Өнөөдөр Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр
2013/05/02
НҮБ-ын Ерөнхий ассемблей 1993 оноос жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг "Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр" болгон тунхагласан юм. Хэвлэлийн эрх чөлөөний үндсэн зарчмыг дээдлэх, дэлхий дахинаа энэхүү эрх чөлөө хэрхэн хэрэгжиж буйд үнэлэлт дүгнэлт өгөх, хэвлэл мэдээллийн байгууллагын хараат бус байдлыг сахин хамгаалах, ажил үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн сэтгүүлчдийн гэгээн дурсгалыг хүндэтгэх зорилгоор жил бүр энэ өдрийг тэмдэглэх болсон. Сүүлийн 10 жилд 600 гаруй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, олон нийтэд мэдээ, мэдээлэл хүргэхийн тулд сэтгүүлчид долоо хоног тутам амиа алдаж байгаа аж.
Улс орнуудад төр, байгууллага дангаараа, эсвэл хамтран хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээх эрсдлийг бууруулах чиглэлээр ажиллаж байна. Тухайлбал, Сэтгүүлчдийг хамгаалах хороо (CPJ) дэлхий даяар гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээж буй талаарх жилийн индекс тогтоодог байна.
Олон Улсын Сэтгүүлчдийн Холбоо (IFJ), Америк дундын Хэвлэлийн Нийгэмлэг (IAPA) хамтран тогтмол хөтөлбөр хэрэгжүүлж, тайлан илтгэл гаргадаг ажээ. Чөлөөт илэрхийллийн олон улсын сүлжээ (IFEX) жил бүрийн 11-р сарын 23-ныг “Хэвлэлийн эрх чөлөөний эсрэг гэмт хэргийг ял шийтгэлгүй үлдээхийг эцэслэх олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээрээ хөхиүлэн дэмжих үйл явцыг тэргүүлдэг байна.






