол хүний тоглодог хөгжим, аялдаг дуу, хэрэглэдэг хэрэгсэл бусдаас ямагт содон өөр байдаг. Харин хятад хүн морь унаж, эмээл тохож, уртын дуу дуулж, хөөмийлж явсан түүх үгүй. Хятадын үндэсний үлгэрт загасны уурга барьсан, сийрсэн малгайтай өвгөн гардаг болохоос биш адуу хөөж, эмнэг сургаж, бугуйл цацаж, морь эмээллэж байгаа сайн эрийн тухай би л лав сонсоогүй юм байна. Гэтэл Өвөрмонголын Түнляо хотод байрлах монгол үндэстний морины эдлэл хэрэгслийн урчуудын бүтээсэн загваруудыг Хятадын “Биет соёлын өв”-д бүртгэж авчээ. Удахгүй Хятад Улс эмээлийг дэлхийн биет соёлын өвд бүртгүүлэхээр зэхэж байна. Энэ ажилд зориулан Хятадын биет соёлын өвийн төвөөс уламжлалт, гараар бүтээсэн ташуур, гөлөм, жирэм, эмээлийн мод, бүүрэг тэргүүтэй морины эдлэл хэрэгслийг хэн сайн бүтээх вэ нэртэй уралдаан хүртэл зарлажээ. Түүнд шалгарсан эмээлээ улсынхаа соёлын өвд бүртгэн, цаашид ЮНЕСКО-д бүртгүүлэхээр мэрийж эхэлжээ. “Синьхуа” агентлагийн мэдээлснээр “Хятад Улс 10 жил дараалан биет бус соёлын өвөө амжилттай бүртгүүлсэн улс орон болсон бөгөөд 43 төрлийн соёлын өвийг бүртгүүлж, дэлхийд гуравдугаарт орсон байна. Үүнээс гадна соёлын өвөө хамгаалах хуулийн таатай орчин нэгэнт бүрдсэн тул 2012 он гэхэд Хятадын соёлын өвийг хамгаалах хуульчилсан бичиг баримтууд 500 гаруй боллоо” гэсэн мэдээлэл аль эрт дэлхий нийтэд цацагдаж. Хятадын өвд эмээл орчихсон байхад манай холбогдох яам, хариуцан ажилладаг хүмүүсийн зүгээс юу ч сонсоогүй юм шиг салбаганаж явдаг нь хачирхалтай. Гэтэл манай улсад хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн сард олдсон Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумын Улаан сайр багийн нутаг Алагийн булангаас XIII-XIV зууны үед хамаарах магадлалтай олдвор олдсон. Эдгээр дурсгалыг археологийн судалгааны үүднээс малтан судалсны үр дүнд эмээлийн мод, хазаарын төмөр амгай, хос төмөр дөрөө, модон хуйтай, эвэр иштэй хутга, ширэн хавтага, шавар ваар болон нум, нумны шөрмөсөн хөвч, үйсэн ховд, сумны хагас дутуу хадгалагдан үлдсэн хэсгүүд, дээл хувцасны тасархай хэсгүүдийг илрүүлэн олж, сэргээн засварлах, бэхжүүлэх, судлах ажлыг хийж буй. Энэ бол Монголын эмээлийн түүхийн нэгээхэн хэсэг.

ЭМЭЭЛИЙГ ЭРХЭМЛЭХИЙН УЧИР
Монгол хүнд гайхуулах юм олон. Тиймээс ч “Сайн эмээл тохсон сайхан морь эзнээ чимдэг” гэсэн үг гарсан байх. Эмээл нь үндэстэн ястнаа дагаад өөр өөрийн онцлогтойгоос гадна ур хийцээрээ ялгардаг. Тэрхүү гайхамшгийг түмэн олондоо түгээх зорилгоор эмээлийн үзэсгэлэн өмнөх жилүүдэд олонтаа гарч байсан. Тухайлбал, Дундговь аймгийн музей “Эмээл-2011” үзэсгэлэн зохион байгуулсан. Үзэсгэлэнд иргэдийн гар дээр хадгалагдаж байгаа 30 гаруй эмээлийг дэлгэн үзүүлсэн нь голчлон халх, боржгин, батноров хийцийнх бөгөөд тухайн үеийн уран дархцуулын ур ухааныг илтгэн харуулсан сайхан үзмэр болж билээ. Эдгээр эмээлүүд зургаан цагаан, 12 цагаан гэх мэт мөнгөн эдлэлээсээ гадна баавар, хярны хийцээрээ гайхуулж байсан. Хамгийн хямд нь 20 саяын үнэтэй гэж яригдаж байсан нь монгол эр хүн эмээлээ хэрхэн дээдэлдгийн нэгэн илрэл буй за. “Гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд” гэж үг бий. Энэхүү хэлцийг бодсон ч эр хүнийг морьгүйгээр, морийг эмээлгүйгээр төсөөлөх аргагүй. Ямартаа ч эцэг дээдсийнхээ өвлүүлж үлдээсэн эд, хэрэглэлийг утга учиртай хэрэглэж, улс үндэстнээрээ хамгаалж чадахгүй бол “бөгс”-өө холгохоос өөр арга алга даа. Зайдан морь унасан хүний зам хорогдоход хэцүү дээ, соёлоо хадгалж үлдэж чадахгүй байгаа соёлын яамныхан минь.

В.НЭРГҮЙ